No menu items!
HomeНом ярьяЖ.Даваасүрэн: Ном унших дур сонирхолдоо хөтлөгдөн номын санч болсон

Ж.Даваасүрэн: Ном унших дур сонирхолдоо хөтлөгдөн номын санч болсон

-

“Шинэ монгол” ахлах сургуулийн номын санч Ж.Даваасүрэнтэй ярилцлаа. Тэрээр англи хэлний багш мэргэжилтэй ч өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн номын санчаар ажиллаж эхэлжээ. Ажлаа аз жаргалтай хийх нь хамгийн гоё гэж инээмсэглэх энэ бүсгүйг хараад сонгосон мэргэжилдээ заавал хүн үнэнч байх албагүй, харин хүн сонирхож, дурлаж байгаа зүйлдээ илүү их сэтгэл гаргаж, түүнээсээ аз жаргал авдаг гэдгийг ойлголоо. Ажил дээрээ үргэлж шинийг санаачлан бусдад үлгэр дуурайлал болж байгаа түүнээс суралцаж, эрч хүч аваарай.

-Яагаад “Номтой гэр бүл” өдөрлөгийг зохиох болсон бэ?

-Сүүлийн үед залуу гэр бүл олон болсон. Цахим донтолтонд хүүхдүүд гэлтгүй эцэг эх нь хүртэл автсантай холбоотойгоор гэр бүлдээ цаг гаргах нь багассан гэж боддог. Хүмүүс зурагтын урд  ихэнх цагаа өнгөрөөдөг болжээ. Тэр хооронд хүүхэд утсаар хүүхэлдэйн кино үзэж, улмаар хараа нь муудах асуудал миний сэтгэлийг зовоодог. Би ч гэсэн  залуу хүн учраас энэ асуудлыг бага ч гэсэн шийдчих юмсан гэж хүсдэг. Хүн ямар нэгэн зүйлийг хүсэж явахад гаргалгаа нь гардаг гэж боддог.  

Эцэг эх нь хажууд ном уншиж байгаа тохиолдолд хүүхэд аргагүй эрхэнд дагаад уншдаг болдог. Тийм учраас байнга унш гээд хэлээд байх биш өөрөө үлгэрлэж уншвал илүү үр дүнд хүрнэ гэж үзсэний үндсэн дээр “Номтой гэр бүл”өдөрлөгийг зохиох санаа төрсөн. Тэр дундаа 1-9 ангийн сурагчдын гэр бүл рүү төвлөрч ажиллахыг зорьсон.

Нэг номын богцонд дөрвөн ширхэг ном хийж байгаа. Хүүхэд дотроо насны ангилалаараа өөр өөр. Тухайлбал 9-р ангийн хүүхдэд өөрийгөө яаж хөгжүүлэх вэ, хэрхэн суралцах вэ, ах эгчид нь зориулаад барын зулзага бамбар гээд номыг оруулж өгсөн. Номын богцонд жижигхэн захиа байгаа. Дарамт болохгүйгээр, заавал даалгавар биш  зүгээр гоё гэр бүлээрээ тойрч сууж уншчихаад дараа нь номынхоо талаар ярилцаж болно. Номын богц нэг гэр бүлд 10 хононо. Үүнээс улбаалаад гэртээ номын сантай болж, хүүхдүүдийнхээ сонирхдог номыг авч өгөөд тэдэнтэй ярилцах  хугацааг бага ч гэсэн гаргаасай гэж бодсон.

-Бага ангийн хүүхдүүдийг номонд дуртай болгохын тулд юуг илүү анхаарах ёстой юм шиг санагддаг вэ?

-Номонд дуртай байлгана гэдэг маш чухал. Ном надад юу өгсөн бэ гэж их боддог. Долдугаар ангиасаа хойш л ном уншсаар байна. Гэхдээ надад унших ном их байгаа номын санд ажиллаж эхлээд ийм ном байдаг юм уу гээд гайхах жишээний. Ном хүнийг зөв зам уруу хөтөлдөг юм байна. Нэг зохиол уншихад л сэтгэл судлаач шиг болдог. Зүгээр л бүх зүйлийг эерэгээр хүлээж авдаг. Бүхнийг мэддэг өндөр настай хүн хажуудаа суулгаад юм ярьж байгаа юм шиг аз жаргалыг авдаг. Тэр л гоё мэдрэмжийг хүүхдүүдийг аваасай гэж хүсч байгаа. Хүүхдүүдэд хамгийн гол нь үлгэрлэх л байна. Унш гээд үглээд байх тусам хүүхэд улам л зугтана. Тэрний оронд номыг нь дэргэд нь бэлэн тавьчих. Сонирхлыг нь төрүүлэхээр хавтас нүүрээр нь гаргаж тавиад энэ ямар гоё ном бэ гээд хэлэхэд нэг удаа, хоёр удаа хүүхэд хажуу талаас нь тоохгүй өнгөрнө, гурав дахь удаагаа эргүүлээд харна нэг мэдэхэд уншиж эхэлсэн байна.

– Номын санд орж ирэхэд хүүхдүүд уншсан номын тэмдэглэлээ өгөөд гарсан байна. Тэмдэглэл хөтөлснөөр хүүхдэд ямар чадварыг бий болгох вэ?

-Зөвхөн уншаад байхаар тодорхой хэмжээний ойлголт авна.Тэрийгээ буцаагаад гаргах нь бүтээх чадвар болж байгаа. Бичнэ гэхээр бодно, өөрийнхөөрөө сэтгэнэ, үг эвлүүлж олно тэгээд буцааж дахиж эргүүлж нөгөө гол хэсгээ харна гэх мэтчилэн нөгөө номон дээрээ илүү дүгнэлт хийгээд өөртөө илүү тусгаж авна. Би бага ангийн хүүхдүүдээр тэмдэглэл бичүүлэх гэхээс илүү ярихыг илүүд үздэг. Ярилцахаар хүүхдийн ярианы чадвар өснө шүү дээ. Хүүхэд ямар нэгэн зүйлийг дүгнэж, номоос би ийм зүйлийг ойлгосон цаашид энэ нь дээр анхаарах ёстой юм байна гэж ойлгоно.

Уншсан номын тэмдэглэлээс гадна хүүхдүүд номоо ярьж өгөөд гарч байна. Энэ нь надад их таалагдлаа. Бусад сургуулийн номын сангуудад энэ жишиг байдаг болов уу?

-Би саяхан нэг сургуулиар ном авах гэж очоод хүүхдээс  номын сан нь хаана байна гэж асуухад мэдэхгүй гэж хариулсан. Надад их эвгүй санагдсан. Хүүхэд номын санд ороод  дуртай номоо уншиж хөгжих ёстой байтал номын сангаа мэдэхгүй байна гэх  харамсах сэтгэл төрсөн. Яваандаа бүх хүүхэд номын санд орж уншдаг орчин соёлыг бий болгох юмсан. Зүгээр уншаад суухаас гадна  номын санд чимээгүй байх, бусдад саад болж болохгүйг хүүхэд суралцдаг. 

Сүүлийн үед хүмүүсийг хараад байхад бусдад саад учруулчхаад тэрэндээ ерөөсөө эмзэглэхгүй байна. Бид нар хүүхдийг зөв хүн болгохын тулд анхаарах хэрэгтэй. Номын санд орж ирээд номын хуудсаа хүртэл аяархан эргүүлээд яана энэ хүүхэд уншиж байхад би саад болчих вий гэсэн бусдын төлөө сэтгэлийг л бий болгочих юмсан гэж хүсдэг.

-Багшийн  ажил хийж байгаад  номын санч болсон. Энэ хоёрын хооронд ялгаа ажиглагдаж байна уу?  

 Багшийн хажуугаар ном уншина гэдэг хэцүү. Яагаад гэвэл надад зөндөө олон ажил байгаа. Хааяа нэг орой очоод ном уншихаар нээх гоё болдог. Энэ аз жаргалтай мөчийг ажлаа хийнгээ мэдрэх юмсан гэж хүсдэг. Тэгээд манай сургуулийн захирал номын санд ажиллах дур сонирхолтой хүнийг ажилд авна гэсэн  зар тавьсан байсан. Тэгээд намайг аваач би чадлаараа ажиллана гээд номын санч болсон. Одоо сонголтондоо үнэхээр их баярлаж байгаа. Ажлаа аз жаргалтай хийх хамгийн гоё. Яаж энэ хүүхдийг уншдаг болгох уу гэж байнгын боддог. Би ямар нэгэн зүйлийг шинээр сэдэх гэдэг бол дандаа гайхахаас, яаж гэдэг асуултаас эхэлдэг гэж боддог. Яавал бүр сайжрах уу, эсвэл энэ хүүхдийг яаж уншдаг болгох уу, ямар арга хэмжээ зохиовол гэр бүлээрээ уншдаг болох бол гээд байнга эрэлхийлж боддог.Тэгээд энэ бодлынхоо үндсэн дээр л энэ санааг гаргаж ирсэн. Одоохондоо бол дөнгөж нэг үе нэг л номтой богц явахаар байгаа. Боломжтой бол цаашид дахиад 2-3 богц нэг үед эхлүүлэх  юмсан гэж бодож байна.

Хүүхдийн боловсролд зориулсан ном сонгоё гэвэл ямар ном сонговол зүгээр санагдсан бэ?

Би ном уншдаггүй  гэхээсээ илүү их гайхдаг байсан. Үнэхээр энэ бэстсэллер гээд байгаа номыг унших ёстой юм болов уу гээд зориглож худалдаж авах чадахгүй  байхдаа, манай сургуулийн бодлогын зөвлөлийн дарга төрийн соёрхолт Д.Батбаяр гуайтай тааралдаж зөвлөгөө авсан. Тэгээд  хэдэн ном уншихыг санал болгосон. Ер нь номыг мэддэг болдог юм байна. Дөнгөж ном уншиж эхэлж байхад орчуулга нь ч гэсэн явахгүй ном, сахаргүй талх идэж байгаа юм шиг санагдаад байдаг. Уншиж байж л мэддэг. Хэрвээ хүнд сайн номыг зөвлөхөөр сайн багш таарвал аз гэж бодож байна. Надад бол сайн багш таарсан. Түүнийхээ хүрээнд манай сургуульд ахлах, дунд ,бага ангийн сурагчдад санал болгосон ном байдаг. Тэр дотроо ангилалтай түүх ,шинжлэх ухаан гэх мэт. Тэр зааврын дагуу явж байгаа болохоор манай хүүхдүүд харьцангуй ном сайн уншиж байгаа.

-Номын санч гэдэг бол зүгээр номын ариун цэвэр бүрэн бүтэн байдлыг хангаад явж байх хүн биш гэж боддог. Хүүхдүүд орж ирээд унших гэсэн  номыг олж өгөх биш сургуулийн захиргаа хүүхдүүд хоёрын дунд гүүр болж өгөх ёстой. Би мэргэжлийн хүн биш л дээ. Гэхдээ сэтгэлээрээ хийж байгаа. Бүх зүйлд сэтгэлээсээ хандаж байвал зүгээр юм шиг санагддаг.

 Г.Бадамханд

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд