LOADING

Type to search

Д.Мандахнаран: АНУ-ийн өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс вакциныг хүүхдэд хийх зөвлөмж гаргасан

Share

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр анагаах ухааны доктор, хүний их эмч Д.Мандахнаран оролцож дараах мэдээллүүдийг өглөө.

Тэрээр “Дэлхий дахинд вакцинжуулсан бүлэгт хүндрэл, нас баралт буурсан үзүүлэлттэй байна. Гэтэл вирус вакцинжуулагдаагүй хэсгээр буюу хүүхдээр дамжаад тархаад байгаа юм. Ковид-19-ийн вакцин нь богино хугацаанд бүтээгдсэн шинэ вакцин учраас болгоомжилж байсан. Харин АНУ, Израйл зэрэг орнууд Pfizer, moderna вакциныг том хүний үр дүнтэй харьцуулж байгаад хүүхдэд хийе гэсэн шийдвэрт хүрсэн. АНУ-ийн өвчний хяналт, сэргийлэлтийн төв нь 2000 орчим хүүхдэд судалгаа хийсэн байна. Өөрөөр хэлбэл 12-15 насны 1005 хүүхдэд Pfizer вакцин хийгээд 978 хүүхдэд вакцин хийлгүй судалсан. Ингэхэд вакцинд хамрагдсан 1005 хүүхэд халдвар огт аваагүй, вакцин хийлгээгүй 978 хүүхдээс 16 хүүхэд өвдсөн байгаа юм. Ингээд вакцин нь 12-15 насны хүүхдийг 100 хувь хамгаалж байна гэсэн үр дүн гаргасан байгаа. Энэ үр дүнд үндэслээд тус улс өөрийн 12-16 насны хүүхдийг сайн дурын үндсэн дээр вакцинжуулах хөтөлбөрийн эхлүүлээд, зөвлөмжийг гаргаад, албан ёсоор мэдээлэл хийгээд явж байгаа. 

Коронавирус гадаргуугийн S буюу сэртэнгийн уургаараа хүний бие рүү хамар залгиураар дамжин орж, уушгийг гэмтээдэг. Ингэхдээ хаалгыг түлхүүрээр нээдэг шиг дотогш нэвтэрдэг. Хүний бие рүү нэвтрэх үедээ хэлбэрээ өөрчилдөг юм. Иймд өөрчлөгдөөгүй хэлбэрийн эсрэг бие үүсвэл хамгийн сайн гэж үзэж байгаа.

Дархлаажуулалт хийснээр хүний генийн мэдээллийг өөрчлөх ямар ч боломжгүй. Сэртэнгийн уураг мэдээллээ солих боломжтой байдаг. Pfizer вакцин энэ мэдээллийг солих боломжгүй болгон гагнасан байдаг тул өндөр үр дүнтэй. Хүн ДНХ гэдэг бодист генийн мэдээллээ хадгалдаг. Генийн мэдээллийг өөрчлөхийн тулд хүнд байдаггүй бодис хэрэгтэй.

Pfizer вакцины тухайд насанд хүрэгчдэд 95 хувийн нөлөөтэй байсан бол хүүхдүүдэд 100 хувийн дархлаа үүсгэж байгааг судалгаагаар тогтоосон судалгааны өгүүлэл хэвлүүлсэн. Энэ вакцин коронавирусын сэртэнгийн уургийн генийн мэдээлэл буюу РНХ бодисыг тасалж аваад, өөх тосонд оруулаад хүний биед тарьдаг.

АНУ-ийн өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс вакциныг хүүхдэд хийх зөвлөмж гаргасан. Вакцины гаж нөлөөний хувьд том хүнтэй адил гэсэн байна. Маш цөөн тохиолдолд хүүхдэд зүрхний үрэвсэлт өвчин үүссэн. Үүнийг манай зарим хариуцлагатай хүмүүс их өндөр гарсан гэж хэлсэн байна лээ. Гэхдээ энэ нь маш цөөхөн, бүгд эдгэчихсэн байгаа. Манай улс ч гэсэн энэ зөвлөмжийг дагахаар болсонд мэргэжлийн хүний хувьд зүйтэй гэж үзэж байгаа.

Нөхцөл байдлын мэдээлэл

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 10,000 орчим хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар 1,460 хүнээс илэрлээ. Ингэснээр нийт халдварын тоо улсын хэмжээнд 70,482 болж байна.

Мөн хугацаанд 412 хүн эдгэрч тусгаарлалтаас гарсан бол 10 хүн нас барсан. Тодруулбал, 54, 72, 68, 64, 81, 57, 68, 71, 63, 65 настай хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. 

Нийт батлагдсан 1,460 тохиолдлын 955 нь Улаанбаатарт, 505 нь орон нутагт бүртгэгдсэн. Эмнэлэгт 7,292 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 7,264 хүн байна. Гэртээ хяналтад байгаа иргэд өөрийн биеийн халуунаа хэмжиж, өрхийн эмчдээ хэлж байх нь зүйтэй.

Түүнчлэн хөдөө орон нутагт халдвар эрс нэмэгдэж байна. Гурваас бусад аймагт коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Иймд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөе” гэв.

error: Content is protected !!