LOADING

Type to search

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг ЭМДС-гаас хөнгөлдөг боллоо

Share

Төрийн соёрхолт, МУ-ын Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны Доктор, Профессор, АШУҮИС-ийн мэс заслын тэнхимийн зөвлөх профессор, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэнгийн ЭМД-аар хийгддэг эрхтэн шилжүүлэх хагалгаануудын талаар өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

Эрхтэн шилжүүлэн суулгана гэдэг хүнд хагалгаа. Өнөөдрийн байдлаар хэдэн төрлийн мэс заслыг эх орондоо хийгээд байна вэ?

– Манай улсад өнөөдрийн байдлаар элэг шилжүүлэн суулгасан 160 гаран хүн байна. Бөөр шилжүүлэн суулгасан 280 гаран, ясны чөмөг шилжүүлэн суулгасан 20 гаран хүн байгаа. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал 1994 онд анх хийгдээд, нэг хэсэг зогсонги байж байгаад 2005 оноос эрчимтэй хийгдэж эхэлсэн. Харин элэг шилжүүлэн суулгах хагалгааг 2011 оноос анх хийсэн байдаг. Эхэн үед бол сургалтын жилүүд байсан учраас цөөхөн тоотой хийгддэг байсан. 2016 оноос хойш 100 гаран хүнд элэг шилжүүлэн суулгасан байна.

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орж, 2021 оны эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 03-р тогтоол батлагдсан. Үүний хүрээнд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг ЭМ-ийн даатгалын сангаас 100 хувь хариуцдаг болсон. Өмнө ямар байсан, одоо ямар болсон талаарх ялгааг хэлж өгнө үү?

-Энэ тогтоол гарахаас өмнөх элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээний бүх зардлыг хувь хүн өөрөө төлдөг байсан. Жишээлбэл бүр анх элэг шилжүүлэн суулгах гэж байгаа хүмүүс 85 сая төгрөг төлдөг байлаа. Үүнийг олохын тулд бүхий л боломжоо ашигладаг байсан.

2021 оны 03 тоот  тогтоолоор эрхтэн шилжүүлэн суулгаж байгаа хүмүүсийн зардлыг 100 хувь даатгалаас төлдөг болсон. Өмнө нь улсын төсвөөс ихэнх хувийг төлдөг байхад тоо зааж өгдөг байсан. Жилд 23 хүнд бөөр, 20 хүнд элэг шилжүүлэн суулгана гэдэг байлаа. Тэрнээс илүү гарвал төсөвгүй болчихдог байсан. Тэгвэл энэ тогтоолоор гүйцэтгэлээрээ санхүүжих боломжтой болсон.

Ер нь эрхтэн шилжүүлсэн суулгах дараалал их байна. Энэ тогтоол гарснаас хойш бид нийтдээ 18 хүнд элэг шилжүүлэн суулгаад, дахиад хоёр хүнд хийх гээд бэлдэж байна. Зургаахан сарын дотор нийтдээ 20 хүнд элэг шилжүүлэн суулгасан гэсэн үг. Цаана нь 30, 40 хүний материал бүрдсэн байгаа. Бид өмнө нь 24 хүний амь авардаг байсан бол цаашдаа өшөө олон хүний амь аврах боломж бүрдсэн.

– 5-р сарын нэгний байдлаар ЭМ-ийн даатгалын сангаас 2.1 тэрбум төгрөгийг эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зарцуулсан байна. Дэлхийн бусад оронд энэ төрлийн хагалгааг ямар өртөгтэй хийдэг вэ?

– Улс бүр өөр өөр байдаг. Мөн төлбөр төлөх зарчим нь ч өөр. Жишээ нь ОХУ 100 хувь даатгалаасаа төлдөг. Манайхтай төстэй системтэй. БНХАУ бол тухайн хүний даатгал төлсөн хэмжээнээс хамаараад 60-70 хувь хөнгөлдөг. Гэхдээ өртөг өндөр. Хэрэв АНУ-д элэг шилжүүлэн суулгана гэвэл 350 мянган доллар байдаг. Европын орнуудад 350 мянган евро, БНСУ-д 150 мянган доллар байдаг. Энэ бол зөвхөн хагалгааных нь л үнэ. Манайхан гадаад яг энэ үнийг л төлж суулгуулдаг. Яагаад гэвэл даатгалгүй учир. Харин өөрийнх нь орны хүмүүс байвал хөнгөлөлттэй. Жишээ нь Солонгос улс 80 хувийг нь даатгалаасаа төлж, 20 хувийг нь иргэн өөрөө төлнө гэсэн зарчимтай байдаг.

Манай улс 03 тоот тогтоол гарснаар элэг шилжүүлэн суулгах нэг удаагийн хагалгааг 113 сая төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Үүнээс зөвхөн 25 хувийг нь хувь хүн өөрөө төлсөн. 25 хувь гэдэг нь 28 орчим сая төгрөг болж байгаа юм. Хэрэв тухайн хүн группд эсвэл тэтгэвэрт гарсан бол 100 хувь даатгалаас төлнө.

-Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын хүлээгдэл ямархуу байдаг вэ. Хүмүүсийг яаж сонгодог юм бэ?

– Манай багийн хувьд биднийг зориод ирсэн бүх хүнийг шинжлээд яаралтай хүмүүсээ оруулдаг. Мөн амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгадаг. Жишээ нь 130 хүнд элэг шилжүүлэн суулгасан байхад түүний найм нь л тархины ү х э л тэй донор байсан. Монголчуудын нэг сайхан чанар нь хэн нэгнийгээ аврахын төлөө ах дүү, хамаатан садан, үр хүүхэд бүгд л хөдөлдөг. Тэдэн дундаас хамгийн боломжийн донорыг нь сонгож, багийн хурлаар хэлэлцээд бүх шинжилгээ нь бүрдсэний дараагаар шийдийг гаргадаг. Ер нь бол багийн хурлаар орсон өвчтөнүүдээ хүнд, хөнгөнөөр нь ангилдаг. Гэхдээ нэн яаралтай элэг шилжүүлэн шаардлагатай хүнийг хурлын протокол бичээд өмнө нь оруулах тохиолдол бий. Гэхдээ эдгээр хүмүүс бүгд л амьдралын эцсийн шатандаа орчихсон байдаг учир аль болох л дарааллаар нь л эмчилгээгээ хийдэг.

– Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн хүмүүсийн биеийн байдал ямар байгаа вэ?

– Бид он гарсаар 20 хүнд элэг шилжүүлэн суулгасан гэж хэлсэн. Яг элэг шилжүүлэн суулгах ажиллагаатай холбоотойгоор эндсэн тохиолдол байхгүй. Ер нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын нэг жилийн үр дүн 93.7 хувь, таван жилийн өмнөх нь дүн нь 92.4 хувьтай байна. Голдуу хавсарсан өвчин, халдвараар нас барах явдал нилээд байдаг. Жишээ нь сүүлд элэг шилжүүлэн суулгасан нэг хүн маань ковидоор нас барсан.

Мөн энэ тогтоол гарахаас өмнө аймаг, бүсийн оношлогоо эмчилгээний төвүүдэд зарим өндөр өртөгтэй багажийн даатгал үйлчилдэггүй байсан. Тэгэхээр өндөр өртөгт хагалгааг аймагт хийе ч гэсэн санхүүжилт байхгүй. Одоо бол гүйцэтгэлээрээ аймгийн төвийн эмч нар өндөр нарийн технологи ашигласан мэс заслаа тэндээ хийх боломж бүрдсэн. Мөн энэ даатгалын системээр хавдрыг үнэ төлбөргүй эмчилнэ гэдэг шийд гаргасан. Ингэснээр улсын аль ч эмнэлэгт хавдрын туяа, хими эмчилгээнээс бусдыг нь хийдэг болсон.

Жич: Эрүүл мэндийн даатгалыг нь төр хариуцдаг иргэд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхэд нэмэлт төлбөр шаардагдахгүй. Харин эрүүл мэндийн даатгалаа хувиараа болон байгууллагаас төлдөг иргэд 25 хувийг нь өөрөө төлнө гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 

error: Content is protected !!