No menu items!
HomeЭмч зөвлөж байнаМ.Шагдарсүрэн: Элэгний архаг үрэвслийн үед амархан ядарч, туран, царай нь харладаг

М.Шагдарсүрэн: Элэгний архаг үрэвслийн үед амархан ядарч, туран, царай нь харладаг

-

Анагаах ухааны доктор, профессор, “элэгний” М.Шагдарсүрэн эмчтэй ярилцлаа.

-Элэгний өвчин, ялангуяа хавдар манайд ихэслээ. В, С вирус газар авлаа гэж байна?

-Монгол Улсад 30 гаруй хавдрыг илрүүлээд байгаагаас элэгнийх дангаараа 40 гаруй хувийг эзэлдэг гэсэн тоо байна. Одоо ч энэ тоо хэвээр байгаа. Тэгэхээр өвчлөлийг бууруулахад өөрийн хүч чадлыг зориулах шаардлагатай байлаа.

Ер нь элгийг гэмтээдэг гурван гол хүчин зүйл байдаг гэж үздэг. Нэгдүгээрт, вирус, хоёрдугаарт архи, гуравт янз бүрийн хортой бодисууд, хоол тэжээл, тэр дунд эм ч ордог. Элэг эхэн үедээ өвдөхгүй, мэдэгдэхгүй явсаар гэнэт хүндэрнэ. Манайхан тэр үед нь л үзүүлэх гэж эмнэлэг, эмчийг зорьж байна. Гэтэл өвчин газар авч, хүнд шатандаа орсон, хавдрын хэмжээ нь хэт томорсон байдаг. Энэ үед мэс засал хийж болдоггүй, элэг тайрч, сольж болохгүй. Үнэндээ эмчлэх аргагүй болсон үед ирдэг нь харамсалтай.

-Элэг мэдрэлгүй мөртлөө эмзэг эрхтэн. В, С вирусийн тухайд эдгэшгүй, хавдарт хүргэдэг гэдэг. Энэ талаар юу хийж байна вэ?

-Элгийг гэмтээдэг арваад вирусийг одоо илрүүлээд байна. Түүнээс манайд хамгийн элбэг тохиолддог нь А, В, С, Д, Е. Бохир гараар халдварладаг А вируст гепатитийг сайн эмчилбэл эдгэдэг. В, С вирус нь маш их хоруу чанартай гэдэг нь үнэн.

Хэрвээ дутуу эмчилбэл тодорхой хугацааны дараа, магадгүй 20-30 жилийн дараа элэгний хатуурал, улмаар элэгний хорт хавдарт хүргэх магадлал өндөр гэж үздэг.

Элэг бол бүр өвддөггүй, мэдрэлгүй эрхтэн биш. Элэг гадуураа хальсан капсултай байдаг, яг малын элэг шиг. Томрохоор капсул нь нимгэрч, сунаад өвддөг. Архины хурц хордлого, вирусийн хурц үрэвслийн үед элэг томорч, гэдэс цанхайн дүүрч, өвддөг юм.

Элэгний өвчнийг зарим хүн шинж тэмдэггүй гэж ярьдаг. Яг ч тийм биш. Сайн ажиглахад хүний анхаарал татахуйц янз бүрийн шинж тэмдгүүд илэрдэг.

-Тухайлбал, ямар шинж тэмдгүүд илрэх вэ?

-Гол шинж нь амархан ядрах. Хэвлийгээр цанхайна. Хурц үрэвслийн үед бие загатнана, нүдний цагаан, биеийн арьс шарлана, өтгөний өнгө цагаан болох зэрэг гол шинжийг мэдэж байх хэрэгтэй. Элэгний архаг үрэвслийн үед, элэг томорч, хатуурах үед өвчтөн амархан ядарч, туран, царай нь харладаг.

Мөн алга нь улайн, хувцсаа тайлахад бие шалтгаангүй загатнадаг. Заримдаа хоолонд дургүй болно. Цээж, хэвлийн хэсгүүдээр улаан толбо гарна. Үүнийг элэгний толбо гэдэг. Элэг хатуурах, жижигсэх үед амархан ядардаг, амьсгааддаг, эрэгтэй хүн хөхтэй мэт болдог зэрэг шинж тэмдэг илэрдэг. Орь дуу тавихгүй ч ийм шинжүүдийг хүн анзаарч байх ёстой.

Олон жил ажилласан туршлагатай эмч нар орж ирж буй өвчтөнийг хараад оношийг ерөнхийд нь тавьчихдаг. ЭХО-гоор шалгахад батлагддаг юм. Зарим хүн өвчиндөө шаналаад насаа “мартчихсан”, бүх биеэрээ атирч, хөлөө чирч, нүүр нүд нь бөөн шаналгаа орж ирнэ. Тийм хүнийг үзээд “та бараг эрүүл байна. Хавдар алга” гэвэл нүдэн дээр яаж өөрчлөгддөг гэж бодно.

-Архи элгэнд чухам яаж нөлөөлд­гийг тайлбарлаач?

-Өвчний үед эд, эрхтэнүүдийн өнгө хувирдаг тухай янз бүрийн номуудад бичсэн байдаг. Ялангуяа архины тухай бичсэнийг санаж байна. Архи их уусан хүний царай харлаж, хамар улайж, бие ногоорч гурван гол өнгө илэрнэ гэж бичсэн байдаг. Яг үнэн.

Архийг олон жил уухаар судсууд өргөсөхөөс гадна хамар улайн шүрэн хамартай болчихсон явдаг шүү дээ. Царай их харлах нь бас л хордлогын шинж.

Элгийг нэг үгээр хэлэхийн аргагүй олон үүрэг гүйцэтгэдэг эрхтэн. Элэг бол хоногийн 24 цагийн турш ажилладаг маш нарийн зохион байгуулалттай химийн үйлдвэр юм. Дотор эрхтэнээс зүрх рүү урсч байгаа бүх цус элгээр дамжин цэвэрлэгдэж байдаг. Товчоор хэлбэл, хоол тэжээлийн хорыг шүүж, хоргүйжүүлэх үүрэг гүйцэтгэдэг эрхтэн.

-Архи уусны маргааш шартах нь элгэнд өөрчлөлт орсных уу?

-Энэ нь элэгний хурц үрэвсэл, хордлогын шинж. 50 гр архийг хоёр цагийн дотор задалж хоргүйжүүлдэг байхад энэ хугацаанд уусан 500 мл архийг хоргүйжүүлэх ямар ч боломжгүй болж цус, тархи, эд эрхтэн рүү хорыг алддаг байна. Эмийг бас учиртай уухгүй бол уушигны өвчин, хатгаа, сүрьеэг эмчилдэг хэрнээ элгийг нь гэмтээгээд байдаг. Янз бүрийн нойрны эм, толгойн өвчинд уудаг цитрамон, парацетамол нь элэг гэмтээнэ. Элгийг ЭХО-д харахад андашгүй. Улаан ягаан өнгөтэй байх ёстой элэг цайвар болсон байдаг.

Мөн тайвшруулах үйлчилгээтэй седуксиний талын болон жирэмслэлтээс хамгаалах эм аюултай. Хүчээр хүний бодисын солилцоог өөрчилнө гэдэг аюултай. Бензин, хөнгөн цагаан, хар тугалга, түлш нефтийн бүтээгдэхүүн, янз бүрийн будаг элэг хордуулдаг хүчин зүйлд ордог. Засвар хийж, ангиа будаж байгаад хордсон, элэг нь цайсан, элэгний хордлогод ороод байгаа багш нарыг би үзсэн.

Сүүлийн үеийн будгуудаар хоёр, гурав хоног анги будахад их хорддог юм байна. Гэтэл дандаа будаг хийдэг хүмүүс, алт, мөнгөний дархан, гагнуурчид, бензинтэй ажилладаг жолооч нарт элэгний өвчин их элбэг.

-Элэгний өөхлөлттэй хүн бас олон байна гэсэн?

-Элэгний өөхлөлттэй хүн элбэг тохиолдож байна. Элэг өөхлөх нь таргалахад үүсдэг өвчин биш. Голдуу эм, архитай холбоотой хордлогоос үүснэ. Элэг зүгээр нэг өөхтэй яваад байдаг эрхтэн биш ээ.

Элэгний өвчний тухай номонд нэг аюултай юм бичсэн байдаг. Элэгний өөхлөлттэй хүмүүс архи хэтрүүлэн хэрэглэж байтал гэнэт өөхнөөс үсрээд уушигны артерид бөглөрөлт үүсгэн гэнэтийн үхэлд хүргэдэг гэж. Архи ууж байгаад гэнэт нас барчихлаа, зүрх нь зогссон, хавхлага нь хаагдсан, тархины инсульт болсон гэж хүмүүс ярьдаг. Үнэн хэрэгтээ олон хоног архидсаны үр дагавар, гол шалтгаан болдог гэж бичсэн байна. Түүнийг би үүнтэй холбоотой үнэн үг байна гэж боддог.

-Тэгвэл элэг хатах, жижигрэх нь юутай холбоотой вэ?

-Элэг эхлээд үрэвсээд, хавагнаж, хөөгөөд томордог. Тэр үед голдуу гэдэс дүүрч, цанхайдаг юм. Цусны шинжилгээгээр АЛАТ, АСАТ өндөр гарч гэж ярьдаг. Энэ нь элэгний эсийн гүнд мембраныг нь хорчийтол гэмтээдэг.

Элэгний эс үхэжсээр байгаад хэдэн жилийн дараа элэг хорчийгоод жижигрэнэ. Хэмжээ нь жижгэрч, бүтэц нь хатуураад, сорвижоод ирдэг. Үүнийг л элэгний хатуурал, цирроз гээд байгаа юм. Эргээд хэвэндээ орохгүй. Улмаар элэгний дутагдалд орох, хавдар руу шилжих, үгүй гэхэд дангаараа хүний амь насанд хүрэх аюултай. Цирроз хавдар болох албагүй.

Цирроз бол сүүлчийн шат, элэгний дутагдалд орсон л бол хүнийг үхүүлж ч чадна. Хүмүүс үүнийг сайн ойлгохгүй, хөнгөн тусгаж авдаг. Ер нь л цирроз гэхээр цочихоо больж. Циррозтой хэдэн жил болж байна гэх нь холгүй, доргиотой замд машин бариад явж, хүнд ажил хийж, өөх давстай хоолоо идэж, архи ууж явдаг хүн зөндөө. Энэ бүхэн өвчнийг улам хүндрүүлж байгаа.

Үнэндээ элэг жижгэрч, чулуужсан байгааг мэддэггүй. Гэдэс нь цэрийгээд усаар дүүрэхгүй бол хүндээр тусгаж авахгүй байна. Уг нь элэгний цөөхөн хувь ажиллаж байхад болоод байдаг мундаг эрхтэн л дээ. Тэгэхээр хүмүүс элэг маань ингэчихлээ, ямар шалтгаантай, одоо яах ёстой, хүндрүүлчихгүйн тулд ямар дэглэм барьж, ямар хоол идэх ёстой вэ гэдгийг мэдэж байх ёстой.

-Элэгний хавдрын үед судсанд нөлөөлөх үү?

-Судас бөглөх эмчилгээний үед хийсэн нээлтүүд бий. Энэ эмчилгээг нээхээс өмнө гол судасны талаар зураг хараад онолоор мэднэ үү гэхээс, өөрсдөө хараагүй байлаа. Гэтэл гол судаснаас салаалаад, элэг рүү, хэвлийн хөндий рүү орж байгаа судас хаагуур явж буйг анх би Монголд тогтоосон юм.

Судсаар нь нарийн гуурс явуулж, элэгнийхээ бүх судсыг тодорхойлсон. Хавдрын судас гэж замбараагүй байрлалтай, ялангуяа элэгний хорт хавдрын үед судсууд сонин дүрс үүсгэдэг юм билээ.

Нум хэлбэртэй, байцаа шиг бөөрөнхий, бүр сэндрүү хэлбэрийн мушгирсан судас үүсдэгийг олж тогтоон, энэ нь элэгний хорт хавдар, циррозыг таних шинж болохыг би гаргаж бичсэн. Шинжлэх ухааны нэг төрлийн нээлт гэхэд буруудахгүй.

-Хүмүүс их инээхээр элэг хөшлөө гэж ярьдаг. Элэг инээхэд дуртай эрхтэн үү?

-Элгийн тухай ардын аман зохиол, дээр үеийн билэг зүй, утга зохиолд элгээ хөштөл инээх, элгэн садан, манайд элэгтэй хүн гэж бичсэн байдаг. Бас элэг буруу хүн гэж ч ярьдаг. Ер нь бол инээх элгэнд сайн, уурлах элгэнд муу гэж ялангуяа дорнын анагаах ухааны номд бичсэн байдаг.

Бүр 800 жилийн өмнө “Монголын нууц товчоо”-нд муу санаалж, урвахаар явж буй хүнийг “өмхий элэг өвөртлөөд” гэсэн хэллэг байдаг юм билээ. Үүнийг уншаад их муухай боловч сонин үг гэж санаж байлаа.

Т.МИШЭЭЛ

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд