76: УИХ-ын гишүүн Х.Баделхан

0
367

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Х.Баделханыг онцолж байна.

Товч намтар

УИХ-ын гишүүн Х.Баделхан энэ парламентын хамгийн өндөр настай гишүүн бөгөөд 2020 оны УИХ-ын анхдугаар чуулганыг даргалж байв. 1976 онд Улаанбаатар хотын Автобус баазын инженерээр ажлын гараагаа эхэлсэн тэрээр 1978-1988 онд Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт ерөнхий инженер, газрын дарга, 1990-1991 онд Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төрийн байгуулалтын хэлтсийн дарга, 1991-1994 онд Гадаад худалдааны “Өркен” ХХК-ий захирал,  1994-2000 онд “Жол” ХХК-ий захирлаар ажиллаж байв.

Харин 2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж, 2008 онд анх удаа УИХ-д гишүүнээр сонгогджээ. Дараа нь 2012 оны сонгуулиар сонгогдож чадаагүй тэрээр УИХ дахь МАН бүлгийн ажлын албаны зөвлөхөөр, 2015-2016 онд Аж үйлдвэрийн дэд сайдаар тус тус ажилласан. Харин 2016 онд дахин УИХ-д сонгогдож, Барилга, хот байгуулалтын сайдаар гурван жил ажиллажээ. Түүнчлэн 2020 оны УИХ-ын сонгуульд тойрогтоо ялалт байгуулан өдгөө УИХ-ын гишүүний үүргийг гүйцэтгэж байна.

Хөрөнгө, орлого

Авилгатай тэмцэх газраас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэйгээр, цахим системд байршуулсан байдаг. Тэрээр уг хөрөнгө орлогын мэдүүлэгт, өөрийн орлого 18 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 54 сая гэжээ. 

Мөн 220 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц 1, зуслангийн байшин 1, авто граж 1 гэсэн байна. Түүнчлэн 16 сая төгрөгийн “Toyota Camry” машинтай, 20 сая төгрөгөөр үнэлэгдэх 401м2-1, 0.7 га-1, 2457 м2-1 газартай гэжээ. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 281 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд “Жол ХХК”-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг гэж хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ тайлагнажээ. 

Хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

УИХ-ын гишүүн Х.Баделханы талаар хэвлэлд гарч, олны анхаарал татсан мэдээллүүдийг товчлон хүргэе.

ЖДҮХС-гаас зээл авсан

УИХ-ын гишүүн Х.Баделхан Барилга, хот байгуулалтын сайд байхдаа ЖДҮ-г хөгжүүлэх сангаас зээл авсан гэх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан байдаг. Тодруулбал, тэрээр  “Мон лайвс” ХХК-иар 490 сая төгрөг, “Хаганат” ХХК-иар 195 саяын зээл авсан гэсэн мэдээлэл гарч, олны анхаарал татаж байв. Гэвч Х.Баделхан “Надтай хамаарал бүхий хүмүүсийн дотор “Мон лайвс” ХХК, “Хаганат” ХХК-тай холбогдол бүхий хүмүүс байхгүй” хэмээн хариу мэдэгджээ.

“ЖОЛ ХХК”-д тендер авсан

Зам, барилга барих, завсарлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Х.Баделхан гишүүний  “Жол” ХХК нь 2013 оноос хойш төрийн байгууллагуудаас зарласан 24 тендерт оролцон, 16-д нь шалгарч улсын төсвийн 20 орчим тэрбум төгрөгөөр ажил гүйцэтгэсэн гэх мэдээлэл гарсан байдаг.

Үүнд нь 15 саяын гүүрний засвараас эхлээд найман тэрбумын Аймгийн төвийн хатуу хучилттай 10.4 км автомзамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлууд багтсан нь олон анхаарлыг татаж байв. Дээрхээс гадна улсын болон орон нутгийн хөрөнгөөр 2019 онд Баян-Өлгий аймагт хийгдсэн замын ажлуудын олонхийг Х.Баделхан гишүүний “Жол” ХХК авчээ.

Түүний Өлгий хотын 10.4 км замын тендерийг авсан асуудлаар Өлгийчүүд хариуцлага нэхэж байжээ.  Мөн  хүү  Б.Көксеген нь  уг ажлыг гүйцэтгэхдээ батлагдсан зураг, төсөл, техникийн шаардлагыг ноцтой зөрчиж төсвийг  ихээхэн шамшигдуулсан гэсэн мэдээлэл гарсан байдаг.