LOADING

Type to search

Франц улс биоанагаахын шинжлэх ухааныхаа уналтанд орсныг мэдээд харамсаж байна

Share

Вакцины асуудал бүтэлгүйтсэний дараа Франц улс биоанагаахын шинжлэх ухааныхаа уналтанд орсныг мэдээд харамсаж байна

Энэ 1-р сарын 25-нд Францын гурав дахь цартахлын давалгаа хүчээ авч байхад Пастерийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний захирал Кристоф д’Энферт үндэсний телевизээр гарахдаа вакциныг анхлан нээсэн Луи Пастерын нэрэмжит эртний нэр хүндтэй хүрээлэн өөрийнхөө хамгийн их найдаж байсан COVID-19 туршилтын вакцин нь  хэрхэн амжилтгүй болсон тухай тайлбарлах хүнд хэцүү үүрэг гүйцэтгэв. Тэр үеэр Францын томоохон эм үйлдвэрлэгч Санофи өөрийн өрсөлдөгчдөөсөө хоцорсон явдал нь Францад хэдэн зуун ажлын байр байхгүй болгох болно. Өнөөдөр Франц улс олон нийтийн хэрэгцээнд гаргах  вакцингүй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн  цорын ганц орон болоод байна. D’Enfert энэ нь биднийг “маш өндөр түвшний суурь судалгаа хийхээс гадна инноваци болгон өөрчлөх өөрийн чадавхдаа бас эргэлзэхэд хүргээд байна.”

Олны анхаарлыг татсан  бүтэлгүй болсон энэ явдал нь Францад биоанагаах ухаанд тулгарч буй асуудлууд олны анхаарлыг татлаа. Хэн ч бүтэлгүйтэхийг урьдчилан таамаглах боломжгүй  ч энэ байдал нь “зүгээр л нэг азгүй зүйл биш” гэж Лион дахь Францын үндэсний судалгааны төв болох CNRS-ийн биоанагаах ухааны социологич Одри Везиан хэлэв. “Энэ нь манай инновацийг хөгжүүлэх үйл явцад ямар нэгэн зүйл болохгүй байгааг харуулж байна”. Энд зарим шинжээчид судалгааны үндсэн санхүүжилтыг багасгасан, хөрөнгө оруулалтын  танасаныг дурдаж байлаа. Везиан мөн нөөцийг үрэн таран хийж, дээр нь будлиан үүсгэдэг хүнд сурталтай байгууллагууд олширч байгааг буруутгаж байв.

Засгийн газрын зөвлөх байгууллага болох Эдийн засгийн судалгааны зөвлөл (CAE) -ийн энэ 1-р сард хийсэн судалгааг хамтран гүйцэтгэгч, зохиогч, Mines ParisTech-ийн ахисан түвшиний  сургуулийн төгсөгч, эдийн засагч Маргарет Кайл Франц улс биоанагаах ухааны судалгаа хийх, түүнийгээ арилжаалахад баттай сайн суурьтай байх ёстой гэжээ. Энэ салбарын боловсролын систем нь авъяаслаг эрдэмтдийг бэлтгэн гаргадаг мөн энэ нь анагаах ухааны судалгаанд ашиглах боломжтой өгөгдөл бүхий үндэсний эрүүл мэндийн тогтолцоо агуулдаг байх учиртай. Гэвч саяхны судалгаа нь нийгмийн биоанагаахын шинжлэх ухааны хөрөнгө оруулалтын урт хугацааны хомсдол, дутагдалыг илтгэн харууллаа. CAE-ийн судалгаагаар 2011оноос хойш биологи, эрүүл мэндийн судалгаанд зарцуулах төсвийн санхүүжилт Герман, Их Британид өссөн ч энэ улсад эрс багассан болохыг тогтоожээ.

Марсель дахь CNRS корпорацид коронавирус судалдаг бүтцийн биологич Бруно Канард энэ бууралтыг өөрийн биеэр мэдэрсэн байна. Жишээлбэл, түүний хэлснээр Франц улсад корона вирус, түүнтэй адил молекулын бүтцийг атомын түвшинд илрүүлж чадах крио-электрон микроскоп зөвхөн гуравхан  байдаг байхад Герман, Нэгдсэн Вант Улс тус бүрдээ хорин орчим байдаг. Өрсөлдөх чадвартай төсөлд суурилсан санхүүжилт олгох зорилгоор 2005 онд байгуулагдсан Францын үндэсний судалгааны санхүүжилтийн агентлагийн төсөв нь огцом буурч байна. COVID-19 яаралтай тусламжийн судалгааны мөнгө урсан орж ирж эхэлсэн боловч энэ нь лабораторийн төсвийг 2003 оны түвшинд л эргүүлэн авчирсан гэж Канард хэлэв. Гэхдээ цар тахлын ийм сантай болох үед тэрээр “Хятадын багууд болон бусад судлаачид Science, Cell, and Nature-д анхны криоэлектрон микроскоп ашилан хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг аль хэдийн хэвлүүлсэн байсан байна”.

Эмийн инновацид чухал үүрэг гүйцэтгэдэг биотехнологийн стартапууд Францад Европын старапуудаас бага санхүүждэг. Францын улсын хөрөнгө оруулалтын банк (BPI) болон татварын буцаан олголтоор дамжуулан санхүүжүүлэх асуудал нь бизнесийг хөгжүүлэх эхний үе шатанд хангалттай сайн байгаа боловч хувийн санхүүжилт нь хэтэрхий тааруухан байгаа учраас эдгээр компаниудыг дараагийн шатанд хангалттай хэмжээгээр санхүүжүүлж чадахгүй байна. 2020 онд Францын эрүүл мэндийн технологийн гарааны бизнес эрхлэгчид тус бүр дунджаар 8 сая еврогийн хөрөнгө оруулалтыг босгож байхад Их Британид 12 сая евро, Герман улсад 25 сая евро босгосон байсан гэж Францын худалдааны Биотех группээс гаргасан мэдээлэлд дурджээ.

Биотехнологич Одиле Дуваус 2014 онд Xenothera нэртэй стартапыг үүсгэн байгуулснаас хойш эхний 5 жилд компани дархлаа дэмжих эмчилгээг хөгжүүлж 6 сая евро олжээ. Цартахлын үед BPI нь Xenothera компанид судсаар тарих COVID-19 эсрэгбиеийн эмчилгээг нэмэгдүүлэх, туршихад зориулан 5.3 сая евро өгсөнөөс хойш тус компани дахин 10.3 сая евро олж, эмчилгээгээ Францын 35 эмнэлэгт мөн өөр таван оронд туршиж байна.

Гэхдээ Дуваус хэлэхдээ эдгээр орлогын хэмжээ нь АНУ-ын компаниудын босгож чаддаг хэмжээнээс хоцорч байгаа билээ. “Бид мөнгөний хойноос гүйж байна” гэж тэр хэлэв. “Бидэнд урьдчилсан захиалга хэрэгтэй байна. АНУ-ын засгийн газар ийм зүйлийг зүгээр хийдэг.  Энэ бол Их Британийн засгийн газар [Францын вакцины компани] Валневатай хийж байгаа шиг зүйл.  Тэд бүтээгдэхүүн нь үр дүнтэй болох эсэхийг мэдэхээсээ өмнө сая сая тунг худалдаж авч” эрсдэлийг үүрч байна. Харин үүний эсрэгээр Францын удирдагчид биотехнологийн компаниудыгаа сэжиглэж, үл тоомсорлож, томоохон сайн эрдэм шинжилгээний төвүүд, эмийн үйлдвэрүүдийг илүүд үздэг  гэж Дуваус хэлэв. Гэхдээ энэ хоёр хоёулаа старт-ап шиг хурдтай биш шүү дээ гэж тэр хэлэв. “Сэлүүрт завь ч эсвэл бензин цистерн ч хурдан явж чаддаггүй шүү дээ” гэжээ.

Францын нийтийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад “холимог мэдлэг”-тэй эрүүл мэнд, биотехникийн чиглэлээр мэргэшсэн, санхүү, хууль эрх зүй, бизнесийн чиглэлээр туршлагатай хүмүүс дутагдаж байна гэж Францийн Биотех-ийн захилгаар Бостоны зөвлөлгөө өгдөг группын мэдээнд дурьджээ.  Францын элит сургуулиуд тусгай мэргэжилтнээс илүү ерөнхий мэргэжилтэн бэлтгэх дуртай байгааг тайланд зэмлэн дурьдсан байна. Францын Биотех-ийн Ерөнхийлөгч Франк Моутон эрүүл мэндийн дуулиан шуугианы дараа захиргааны хүнд суртал, аюулгүй ажиллагааны журам тус улсын инновацийн тогтолцоонд муугаар нөлөөлж байна гэжээ. “Францад инновацийг санхүүжүүлэхэд мөнгө зарцуулж байгаа боловч бидэнд шинэчлэл хэрэгтэй байна” гэж тэр хэллээ. Жишээлбэл, эмнэлзүйн туршилтын өргөдлийг шалгадаг ёс зүйн хорооны гишүүдийн ашиг сонирхлын зөрчлийг ямар нэгэн байдлаар хязгаарладаг боловч гол нь ихэвчлэн эдгээр хүмүүсийн мэдлэг чадваргүйгээс болж байна гэсэн байна.

Өөрчлөлтүүд явагдаж байна. Одоогийн засаг захиргаа 2020 оны 12-р сард батлагдсан  шинэчлэлийн 10 жилийн төлөвлөгөөнд “хэдэн арван жилийн дутуу хөрөнгө оруулалт”-ыг  нөхөн буцааж өгөхөө амлав. Энэ төлөвлөгөө нь 2030 он гэхэд төсвийн зардлыг 15 тэрбум еврогоос 20 тэрбум евро болгон өсгөж байгаа Герман улстай адилхан судалгаа, шинжилгээний ажлын зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2.2% -иас 3% хүртэл өсгөх зорилготой юм.  Мөн хомсхон цалин хөлсийг нэмэгдүүлэх, бага албан тушаалын судлаачийн ажлын байр бий болгох зэрэг замаар судалгаачийн карьерыг илүү хөгжүүлэхийг зорьж байгаа нь Францад шинэлэг зүйл болсон байна. (Зарим судлаачид төсвийг хангалтгүй нэмэгдүүлж байна, бага албан тушаалын судлаачийн ажлын байр нь насан туршийн төрийн ажил эрхлэлттэй харьцуулахад бага байна гэж үзэн уг хуулийг эсэргүүцэв.)

Өөрчлөлт стартап ертөнцөд бас гарч ирж байна. Моутон хэлэхдээ цар тахал нь эрүүл мэндийн байгууллагуудтай харьцах харилцааг зөөлрүүлж, гарааны бизнес эрхлэгчдэд төрийн зохицуулалтын шаардлагыг эрт тодорхой болгоход нь тусалсан гэжээ. Өнгөрсөн зун Засгийн газар даатгалын компаниуд болон хагас улсын байгууллагуудын бүлгийн 33 сангаар (эдгээр сангийн ес нь эрүүл мэндэд зориулагдсан сан) дамжуулан Францад 6 тэрбум евро технологийн хөрөнгө оруулалт хийхээр амласан байна.

Олон эрдэмтэд COVID-19-ийн энэ асуудал нь удаан хугацааны туршид хөгжил дэвшил авчирна гэдэгт найдаж байна.  Пастерын хүрээлэн дээр судлаачид туршилтанд байгаа хоёр вакцин  болон COVID-19-тэй холбоотой бусад судалгааны ажилд олон нийтийн хандив, тусламжийн ачаар судалгаа хийж байна. Д’Энферт хэлэхдээ хүрээлэн нь Оксфордын Их Сургуультай нэгэн адил үйлдвэрлэлийн өмнөх вакцины багцыг улсдаа үйлдвэрлэх эсвэл Модерна болон Пфаизерын дараа  вакцины  мессенжер РНХ-ийн техникийг хүрээлэнгийн судалгааны багцад нэмж оруулахаар төлөвлөж байна гэжээ.

D’Enfert засгийн газар судалгааны санхүүжилтийг сайжруулж, суурь шинжлэх ухаанд илүү их “хүч чадал”, “хүлээн зөвшөөрөх байдлыг” өгөх байх гэж найдаж байна. “Энэ нь зөвхөн хуруугаа инчдээд хөдөлгүүрт бензин хийчихдэг шиг байж болохгүй” гэж тэр хэлэв. “Энэ нь урт хугацаанд тогтвортой байх ёстой” гэжээ.

Орчуулсан Т.Ган-Эрдэнэ

Эх сурвалж: Монгол Улсын Шинжлэх ухааны академи

error: Content is protected !!