No menu items!
HomeХоол, шим тэжээлБ.Түвшинбаяр: Ааруул, ээзгий идэх нь шүд эрүүл байхад чухал нөлөөтэй

Б.Түвшинбаяр: Ааруул, ээзгий идэх нь шүд эрүүл байхад чухал нөлөөтэй

-

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан ё сүү, сүүн бүтээгдэхүүний талаар ийнхүү зөвлөж байна.

-Монголчууд эртнээс зундаа цагаа идээ түлхүү хэрэглэж, өвөл мах зонхилон идэж ирсэн ард түмэн. Цагаан идээ хүний биед ямар тустай вэ?

-Эрт үеэс өвөг дээдэс маань малынхаа ашиг шимийг хүртэж, цагаан идээгээр хооллож ирсэн уламжлалтай. Цагаан идээ хүний биед тал бүрийн ашиг тустай. Иймдээ ч монголчууд зундаа цагаан идээг түлхүү хэрэглэдэг байсан.

Энэ нь маш зөв соёл юм. Манай орон ихэнхдээ нартай байдаг. Энэ нь монголчууд нарнаас ирж байгаа кальци, витаминыг цагаан идээндээ шингээж хэрэглэдэг байсан ухаантай ард түмэн.

Тэд өвөл мах, өөх идэж зундаа цагаан идээнээс гадна зэрлэг сонгино иддэг байсан. Махан хоол их идэх нь бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэх хүчин зүйл болдог. Тэгэхээр монголчууд үүнийг мэдээд л зун ходоодоо амраадаг байсан гэсэн үг.

Зун байнга ногоо идвэл уургийн дутагдалд орох аюултай. Харин цагаан идээ уургаар баялаг, тос тодорхой хэмжээгээр агуулдаг учир аюулгүй бас эрүүл хүнс болдог. 

-Дан цагаан идээ хэрэглэхэд зарим хүн хоолшихгүй, ихэнх тохиолдод өтгөн хатдаг гэдэг. Хүн бүрт тохирохгүй гэдэг ч юм уу. Энэ талаар?

-Цагаан идээ идэхэд өтгөн хатах нь элбэг, бусдаар бол зүгээр. Монголчуудын хэрэглэдэг хоол хүнсэнд магнизм бага агуулагддаг. Тиймээс дээр үеэс зэрлэг жимс, сонгино идэж, магнизмаа нөхөж туулгаж ирсэн байдаг. Түүнчлэн шингэн их уувал өтгөн хатахгүй. Гэхдээ уухдаа нэг дор ихээр биш, шимж уух хэрэгтэй.

Ундаа жүүс уухад цусанд шимэгдэх эрдэсийн хэмжээ буурдаг. Учир нь кальци, мултивитамин ууж байгаад ундаа уучихвал амин дэм биед бага шимэгддэг гэсэн үг. Дээр  хэлсэнчлэн цагаан идээ уураг, өөх тосоор баялаг тул зуны улиралд махыг орлох боломжтой. 

-Цагаан идээ тэртусмаа хатуу ааруул, ээзгий идэхэд шүд бэхжиж, цаашлаад шүд цагаан болдог гэдэг. Эцэг, эхчүүд бид хүүхдэдээ ааруул, цагаан идээ идүүлэх дадлыг хэрхэн суулгах вэ?

-Хүний шүд эрдэс бодисоор бүрэн хангагдаж бат бөх чанартай байдаг. Шүдний эрдэс бодис нь хүнс тэжээлээр орсон бодисын чанар, бүтэц найрлагаас хамаараад зогсохгүй, тухайн хүний бие махбодын солилцоотой шууд холбоотой.

Шүд эрүүл бат бөх байхад сүү цагаан идээ нэлээн ач холбогдолтой. Учир нь сүү цагаан идээнд шүдэнд нэн хэрэгтэй бактери устгагч, өвөрмөц кальци, кали ихээр агуулагддаг. Тэр тусмаа ээзгий идэхэд цавуулаг наалдамхай чанар нь шүдний өнгөрийг арилгаж цэвэрлэдэг.

Ааруул, ээзгий шүдийг цайруулаад зогсохгүй  зажилж идсэнээр эрүүний ясны өсөлтөд нөлөөлж монголчуудын  өргөн шанаатай, эрүүний өсөлт сайтай, хаш цагаан том шүдтэй байсныг илтгэдэг.

Тиймээс танан цагаан шүдтэй, шүдээ  эрүүл бүтэн байлгахын тулд  эцэг эхчүүд бид хүүхдийг багаас нь сүү цагаан идээ тэр тусмаа бяслаг, ээзгий  хатуу ааруулыг идүүлж хэвшүүлэх нь чухал.  Орчин үеийн хүнсний ихэнх бүтээгдэхүүн шүдэнд халтай болсон тул хүүхэд багачуудын шүд “усанд уусах сахар” мэт хэврэг болсон гэхэд болно. 

-Худалдааны төвүүд  болон дэлгүүрт зарагдаж буй төрөл бүрийн тарагнаас авах ёстой амин дэмийг бид авч чаддаг болов уу. Ер нь бифидо бактер гэж юу вэ?

-Тараг, айраг, хоормог болон сүү цагаан идээ ашигтай бактер маш ихээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүн. Энэ нь хүний дархлааг сайжруулах, эрүүлжүүлэх ач холбогдолтой.

Гадуур зарагдаж  буй исдэггүй тараг нь бифидо бактер  агуулаагүй, харин цэвэр өсгөврөөр бүрсэн тараг л бифидо бактер агуулсан байдаг.  Нэг жишээ дурдахад, 2008 онд ШУТИС, Германы хоол боловсруулах мэргэжилнүүдтэй хамтран нийслэлийн ойр орчим буюу 100 км-т байрлах малчдын сүү, сүүн бүтээгдэхүүнд бифидо бактер байгаа эсэхийг судлахад  уг бактер байхгүй гарсан.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр манай малчид дэлгүүрийн бэлэн таргаар өсгөвөр хийж байгаатай холбоотой. Иймд бид  ашигтай бактер агуулсан сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэж чадахгүй байна.

Бифидо бактер нь хүн болоод бусад сүүн тэжээлтнүүдийн ходоод үтрээ, амны хөндий дотор байрладаг ашигтай бактер юм. Энэ нь ихэвчлэн сүүн хүчлийн бусад ашигтай бактертай  хамт сүүн бүтээгдэхүүнд агуулагддаг. Эдгээр ашигтай амьд бичил биетнүүдтэй хүнсийг пробиотик хүнс гэж нэрлэдэг.

-Сүүлийн үед ааруултай усыг уух нь ихэссэн. Энэ нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?

-Ааруул, ээзгий усанд дэвтээсэн шүүс нь сайхан амттай болохоос гадна ходоод гэдсийг цэвэрлэж эрүүлжүүлэх увдистай.

Мөн ийнхүү бэлтгэсэн ундыг тогтмол хэрэглэхэд цөс өвдөнө гэсэн ойлголт байхгүй болдог. Ингээд зогсохгүй гэдсийг цэвэрлэдэг. Ааруул нь амтлаг, исгэлэн, тосны зүйл их агуулсан тул шим тэжээл сайтай, биеийн хорыг тайлж тамиржуулах үйлдэлтэй.

Буцалсан ус болон хар цайнд хийж, шүүсийг нь уухад элэг цөсний өвчин цус хөөрөх, толгой өвдөхөд тустай. Мөн ус холилдож  ходоод гэдэс  өвдөх үед ааруулны шүүсийг уухад өвчин дарагдах зэрэг ач холбогдолтой.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд