LOADING

Type to search

Б.Буянтогтох: Хавдартай, архаг суурь өвчтэй, харшилтай хүмүүс “Vero Cell” вакциныг хийлгэх боломжтой

Share

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтохын мэдээллийг хүргэж байна.

– Гэрээр эмчлэгдэж байгаа хүмүүс эмчилгээний багц өгөх ёстой гэсэн ойлголттой байна. Энэ тал дээр тайлбар өгнө үү?

– Гэрээр эмчлэгдэж байгаа хүмүүст дархлаа сайжруулах, вирусийн эсрэг бэлдмэлийг өрхийн эрүүл мэндийн төвөөр нь дамжуулан олгож байгаа. Харин яг хэнд өгөх вэ гэдгийг нь өрхийн эмч үзээд, үнэлээд шийдвэрээ гаргаад явна. Тэгэхээр хүн болгонд өгч байгаа гэсэн үг биш шүү. Мөн ДЭМБ-ын зөвлөмж, манай ЭМЯ-ны эрдэмтдийн багийн зүгээс ч тэр хөнгөн туссан хүмүүст вирусийн эмчилгээ шаардлагагүй гэж үзэж байгаа.

– Тэгвэл хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүст ямар эмчилгээг голлон хийж байгаа вэ?

– Хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүст зөвлөмж өгч байгаа. Тухайлбал, Витамин С, Д, шингэн зүйл сайн ууж, цайрын хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ердийн дэглэмээр явахад 10-14 хоногт бүрэн эдгэх бололцоотой гэж үзсэн. Гэхдээ үүнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавих нь зөв. Яагаад гэвэл сүүлийн үед хөнгөн шинж тэмдэгтэй эхлээд аажимдаа хүндрэх тохиолдлууд гарч байна.

– Хүмүүс өөрсдөө шууд эмээ авч ууж болох уу, эсвэл заавал өрхийн эмчийн жороор олгож байгаа юу?

– Өргөн хүрээний үйлчилгээтэй вирусийн эсрэг эмийг хэрэглээд явж болно. Гэхдээ эмчийн заавраар, тохируулан хэрэглэх нь зүйтэй.

– Архаг, суурь өвчтэй хүмүүс дархлаажуулалттай холбоотой олон асуултыг ирүүлж байна. Тухайлбал, өвдөгний үе солиулж байсан учраас надад Pfizer вакцин л таарна гэх бодолтой хүмүүс байх шиг байна. Та үүнд мэргэжлийн хүний үүднээс тайлбар өгөхгүй юу?

– Манай улсад хамгийн эхэнд AstraZeneca, Pfizer вакцин орж ирсэн. Бид үүнийг халдвар авбал хүндрэх эрсдэлтэй гэж үзсэн болон хавдартай, бөөрний дутагдалтай буюу архаг хууч өвчтэй хүмүүс рүү чиглүүлж хийж өгсөн. Үүнээс хойш хүмүүс  Pfizer вакциныг хийх ёстой юм байна гэсэн ойлголттой болчихсон байна. Засгийн газар, ЭМЯ-ны зүгээс эрсдэлт бүлгийнхнээ эрсдэлээс хамгаалах зорилгоор тухайн хүмүүст дээр дурдсан вакциныг хийж байсан. Одоо бол заавал AstraZeneca, Pfizer вакцин хийлгэх шаардлагагүй.

Манай улсад өнөөдрийн байдлаар “Vero Cell” вакцины хангамж сайн байгаа. Вакцины сонголтгүй олон улс орон бий. Тэгэхээр энэ үед иргэд маань “энэ вакциныг хийлгэнэ, тэр вакциныг хийлгэхгүй” гэж туйлширмааргүй байна. Байгаа вакциндаа хамрагдаад явах нь хамгийн зөв.

– Хавдартай, архаг суурь өвчтэй, харшилтай хүмүүст “Vero Cell” вакцин тохирно гэж ойлгож болох уу?

Тийм. Эдгээр хүмүүс “Vero Cell” вакциныг хийлгэх бүрэн боломжтой. Энэ хэрэглэгдэж байгаа вакцины хувьд тухайлсан эсрэг заалт хараахан байхгүй. Эмчдээ үзүүлээд өвчнийх нь сэдрэлийн үе биш бол вакцинаа хийлгэх нь хамгийн зөв сонголт.

– Спутник V вакцинтай холбоотой иргэдийн хардлага их байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?

– Эрүүл мэндийн яам, Засгийн газраас хувийн хэвшлүүдэд вакцин оруулж ирэх зөвшөөрлийг олгосон. Энэ хүрээнд хувийн хэвшлийнхэн тодорхой тооны Спутник V вакцин оруулж ирээд иргэдийг дархлаажуулж байгаа.

Хамгийн сүүлд манай улсад 40,000 тун Спутник V вакцин орж ирсэн. Үүнээс 20,000 тун нь улсын мэдлийн вакцин юм. Тухайн 20,000 тун Cпутник V вакцин одоогоор хэрэглээнд ороогүй бөгөөд ямар иргэдэд хэрэглэх талаар бид удахгүй мэдээлнэ.

Хамгийн гол нь коронавирусийн эсрэг вакцин заавал давтан тун хэрэглэж буй. Тиймээс бид хэзээ ОХУ-аас давтан тунг авах бололцоотой болно, түүний дараа хэрэглээнд оруулахгүй бол вакцины тун хоорондын зайд асуудал гарна. Иргэдийн хувьд заавал Спутник V тариулна гэж туйлшрахгүйгээр байгаа вакциндаа хамрагдах бүрэн боломж бий.

“Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 1,015 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 40,396 болж байгаа. 1,015 тохиолдлын нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол 16 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бөгөөд дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэгээс ирсэн хүмүүсийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна. Эдгээр иргэн Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа.

Бусад буюу дотоодод бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал,

  • 895 нь Улаанбаатар хотод
  • 103  нь орон нутагт бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 1,401 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 24,333 боллоо. Халдварын улмаас 4,869 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн – 2,717
  • Хүндэвтэр – 1,545
  • Хүнд – 486
  • Маш хүнд – 121 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 8,214 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.

Өнгөрсөн хоногт 57-83 насны долоон хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Мөн халдвар авсан хэдий ч өөр өвчний улмаас нас барсан нэг тохиолдол бүртгэгдлээ” хэмээн ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр  хэллээ.

error: Content is protected !!