LOADING

Type to search

Б.Батцэцэг: Сэтгэл гэдэг нүдэнд харагдахгүй ч өвддөг эрхтэн

Share

“Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн сэтгэцийн эмч Б.Батцэцэгтэй “сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэл гутрал” сэдвээр ярилцлаа.

– Сэтгэцийн эмгэгийн олон төрлүүд дундаас сэтгэл гутрал хэр түгээмэл тохиолддог эмгэг юм бэ?

– Энэ талаар ярихын тулд эхлээд сэтгэцийн эрүүл мэнд гэдэг талаар ярих нь зүйтэй. Нийт хүн амыг сэтгэцийнх нь хувьд эрүүл, сэтгэцийн эмгэгтэй болон эрүүл эмгэгийн заагт буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэж гурван бүлэг болгон хувааж үздэг.

Сэтгэцийн хувьд эрүүл байна гэдэг нь нийгэм-сэтгэц, бие-сэтгэцийн хувьд эрүүл байх тухай цогц ойлголт. Өөрөөр хэлбэл, сэтгэцийн хувьд эмгэггүй байхын зэрэгцээ нийгэмдээ дасан зохицох, өөрийн хувь нэмрийг оруулж чадах байдлыг хэлнэ. Харин сэтгэцийн эмгэг гэдэг нь сэтгэцийн эмчийн оношилж, эмчилдэг олон улсын өвчний 10-р ангилалд багтдаг өвчин юм. Эрүүл, эмгэгийн заагт буй буюу сэтгэцийн тулгамдсан асуудал гэдэг нь нийгэм сэтгэлзүйн шалтгааны улмаас сэтгэцийн эрүүл байдал түр зуур хямрахыг хэлдэг.

Нийт хүн амын хувьд авч үзвэл сэтгэцийн эрүүл байдал 60-70 хувь, сэтгэцийн эмгэг  3-5 хувь, сэтгэцийн тулгамдсан асуудал 20-25 хувийг эзэлдэг.

– Энгийн сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдээ сэтгэл гутралаас яаж ялгах вэ?

– Хэрэв хэвийн сэтгэлзүйг нэгэн шугам гэж авч үзвэл тэрхүү шугамын дээр, доор нь баярлах, гуниглах зэрэг сэтгэл хөдлөлүүд хэлбэлзэж байдаг. Гэтэл тэрхүү шугамын доор байх гуниглах, гутрах, айх, түгших, ганцаардах зэрэг сөрөг сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд удаан хугацаанд буюу 14 хоногоос дээш хугацаагаар үргэлжлэх, өдрийн ихэнх цагт эдгээр сөрөг мэдрэмжүүд илэрч байхыг сэтгэл гутрал гэнэ. Гэхдээ сэтгэл гутрал нь хүнд байдаг хэвийн хариу урвал. Тухайлбал, коронавируст цар тахлаас үүдсэн айх, түгших мэдрэмжүүд нь хэвийн сэтгэл зүйн хариу урвал. Коронавируст халдварын улмаас эмчлэгдэж эдгэрсэн хүмүүсийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийг үнэлэх зорилгоор хийсэн нэгэн судалгааг дурьдая. ХӨСҮТ-ийн Шинэ сэргэж буй халдварын тасагт өнгөрөгч оны 3-8-р сар хүртэлх хугацаанд халдварын улмаас эмчлүүлж, эдгэрсэн 147 тохиолдлыг хамруулан судалсан бөгөөд ингэхэд сэтгэл гутрал 6.8 хувьтай гарсан байна.

Харин энэхүү хэвийн хариу урвал удаан хугацаанд арилахгүй үргэлжлэх юм бол сэтгэцийн тулгамдсан асуудал үүснэ.

Хатуу хөл хорионд байгаа иргэдийн сэтгэцийн тулгамдсан асуудлын тархалтыг тогтоох зорилгоор 2020 оны 11-р сард эхний, энэ оны дөрөвдүгээр сард давтан судалгааг хийжээ. Эхний судалгаанд 4333 хүн, давтан судалгаанд 1122 хүнийг хамруулан судлахад үр дүн нь 22.1 – 27.1 хувь болон өссөн үзүүлэлт гарсан байна.

Сэтгэл гутрал ямар хэлбэрээр явагддаг вэ?

– Сэтгэл гутралыг хэлбэрээр нь өглөөний болон оройн хэв шинж гэж ангилдаг. Өглөөд сэрэхэд бие амраагүй мэт байх, өдрийг яаж өнгөрөөх, өнөөдрийг яаж даван туулна даа гэсэн бодолтой сэрэх, орноосоо босмооргүй байх зэрэг шинжүүд илэрч байгаад үдээс хойш болон оройн цагаар илүү сэргэг, сэтгэл өөдрөг болж, шөнө унтаж чадахгүй байх нь өглөөний хэв шинжийн сэтгэл гутралд хамаарна.  Харин өглөөд сэргэлэн цовоо сэрэх ч үдээс хойш сэтгэл хямрал үргэлжлэх юм бол оройн хэв шинжийн сэтгэл гутрал болно.

– Сэтгэл гутралын эмгэг ер нь юунаас болж үүсдэг юм бэ, ямар хүчин зүйлс нөлөөлөх вэ? Нөлөөлж байгаа эдгээр хүчин зүйлсийг эрэмбэлэх юм бол аль нь илүү зонхилон тохиолдож байна вэ?

– Нөлөөлөх хүчин зүйлсийг нийгмийн, биологийн, сэтгэлзүйн гэж гурав ангилан авч үздэг. Нийгмийн зүгээс гэдэгт нь улс төрийн нөхцөл байдал, ажилгүйдэл, ядуурал зэрэг нийтийг хамарсан хүчин зүйлс хамаарна. Сэтгэл зүйн шалтгаанд тухайн хүний сэтгэлзүйн хэв маяг хамаарна. Тухайлбал, аливаа зүйлд хэт мэдрэмтгий, эмзэг, юмыг хүндээр хүлээж авдаг, аливаа зүйлийг хэт ургуулан боддог хүмүүс сэтгэл гутралыг эмгэгт өртөх магадлал өндөр байдаг. Харин биологийн хүчин зүйлсэд гэр бүлийн, ойр тойрны хүмүүс сэтгэл гутралд орж байсан тохиолдлууд хамаарна.

Мөн ямарваа нэгэн биеийн өвчин эмгэгээс шалтгаалж байж болно. Тухайлбал, чихрийн шижин, бүх төрлийн хавдар, архаг хууч өвчнүүд нь сэтгэл гутралд хүргэх шалтгаан болдог. Эдгээр шалтгаануудаас тэр нь зонхилон тохиолддог гэсэн зүйл байхгүй. Нэг хүнд нэг болон түүнээс дээш олон хүчин зүйлс нөлөөлж болно. Ямар хүчин зүйлс шалтгаалж байгаагаас хамаарч сэтгэл гутрал хөнгөн, дунд, хүнд гэсэн зэргээр явагддаг.  

– Сэтгэл гутралд орсон үед бие болон сэтгэцэд ямар өөрчлөлт, шинж тэмдэгүүд илрэх вэ?

– Сэтгэл гутралын хам шинж нь гурван бүлэг шинжээр илэрдэг. Нэгдүгээрт, сэтгэл хөдлөл сөрөг болох. Үүнд, гуниглах, гутрах, ганцаардах, өөрийгөө хэнд ч хэрэггүй болсон мэтээр бодох, өөрийн үнэлэмж буурах, ирээдүйдээ итгэлгүй, ямар ч зорилго чиглэлгүй болох, урьд нь таашаал авдаг зүйлээсээ баяр баясал мэдрэхээ болих зэрэг шинжүүд багтана.

Эдгээр сөрөг мэдрэмжүүдээс улбаалаад тухайн хүний анхаарал төвлөрөл буурах, сэтгэхүйн хурд удаашрах, удаан ярих, түүнийгээ дагаад үйлдэл хөдөлгөөн удаашрах, босмооргүй санагдах, өдөржин орондоо хэвтэх, аливаа үйл ажиллагаанаас татгалзах, ганцаараа байхыг эрхэмлэх зэрэг шинжүүд илэрнэ.

Биеийн болоод сэтгэлзүйн хувьд илрэх шинжүүд нь хоорондоо харилцан хамааралтай. Дээрх сэтгэл зүйн шинжүүдийг дагаад бие махбодод дараах шинжүүд илэрнэ. Тухайлбал, хоолны дуршил буурах эсвэл хэт их идэх, нойрны хямрал, олон цаг унтаж байгаа ч бие амраагүй мэт санагдах, өглөө сэрэхэд  нозоорох, хоол боловсруулалт удаашрах, булчин, үе мөч болон толгой, гэдэс өвдөх, өтгөн хатах, зүрхний цохилт ошлрох гэх мэт олон төрлийн шинжүүд илэрнэ.  

Эдгээр шинжүүд 14 хоног болон түүнээс дээш хугацаагаар илэрч байвал сэтгэл зүйч болон мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

– Сэтгэл гутралд орсон үед гэр бүлийнхэн, ойр тойрны хүмүүсийн тусламж, дэмжлэг нэн чухал. Дээрх шинжүүд зөвхөн өөрт мэдрэгдэж, дотроо л шаналантай байна. Тухайлбал, өсвөр насны хүүхдээр жишээ авч үзье л дээ. Дээрх шинж тэмдэгүүдийг бусдад хэлж чадахгүйгээс болж хүндрэх эрсдэл бий. Тэгвэл эцэг эхчүүд хүүхдээ сэтгэл гутралд орсон байх магадлалтай гэдгийг хэрхэн мэдэх вэ, Зан авирт ямар нэгэн өөрчлөлт, дохио илрэх үү?

– Сэтгэл гутралд орсон тохиолдолд гэр бүл, анги хамт олон, найз нөхөдтэйгөө зүгээр инээж, хөхөрч явдаг байсан бол аажим аажмаар дуугаа хураах, бусадтай нийлж, нөхөрлөхөө болих, өдрийг ихэвчлэн өрөөндөө ганцаараа өнгөрөөхийг эрмэлзэх, нойргүйдэх, сурлагын дүн буурах, нийгмээс өөрийгөө тусгаарлах, гэдэс өвдөх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэгүүдийг хэлнэ. Хүүхдүүд мэдээж тэр бүр эцэг эхдээ би хямраад байна, надад хэцүү байна гэж хэлдэггүй. Бага насны хүүхдүүд ихэвчлэн биеийн шинжүүдийг түлхүү хэлдэг.

Бид хүүхдүүд үргэлж аз жаргалтай, баяр баясгалантай байдаг, юунд ч санаа зовдоггүй гэж боддог шүү дээ. Гэтэл тийм биш байна л даа. Томчуудтай л адил стресстдэг, сэтгэл гутралд ордог. Магадгүй хүүхдийн хөдөлгөөн удаашрах, идэвхгүй байх зэрэг сэтгэл гутралын шинжүүд илэрвэл эдгээр нь эцэг эхийн нүдээр улам л залхуу, хойрго болоод байгаа юм шиг харагдаж болох юм.

– Жирэмсэн болон төрсний дараах сэтгэл гутрал /физиологийн онцлогоос шалтгаалсан гэх юм уу/ хэр удаан үргэлжлэх вэ, хэрхэн даван туулах вэ?

– Сэтгэл гутралд хүйсийн ялгаа гэж байдаг. Үүнд эмэгтэйчүүд илүү өртдөг. Энэ нь эмэгтэйчүүд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь эрэгтэйчүүдийнхээс ялгаатай байдгаас хамааралтай. Эрэгтэйчүүд сэтгэл хөдлөлөө дотроо удаан хадгалж, хурааж байгаад нэг удаад хүчтэйгээр илэрхийлдэг.

Мөн эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог бас нэгэн шалтгаан нь дааврын өөрчлөлттэй холбоотой. Эмэгтэйчүүдэд сарын тэмдэг ирдэг, жирэмсэлдэг, төрдөг, цэвэршдэг. Насны хувьд авч үзвэл дийлэнхдээ 30-40 насны эмэгтэйчүүд энэхүү эмгэгт илүү өртдөг байна.

Жирэмсний үед болон төрсний дараа биед дааврын өөрчлөлт явагддагтай холбоотойгоор сэтгэцийн хямралд өртөх нь элбэг. Үүнээс гадна өсвөр насандаа ээж болж байгаа эмэгтэйчүүд жирэмслэлтийг төлөвлөөгүй, сэтгэлзүйгээ бэлтгээгүй байдагтай холбоотойгоор жирэмсэн үеийн сэтгэл гутралд өртдөг. Дэлхий нийтийн судалгаагаар авч үзвэл 4-5 ээж тутмын нэг нь жирэмсэн үеийн сэтгэл гутралд өртдөг байна.

Жирэмсэн үед ихэссэн эстроген, прогэстерон зэрэг дааврууд төрсний дараа огцом буурдагтай холбоотойгоор төрсний дараах сэтгэл хямрал үүсдэг. Энэхүү үзэгдэл нь хэвийн үедээ 4-5 хоног үргэлжлээд арилах ёстой. Хэрэв түүнээс удаан хугацаагаар үргэлжилж байвал сэтгэл гутрал болно. Энэ үед гуниглах, гутрах, уур уцаартай болох, сэтгэлээр хямрах, ирээдүйдээ итгэлгүй болох зэрэг шинжүүд илэрнэ.

Жирэмсний үеийн болон төрсний дараах сэтгэл гутралаас сэргийлэхийн тулд нөхөр болон гэр бүлийнхэнтэйгээ маш нээлттэй ярилцаж байх хэрэгтэй. Мөн нийгэм хамт олны дунд байж, би ганцаараа биш шүү гэдэг мэдрэмж авах нь энэхүү хямралыг даван туулахад тустай.

– Сэтгэцийн бусад төрлийн эмгэгүүдийг тоохгүй явсаар даамжирвал сэтгэл гутралд хүргэх эрсдэлтэй юу? Тухайлбал, хоёр туйлт эмгэг, ажлаас халшрах хам шинж гэх мэт?

Ажлаас халшрах хам шинж, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, нойргүйдэл зэрэг нь стрессийн шалтгаантай байж болно. Стрессээ зөв тайлж сурах нь эдгээр асуудлыг даван туулахад тустай.

– Нойргүйдэл нь сэтгэл гутралын үед илэрдэг нэгэн шинж тэмдэг. Сэтгэл гутралд орсон үед нойрны хямралаас гадна, их унтсан ч бие амраагүй мэт сэрэх, хар дарах, нойрон дундаа босох, ярих, шүдээ хаврих зэрэг шинж тэмдэгүүд илэрч болно. Нойрны хямрал сэтгэл гурталд хүргэж болно, эргээд сэтгэл гутрал нь нойрны хямралтай давхар явагдаж байдаг бөгөөд нойр болон сэтгэл зүйн нь хоорондо харилцан хамаарал бүхий зүйл юм.

 Хоёр туйлт эмгэг гэдэг нь өөрөө бие даасан эмгэг бөгөөд үүний нэг хөдлөл зүй нь сэтгэл гутрах хэлбэр юм. Уг эмгэг нь сэтгэл гутрал болон сэтгэл хөөрлийн хэлбэрээр явагддаг. Ажлаас халшрах хам шинжийн талаар асуулаа. Хэрэв энэ асуудлаа шийдэхгүй яваад байвал сэтгэл гутралд хүргэх эрсдэлтэй.

– Эрүүл байна гэхээр ихэвчлэн биеийн эрүүл мэндийг чухалчлах гээд байдаг талтай. Гэтэл эрүүл байна гэдэг нь сэтгэл амгалан, бие болон сэтгэц эрүүл байх тухай цогц ойлголт шүү дээ.

– Сэтгэл гэдэг бол нүдэнд харагдахгүй ч өвддөг эрхтэн. Тиймээс биеийн эрүүл мэндээ анхаардаг шигээ сэтгэцийн эрүүл мэнддээ ч маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй. Мэдээж өдөр тутмын амьдралд стресс байнга тохиолддог. Стрессгүй амьдрал гэж үгүй. Тиймээс стрессээ зөв тайлах нь чухал бөгөөд тайлах арга нь хүн бүрд харилцан адилгүй. Гэхдээ дийлэнх хүмүүст тохирдог стресс менежментийг талаарх зөвлөгөө байдаг. Үүнд, дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт, шинэ зүйлийг сурах, сайн унтаж амрах зэрэг багтана.

– Бүрэн эмчлэгдэхэд хэдий хэр хугацаа шаардлагатай вэ, ямар эмчилгээ хийдэг вэ?

–  Сэтгэл гутрал эмчлэгддэг. Хөнгөн болон дунд зэргийн үед сэтгэл зүйч болон сэтгэцийн эмч сэтгэл заслын эмчилгээ хийдэг. Энэ нь маш үр дүнтэй. Хэрэв үр дүн гарахгүй байгаа хүндэрсэн тохиолдолд эмийн эмчилгээг хавсарч хийнэ.

– Тусламж шаардлагатай тохиолдолд хаана хандах вэ?

– Хэрвээ та хэн нэгэнтэй ярилцмаар байвал, сэтгэцийн эрүүл мэндийн талаар мэдээлэл авахыг хүсвэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 24 цагийн 1800-2000 утсанд хандан сэтгэцийн эмчтэй ярилцаж, мэдээлэл авч болно. Энэ дугаар энгийн утасны тарифын төлбөртэй ба хэн ч, хаанаас ч, хэзээ ч холбогдох боломжтой. Таагүй мэдрэмжээ ичиж, санаа зоволгүй илэрхийлж, бусдаас тусламж авахаасаа бүү санаа зовоорой.

error: Content is protected !!