LOADING

Type to search

Скаутын холбооны Х.Баавгай Монгол улсын гавьяат багш цолоор шагнууллаа

Share

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны зургадугаар сарын 10-ны өдөр 164 дүгээр зарлигийг гаргаж, Монгол Улсын Ардын цол хүртээлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
  • “Барилга, архитектурын салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Шинжлэх ухаан, Технологийн их сургуулийн зөвлөх профессор, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн Далайн Дашжамц,
  • Хүн ардын эрүүл мэндийг авран хамгаалах болон эрүүл мэндийн салбарын дээд мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш, Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан Цэрэнхүүгийн Лхагвасүрэн нарт Ардын багш цол тус тус хүртээсүгэй” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мөн 2021 оны зургадугаар сарын 4-ний өдөр “Монгол Улсын гавьяат цол хүртээх тухай” 153 дугаар зарлигийг гаргасан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 153 дугаар зарлигаар боловсролын салбараас Гавьяат цол хүртэж буй хүмүүсийн шагналыг гардуулах ёслол өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд болов.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:

Ерөнхий боловсролын “Глобал их оюун” дунд сургуулийн багш Содномын Алтанцэцэг,

Монголын Скаутын холбооны хүндэт Ерөнхийлөгч Хуушааны Баавгай,

“Сан” их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Сономын Баатар,

Баянхонгор аймгийн 3 дугаар цэцэрлэгийн ахмад багш Барамсайн Бадамханд,

Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Жамбалын Балхаажав,

Нийслэлийн Ерөнхий боловсролын 48 дугаар дунд сургуулийн ахмад багш Балдандоржийн Батлхагва,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн, ахмад багш Содномпунцагийн Гомбодорж,

Нийслэлийн Ерөнхий боловсролын 93 дугаар сургуулийн ахмад багш Вандуйн Должин,

“Энх-Орчлон” дээд сургуулийн ахмад багш Бямбадоржийн Онхоон,

Дорнод аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Балжирын Сандагдорж,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар сургуулийн ахмад багш Цэрэнтогтохын Сарантуяа,

Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахмад багш Гочоогийн Түнтгэр,

Ерөнхий боловсролын “Төгс дэлгэрэх” сургуулийн багш Цэндийн Уранчимэг,

Баянзүрх дүүргийн “Хувийн хэвшлийн цэцэрлэгүүд” холбооны зөвлөх багш Рэгзээгийн Цэцэгжаргал,

Нийслэлийн Ерөнхий боловсролын 33 дугаар дунд сургуулийн сургалтын албаны менежер Чойдогийн Чимгээ,

Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш Ойдовын Чинлүү,

Шинжлэх ухаан, Технологийн их сургуулийн багш Гомбосүрэнгийн Энхтайван,

Дундговь аймгийн Хулд сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Хүрэлбаатарын Эрхэмбаяр нарыг тус тус шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

“Улаанбаатар” их сургуулийн захирал Санжаагийн Байгалсайхан,

Монгол Улсын Эрдмийн их сургуулийн захирал Чойдонгийн Зэгиймаа нарыг тус тус шагнав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“Эрхэм багш нар аа,

Төрийн дээд цол, шагнал хүртэгсэд ээ,

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүндрэлтэй нөхцөлд хүүхэд багачууд, оюутан сурагчдын сургалтын үйл ажиллагааг тасалдуулалгүй, шинээр үүссэн нөхцөлд зохицуулан зайны сургалтыг зохион байгуулах шаардлага үүссэн билээ. Энэ үүргийг Монголын багш, сурган хүмүүжүүлэгчид хангалттай биелүүлж чадлаа. Цахим сургалт, зайн сургалт нь технологийн дэвшлийг боловсролын салбарт шинэ боломж, хэлбэр байгааг илтгэн харуулсан хоёр жил өнгөрлөө. Цаашид цахим сургалтыг улам боловсронгуй болгож, танхимын сургалттай уялдуулах нь хүйтний улирал урттай Монгол орны нөхцөлд бяцхан иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, боловсролыг чанартай олгох нэгэн шийдэл нь байх юм.

Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг боловсролтой, нийгэмд бэлтгэгдсэн иргэд болгон төлөвшүүлэх амаргүй албыг олон жилийн туршид үр бүтээлтэй хашиж, амжилт гаргасан багш нарт хамт олон, яам сургуулиудаас нь ирүүлсэн тодорхойлолтыг баримтлан төрийн дээд цол, одонгоор өнөөдөр шагналаа. Шагнагдагсдын дунд онцлон дурдах учиртай хүмүүс байна.

Эрүүл мэнд, боловсролын салбарт 1975 оноос хойш багш, их эмч, аспирант, тэнхимийн эрхлэгч, захирал гээд бүхий л албанд хүчин зүтгэж, анагаах ухааны эрдэм боловсролыг мянга мянган эмч, мэргэжилтнүүдэд түгээж, 46 дахь жилдээ ажиллаж байгаа Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Зөвлөх профессор Цэрэнхүүгийн Лхагвсүрэн, олон арван ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, олон чухал барилгын зураг төсөл болон үйлдвэрлэлийн төслүүд гүйцэтгэн хэрэгжүүлж Монгол Улсад барилгын инженер мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургах үйлсэд нийтдээ 47 жил зүтгэсэн Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУТИС-ийн Зөвлөх профессор, Барилгын инженер, геотехникч, Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Далайн Дашжамц нарт Ардын багш цол хүртээлээ. Баяр хүргэе! Та бүхний Монголын боловсролын салбар, эрдэм судлал, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд оруулсан орлуулшгүй хувь нэмэрт гүнээ талархаж, дахин баяр хүргэе.

1970 оноос хойш бага ангийн багшаар тасралтгүй тавин жил ажилласан Содномын Алтанцэцэгт Монгол Улсын Гавьяат багш цол хүртээлээ. Мөн цэцэрлэгийн багшаар насаараа ажилласан Барамсайн Бадамхандад Гавьяат багш цол хүртээж байна. Сургуулийн өмнөх болон бага ангийн сургалт нь ирээдүйн иргэний хүмүүжил төлөвшлийн суурь, зөв дадал зуршлыг суулгадаг чухал үе нь гэж эрдэмтэд үздэг. Ийм чухал ажлыг олон жил үр бүтээлтэй гүйцэтгэж, олон мянган шавь нарыг хүмүүжүүлсэн хоёр багшдаа халуун баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хүүхдийн төлөөх төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын хүүхдийн зуслан зэрэгт 1984 оноос хойш тасралтгүй, үр бүтээлтэй ажилласан Хуушааны Баавгайд Монгол Улсын Гавьяат багш цол шагнаж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах, албан бус сургалт, соёл, хүүхэд харах үйлчилгээний чиглэлээрх төрийн бодлогыг боловсруулах, сурагч багачуудын амралтыг зохион байгуулах, сургах үйлсэд Х.Баавгай багш үлэмж дадлага туршлага хуримтлуулсан, хүүхдийн байгуулгад өөрийгөө зориулсан гэдгийг онцолж байгаа юм шүү.

Эрхэм багш нар аа,

Боловсролын салбарын манлайлагчид, гавшгайчдыг тусгайлан шагнаж, цол тэмдгийг гардуулж байгаа нь Та бүхэнд нийт иргэдийнхээ өмнөөс хүндэтгэл илэрхийлж, талархал дэвшүүлж байгаа хэрэг юм шүү.

Монгол хүн бүрийн амьдралын салшгүй, зайлшгүй хэрэгцээ бол боловсрол юм. Нийгэмд хүн бүр өөрийн хийх ёстой, гүйцэтгэх ажил үйлсээ олох, түүгээр амьдралаа залгуулах, ихийг хийж бүтээхэд нь боловсрол л тусладаг. Ийм чухал ажлыг олон жил шантралгүй тууштай хашиж, үр бүтээл гаргаж, олон мянган шавь төрүүлсэн Та бүхэнд дахин дахин талархал дэвшүүлье.

Аз хийморь, амжилт бүтээлийн дээдийг ерөөе!

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын багш нарын алдар бадартугай” гэлээ.

error: Content is protected !!