LOADING

Type to search

Залуу жүжигчин Т.Бадамжавын талаарх сонирхолтой 10 баримт

Share

Энэ удаагийн “хүмүүс” буландаа залуу жүжигчин Жерри буюу Т.Бадамжавыг онцолж байна.

“Улаанбаатар би чамд хайртай”, “Рекет”, “One night”,  “ТҮЦ-ний охид” зэрэг дэлгэцийн олон бүтээлд дүрээ бүтээж, өхөөрдөм төрх, авьяас чадвараараа танигдсан залуу жүжигчин Т.Бадамжавыг үзэгчид Жерри нэрээр нь андахгүй. Мөн Алдар+Жерри инээдмийн цувралд тоглосноор нь үзэгчид илүү сайн мэдэх болсон билээ.  Ингээд хошин урлагийн “Эмоци” продакшинд харьяалагдаж яваа жүжигчин Т.Бадамжавын талаарх 10 баримтыг танилцуулья.

1. Жүжигчин Т.Бадамжав  Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Таван настайдаа аав, ээж, ахын хамт Улаанбаатар хотод ирж суурьшжэээ. Тэрээр багаасаа л дуулах, бүжиглэх, жүжиглэх дуртай байснаас гадна их эршүүд хүүхэд байсан гэнэ.

2. Багадаа сэтгүүлч, нэвтрүүлэгч болохыг хүсдэг байсан түүний хүсэл нэг л өдөр тайзнаа “амилсан” “Парисын дарь эхийн сүм”-ийг үзсэнээр өөрчлөгдсөн. Үүнээс хойш “би яагаад жүжигчин болж болохгүй гэж” гэсэн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн СУИС-ын босгыг давж, 2015 онд жүжигчний мэргэжлээр сургуулиа амжилттай төгсөв. Түүнийг жүжигчин болно гэхэд эцэг, эх нь эмэгтэй хүнд хэцүү мэргэжил хэмээн ихээхэн дургүйцэж байсан гэдэг.

Зургийг Emotsi Jerry фейсбүүк хуудсаас авав.

3. Түүнийг урлагийнхан жижиг биетэй, адтай болохоор нь Жерри хэмээн өхөөрдөн дууддаг. Гэхдээ энэ нэр аль ахлах сургуулийн сурагч байхаас нь улбаатай аж. Тэрээр сагсан бөмбөг тоглодог. Сурагч байхдаа сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож, Жерри хэмээх нэрийг авчээ. Жерри хэмээх өндөр сурагчтай өрсөлдөж, түүнээс илүү хурдан хөдөлгөөнтэй байсан тул энэхүү нэрийг авсан аж. Тэр үеэс хойш Жерри нэрээрээ илүү танигдсан бөгөөд түүний жинхэнэ нэрийг мэдэхгүй хүмүүс их.

4. Тэрээр анхны дүрээ СУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан байхдаа бүтээжээ. Энэ нь “NTV” телевизийн бүтээсэн “Улаанбаатар би чамд хайртай”  олон ангит киноны зураач охины дүр аж.

5. Харин түүний тоглосон  анхны бүрэн хэмжээний кино бол “Рекет” юм. Энэ талаар тэрбээр “Энэ бол миний тоглосон анхны бүрэн хэмжээний кино юм. Миний тоглосон Тамираагийн дүр бол эршүүд, бусад найзуудаа бодвол илүү хүн чанартай охин. Кинонд тоглохын тулд 10 кг нэмээд, үсээ тайруулсан. Кинонд тоглох саналаа аваад сарын дотор их эрчимтэй таргалсан даа. Таван эмэгтэй гол дүртэй кино Монголд урьд нь бүтээгдэж байгаагүй юм билээ. Миний амьдралын жинхэнэ рэкетчин бол аав, ээж, дүү, бас найзууд минь” хэмээсэн байдаг.

6. “Эмоци” продакшнаас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр жүжигчин Т.Номинтой хамтран NEMO&JERRY влогийг хөтлөн явуулдаг.

7. Тэрээр “Би “Эмоци” продакшнд жүжигчнээр ажилладаг. Продакшны ах, эгч нараасаа алхам бүртээ шинэ зүйл сурч байдаг. Энэ том өрх айлын гишүүн болсон учраас хаана ч байсан нэрийг нь сэвтээхгүй байхыг хичээдэг” хэмээн нэгэн ярилцлагадаа дурьджээ.

8. Түүний ханийг Хосоо гэдэг. Тэд 2019 онд хуримаа хийж гал голомтоо бадраасан бөгөөд хөөрхөн хүүтэй.

9. Өдгөө “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэгт амжилтттай оролцож яваа түүнийг бүжгийн урлагийн чамгүй авьастай нэгэн болохыг үзэгчид анзаарсан байх. Учир нь тэрээр багаасаа бүжиглэх дуртай, бүжгийн урлагт хайртай хүүхэд байсан төдийгүй бүжгийн урлагаар хичээлллэж, гурван ч удаа улсын аварга болж байсан түүхтэй гэнэ.  

10.  Тэрээр “Би жүжигчний ажлаа хэзээ ч хаяахгүй, урлагаас хэзээ ч гарахгүй. Харин ирээдүйд найруулагч, эсвэл продюсер, зохиолч болохыг үгүйсгэхгүй” хэмээн нэгэн ярилцлагадаа дурьджээ.

error: Content is protected !!