LOADING

Type to search

Б.Онон: Удаан хугацаанд өлөн явж байгаад нэг дор их идэх нь улаан хоолойн сөөргөө өвчний гол шалтгаан

Share

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Ононгийн “Улаан хоолойн сөөргөө өвчин, өрцний ивэрхий”-н талаар өгсөн зөвлөгөө, мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

Улаан хоолойн сөөргөө гэж ямар өвчнийг хэлэх вэ? Юунаас болж үүсдэг вэ?

Идэж буй хоол хүнс улаан хоолойгоор дамжин ходоод руу ордог. Ходоодонд хоол тэжээлийн бодис орсны дараа улаан хоолойн амсар хаагдаж, ходоодонд ходоодны шүүрлийн тусламжтайгаар хоол боловсруулах процесс явагдаж эхэлдэг.

Улаан хоолойн амсарт цагариг булчин байх бөгөөд энэхүү булчин ходоод руу хоол орсоны дараа агшиж хаагддаг механизмтай. Гэтэл энэхүү механизм алдагдаж, улаан хоолойн амсар суларснаар хоол тэжээлийн бодис 12 хуруу гэдэс рүү дамжихаас гадна суух, хоол идсэний дараа хэвтэх зэрэг бидний хөдөлгөөний байдлаас болж  буцааад улаан хоолой руу сөрж байгааг сөөргөө өвчин буюу бидний хэлж заншиснаар цээж хорсолт гэж нэрлэдэг.

Улаан хоолойн амсар суларч байгаа шалтгаан нь буруу хооллолт, архи, тамхины хэт хэрэглээ, эмийн зохисгүй хэрэглээ, стресс, амьдралын буруу хэвшил  зэрэг юм. Мөн нэг хүчин зүйл нь таргалалт юм. Хэвлийн өмнөд хана сунах тусам өрц мөн сунадаг. Ингэснээр өрцний булчингийн сулрал үүсдэг. Жирэмсэн үед умай томроход ходоод дарагдаж, сөөргөө өвчин үүсч болдог. Гэхдээ энэ нь жирэмсний үед л үргэлжлээд төрсний дараа хэвийн болдог.

Улаан хоолойн хэмжээсийг шүднээс эхэлж авдаг. Шүднээс доош 15 сантиметрийн зайд улаан хоолой, 40 сантиметрийн зайд улаан хоолой ходоодны амсар эхэлдэг. Улаан хоолойн хэмжээ богино хүмүүсийн хувьд сөөргөө өвчинд өртөх магадлал өндөр байдаг.

Ходоодноос хоол тэжээлийн бодис улаан хоолой руу шахагдаж орсноос цээж хорсдог. Энэ нь ходоодны хүчиллэг, улаан хоолойн шүлтлэг орчны харьцаа зөрсөний улмаас цээж хорсох гэдэг хам шинжээр илэрдэг. Мөн орой унтахаар хэвтэх, хоол идсэний дараа амрахаар хэвтэх үед хоолой сэрвэгнэж ханиах шинж илэрдэг.

Ходоодны хүчил улаан хоолойд очиж сөөргөө өвчнийг үүсгэж байгаа учраас ханиалгах хам шинж үүсгэдэг. Үүнийг манайхан ханиад хүрсэн байна гэж онош тавиад л янз бүрийн ханиад намдаах эм, гаа зэргийг хэрэглэдэг. Гэтэл энэ нь ханиах хам шинжийг улам сэдрээдэг.

Улаан хоолойн сөөргөө өвчин нь цээж хорсох, цээж гашуу оргих, орой унтахад ханиалгах, хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэх, архи тамхи хэрэглэсний дараа цээж гашуу оргих зэрэг зориураар илэрдэг. Монголчуудын дунд элбэг тохиолддог цээж хорсолт буюу улаан хоолойн сөөргөө өвчин нь хоол боловсруулах дээд замын эмгэгийн бараг 40 орчим хувийг эзэлдэг гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг. Дэлхий дахинд бол маш өндөр хувьтай байдаг. Тус өвчин үүсэх нь буруу хооллолтоос ихээхэн шалтгаална.

Хүн хоол хүнсийг ойр ойрхон хугацаанд бага багаар идэх гэсэн зарчмыг баримтлах ёстой. Гэтэл монголчуудын дунд нийтлэг анзаарагддаг зүйл нь удаан хугацаанд өлөн явж байгаад нэг дор их хэмжээгээр идэх. Ийнхүү цагийн товлол алдагдсаны улмаас их хэмжээний хоол хүнсийг  боловсруулахад шаардагдаж байгаа хүчлийн хэмжээ ихсэж, улаан хоолойн сөөргөө, элэг цөс нойр булчирхайн архаг өвчлөлүүд манай улсад элбэг тохиолддог.

Сүүлийн үед монголчуудын өдөр тутмын хэрэглээнд кофе гэдэг зүйл хүч түрэн орж ирсэн. Кофе уух нь хүний биед сайн, муу эсэх талаар янз бүрийн судалгаа бий. Гэхдээ кофе уух нь өөрийн гэсэн цаг, хэмжээтэй. Өлөн ходоодон дээрээ кофе их хэрэглээд байвал ходоодны шүүрэл улам нэмэгдэж, цээж хорсолтыг улам нэмэгдүүлдэг.

Европын хойд хэсэгт орших ард түмэнтай харьцуулахад бид харьцангуй бага махан хүнс хэрэглэдэг. Зуны улиралд махыг аль болох бага хэрэглэдэг ард түмэн шүү дээ. Харин өнөө цагт махан хүнсээ л их хэрэглэхгүй бол монгол биш болчих юм шиг санадаг болжээ. Мөн боловсруулах арга нь ч муудсан. Зуны улиралд хэт их хэмжээний шарсан, хуурсан, хайрсан хоол хүнс хэрэглэж байгаа нь өвчин үүсэхэд нөлөөлж байна.

Улаан хоолойн сөөргөө өвчнийг дурангийн шинжилгээгээр оношилдог

Юун түрүүнд цээж хорсох шинж тэмдэг илэрнэ. Мөн орой унтахын өмнө гулгих, хоолой сэрвэгнэж ханиах шинжүүд илэрнэ. Эдгээр шинжүүд илэрсэн тохиолдолд эмнэлэгт хандаж, дотрын эмчид үзүүлэх хэрэгтэй. Эмч үзээд асуумжийн дагуу сөөргөө өвчин байна гэж үзвэл дурангийн шинжилгээ хийлгэнэ. Ходоодны дурангийн шинжилгээг унтуулгатай болон унтуулгагүй гэсэн хоёр төрлөөр хийж болдог. Дурангийн шинжилгээгээр улаан хоолойн амсрын булчин суларч уу, үгүй юу, ивэрхий байгаа эсэх, ходоод, улаан хоолой, 12 хуруу гэдэсний  хананд үрэвсэл байгаа эсэхийг илрүүлнэ.

Оношилгооны үр дүн олон зэргээр илэрхийлэгддэг. Дурангийн эмч тухайн зэргийг тодорохойлж өгсөнөөр дотрын эмч үзээд тохирох эмийн эмчилгээг зөвлөдөг. Дэлхий даяар хийгдэж байгаа үндсэн нэг л эмчилгээ бий. Ходоодны хүчлийг бууруулах, хеликобактер байгаа бол устгах, антибиотик гэсэн  стандарт бүхий  эмчилгээний зарчмыг л баримтална. Эмийн эмчилгээгээр ходоодны хүчил шүлтийн тэнцвэртэй байдлыг хангадаг.

Эмчилгээний зарчимд алдагдаж байгаа нэг зүйл нь нөлөөлөх хүчин зүйлийг арилгахгүйгээр эмэнд найдах. Эм хэрэглээд зовиур арилна. Эм бол шинж тэмдэг, зовиурыг арилгахаас биш өвчнийг 100 хувь эдгээхгүй. Нөлөөлөх хүчин зүйлээ арилгахгүйгээр эм уугаад л яваад байвал өвчин хүндрэхэд хүргэдэг.

Цаашлаад улаан хоолойн хавдар үүсэх эрсдэлтэй. Улаан хоолойн хавдар үүсэхэд удамшлын гаралтай шалтгаанууд байж болно. Гэхдээ хавдар үүсэхэд хамгийн их нөлөөлдөг зүйл нь улаан хоолойн хананы үрэвсэл, сөөргөө өвчнөөс үүссэн түлэгдэлт, янз бүрийн шарх шархлаа юм. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлс нь дээр дурьдсанчлан буруу хооллолт, хүнд хоол идэх, архи, тамхины хэт хэрэглээ зэрэг юм.

Улаан хавдар үүссэн тохиолдол эмчилэхэд туйлын хэцүү. Орчин үеийн анагаах ухаанд урьдчилан сэргийлэлтийг нэн тэргүүнд тавих зарчмыг баримталж байна. Тиймээс сөөргөө өвчнийг эрт оношлуулах, эмийн эмчилгээг хихйлгэх нь хүндрэлээс сэргийлнэ.

Өвчин аль ангилалд байгаагаас шалтгаалан эмийн эмчилгээ үр дүнтэй байх эсэх тодорхойлогдоно. Эмийн эмчилгээ үр дүнд хүрэхгүй байвал анатомийн хэвийн байрлалд оруулахын тулд мэс заслын эмчилгээг хийдэг. Суларсан улаан хоолойн амсрыг ходоодны ёроол хэсгээр бөгжлөн оёх хагалгаа хийнэ. Мөн өрцний нүх том байвал багасгадаг. Хагалгааг өмнө нь нээлттэй мэс заслын аргаар хийдэг байсан бол одоо 100 хувь дурангийн мэс заслын аргаар хийдэг болсон. Энэ нь орчин үед дэлхий дахинаа стандарт эмчилгээ болсон. Европын өндөр хөгжилтэй орнуудад улаан хоолойн амсарт тусгай титанан бөгж тавьдаг. Энэхүү хагалгаа нь маш үр дүнтэй. Гэхдээ тухайн бөгжний өртөг нь өндөр. Манай улсад энэ төрлийн хагалгаа 2 тохиолдолд л хийгдсэн.  

“Улаан хоолойн сөөргөө өвчний хүндрэлийн улмаас улаан хоолойн өрцний ивэрхий үүсдэг”

Улаан хоолой ходоод хоёр нь өрцөөр тусгаарлагдаж байдаг. Улаан хоолойн амсар тогмол сул байснаар өрцний нүх өргөсөж, томорч эхэлдэг. Цээжний хөндий хасах даралттай, хэвлийн хөндий нэмэх даралттай хэсэг. Өрцний нүх байнга онгорхой байснаар даралтын зөрүүгийн улмаас ходоод их даралттай хэсгээс бага даралттай хэсэг рүү шилжих хөдөлгөөн хийж эхэлдэг. Үүнийг нь улаан хоолойн өрцний нүхний ивэрхий гэдэг. Өрцөн дээр олон төрлийн ивэрхий үүсдэг. Тухайлбал, өрцний өөрийн эвэрхий нь янз бүрийн гэмтлийн шалтгааны улмаас өрцний булчингийн завсраар үүсч ордог ивэрхий юм.

Сөөргөө өвчин үүсээд удаан хугацаа өнгөрснөөр улаан хоолой хэлбэр хэмжээгээ алдах, шархлах, хүчил шүлтийн тэнцвэргүй байдлын улмаас бүтцийн өөрчлөлтүүд үүсдэг. Нөлөөлөх хүчин зүйлээ арилгахгүйгээр эм уугаад л яваад байвал өвчин хүндрэхэд хүргэдэг . Тухайлбал улаан хоолойн өрцний ивэрхий үүсэх эрсдэлтэй. Энэхүү өвчин нь олон шалтгааны улмаас үүсдэг ч зонхилох шалтгаан нь улаан хоолойн сөөргөө өвчний хүндрэлийн улмаас үүсдэг юм.

Ходоод улаан хоолойн амсар өрцнөөс доор байрладаг. Өрцний нүхний ивэрхийн I үе шатанд ходоодны 1/3 нь өрцнөөс дээш гарснаар цээж хорсох хам шинж илэрнэ. II шатанд нь өрцний нүхний хажуугаар ходоодны ёроол хэсэг дээшилдэг. Энэ үед мөн цээж хорсох шинж тэмдэг илрэхээс гадна хэр зэрэг томорсноос шалтгаалан зүрхний ачаалал нэмэгддэг. Улмаар хоол идэх үед зүрх өвдөх, зүүн гар бадайрах шинж илэрдэг. Тэгэхээр тухайн хүн өөртөө зүрх өвдөж байна гэдэг онош тавьдаг. Гэтэл энэ нь ходоод дээшилж, цээжний хөндий рүү орсонг илтгэнэ. Зарим тохиолдолд ходоод өрцнөөс дээш байрлаж, голт руу шахаж, ивэрхий хүндэрсэн тохиолдолд бүдүүн гэдэс, дэлүү дээшлэх тохиолдол байдаг. Энэ үед амьсгалын дутагдалд орох, зүрх өвдөх, цээж гашуу оргих шинж тэмдэг байнга илэрдэг. Үүнээс болж эмгэг хооллолтууд үүсч эхэлдэг.

Эх сурвалж: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

error: Content is protected !!