No menu items!
HomeЭмч зөвлөж байнаА.Ханхонгор: Бөөрний чулуутай болсон үед дараах шинж тэмдгүүд илэрдэг

А.Ханхонгор: Бөөрний чулуутай болсон үед дараах шинж тэмдгүүд илэрдэг

-

УБ Сонгдо эмнэлгийн бөөрний мэс заслын эмч А.Ханхонгортой бөөр чулуужих өвчний талаар ярилцлаа. 

-Бөөрний чулуу хэрхэн үүсдэг вэ?

-Хүний биенээс ялгарч буй шингэн доторх химийн болон биологийн бичил элементүүд бөөрөнд ирж хуримтлагдсанаар бөөрний чулуу үүсч байгаа юм. Мөн шээс бэлгийн замын үрэвсэлт өвчнөөр байнга өвддөг, хүмүүсбөөрний чулуу үүсэх магадлал их байдаг.

-Бөөр чулуужих өвчин үүсэх шалтгаан ихэвчлэн юу байдаг вэ?

-Бөөр чулуужих өвчин тухайн хүний хэрэглэж буй хоол хүнснээс гадна байгаль орчин, бүс нутгийн онцлогоос ихэвчлэн үүсдэг. Хамгийн гол шалтгаан нь идэж хэрэглэж буй хоол хүнс, ууж буй шингэний хэмжээнээс хамаардаг. Сүүлийн үед 100 хувь биш ч гэлээ удамших шалтгаан байдаг гэж үзэж байгаа.

Бөөрний чулууны 75-80 хувийгоксалат, фосфатын давс, уратын давснаас үүссэн байдаг. Тэгэхээр бүс нутаг гэж ялгаад байгаа нь давсархаг хоол иддэг бүс нутгийн иргэд энэ өвчинд илүү өртөмтгий гэсэн үг. Дэлхийн хэмжээнд гэвэл хүн ам шигүү суурьшсан америк, европын орнуудын иргэд түлхүү өвчилдөг хэрнээ азийн орнуудад бөөрний чулуужих өвчин харьцангуй бага байдаг энэ нь бас л хооллолттой холбоотой юм болов уу

-Бөөрний чулуутай боллоо гэхэд ямар зовиур илрэх вэ?

-Бөөрийг дээд, дунд, доод  3н хэсэгт аваад үзвэл. Доод хэсэгт үүссэн чулуу хөдлөхгүй байж болно. Харин дээд болон дунд хэсэгт үүссэн чулуу нь удаан алхах, ууланд авирах, спортоор хичээллэх, морь мотоцикль унахад гэнэт ховхорч унадаг. Тэгэхээрээ маш хүчтэй өвдөлт өгч эрт оношлогддог.

Мэдээж зүгээр үед ихэнхдээ ууц нуруугаар чилж өвдөнө, хөндүүрлэнэ, зарим тохиолдолд шээсний шинжилгээ өгөхөд өндөр үрэвсэлтэй гардаг, эсвэл бага зэргийн цустай гардаг. Тэгэхээр бөөр шээсний замын болон бусад өвчнөөс ялган оношлогоогоо сайн хийлгэх хэрэгтэй.

-Ус их уух нь бөөрөнд ачаалал өгдөг бол уух нь бөөрний чулуу үүсэх эрсдэлд оруулдаг байх нь?

-Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай хүний хувьд их шингэн хэрэглэхэд хавагнах шээс ялгарахгүй байх гэх мэт зовиур илэрдэг. Хүний өдөрт уух усны зохистой хэмжээг 2.5-3 литр гэж заасан байдаг. Гэхдээ ундаа, цай, кофе, хийжүүлсэн ундааг биш цэвэр ус уухыг эрмэлзэх хэрэгтэй.

Сүүлийн үед хүмүүс аминдэм их хэрэглэх болсон. C аминдэм, агууламж өндөртэй кальци хэрэглэх нь бөөрний чулуу үүсгэх эрсдэлтэй. Лабораторийн аргаар ямар аминдэм хэр хэмжээгээр дутагдаж байгааг шалгуулалгүй яс сийрэгжихээс сэргийлж, дархлаагаа дэмжиж байна хэмээн өндөр тунтай кальци болон витамин их хэмжээгээр хэрэглэх нь буруу юм.

-Энэ өвчнөөр өвчлөгсдийн дийлэнхийг эрчүүд эзлэдэг гэдэг?

-Тийм, манай улсын хувьд 30-40 орчим насны эрчүүд бөөр чулуужих өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх хувийг эзлэж байна. Ид хийж бүтээх насны залуус бөөр чулуужих өвчинд илүү өртөмтгий байгаа нь харамсалтай. Эрчүүд маань ихэвчлэн махан бүтээгдэхүүн идэх дуртай, хам хум хооллодог, шингэн бага уудаг, эмэгтэйчүүдийг бодвол биеэ үл хайхардаг, эрүүл мэнддээ анхаардаггүй байдалтай холбоотой гэж хэлж болно.

-Сонгдо эмнэлэг бөөр чулуужих өвчний ямар эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Сонгдо эмнэлэг бөөрний чулууг бүрэн оношлож, эмчилдэг болсон. Манай эмнэлэгт монголд ганц  чулуу бутладаг лазерын аппарат мөн бөөрөнд орж ажилбар хийдэг уян дуран,зайнаас чулуу бутлах аппрат гээд  дэлхийн хэмжээний оношлогоо эмчилгээний багаж тоног төхөөрөмж бүгдбий. Бөөрний чулууг бутлах /ESWL/хагалгааг биед мэс хүргэхгүйгээр зайнаас хийж байна.

Бөөрний томорсон чулууг нээлттэй мэс заслаар авдаг байсан бол манай эмнэлэгт уян дурангийн хагалгаа хийж хүний биеэс чулуу гадагшлуулж байна. Энэ нь уян дуранг шээсний сүвээр дамжуулан бөөрөнд оруулж чулууны хэмжээг тодорхойлж, чулуугаа лазерын аппаратаар бутлаж, бутархай хэсгүүдийг тусгай сагсанд цуглуулан авах нарийн ажиллагаат мэс засал байгаа юм. Гэх мэтчилэн олон, олон дэвшилтэт технологийг бид ашиглаж байна.

-Бөөр чулуужих өвчин дахих тохиолдол бий юу?

-Ер нь бол чулуужих өвчин дахидаг. Гагцхүү тухайн хүнээс л хамаарна. Хоолны дэглэм, өдөрт уух усны хэрэглээ, буруу үйл дадлаас дахин чулуу үүсэх эсэх нь шалтгаална. Түүнээс биш нэг авчихсан чулуу ахиж заавал үүснэ гэсэн зүйл байхгүй.

Эх сурвалж: Үндэстний тойм сэтгүүл

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд