LOADING

Type to search

Э.Тэмүүлэн: Вакцин хийлгэсэн ч халдвар авсан хүмүүс өөр хүмүүст халдвар тараахгүй гэсэн судалгаа байхгүй

Share

Вакцин хийлгэсэн ч халдвар авсан хүн цааш нь халдвар тараах магадлал хэр өндөр байх тухай ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дараах тайлбарыг өгчээ.

Тэрээр “Вакцин хийж байгаа гол шалтгаан нь коронавирусийн эсрэг бие махбодид тэмцэх зэвсгийг л үүсгэж байна гэсэн үг. Эсрэг бие ямар хэмжээгээр үүсэх вэ гэдэг нь тухайн хүний биеийн байдал, дархлаа, харшил зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Үүнээс хамаараад вакцин хийлгээд халдвар авсан ч өвчлөх эсэх, өвчилсөн хүндрэл нь өөр байна.

Хоёр тун хийлгээд 14 хоногийн дараа тухайн вакцинаас авч болох хамгаалалтыг авна. Одоогоор вакцин хийлгэсэн ч халдвар авсан хүмүүс өөр хүмүүст халдвар тараахгүй гэсэн судалгаа байхгүй. Pfizег вакцины судалгаанаас харахад энэ вакциныг хийлгээд 14 хоносны дараа халдвар авах магадлал болоод бусад хүнд халдвар тараах эрсдэл нь ч бага байна. Тэгэхээр тухайн хүн вакцин хийлгээд 14 хоносны дараа тааралдсан бүх хүндээ халдвар тараагаад яваад байна гэсэн үг биш. Харин халдвар тараах эрсдэл бол байгаа. Гэхдээ энэ эрсдэл нь вакцин хийлгээгүй хүнийг бодоход арай бага байна.

Халдварын тархалт олигтой буурсангүй гэж байна. Гэхдээ бид сая хүн амын дунд өргөн тархсан үед нь хөл хорио тогтоосон шүү дээ. Олноороо илэрч байсан тооны ард илрээгүй хэдэн мянган халдвартай хүмүүс байсан. Тэдгээр хүмүүсийг цааш нь халдвар дамжуулахаас сэргийлээд хөл хорио тоггоосон.

Цаашлаад өдөрт 2,000-3,000 хүрэхээр байсан халдварын тархалтыг хөл хорио тогтоосноор бууруулж чадаж байгаа юм л даа. Хөл хорио тавиагүй байсан бол одоо эмнэлгийн ор, эмч ажилчдын хүрэлцээ, нас баралтын тоо маш ихээр ихсэх байсан. Ер нь би өмнө нь ч хэлж байсан. 14 хоногийн дотор тархалт буурахгүй, одоогийн байгаа түвшинд нь барьж чадвал их юм гээд.

Харин сүүлийн хэдэн өдрүүдэд Улаанбаатарт халдварын тархалт буурч эхэлж байна. Цаашдаа яах вэ гэвэл вакцинжуулалтаа хурдтай хийх хэрэгтэй. Хүн амын хамгийн идэвхтэй, мөн эрсдэлтэй хэсэг бол 25-44 насныхан байна. Тэгэхээр энэ бүлгийн вакцинжуулалт их чухал бөгөөд 50-аас дээш хувь болоход халдварын тархалтад мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ.Өнөөдрийн байдлаар 25-44 насны хүмүүсийн нэгдүгээр тундаа хамрагдсан байдал нь 35-40 хувьтай байна. Нөгөөтэйгүүр 60-аас дээш насны хүмүүс вакцинд сайн хамрагдсанаар энэ өвчлөлийн хүндрэл, нас баралтын түвшин мэдэгдэхүйц буурч эхэлнэ.

Одоо халдварын тархалтыг хумьсан ажлаа бататгаж нэгдүгээрт, вакцинаа эрчимжүүлэх, хоёрдугаарт, хөл хорионоос маш аажмаар буюу, шат дараатайгаар гарах ёстой. Бидний өмнө гашуун туршлага байна, нийгэмд халдвартай хүмүүс маш их байхад бүхэлд нь хөл хориогоо цуцлаад халдвар тархсан. Энэ хоёр аргыг сайн хэрэгжүүлээд явбал халдварын тархалтаа ихэсгэхгүйгээр зунтайгаа золгох боломж байгаа гэж харж байна” гэжээ

error: Content is protected !!