76: УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

0
480

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт Архангай аймгаас УИХ-д сонгогдсон Ё.Баатарбилэг гишүүнийг онцолж байна.

Товч намтар

УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй Ёндонпэрэнлэйн Баатарбилэг 1975 онд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төржээ. 1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургуульд суралцаж төгссөн. Тэрээр 2002 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийг төгсөж, 2004 онд магистрийн зэргээ хамгаалсан. Түүхч, архелогич-антропологич мэргэжилтэй ч мэргэжлээрээ бараг ажиллаагүй.

Түүний улс төрд орсон цаг хугацаа нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үетэй холбогддог. 2002 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах хийж ажлын гараагаа эхлүүлжээ. 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайд Т.Бадамжунайн зөвлөхөөр ажиллаж байгаад төрсөн нутаг Архангай аймгийнхаа Засаг даргаар ажиллах болсон.

Архангай аймгийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаад анх 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Ё.Баатарбилэгийн хувьд чуулган, Байнгын хорооны хуралдааныг нэг удаа таслалгүй оролцсон цөөн гишүүний нэг. Тэрбээр УИХ-ын хуралдаанд нэг ч таслалт, хоцролтгүй ганцхан гишүүнээр тодорч байсан удаатай. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдон ажилласан. Өдгөө хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Тэрээр эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.

Хөрөнгө орлого

УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид АТГ-д хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн байдаг. Тэрээр өөрийн орлогоо 32,5 сая, гэр бүлийн орлогоо 63,9 сая гэж мэдүүлжээ. Мөн 330 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр нийтийн орон сууц, 130 сая төгрөгийн үнэ бүхий Lexus-570 машинтай. Хадгаламжиндаа 51,8 сая төгрөгтэй, Эрдэнэс таван толгой ХК-ын 6432 ширхэг хувьцаатай бол 40 саяын зээлтэй аж. Мөн нэг тусгай зөвгөөрлийн патенттай гэж мэдүүлжээ.

Хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

Орхон голыг бохирдуулсан компанийн захирлаас хаууль авсан хэрэгт холбогдов

Тэрбээр 2010-2012 онд Архангай аймгийн Засаг даргаар ажиллах үед Орхон голыг бохирдуулсан компанийн захирлуудаас хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас саатуулж шалгасан байдаг. Улмаар түүнийг Прокуророос шалгах шаардлагагүй гэж үзсэнээр тус хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

“Орон нутгийн зовлонг ойлгодог түшээ”

“VIP expert” сэтгүүл Ё.Баатарбилэг гишүүнийг “Орон нутгийн зовлонг ойлгодог түшээ” хэмээн тодотгож “Тэр бол төрийн сайд төдийгүй түмний итгэлийг хүлээсэн түшээ. Зав л гарвал Архангайдаа очиж, малчид, иргэдтэй уулзаж явдаг хүн” гэжээ. Тэрбээр Архангай аймгийн Цэцэрлэг хотод 2021-2022 онуудад Спортын ордонтой болохоор  Улсын төсөвт оруулж улмаар батлуулсан билээ.

Боловсролын салбарт хийсэн ажлууд

Түүнийг сайд болсноос хойш сураг бичиг, багш нарын цалин хангамж, сургалтын орчинтой холбоотой хэд хэдэн эерэг шийдвэр гарч эхэлсэн тухай боловсролын салбарынхан ярьдаг. Үнэхээр ч сайд Ё.Баатарбилэг Цөм хөтөлбөрт шинэчлэл хийж, сурах бичиг тойрсон бизнесийг цэгцлэхээр ажиллах болсныг түүний гаргасан шийдвэр, тушаалаас харж болно.

Тэрбээр сайдаар ажиллах нэг жил гаруйн хугацаандаа “Гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэх”, “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хүрээнд салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг эрчимжүүлж ажилласнаар сүүлийн 10 жилийг харьцуулахад хамгийн их бүтээн байгуулалтыг 2019 онд хийжээ. Мөн Сovid-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор боловсролын салбарт гарч цахим хичээлийг нэвтрүүлсэн юм.

2016-2020 онд парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж, салбарын сайдын албыг хавсран хаших хугацаандаа 21 хуулийн төслийг санаачилсны 17 нь УИХ-аар батлагдаад хэрэгжиж эхэлсэн байна. Мөн тэрээр 2020 оны улсын төсөвт Засгийн газраас соёлын салбарт 1990 оноос хойш хийгээгүй хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж, хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал Үндэсний төв номын сан, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилгыг шинээр барихад нийт 12 тэрбум төгрөг суулгасан байдаг.

“Түүх соёлын дурсгалт газар руугаа халдсан буруу шийдвэр”  хэмээн шүүмжлүүлэв

Е.Баатарбилэг БСШУЯ-ны сайдын суудалд суунгуутаа нэгэн ажлын шуурхайлна гэдгээ сануулсан. Энэ нь нурахад бэлэн болсон Байгалийн түүхийн музейн шинэ барилгын ажлын яаралтай эхлүүлэх асуудал байв. Тэрбээр “Хотын төвийн байршилтай ашиглалтын шаардлага хангахаа больсон музейнүүдээ төрийн өмчийн газар руу шилжүүлээд дуудлага худалдаанд оруулаад олсон санхүүжилтээрээ шинэ музейн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломжийг бид судалж байна” хэмээн мэдэгдэж байсан. Үүний дагуу архитекторууд сайдад хандан мэдэгдэл гаргаж, ашиглалтын  шаардлага хангахгүй гэгдэж буй музейн барилгууд улс,  нийслэлийн хамгаалалтад  байдаг, соёлын  өвийн бүртгэл мэдээллийн сан, Монголын архитекторуудын өвд бүртгэгдсэн хосгүй үнэт, дусгалт барилгууд гэдгийг онцолж байсан юм.

Монгол Улсын Засгийн газар Байгалийн түүхийн музейн томхон бүтээн байгуулалтыг Их тэнгэрийн аманд буюу хотын захад барихаар болсон. Энэ шийдвэр гарсан даруйд Байгалийн түүхийн музейн одоо байгаа газрыг хэн нэгэн эрх мэдэлтэн авах нь гэх хардлага олон нийтийн дунд гарсан. Энэ талаар тэрбээр “2014-2015 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Байгалийн түүхийн музейн одоо байгаа газарт шинэ музей барих зураг төсөв хийсэн. Долоон давхар, орчин үеийн хийц загвартай байхаар зураг гарсан.

Бидний барьж байгаа бодлого нь одоогийн суурин дээр дээрх зургийн дагуу музей баръя. Хаадын болон түүхийн олон сонирхолтой олдвор, үзмэрүүд байр савгүйгээс олон нийтэд дэлгэгдээгүй хадгалагдаж байна. Эдгээрийг хотын төвдөө барих шинэ музейдээ дэлгэе гэсэн байр суурьтайгаар Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байна.  Тодруулбал, Байгалийн түүхийн музейн одоо байгаа газрыг музейн зориулалтаар ашиглана. Хэн нэгэн эрх мэдэлтэн авчих вий гэж эргэлзэж эмээх шаардлагагүй” хэмээх тайлбарыг өгч байсан юм.

Улсын мөнгөөр гадаадад сурсан бол “ажилласан жил шаардахгүй” төрд томилох хуулийг боловсруулжээ

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Төрийн албаны тухай хууль” /ТАТХ/-ийн 23.7-г “… төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтад тэнцсэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.7-д заасан журмаар тодорхойлсон дэлхийн шилдэг их сургууль төгссөн иргэнд энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлага хамаарахгүй” гэж өөрчлөх төсөл боловсруулжээ.

Уг хуулийн төсөл батлагдвал дэлхийн шилдэг их, дээд сургууль төгссөн иргэн төрийн албан хаагчийн шалгалт өгсөн бол шууд дарга болж, үндэсний  их дээд сургууль төгссөн залуучууд төрийн албанд орохын тулд шат шатаар дээш ахих юм.