LOADING

Type to search

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх сонгогдлоо

Share

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жилээр сунасан нь энэ сонгуулийн онцлог нь байв. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, “Зөв хүн-Электорат” эвслээс Д.Энхбат нар дэвшсэн билээ.

Сонгуулийн ирцийн хувьд 22.00 цагийн байдлаар 59.16 хувьд хүрч, ирц хүчин төгөлдөр байх боломж бүрдсэн. Санал өгөх насны бүлгийн хувьд 65-69 насныхан хамгийн идэвхтэй байж нийт санал өгөх хүмүүсийн 75.83 хувийг эзэлжээ. Харин 60-64 насныхны 72.8 хувь, 70-аас дээш насныхны 72.4 хувь нь санал өгч идэвхтэй оролцсон байна. Энэ удаад анх удаагаа санал өгч байгаа 18-19 насны сонгогчдийн 58.3 хувь нь төрийн  тэргүүнээ сонгох ээлжит сонгуульд саналаа өгчээ.

Энэ удаагийн сонгуулийн ирц өмнөх долоон удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийнхаас хамгийн багад тооцогдож байгаа юм. Нийт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй 2,041,985 иргэнээс 1,208,408 нь сонгуульдаа оролцсон байна. Үүнээс 573,138 буюу 47%-ийг Улаанбаатар хотын сонгогчид эзэлж байгаа юм.

Нийслэлд санал хураалтад оролцсон эдгээр иргэнээс 59.76% нь МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжсэн бол 28.9% нь “Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат, 5.26% нь АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэд саналаа өгчээ.  

Ийнхүү У.Хүрэлсүх сонгогчдын олонхын саналыг авч, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байна. Олонхын саналыг авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг СЕХ гаргаж, нийтэд мэдээлэх юм. СЕХ сонгуулийн дүн болон Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хуулийн заалттай.

Зургаан жилийн бүрэн эрхтэй анхны Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн намтрыг хүргэж байна. 

Төрсөн газар

  • Улаанбаатар хот

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1985 онд Нийслэлийн арван жилийн хоёрдугаар дунд сургууль
  • 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,
  • 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
  • 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
  • 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
  • 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
  • 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
  • 2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
  • 2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
  • 2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2017-2021 оны нэгдүгээр сарыг хүртэл Монгол Улсын Ерөнхий сайд
  • 2020 оны зургаадугаар сараас хойш УИХ-ын гишүүн

Гадаад хэл 

  • Англи, Орос хэл
error: Content is protected !!