76: УИХ-ын гишүүн С.Батболд

0
594

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн С.Батболдыг онцолж байна.

Товч намтар

Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд 1963 оны зургадугаар сарын 24-нд төржээ. Түүний төрсөн нутгийн талаар Улаанбаатар, Дорнод, Сүхбаатар, Дундговь гэх зэрэг янз янзаар бичигдсэн байдаг. Түүний аав, ээж хоёр насаараа эрүүл мэндийн салбарт ажилласан бөгөөд ээж Ц.Янжин нь 1990 онд хүний Гавьяат эмч болж байжээ.  

Тэрээр  1980 онд Улаанбаатар хотын 10 жилийн 14 дүгээр дунд сургууль төгсөж, 1986 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөөд 1988 он хүртэл Эдийн засгийн гадаад харилцааны хангамжийн яаманд мэргэжилтнээр ажиллаж, тус яамны “Монгол импекс” нэгдэлд экспорт фирмийн дарга болов.

1991 онд Лондоны Бизнесийн их сургуульд магистрийн зэргээ хамгаалжээ. 1992 онд хувийн хэвшлийн салбарт хүч үзэн “Алтай трейдинг” ХХК-ийг байгуулж, ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2000 онд улс төрд орсон түүхтэй.

2000 – 2004 онд Гадаад хэргийн яамны дэд сайдаар ажиллаж байх хугацаандаа 2002 онд Москвагийн Дипломатын академийг төгссөн.

2004 оны УИХ-ын сонгуульд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулснаар УИХ-ын гишүүн болж, тасралтгүй 16 жил УИХ-д сонгогджээ. 2004 – 2006 онд Цахиагийн Элбэгдоржийн тэргүүлсэн, Эвслийн засгийн газарт Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан. 2008 оны сонгуульд мөн Сүхбаатар дүүргийн 23-р тойргоос улиран сонгогдсон.

УИХ-ын 2008 онд Санжаагийн Баярын тэргүүлсэн Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар томилогдон ажиллаж байв. Монгол улсын 25 дахь ерөнхий сайд С.Баяр өвчний улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган, 2009 оны 10 сарын 28-нд албан тушаалаа өгсний дараа МАХН-аас түүний нэрийг ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн бөгөөд 2009 оны 10 сарын 29-нд Монгол Улсын 26 дахь ерөнхий сайдаар томилогдон ажилласан. Уг үйл явдлыг хэвлэлүүд “С.Баяраас шилжиж ирсэн өв” хэмээн тодорхойлсон байдаг. Учир нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр эрүүл мэндийн улмаас хэсэг хугацаанд улс төрөөс завсарлага авах шаардлагатай болж, албаа УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Сү.Батболдод шууд шилжүүлсэн юм. Ийнхүү 2012 он хүртэл Ерөнхий сайдын албыг хашив.

Бизнесийн салбарт дархан эрхээ эдэлж буй түүний эзэмшилд “Тэнгис” кино театр, “Алтай” групп, “Алтай констракшн”, “Алтай гацуурт”, “Ар өвөр алтай”, “Алтай нутгийн хүчтэн” ХХК, “Алтай холдинг” групп, “Алтай кашмер”, “Чингис хаан” цогцолбор, “Чингис” зочид буудал, “Скай” их дэлгүүр, “Стар” телевиз, “Скай” трэйдинг, “Скайтел” групп, “Скай медиа” корпораци, “Е-Mарт”, “Бороо Гоулд” гэх мэт томоохон компани бий.

Гэргий Х.Одонтуяа нь “Чингис” зочид буудлын захирал бөгөөд тэд 5 хүүхэдтэй. Хүү Б.Баттүшиг нь “И-Март” сүлжээ дэлгүүрийн ихэнх хувийг эзэмшигч “Алтай холдинг” группийн дэд ерөнхийлөгч, “Алтай кашмер”-ийн өв залгамжлагч билээ.

Хөрөнгө орлого

УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид АТГ-д хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн байдаг. Энд тэрбээр 79,7 сая, гэр бүлийн орлого 306 сая гэж мэдүүлжээ. Мөн амины орон сууц 1, нийтийн орон сууц 1, зуслангийн байшин 1, бусад 1 /өвөлжөө, хаваржаа/ нийтдээ  1,8 тэрбумын орон сууц, барилга байгууламжтай. Мөн тэрбээр хувийн тээврийн хэрэгслээ бүртгүүлээгүй бөгөөд 700м2-2 газар эзэмшдэг гэжээ. Тэрээр дотоодын хадгаламжиндаа 2 тэрбумын хөрөнгөтэй бөгөөд гадаадын банканд хадгаламжгүй аж. 864 сая төгрөгийн авлагатай бол 10,8 сая төргөрийн зээлтэй. “Алтай Холдинг” ХХК, “Скайтел” ХХК-д хувьцаа эзэмшдэг хэмээн бүртгүүлжээ.

Хэвлэлээр гарсан онцлох мэдээллүүд

Оффшор данстай холбоотой хэрэг

2011 онд түүний төрсөн ах С.Бат-Очир оффшорын бүс болох Британийн Виржинийн аралд “MCH finance Limited”, “MCH Lubricants Limited” гэх компанитай нь тогтоогдсон. Мөн  гаднынхантай хуйвалдан хууль бус үйл ажиллагаа явуулж байсан олон баримт бий. Тухайлбал, эрэн сурвалжлах чиглэлээр мэргэшсэн АНУ-ын   “K2  intelligence” гэх компани С.Батболдыг Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Солонгосын иргэн Чёон Чү Ёон, түүний эхнэр Хак Сёон нартай хамтран  оффшор  компани байгуулсан баримтыг ил болгож байсан.

2016 онд Олон Улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум, 78 орны 107 хэвлэл мэдээллийн байгууллага хамтран дэлхийн 140 орчим нөлөө бүхий улстөрчдийн нууц хөрөнгө бүхий 11.5 сая оффшор дансны нууц материалыг ил болгож, олон нийтэд зарласан нь “Панамын материал” хэмээн нэрлэгдэх болсон юм.

Панамын баримтанд С.Батболдыг оффшор данстай, “Бату майнинг” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэсэн мэдээлэл гарсан. Тодруулж хэлэхэд, С.Батболд, Д.Цогтбаатар нар “Бату майнинг” ХХК-д 2003 онд хувьцаа эзэмшээд 2005 онд буцаагаад зарсан байдаг аж. Тухайн үед буюу 2005 Сүхбаатарын Батболд Гадаад хэргийн сайд, Д.Цогтбаатар нь тухайн үед Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Панамын материалуудыг ил болгосноос хойш дөрвөн сарын дараа Багамын арлуудад бүртгэлтэй оффшор данстай компаниудын баримтыг олж авснаа мэдэгдсэн. Уг мэдээлэлд ч мөн түүний нэр багтсан байна. Гэхдээ ICIJ-ийн нээлттэй системд Монгол Улсын нэрээр хайлт хийхэд илэрц одоогоор гарахгүй байгаа юм. Харин The Guardian сонинд олон улсад алдартай онцлох компани, улстөрчдийн нэрс байгааг дурьдсаны дотор түүний нэр байжээ. Тодруулбал, “Багамын баримтуудад илэрсэн оффшор хаягуудын нэг нь Монголын алтны компанийнх бөгөөд түүний захирал нь Сүхбаатарын Батболд” гэжээ.

Гэхдээ Сү.Батболдтой холбогдсон Багамын арлуудын оффшор данс нь цаг хугацааны хувьд түүнийг Засгийн газрын гишүүн болохоос өмнөх явдал байсныг мөн дурдсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд Багамын баримтанд 1997-2000 оны хооронд “Boroo Mongolia Mining Corporation Limited” нэр дээр бүртгэлтэй байсан. Гэхдээ энэ үед Сү.Батболд Засгийн газрын гишүүн байгаагүй. Харин тус компанийн захирлаар ажиллаж байжээ. Багамын арлуудад бүртгэлтэй компанийн бүртгэлээс түүний нэрийг хайхад гарч ирэхгүй.

Үүний хариуд тэрбээр “Миний хөрөнгө оруулалт хийсэн “Бату майнинг” компани Монгол Улсад бүртгэлтэй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж ирсэн компани. Энэ компанид бид нууцаар ороогүй. Улстөрчид хувьцаа эзэмшиж болно гэсэн хуулийн дагуу орсон. Нуух хаах шалтгаан байхгүй учир нэр дээрээ оролцсон. Мөн хэр хэмжээний хувь эзэмшиж байсан бэ гэсэн асуудал хөндөгдөж байна. “Бату майнинг” компанид 11.9 хувийг 2003 онд худалдаж авсан. 18 мянга 771 ам.доллартой тэнцэх хэмжээний хувьцаа худалдаж авсан. Тухайн үеийн ханшаар бол 21 сая төгрөгтэй тэнцэх хувьцаа” хэмээх мэдэгдэл хийсэн юм.

С.Батболдын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа гадаадын шүүхэд явагдаж байна

Харин энэ онд Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа түүний хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа гадаадын хэд хэдэн орны шүүхэд зэрэг явагдаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Түүний /eguur.mn/ өгсөн ярилцлага дотор “2006 оны 04 дүгээр сард буюу Монгол Улсад Авлигын эсрэг хууль батлагдахаас гурван сарын өмнө, Сү.Батболд “Премиер Эдж Лимитед” оффшор компанид өөрийн эзэмшдэг хувьцаагаа “Регула Лимитед” хэмээх Британийн Виржинийн Арлуудын өөр нэгэн компанид шилжүүлсэн…2015 оны 06 дугаар сарын 11-нд “Премиер Эдж Лимитед” компанийн хувьцаа энэхүү “Регула Лимитед” гэх компаниас Сү.Батболдын хүү Б.Баттүшигт шилжсэн. Үүнээс хэдэн сарын дараа мөн хүүхдүүд нь болох Б. Баттүшиг, Б. Самаади нар хувьцаа эзэмшигчид болж бүртгүүлсэн” гэх мэдээлэл бий.

Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлууд

Засгийн газрын тэргүүнээр ажилласан гурван жил гаруйн хугацаанд дэлхийн зах зээлд эрдэс баялгийн түүхий эдийн үнэ өндөр байснаар Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн ч Ерөнхий сайд Сү.Батболд Оюутолгой, Тавантолгойн ордоос урьдчилж авсан зээлээ иргэдэд бэлнээр мөнгө болгон тараасан нь алдаатай бодлого гэж тооцогддог. Тун урагштай явж байсан Тавантолгойн хэлэлцээ гэнэт гацсан нь түүнийг Ерөнхий сайд, МАН-ын дарга байхдаа хийсэн “Чалко”-гийн гэрээтэй холбон тайлбарладаг.

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулагдсан. Тухайн үед Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байв. Тэгэхэд С.Баярын Засгийн газрын Гадаад харилцааны сайд нь Сү.Батболд байсан. Харин Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш 20 гаруйхан хоногийн дараа С.Баяр “өвчний учир” Монгол Улсын Ерөнхий сайдын ажлаа түүнд өгсөн байдаг.

“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг С.Батболд хийж байх үед оффшор бүсээс их хэмжээний мөнгийг БНСУ-ын дээрх дөрвөн компани руу шилжүүлсэн баримтууд дэлгэгдэж , Монголын баялгийг гадагшаа зөөж ашиг олдог БНСУ-ын дөрвөн компани нь Чен Чу Ёон, Хак Сёон хэмээх гэр бүлийн эхнэр нөхөр хоёрын компани буюу тэд УИХ-ын гишүүн С.Батболдтой бизнесийн хамтрагчид байсныг ил болгож байжээ. Тодруулбал, Оюутолгойн гэрээг байгуулахад авсан авлигаа оффшор компаниараа дамжуулан дээрх БНСУ-ын дөрвөн компанийн данс руу шилжүүлж авдаг байсан гэх асуудал нийгэмд шуугиан тарьсан.

Ерөнхийлөгч Х.Баттулга: Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна

“Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсын эзэгнэн дарлах гэсэн бүлэглэл бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна

Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ” хэмээж байсан удаатай.

“Сү.Батболдын хүүг АНУ-ын сургуульд оруулахаар хөөцөлдсөн элчин Ё.Отгонбаярын ЗАХИДАЛ ИЛ болов”

Яг ийм гарчигтай нийлэл isee.mn сайтад өнгөрөгч гуравдугаар сард нийтлэгдсэн. Тодруулбал, тус сайтад нийтлэгдсэнээр “Ё.Отгонбаярыг “хоёр орны харилцаанд ахиц гаргаагүй, нөгөөтэй Сү.Батболдын хүү Б.Сэдбазарыг Колумбын их сургуульд оруулахын тулд элчин сайдын хувиар тус сургуульд захидал бичсэн нь ил болж, түүнийг эргүүлэн татах асуудлыг хөндөхөд хүргэсэн гэж байгаа юм. Элчин сайд Ё.Отгонбаяр 2020 оны хоёрдугаар сард Колумбын их сургууль руу илгээсэн захидалдаа “Би танай сургуультай илүү нягт хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна. Амласны дагуу би та нарт Батболдын Сэдбазарын намтрыг илгээж байна. Миний хэлсэнчлэн тэр бол миний эртний найз болон Ерөнхий сайд Батболдын хүү юм. Гэхдээ та бүхэн түүний намтрыг харвал тэр спорт, олон нийтийн үйл ажиллагааны амжилтаараа өндөр үнэлэгдэх болно. Би таны зөвлөгөөг тэсэн ядан хүлээж байна”” гэжээ.

Уг захидлын талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Элчин сайдын мэдээлэл алдагдсантай холбоотой тайланг авсан. Үүнд буруутай албан тушаалтныг олж, хариуцлага тооцно. Захидлыг Ё.Отгонбаяр бичсэн. Гэхдээ ялгавартай хандаагүй. Бүх оюутнуудад адил хандаж, ийн захидал бичдэг гэдгээ илэрхийлсэн” гэсэн тайлбарыг өгсөн юм.