No menu items!
HomeНом ярьяД.Боролзой: Уншсаны үрээр аливаа мууг сайнд нь урвуулж сурвал л номын ач...

Д.Боролзой: Уншсаны үрээр аливаа мууг сайнд нь урвуулж сурвал л номын ач холбогдол нь гарна шүү дээ

-

Энэ удаагийн “Ном ярья” буланд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хэл бичгийн ухааны доктор Дашдондогийн Боролзой оролцлоо.

– Танд ширээний ном байдаг уу? Яагаад тухайн номыг ширээний номоороо сонгосон бэ?

– Үргэлж ширээн дээрээ байлгадаг ном гэж байдаггүй юм байна аа. Тухайн үеийн бичиж байгаа сэдэв, судалж байгаа зүйлтэйгээ холбоотой номыг ширээн дээрээ байлгаад л тухайн ажил дуусангуут дараагийн хэрэгтэй номуудаа ширээн дээрээ тавьж үздэг дээ.

– Одоо ямар ном уншиж байна вэ, /сүүлд ямар ном уншсан бэ?/

– Алхаж явахдаа ч юм уу, эсвэл машиндаа подкаст сонсох дуртай. Unlock подкастаар “Ад үзэгдэх зориг” гээд номын тухай сонсоод ёстой л миний унших ёстой ном байна гэж бодоод энэ номыг худалдаж аваад яг одоо уншиж байна. Энэ ном үнэхээр таалагдсан, их ч зүйл сургасан их өгөөжтэй ном шүү.

Хүнд ер нь сураагүй, ойлгоогүй, мэдээгүй зүйл үргэлж байх юм. Тухайлбал, хүн өөрт таалагдаагүй зүйлдээ үгүй гэж хэлээд бусдад ад үзэгдээд үзэл бодолдоо үнэнчээр зогсож байх зоригтой байна гэдэг үнэхээр хүнд байх чухал чадвар, эрхэм үнэт зүйл юм байна гэдгийг энэ номоос ойлгосон. Өөрөөр хэлбэл бусдын асуудалд хошуу дүрэхгүй, эсрэгээрээ өөрийнхөө асуудалд ч бусдыг хошуу дүрүүлэхгүйгээр өөртөө үнэнч амьдрах нь хувь хүний аз жаргалтай байх, эрх чөлөөнд хүрэх эхний алхам байдаг гэх мэт хүн хоорондын харилцааны олон зовлонтой асуудлуудын талаар өгүүлсэн маш сайхан ном байна билээ.

– Та номтой нөхөрлөсөн түүхээсээ хуваалцаач. Хамгийн анх ямар ном уншиж байснаа санадаг уу?

– Саналгүй яах вэ. Хүүхэд байхад аав, ээж ямар л ном өгнө тэрийг уншдаг, гэрт ямар л номын сан байна түүнтэй нөхөрлөдөг байжээ. Одоо бодоход хүүхдийн утга зохиолын хамгийн баялаг номын сан манай гэрт байжээ. “Сонгино хүү Чиполлино”-гоос авахуулаад хүүхдийн утга зохиолын шилдэг номуудыг л уншсан.

Анх аавын минь сонгож уншуулсан номуудаас сэтгэлд хамгийн тод үлдсэн зохиол гэвэл Д.Гармаагийн “Хөгжөөнтэй туужууд” байна. Энэ ном одооны хүүхдүүдэд ямар сэтгэгдэл төрүүлж байгааг сайн мэдэхгүй юм, лав л миний бага насны хийсвэр төсөөлөлд үнэхээрийн гайхалтай, хөгжилтэйгээр дурсагдан үлджээ. Намайг бага байхад тэр үеийн ЗХУ-ын “Прогресс” хэвлэлийн газар ч билүү тэнд хэвлэсэн номууд орчуулгын чанар, зураг дүрслэл, хэвлэлийн чанараараа гойд ялгардаг байлаа. Тийм нэг ном уншсан минь В.Обручевийн “Санниковын газар” гээд зохиол байдаг. Тэр үед энэхүү бүтээлийг үнэхээр гайхширч салалгүй л уншиж дуусгасан санагддаг.

– Таны аав хүүхэд багачуудын хайрлаж, хүндэлдэг эрхэм шүү дээ. Хүүхэд байхдаа аавынхаа аль зохиолыг хайрлан, шимтэж уншдаг байв. Дурсамжаасаа хуваалцаач?

– Тийм ээ, миний аав, Монгол улсын төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог бол Монголын хамгийн алдартай, хамгийн авьяаслаг, хамгийн бүтээлч, хамгийн мэдрэмжтэй, сурсан биш төрчихсөн хүүхдийн зохиолч байсан гэж хүүгийн хувьд би ам бардам хэлнэ. Шүлэг бичээд л хөгжил хөдөлгөөн, айзам бүхий “Аранзал зээрд”, “Цааны алхаа”, “Биелгээ” тэргүүтэн шүлгүүд, дуу зохиогоод л хүүхэд бүрийн сонсох дуртай “Сайн байна уу”, “Өрөөнд тагтаа орж ирлээ”, “Түүдэг гал”, “Тавтай нойрсоорой”, “Яагаад” зэрэг дуунууд, үлгэр бичээд л “Морьтой үлгэр”, “Чулуун домог” алдартай үлгэрүүд, зурагт ном туурвиад л хүүхдийн өвөрмөц сэтгэлгээг нээсэн “Аав ээж би” гэдэг ч юм уу үзэгнийх нь үзүүр хүрсэн болгон нь Монголын хүүхдийн утга зохиолд шинэчлэл хийж үнэт өв болон үлдсэн гэж боддог.

Аав маань хэвлүүлсэн олон бүтээл дээрээ миний нэрийг редактороор тавьдаг байсан нь зохиолоо биччихээд хамгийн түрүүнд үзүүлж уншуулдаг байсны учир байжээ гэж одоо дурсан боддог доо. Дуртай зохиолын хувьд аавын минь долоон настай дүү Ж.Цолмонбаатартайгаа (номын зургийг нь зурсан) хамтран бүтээсэн “Аав ээж би” хэмээх зурагт өвөрмөц номыг багадаа уншиж байсан минь сонин сайхнаар үргэлж мартагдалгүй дурсагддаг.

– Хамгийн эрхэмлэж явдаг зохиолч? Яагаад?

– Мэдээж олон зохиолч бий. Тухайлбал, Ч.Лодойдамба гуай байна. Алдарт “Тунгалаг тамир” романых нь дүр дүрслэл, зохиолдоо хэрэглэсэн тэр олон адилтгал зүйрлэл, уран цэцэн мөртөө үнэн үгс, зохиолынх нь уялдаа холбоо, логикийн алдаагүй байдал гээд зохиосон байтлаа бодит түүх юм шиг энэ зохиол одоогийн хэлдгээр үнэхээр нэг сүнслэг чанартай санагддаг учраас зохиолчийг нь ихэд биширдэг.

Санаанд шууд орж байгаагаас эрхэмлэдэг зохиолч гэвэл өнөө цагийн алдартан Стивен Кингийг хэлмээр байна. Зохиолуудаас нь холливудын алдартай кино болсон “Ногоон бүс” (The Green mile), “Шоушенкээс оргосон нь” (The Shawshank redemption) гээд л бүгд мэдэх байх. Дүрүүдийнх нь хэлдэг хэлц хэллэг, маш сонирхолтой бөгөөд учир шалтгааны зөрчилгүй сүлжилдсэн олон ээдрээт үйл явдал нь бараг бүтэн зохиолчдын баг хамтарч бүтээмээр зүйл яаж ингэж ганц зохиолчийн тархинаас урсан гардаг байна аа гэж биширдэг. Мэдээж энэ хоёр зохиолч зарим хүмүүсийн хувьд хамгийн шилдэг нь биш байж мэдэх ч миний мэдлэгийн ертөнцийн хязгаар, мэдрэмжийн түвшинд бүрнээ нийцдэг юм.

– Таны хувьд хамгийн үнэ цэнтэй ном?

– Надад өвөө эмээгээс минь өвлөсөн, аав ээжээсээ уламжлан авсан эртний эд зүйлсийн, урлагийн бүтээлийн, ном хэвлэлийн зарим нэг ховор нандин гэмээр жижиг цуглуулга байдаг л даа. Харин миний хувьд хамгийн үнэ цэнтэй гэвэл аавын маань бичиж хэвлүүлсэн 100-гаад бүтээлийн 1950-аад оноос эдүгээг хүртэлх номуудын анхны хэвлэлтүүдийг л хэлнэ дээ.

– Та номыг ямар арга барилаар уншдаг вэ, Ном унших дадал гэж бий юу?

– Хүмүүс номыг их олон арга барилаар уншдаг юм билээ. Хаа байгаа газраа номуудаа зэрэг зэрэг дэлгээд босон суун уншдаг хүмүүс шиг ном уншдаг сүрхий арга барил надад байхгүй дээ. Судалгааны ажилд хэрэглэх номуудыг бол тухай тухайн үед нь хэрэгтэй зүйлээ түүж унших маягаар хэрэглэдэг бол сонирхолтой санагдсан бусад номуудыг нэг нэгээр нь л уншиж дуусгадаг. Өөрт хэрэгтэй, таалагдсан номоо л сонгон уншихаас учир зүггүй их уншдаг гэж өөрийгөө хэлж чадахгүй.

– Ном таны ажил мэргэжил, хувь хүний хөгжил төлөвшилд хэрхэн нөлөөлсөн бэ. Тухайлбал?

– Хэрвээ би зөв бичих дүрмийн алдаагүй бичдэг, хэл найруулгын хувьд учиргүй буруу бичдэггүй гэж өөрийгөө үзвэл, бусдад ядаж сайныг хийдэггүй юм гэхэд хор хийхгүй байх сэтгэлийг өөртөө үүсгэсэн бол энэ бүгд номын л сайн нөлөө байх. Ер нь хүн байхын ухааны боловсролыг илүүтэй уран зохиолоос олж авдаг юм болов уу гэж боддог. Ялангуяа сүүлийн үед их ярих болсон “tolerance” (бусдын байгаа байдал таалагдахгүй байсан ч дотроо буулт хийн хүлцэн тэвчих), “empathy” (бусдын оронд өөрийгөө тавьж зовлонг нь ойлгох), “compassion” (элдэв нөхцөл тавихгүйгээр энэрэн хайрлах) гэх мэт чадваруудыг утга зохиолын бүтээлүүдийг уншсанаар олж авч чадах байх гэж боддог.

Учир нь уран зохиолын ном нь эрх биш хүнд л тохиолдсон зүйлийг бичдэг тул амьдралын том сурах бичиг байж чаддаг. Уран зохиол уншдаггүй, утга уянга, урлаг соёл сонирхдоггүй хүмүүс голдуу хүний зовлон ойлгохгүй хахир хатуу, амар байхын буянаа барсан, мөнх амьдрах юм шиг аашилсан, ёстой нөгөө “үрт хүн үрээрээ” гэгчээр зовлонтой хүний оронд өөрийгөө тавьж хүлцэн ойлгох чадвар нь сул хөгжсөн санагддаг. Гэхдээ бүгд тийм гэж туйлшруулан ойлгож болохгүй л дээ, хүн янз бүр байлгүй яах вэ.

– Та өөрийгөө номоор төсөөлвөл?

– Их хэцүү асуулт байна. Лав л уран зохиолын, утга уянгын шүлгийн ном биш. Надад “Шинжлэх ухааны товч түүх” номын зохиогч Билл Брайсоны бичсэн ном, түүний бичлэгийн чадвар үнэхээр таалагддаг. Эрдэм мэдлэг, шинжлэх ухаан, аливаа бүхнийг хэн бүхэнд ойлгомжтой энгийнээр бичих түүний чадвар үнэхээр биширмээр шүү. Номоор төсөөлвөл өөрийгөө түүний ном шиг бодит баримтыг энгийн хэрнээ үнэн, мөн сонирхолтойгоор бичсэн ном байхыг хүсч байна.

– Уншсан номоос хамгийн тод үлдсэн ишлэлээс хуваалцахгүй юу?

– Олон сайхан үг байдаг. Академич Цэндийн Дамдинсүрэнгийн хэлсэн ном бүтээл, судалгааны ажлын тухайд хэлсэн маш сайхан хоёр ишлэлийг л хуваалцъя. Эхнийх нь ном уншихын чухлыг илтгэсэн “Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн юм. Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд шумбах мэт” гэсэн үг байна. Хоёр дахь нь судалгаа шинжилгээний ажил хийдэг хүний заавал баримталбал зохих чадварыг илэрхийлсэн “Би хүнд ч итгэхгүй, өөртөө ч итгэхгүй, гагцхүү баримтанд л итгэнэ. Баримтыг ч олон талаас шалгавал зохино” гэсэн сайхан үгийг хэлье дээ.

– Та гэртээ номын сантай юу, хичнээн ном байгаа бол? Ихэвчлэн ямар төрлийн ном байна вэ?

– Миний номын нэг хэсэг нь гэрт, хэл бичгийн судалгаатай холбоотой номууд нь ажил дээр байдаг. Өөрийгөө маш их ном цуглуулсан гэж хэлэхгүй, гэхдээ монгол судлалын судалгааны номуудаас гадна ааваас маань өвлөж үлдсэн Монголын болон дэлхийн хүүхдийн утга зохиолын, ялангуяа судалгааны голлох чухал бүтээлүүд надад бий.

– Арван хэдтэй, хорин хэдтэй байхдаа үүнийг олж унших минь яав даа гэж бодож байсан ном бий юу. Залуучуудад хэрэгтэй мэдээлэл байх болов уу.

– Арван хэдтэй байхдаа үлгэр домог, хүүхдийн уран зохиолын номууд гол төлөв уншиж байсан бол хорин хэдэн насандаа шүлэг яруу найраг илүү уншиж байсан санагдаж байна. Одоо бол нэг их шүлэг яруу найраг уншаад уяраад суугаад байдаггүй. Зохиомол зүйлээс илүүтэй хүнд сургамж, мэдлэг болох бодит түүхэн баримтат зүйл унших дуртай болсон. Тухай тухайн үеийнхээ л хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагаар сонгон уншиж байсан болохоор ингэх тэгэх байж гэсэн бодол байдаггүй. Ер нь ч тэгээд хүн их уншихаас илүүтэй зөв зүйлийг, тэр зөв зүйлээ мөн зөв ойлгож унших нь чухал юм уу даа гэж бодох болсон.

Саяхан телевиз харж суусан манай нэг маш их ном уншдаг хэмээгдэх нэгэн сэтгүүлч экс ерөнхийлөгчдийн маань нэг рүү Оюу толгойн асуудлаар айхтар сүрхий хэрүүл хийж байх юм аа. Монголчуудад ашиггүй Оюу толгойн гэрээг яах гэж байгуулсан юм, бөөн өрөнд орж байна, гэрээ байгуулахгүй байж байсан бол дээр байсан юм, 10 мянган хүн ажиллахаас өөр ашиг алга гэх мэт. Монголын 10 мянган гэр бүл ч гэсэн тогтмол цалин орлоготой байна гэдэг бага зүйл биш л дээ, тэр гэр бүлийн цаана хичнээн хүн байгаа билээ, хэдэн арван Монголын жижиг компаниуд Оюу толгойгоос хамааралтай ажилтай байгаа билээ гээд эерэг дам нөлөө нь өчнөөн төчнөөн. Яг үнэндээ коронагийн үеийн эдийн засгийн хүндрэлийг нөгөө муу нэртэй уул уурхайн орлогоор л давж гарч байгаа байх.

Хичнээн их ном уншаад эдийн засаг, зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын талаар ийм буруу бодолтой байвал тэр их ном уншсаны хэрэг байна уу даа ч гэж бодох шиг. Уншсаны үрээр аливаа мууг сайнд нь урвуулж сурвал л номын ач холбогдол нь гарна шүү дээ.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд