No menu items!
HomeЭмч зөвлөж байнаГ.Одонцэцэг: Амьсгалын тоо бүхэн үнэ цэнтэй

Г.Одонцэцэг: Амьсгалын тоо бүхэн үнэ цэнтэй

-

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан амиа хорлолтын тоо хэмжээг харуулсан 2017 оны баримтаар Монгол Улсад 100,000 хүн тутамд 28 хүн амиа хорлодог гэжээ. Энэ үзүүлэлт нь дэлхийд гуравдугаар байранд орох үзүүлэлт бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа тул Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрын Сургалт, судалгааны төвөөс 2017 онд анх удаа томоохон судалгааг хийсэн байна.

Судалгаанаас үзэхэд жилд дунджаар 346 эрэгтэй, 66 эмэгтэй амиа хорлосон бөгөөд нийт амиа хорлосон иргэдийн 84 хувь нь эрчүүд байгаа аж. Насны хувьд 10-89 хүртэлх насны хүмүүс амиа хорлосноос 29.4 хувь нь 10-25 хүртэлх насны, 70.6 хувь нь 29-өөс дээш насныхан байна.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, Оточ Манрамба Их Сургуулийн дэд захирал, АУ-ы доктор, профессор Г.Одонцэцэгтэй амь насны үнэ цэнийн талаар ярилцлаа.

Амиа хорлолт их байгаагийн шалтгааныг та юу гэж хэлэх вэ?

-Хүмүүс ямар нэг зүйлд хамаг амь амьдралаа дэндүү уяж, сэтгэлдээ бат итгэж, тэр үгүй бол амьдрал нь сүйрч, ямар ч итгэл, найдваргүй болно гэх давчуу, уйтан үзэлд хүлэгдээд байна. Жишээ нь, хорвоо дэлхий дээр байгаа амьтад үр төлөө төрүүлж, өсгөөд, хоол тэжээлээ олж идээд, нөөцлөөд, оромжоо босгож бариад, наслах насаа наслан амьдардаг.

Тэр хугацаанд өвдөх, өтлөх, байгалийн бэрхшээлтэй тулгарах, бэртэж гэмтэх гээд олон зовлон бэрхшээлийг даван туулж байгаа. Хүн бүрд ямар ч амьтдад байдаг байгалийн жам ёсны ийм чадвар бий. Түүгээр үл барам зөвхөн хүн төрөлхтөнд заяасан оюун ухаанд дулдуйдаж ертөнцийн болоод ертөнцөөс гэтэлсэн үйл бүтээлийг хийх боломжтой онцгой төрөлтөн юм. Бидэнд ямар ч зовлон бэрхшээл тулгарсан өөрөө амьд байж л өөрийн оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулаад хичээл зүтгэл, тэвчээрээр ямар ч бэрхшээлийг даван туулах хэрэгтэй.

Хийж бүтээх боломжтой, эсвэл огт бүтэхгүй юмны төлөө амиа золиослоод хэрэггүй гэдгийг ухамсарлах нь зүйтэй. “Амьд хүн аргатай” гэдэг үг байдаг даа.

Сүүлийн үед Монгол улсад янз бүрийн шашны үзэл бодол дэлгэрч байгаатай холбоотой амиа хорлох явдал нэлээд гарч байгаа талаар судалгаа бий. Тэд амиа хорлоод үхмэгц шууд бурхны ивээлд багтана гэж итгэдэг байх нь. Энэ талаарх таны бодол?

-Ийм үзэл бидний өвөг дээдэст байгаагүй. Биднийг “Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэдэг үзлээр л хүмүүжүүлж ирсэн. Сүүлийн үед “Амиа егүүтгэнгүүт тэр амийг ямар нэгэн аврагч мөнхийн жаргалтай оронд аваачаад жаргаачихна” гэх үзэл мэр сэр гарч байна. Энэ бол “Тэрс буруу үзэл” юм.

Сайн үйлийн үрд сайн үр, муу үйлийн үрд муу зүйл л гарна. Хичээл шамдал, тэвчээр, оюун ухаанаа дайчлаад сайн үйлдлийг хийлгүй шууд амиа егүүтгэснээр мөнх жаргалтай оронд төрдөг тийм амархан, ид шидийн зүйл огт байхгүй.

Нөгөө талаас бас зовлон бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хат дутсанаас “Би амиа хорлоод л үхчихвэл энэ бүх зовлон бэрхшээлээс бүрмөсөн ангижирна” гэх гэнэн буюу “Тасархай үзэл” байна.

Үйлийн үрийн хуулиар бол амиа хорлоод асуудлыг тийм амархан шийдчихдэг зүйл байхгүй. Зовлон бэрхшээлээс амархан бултаад амиа егүүтгэсэн чинь дараа төрөл гэж байгаад, урьдах бэрхшээлийн дээр дахиад амиа егүүтгэсний гэм нүглийг үүрэх улам бүр тэсвэрлэшгүй их зовлонгийн гайгаа тарьж байх вий гэж сэрэмжлэх хэрэгтэй.

-Ажиглаад байхад хүний амь хөнөөсөн хүнд ял оноодог, харин амьтны амь хөнөөвөл үүнийг гэмт хэрэгт тооцдоггүй, хууль үйлчлэхгүй байх тохиолдол байдаг. Үүнийг яах ёстой вэ?

-Үүнд хүний нийгмийн хууль үйлчлэхгүй ч, үйлийн үрийн хууль гарцаагүй үйлчилнэ. Жишээлбэл, уул уурхайн ашиглалтын явцад тарвага, зурам, оготно, хорхой шавж гээд хэдэн их наядаар ч тоолохын аргагүй үй олон амьтдын амийг хороож, үндэс язгуураар нь сүйтгэж байна.

Харин тэр гаргаж авсан ашигт эрдэнэсээ эргээд хэдэн тоот хүн, амьтдын амь нас, эрүүл мэнд, сайн сайхны төлөө зориулж байна вэ гэдгээ бодож тооцоолох хэрэгтэй. Зөвхөн лус, савдаг аргадаж тахиад алт, эрдэнэсийг нь аваад болоод байна гэж ойлгож болохгүй.

Ер нь амь егүүтгэсэн үйл бүхэн өөрт болон өрөөлд үнэхээр их зовлонгийн үрийг тарина гэдэг үнэний хууль бий. Тиймээс ийм нүгэлт үйлдлээс айж цэрвэж, цээрлэж явах хэрэгтэй.

Та хүний амь их үнэ цэнтэй зүйл гэлээ. Ер нь амь, амьдралын гол үнэ цэн юундаа байна вэ?

Зургаан зүйл хамаг амьтны амь бүгд чухал үнэ цэнтэй. Учир нь бүх амьтдад хиргүй тунгалаг гэгээн чанар байдаг. Тэр гэгээн чанар хэдэн сая, тэрбум, галав тоот жил дамжин хязгааргүй цаг хугацааны туршид хүний төрөл зэрэг дээд, доод ямар нэгэн төрлөөс нөгөөд дамжиж төрөвч устаж үгүй болдоггүй.

Зургаан зүйлийн амьд амьтан бүхэнд мунхгаас үүдэлтэй хүсэл тачаал, уур хилэн, тэнэг мунхаг, эргэлзээ, атаа хорсол, гутрал зэрэг бузар муу сэтгэлийн түйтгэр хэдий чинээ их байна төдий чинээгээр доод төрөлд төрж, төдий чинээ зовлонгийн үрээ эдэлнэ.

Харин алхам тутамдаа тэрхүү хилэнцийн түйтгэрийг арилгаад, ариусгаад байвал өөртөө бодь сэтгэл төрүүлж, билиг оюуны дээд түвшинд хүрэх уг шалтгаан, гэгээн чанар амьтан бүгдэд байдаг. Тиймээс адгийн бузар муу санаа агуулсан, муу үйлдэл хийсэн хэнбугайд ч тэрхүү гэгээн чанар нь байж л байдаг учраас тэр чанарыг нь хүндэтгэж аминд нь халдах санаа төрүүлж болохгүй гэсэн үг.

Энэ чанарыг нь хүндэтгэж нигүүлсэнгүй үзлийг дээдэлдэг зарим улс оронд “Цаазын ял”-ыг хориглосон. Тиймээс өөрийн болон бусдын амины энэхүү гэгээн чанарыг ойлгож, хүндэтгэх хэрэгтэй. Ялангуяа таван мэдрэхүй, оюун ухаан төгөлдөр хүн төрөл гэдэг тун онцгой.

Энэ төрлийг буюу хүний бие шүтээнийг олж төрснөөр атгаг, хилэнцийн муу үйлээс хагацааж, гэгээрлийн хутгийг олох боломжтой гэдгийг ойлгож, судалж мэдэх, хэрэгжүүлэх нь чухал юм. Тиймээс л хүний төрлийг олж төрнө гэдэг маш ховор, чухал боломж шүү, энэ төрлийн үнэ цэнийг сайтар мэдэж, бушуу түргэн сайн үйлд шамдаарай л гээд байгаа юм.

Таны яриад байгаа энэ зүйлийг хэрэгжүүлэхэд хүний нас хэр хангалттай байна?

Бид үхэл, мөнх бусын хуулиар төрсний эцэст үхэх нь гарцаагүй. Уламжлалт анагаах ухаанд хүний амьдрах хугацааг 100 нас хэмээн тодорхойлон судалж үзсэн байдаг. Гэвч өвчин эмгэг, гэнэтийн осол бэртэл, амьдралын буруу хэвшил, урьдын муу үйлийн хаягдал гэх мэт шалтгаанаар их зонхидоо 100 нас хүрэлгүй үхдэг. Ер нь хорвоо ертөнцийн хязгааргүй цаг хугацаатай харьцуулбал нүд ирмэхийн зуур үзэгдээд өнгөрөх төдий хугацаа.

Хүн гэдэг амьтан ийм ойлгомжтой, тодорхой богино настай юм. Нөгөө талаар бидэнд сайн зүйлийг хийж, хэрэгжүүлэх чухал үүрэг бий гэдгээ ойлгож, түүний төлөө шамдахад бас боломжийн хугацаа байна.

Бид хэн ч байсан, аль ч насандаа, ямар ч тохиолдолд “Миний амьтай байгаа цаг хугацаа, амьсгалын тоо бүхэн үнэ цэнтэй юм шүү” хэмээн байн байн санаж ухамсарлаад, цаг хугацааг зөв зүйлд, зөв төлөвлөж зарцуулбал бидэнд ихийг бүтээх боломж, уг сурвалж байна.

Эх сурвалж: УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН СОНИН

шинэ мэдээ

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий...

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

трэнд