LOADING

Type to search

Хятад вакциныг тойрсон асуудлууд

Share

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-д үйлдвэрлэсэн КОВИД-19-ийн хоёр вакциныг дэлхий дахинд ашиглахаар хэлэлцэж байгаа бөгөөд “COVAX” хөтөлбөрийн хүрээнд зарим улс онуудад вакцин нийлүүлж байгаа билээ.

Хятад улсад үйлдвэрлэсэн таван өөр вакциныг зарим улс орнууд төдийлөн “өргөн” ашиглаагүй байгаа ч дэлхийн өмнөд хэсэгт дархлаажуулалтын кампанит ажлыг хэдийнээ эхлүүлжээ.

Бангладеш, Дака дахь “Суулгалт өвчний олон улсын судалгааны төв”-ийн дархлаа судлаач Фирдауси Кадри “Хятад вакцины эрэлт хэрэгцээ их байна” хэмээн онцолжээ.

Одоогоор хяналтын шатанд байгаа хятадын хоёр вакцины нэгийг нь Хятадын төрийн өмчит Sinopharm фирм Бээжинд үйлдвэрлэдэг. Харин CoronaVac нэртэй хоёр дахь вакциныг нь Sinovac хувийн компани үйлдвэрлэж байгаа аж.

Хятад улс Синофарм ба Синовак үйлдвэрийн вакцинаар хүн амынхаа дийлэнх хувийг дархлаажуулсан бөгөөд одоогоор 243 сая хүнд тарьж амжаагүй байна. Уг хоёр вакциныг 45 гаруй улс орон ашиглахаа аль хэдийн зөвшөөрчихсөн байгаа боловч ДЭМБ мэдээллийг хянаж, нягталж байгаа юм.

Сантьяго дахь тархвар судлаач Рафаэль Араос “ДЭМБ-ын дэмжлэгийг авах нь маш чухал байна. ДЭМБ-аас гаргасан эерэг хариу нь вакцин үйлдвэрлэгчид болон эдгээр вакциныг авах сонирхолтой улс орнуудад маш сайн мэдээ байх болно” хэмээн онцолжээ.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ

Дархлаа судлаач Фирдауси Кадри “ДЭМБ-аас  вакцины аюулгүй байдал, үр ашиг, үйлдвэрлэлийн чанарыг үнэлнэ. Хэрэв хүлээн зөвшөөрөгдвөл НҮБ, бусад байгууллагууд худалдан авах боломжтой. Ийм зүйл болохоос өмнө вакцин худалдан авах нь тухайн улсын асуудал. Хэрэв тэд худалдан аваад эхэлбэл бусад улс орон вакцин хийлгэх боломжгүй болно” гэжээ.

Гэхдээ вакциныг тэгш хуваарилах үйл явдлыг баталгаажуулах олон улсын түншлэл гэж бий.  Түүний дотор ДЭМБ-ын санаачилгаар хэрэгжиж буй “COVAX” хөтөлбөрөөр дамжуулж вакцины хомсдлыг үүсгэхгүй байх боломжтой юм.

“COVAX” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн даяар 2 тэрбум тунг нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд одоогоор  50 орчим саяыг нь тээвэрлээд байгаа аж. Үүний дотор Энэтхэг улс Ковишиельд вакциныхаа нэг тэрбум тунг өгөх ёстой боловч тус улсад үргэлжилж буй COVID-19 хямралаас болж экспорт нь зогсжээ.

Pfizer фирмийн үйлдвэрлэсэн вакцин ч гэсэн ДЭМБ-ын жагсаалтад багтсан боловч нийлүүлэлт нь хязгаарлагдмал байгаа юм. Харин ДЭМБ-аас 4-р сарын 30-нд Moderna вакциныг яаралтай хэрэглэх жагсаалтандаа багтаажээ.

Энэтхэгийн Веллоре дахь Христийн анагаах ухааны коллежийн вирус судлаач, ДЭМБ-д зөвлөгч, дархлаажуулалтын техникийн бүлгийн гишүүн Гагандип Канг эдгээрийн үр дүнгээс харвал хятад вакцины хэрэгцээ нэмэгдэнэ хэмээн онцолсон байна. ДЭМБ-ын дархлаажуулалтын техникийн бүлэг 4-р сарын 29-ний өдөр хуралдаж, Хятадын хоёр вакцины талаарх мэдээллийг судалж үзсэн бөгөөд тун удахгүй хэрэглээнд өргөн нэвтрүүлэх талаар зөвлөмж өгөх ажээ.

“ДЭМБ-аас гаргасан, онцгой байдлын үед ашиглах зөвшөөрлийн 50% -ийн босго хэмжээнээс давсан дээрх вакцинууд хомсдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Бидэнд өөр сонголт байхгүй тул эдгээр вакцинаас сонгох нь зөв” гэж Анкара хотын Хачеттепе их сургуулийн клиник халдварт өвчин судлаач Мурат Акова хэлжээ.

Мэдээлэл

Хятадын судлаачид 2020 оны эхээр COVID-19-ийн эсрэг вакцин боловсруулж эхэлсэн боловч туршилтын бүрэн үр дүнгээ хараахан гаргаагүй байна. Зарим судлаачид ил тод байдал дутагдалтай байгаа нь вакцины эргэлзээг үүсгэж байгааг онцолжээ. Гэхдээ вакцины туршилтын дата, мэдээллийг нэгтгэхэд цаг хугацаа, нөөц шаардагддаг тул хэдэн долоо хоног хүлээх хэрэгтэй гэсэн байна.

Анагаах ухааны чиглэлээр бие даан судалгаа хийдэг эрдэмтэн Хилда Бастиан “Одоогийн байдлаар Sinopharm-ийн вакцины талаар янз бүрийн мэдээлэл улс орнуудад цацагдаж байна. Тэгэхээр ДЭМБ-аас дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж,тайлбар хийнэ гэж найдаж байна” гэжээ.

Арванхоёрдугаар сарын эхээр Арабын Нэгдсэн Эмират болон Бахрейн улсад COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлжээ. Тэд вакцины хоёр дахь тунг хийсний дараа COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгаалалт 86% үр дүнтэй байгааг онцолжээ. Мөн дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн дунд үхэл гараагүй аж. 4-р сарын 29-ний уулзалтын дараа нийтлэгдсэн баримт бичгүүдэд хэд хэдэн улс орнуудын туршилтын үр дүн 78% -тай байгааг тэмдэглэсэн байна.

Эмнэлзүйн туршилт, үндэсний вакцинжуулалтын кампанит ажлуудаас авсан CoronaVac-ийн талаарх мэдээлэл мөн гарч, үр дүнгээ танилцуулав. Бразил, Туркийн туршилтаар уг вакцины үр дүнгийн тоо 50.7%, 83.5% тус тус гарсан байна. Хятад улс анхны COVID-19 вакциныг яаралтай тусламжийн зориулалтаар 2020 оны 6-р сард баталж, тарааж эхэлсэн билээ.

Өнгөрсөн сард Хятадын эмийн агентлаг Хэфей хотод байрладаг Anhui Zhifei Longcom фирмийн үйлдвэрлэсэн вакцинд ашиглах зөвшөөрлийг олгожээ. Энэхүү вакцины III шатны туршилтыг Узбекистан улсад хийж байгаа аж.

Хүртээмж

Хятад вакциныг дэлхийн 40 гаруй улсад аль хэдийнээ ашиглаад эхэлжээ. Тус улс энэ жил 3-5 тэрбум тунг үйлдвэрлэхээр зорьж байгаа бөгөөд бусад орнуудтай хийсэн үйлдвэрлэлийн хэлэлцээрээс илүү их орлого орж магадгүй хэмээн судлаачид үзэж байна.

Хятад вакциныг олон орон ашиглаж байна. Тухайлбал, Бразил, Турк, Чили зэрэг орнууд хүн амынхаа  80-90% -ийг уг вакцинаар дархлаажуулжээ.

Бразилийн Сан-Паулугийн их сургуулийн халдварт өвчин судлаач Эспер Каллас “Бразилд вакцины бүрэн тундаа хамрагдсан хүмүүсийн дунд халдварын гаралт, хүндрэл, нас баралтын тохиолдол бага байгаа. Бид CoronaVac вакциныг дахин ашиглах ёстой” гэжээ.  

Гэхдээ вакцины талаар олон асуулт эргэлзээтэй хэвээр байна. Судлаачид ахмад настан, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, дархлаа султай хүмүүсийг хэрхэн вакцинжуулах талаар илүү их мэдээлэл авахыг хүсч байна. Тэд мөн дархлааны хариу урвал ямар хэлбэрийг өдөөж байгааг, хэр удаан хамгаалалт хийх, шинээр гарч буй мутацлагдсан хувилбаруудын эсрэг хэр сайн хамгаалалт  болохыг мэдэхийг хүсч байгаагаа онцолжээ.

Эх сурвалж: nature.com

error: Content is protected !!