No menu items!
HomeХүмүүсДархан аварга Б.Бат-Эрдэнийн "боди" охин Бурмаа

Дархан аварга Б.Бат-Эрдэнийн “боди” охин Бурмаа

-

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн дунд охин Бурмаа бодибилдингийн спортоор хичээллэдэг нэгэн.

Тэрээр 2017 онд УАШТ-ээс шагналт 5-р байр, 2018 оны УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Мөн 2019 оны намар зохиогдсон IFBB Pro Qualifier тэмцээний атлетик ангилалд алтан медаль хүртсэн амжилттай.

2016 оноос эхэлж хичээллэсэн. Түүний багш бодибилдинг, фитнессийн  дэлхийн 4 удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг. Тэрээр “Багш маань сошиалд их идэвхтэй. Би түүний шавь болохоос өмнө фэйсбүүкээр дагаж, хүндэлдэг байлаа. Тухайн үед “Энэ хүнтэй нэг удаа ч гэсэн уулзаж үзэх юмсан” гэж боддог байв. Гэтэл “Хэвлийгээрээ инээмсэглэе” нэртэй шинэ анги нь нээгдэж, би очиж уулзсанаар өнөөдрийг хүрч байна даа” хэмээн хэрхэн анх энэ спортод хөл тавьсан тухайгаа ярьсан байдаг.

“Миний хичээллэдэг спортын төрөл олон ангилалтай. Би дээрх тэмцээнүүдэд атлетик ангилалд орсон. Миний зорилго энэ спортоор насан туршдаа хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг бусдад үлгэрлэхийг хүсдэг. Өдгөө хөнгөн атлетикаар мастер ангиллын дэлхийн аварга болоод байгаа МУГТ Т.Цэрэндолгор гуай, Ц.Раднаа гуай, хүндийн өргөлтийн гавьяат тамирчин Баярмаа эгчийн аав Д.Намхайдорж гуай шиг байхыг хүсдэг” гэжээ.

Аавынхаа талаар “Аав маань Улсын баяр наадамд 12, Цагаан сарын барилдаанд 13 удаа түрүүлсэн сайхан амжилттай бөх. Би ухаан орсон цагаасаа л аавынхаа жил бүр бэлтгэл хийдэг “Сүүж уул”-ын амралтад очдог байсан.

Бараг тэнд өссөн гэж хэлэхэд болно. Одоо ч гэсэн би тэнд очихоороо гэртээ очсон мэт мэдрэмж авдаг. Тэр амралтыг хуучнаар НАХЯ байгуулсан гэдэг. Аав маань “Хүч” спорт хорооны тамирчин болсон цагаасаа тэнд бэлтгэлээ хийдэг болсон. Залуу бөх байхдаа жижиг байшинд нь байрладаг байсан бол улсын цол хүртэж, гэр бүлтэй болохдоо Гэр бүлийн байшинд нь биднийг байрлуулж өөрөө Монгол Улсын заан Д.Мягмар ахтай нэг өрөөнд байнга ордог байсан.

Дараа нь аварга цолтой болсон чинь бид өвлийн байшин руу нь шилжсэн. Нэг үгээр хэлэхэд, аавыг дагаад бидний зиндаа дээшилж байна гэсэн үг л дээ. Зургаадугаар сард хичээл амрангуут тэнд амарчихаад наадмын өмнөх өдөр л хот руу ордог байлаа. Тэр үед бөхчүүдийн үеийнхээ хүүхдүүдтэй тоглож, сонин хууч яриаг нь сонсоно.

Гэхдээ хүүхэд байсан болохоороо яг үнэндээ тэгж их сонирхдоггүй байсан. Тухайн үед сүмогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Монгол Улсын гарди Н.Ганбаатар, сүүлийн үе гэвэл жүдо бөхөөр одоо сайн барилдаж байгаа улсын начин Л.Өлзийбаяр ахын хүү Дүүрэнбаяр нартай хамтдаа наадмын галд гардаг байв. Гэтэл одоо үед бөхчүүд гэр бүлээрээ бэлтгэлд гарч, хүүхдүүд нь хамтдаа цагийг өнгөрүүлэхээ байжээ. Аймаг болгон бөхийн галтай болсон болохоор арга ч үгүй байх л даа.

Нэмж хэлэхэд Сүүж хайрханы байгаль их гоё. Өглөө эрт хөхөө шувуу донгоддог нь одоо ч сэтгэлд тод үлдэж. Бороо орсны дараах үнэр нь ямар сайхан гээч.

Тухайн үед бөхчүүд оройн тоондоо орохдоо “Дэлгэр Монгол орон” дууг дуулж, тараг уудаг заншилтай. Мөн биллиард тоглож, зарим үед бүжгийн цэнгүүн болдог байсан. Зодог, шуудгаа угаачихаад байшингийнхаа ард хатаах гээд өлгөсөн байхад хөлснийх нь үнэр нэг л дотно шүү. Одоо ч би аавынхаа малгайг үнэрлэх дуртай. Сүүлийн жилүүдэд барилдахгүй байгаа болохоор тэр үнэр нь гарчихдаг юм байна. Бага багаар арилаад л байгаа” хэмээн нандин дурсамжаасаа хуваалцсан байна.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд