LOADING

Type to search

Вакцины бүрэн тундаа хамрагдсан ч халдвар тээгч байх эрсдэл бий юу?

Share

Коронавирусийн эсрэг вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн хүн вирус тээгч болох эрсдэлтэй юу? Яагаад вакцины нэг болон хоёрдугаар тунд хамрагдсан иргэд халдвар аваад байна вэ гэдэг асуулт иргэдийн дунд тавигдаж байна. Зарим иргэдийн хувьд вакцин хийлгэснээр халдвар авч байна гэх яриа ч гарчээ. Үүний талаар мэргэжилтнүүд хэрхэн тайлбар өгснийг тоймлон хүргэж байна.

Эхлээд хийгдэж буй вакцинууд хоорондоо ямар ялгаатай болох талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн тайлбарыг хүргэе /Itoim/

Тэрээр “Манай улс гурван төрлийн вакцин хийж байна. Гэтэл АстраЗенека вакцин муу, хятад вакцин муу гэсэн зүйл нийгмийн сүлжээнд маш их явж байна. Одоо манайд хийж байгаа вакцины хүнд үзүүлж байгаа сөрөг урвал ямар байна вэ?” гэсэн асуултанд “Вакцины үйлдвэрлэж байгаа аргаас хамаараад вакцинууд хоорондоо ялгаатай. Үр дүнгийн хувьд бол голж шилэх юм байхгүй.

Гагцхүү давуу тал, сул тал гэдгийг л ярих ёстой. БНХАУ-ын Синофарм компанийн вакцин коронавирус гэдэг вирусийг идэвхгүй болгоод хүний бид оруулж байгаа. Үзүүлэлтээрээ БНХАУ-ын вакцин бүр ч давуу байх магадлалтай. Үүнийг энгийнээр тайлбарлавал, вирус өөрөө гадаргуу дээр маш олон антентай. Тэр антен болгоны эсрэг дархлаа үүсгэх ёстой. Өмнөх вакцинууд зөвхөн тэр вирусийн гадаргуу дээр байгаа S уургийг л аваад түүний мэдээллийн РНХ юм уу, ДНХ-ээс аваад вакцин үйлдвэрлээд гаргасан. Жишээлбэл, Пфайзер, Модернагийн вакцин бол мэдээллийн РНХ-г нь ялгаж аваад гадна талд нь бүрхүүл үүсгээд хүний биед оруулж байгаа. Энэ нь вирусийн гадна байгаа ганцхан антен буюу S уургийг л үйлдвэрлэнэ. Тэр уургийг хүний бие өөрөө үйлдвэрлээд үүний эсрэг дархлааны эсүүд ажиллаад дархлаа тогтоох ёстой. Спутник-В, АрстраЗенека хоёр бол ижилхэн. Энэ хоёрыг вирус дээр S уургийн мэдээллийг вирус дотор суулгаад хүний биед оруулахад орсон вирус нь үхээд дотроос нь ДНХ гарч ирээд S уураг хийгдэж дархлаа үүсгэх ёстой” гэж хариулав.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Тэмүүлэн дараах мэдээллийг өгсөн юм. /Гуравдугаар сарын 10-ны өдөр. Montsame.mn/

Тэрээр “Эхний тунг хийлгэснээр таны бие вирусийг дөнгөж таньж эхэлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эхний тунг хийлгэснээр вирусээс хамгаалах дархлаа бүрэн тогтохгүй. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ вакцин хийлгээгүй хүний нэгэн адил баримтлах ёстой. Тухайн вакцинаас хамаараад тун хоорондын зай харилцан адилгүй. Хоёр тунгаа хийлгэсний хойш дор хаяж 7-14 хоногийн дараа бүрэн дархлаа тогтоно. Бүрэн тун хийлгэсэн ч халдвар авах магадлалтай. Гэхдээ өөрөө өвдөхгүй ч бусдад халдвар тархаах эрсдэлтэй байж магадгүй. Энэ талаарх судалгаа, шинжилгээний эцсийн дүгнэлт гараагүй. Тиймээс бүрэн тунгаа хийлгэсэн ч гадуур гарахдаа амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих хэрэгтэй” гэв.

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр дөрөвдүгээр сарын 28-ны УОК-ын Шуурхай штабын мэдээллийн үеэр иргэдийн зүгээс ирж буй асуултанд хариулж,  дараах мэдээллийг өгөв.

Тэрээр “Коронавирусийн эсрэг вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн хүн вирус тээгч болох эрсдэлтэй юу?” гэсэн асуултанд  ДЭМБ-аас байнга анхааруулж байгаа. Вакцины 1, 2 дугаар тунгаа хийлгэсэн хүн халдвар хамгааллын дэглэмээ 100 хувь барих ёстой. Вакцины дархлаа тогтоц ямар байна вэ гэдгийг дэлхий нийтэд төдийгүй манай улсад ч мөн судалж байгаа. 

Өнөөдрийн байдлаар вакцины бүрэн тун буюу 2 дахь тундаа хамрагдсан ч дархлаа бүрэн тогтож амжаагүй байхад халдвар авсан тохиолдол илэрч байна. 80 гаруй тохиолдол бүртгэгдсэн гэдгий анхааруулж хэлье. Нэгдүгээр тун вакциндаа хамрагдсан ч халдвар авсан 6,000 гаруй иргэн байгаа. Тиймээс вакцин хийлгэлээ гэж тайвшрах боломжгүй. Вакцин хийлгэхэд тухайн хүний цусанд эсрэг биет үүсэхээс биш амьсгалын замд байхгүй. Тийм учраас халдвартай хүнтэй гар барих, халвартай хүнтэй нэг орчинд байж байгаад хэсэг зуур халдваргүй хүнтэй харьцахад хүрэлцэхүйн замаар халдвар дамжих эрсдэлтэй” гэсэн хариултыг өгсөн юм.

Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Мэдээллийн Урсгал” хөтөлбөрт АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор, дархлаа судлаач, гавъяат багш Г.Батбаатар оролцсон. Энэ үеэр тэрбээр вакцинд хамрагдсан хүн халдвар тээгч байх эрсдэлтэй эсэх талаар дэлгэрэнгүй хариулт өгөв.

“Вакцин гэдэг бол тухайн өвчин үүсгэж байгаатай ижилхэн бүтэцтэй юм уу аль эсвэл удмын мэдээ нь нэн төстэй биологийн өндөр молекулт нэгдлийг биед оруулж зориудаар дархлааны ой тогтоолт үүсгэж байгаа асуудал. Нэг тариулахад дархлааны урвал хариу үзүүлдэг. Энэ үед бага зэрэг харуулах, толгой эргэх зэрэг шинжүүд илэрнэ. Энэ бол хэвийн асуудал. Ийм шинж тэмдэг илэрч байвал дархлааны урвал сайн өрнөж байгаагийн илрэл. Уг урвалын дараа үүсч байгаа дархлааны ой тогтоолт буюу санамжийн эсүүд харьцангуй цөөхөн үүсдэг. Яг үүсч байхад нь буюу тодорхой хугацааны дараа хоёр дахь тунг хийснээр цөөн тооны эсүүд нь үржиж хуваагдаад хүний биеийг хамгаалахуйц хэмжээний санамжийн эсүүд үүснэ гэсэн үг юм. Улмаар биед халдварын вирус орж ирэхэд маш богино хугацаанд идэвхжиж хүний биеийг хамгаална.

Вакцин тариулсны дараа тэдэн хүн халдвар авчээ гэдэг шинжлэх ухааанч биш яриаг битгий хүнээс асуугаарай. Хэн ч халдвар авч болно. Хоёр дань тунгаа хийлгэсэн ч халдвар авч болно. Хоёр дахь тунгаа хийлгэнэ гэдэг нь өөртөө өвчлөхгүй байх боломжийг бий болгож байна гэсэн үг. Вакцин хийлгэсэн хүн халдвар авна. Авахдаа өөрийгөө хамгаална, бусдад тараана. Вакцин хийлгээгүй хүн бол өвчилнө. ЭМЯ-наас вакцин хийлгэсэн тэдэн хүн халдвар авлаа гэж ярих юм. Юунд нь гайхах вэ? Хоёр дахь тунгаа хийлгэсэн ч халдвар авна. Гэхдээ тухайн хүн өөрөө өвчлөхгүй” гэв.

error: Content is protected !!