LOADING

Type to search

Я.Дашпагма: Умайн хавдар нь үргүйдлийг үүсгэдэг

Share

УХТЭ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын зөвлөх эмч, АУ-ны магистр Клиникийн профессор Я.Дашпагма, УХТЭ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эмч, АУ-ны магистр, Клиникийн профессор Т.Баярчимэг нарын  “Умайн хоргүй хавдар” сэдвийн хүрээнд өгсөн зөвлөгөөг сийрүүлэн хүргэж байна.

– Умайн хоргүй хавдар гэж юу вэ. Умайн хоргүй хавдрын үед ямар эмчилгээ хийдэг вэ?

– Я.Дашпагма: Эмэгтэй хүний умай нь булчинлаг бүтэцтэй эрхтэн. Олон төрлийн хүчин зүйлийн нөлөөгөөр булчинд холбогч эдийн бүтэцтэй зангилаа үүсэхийг миом буюу умайн хоргүй хавдар гэнэ. Умайн булчингийн хоргүй хавдар нь гөлгөр булчингийн хоргүй эдээс гаралтай байдаг. АНУ, Монгол Улсад хийгдсэн судалгаануудыг харьцуулж үзэхэд умайн хоргүй хавдар нь 20-40 насны эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байна. Мянган эмэгтэй тутмаар нь аваад үзэхэд 20-29 насныхан 3.3% хувь, 30-34 насныхан 6.8%, 35-39 насныхан 10.3%, 40-44 насныхан 10.6 хувийг эзэлж байна.

-Юунаас болж умайн хавдар үүсдэг вэ?

– Я.Дашпагма: Нэгдүгээрт, судлагдаагүй маш олон шалтгаанууд бий. Хоёрт, эмэгтэйчүүдийн бие организмын өөрчлөлтөөс /хэт тарган, туранхай байх/ шалтгаалан хавдар үүсэх тохиолдол гардаг.  Мөн умайн хавдар нь удамших тохиолдол байдаг. Жишээлбэл, нэг айлын зургаан эмэгтэй зургуулаа умайн хавдар авахуулж байсан. Сүүлийн үед стресстэй холбоотойгоор умайн хавдар үүсч байна. Түүнээс гадна хорт зуршлууд нь хавдар үүсэх нэг шалтгаан болдог.

Мөн генетикийн шалтгаант хавдар гэж бий. Үүний 40 хувь орчим нь хромосомын өөрчлөлтөөс, 60 орчим хувь нь тодорхойгүй шалтгаант эсийн мутацаас болж үүсдэг. Түүнчлэн дааврын алдагдлууд нь умайн хоргүй хавдар үүсэхэд нөлөөлдөг. Мөн эрдсийн дутагдлаас /төмөр, B бүлгийн амин дэм/болж үүснэ гэж зарим судлаачид үздэг.

– Умайн хоргүй хавдрын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

– Я.Дашпагма: Умайн хавдрын байрлал,тооноос хамаараад янз бүрийн шинж илэрч болно. Үүний хамгийн эхний шинж нь сарын тэмдэг их өвдөлттэй ирэх, түүний хямралууд, мөчлөг хоорондын зай алдагдах зэрэг юм. Сарын тэмдэг бол эрүүл эмэгтэйн толь гэсэн үг. Тийм учраас сарын тэмдгийн өөрчлөлт гарч байгаа тохиолдолд эмчид заавал үзүүлээрэй гэж зөвлөе.

Мөн хавдрын үед гэдэс дүүрэх шинж илэрдэг. Хавдар том байгаа үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн мууддаг. Үүнээс гадна хэвлийгээр өвдөлт өгнө, шээс задгайрна, өтгөн хатна, жирэмслэхгүй болдог. Умайн хавдар нь үргүйдлийг үүсгэдэг. Мөн зул бах, өсөлтгүй жирэмсэн болох эрсдэлүүд гарч болно. Түүнчлэн энэ олон шинж тэмдэг илрээд ирэхээр эмэгтэй хүн сэтгэл гутралд ордог.

Умайн хавдрыг хэмжээгээр нь жижиг, дунд, том гэж хуваадаг. 1-4 см хэмжээтэй байвал түүнийг жижиг хавдар гэнэ. 5-9 см дунд, 10-аас дээш см байвал том хавдар гэж үзнэ.

-Умайн хоргүй хавдрын үед жирэмслэх боломжтой юу?

– Умайн хоргүй хавдартай хүмүүс жирэмсэлж болно. Гэхдээ маш олон эрсдэлүүд үүснэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайлбал, өсөлтгүй жирэмсэн болох, дутуу төрөх, төрөлтийн үеийн хүндрэл, эс ховхрох зэрэг эрсдэлүүд гарч ирдэг.

-Умайн хоргүй хавдрыг ямар аргаар оношилдог вэ?

– Я.Дашпагма: 1. Асуумжийн аргаар /сарын тэмдэг хэзээ ирдэг, шээс, өтгөн ямар гардаг гэх мэт/

2. Хоёр хурууны үзлэг буюу эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгээр хавдрын хэмжээг мэдэж болно.

3. Үтрээний эхогоор оношилгоо хийнэ. Үүгээр илүү нарийн, тодорхой оношилж болдог давуу талтай.

4. Лабраторийн шинжилгээ, MRI зэргээр мөн оношилж болдог.

– Умайн хоргүй хавдрын үед ямар эмчилгээ хийлгэх вэ?

– Я.Дашпагма:  Эмчилгээний хувьд хавдрын хэмжээ, тухайн хүний нас зэргийг харгалзаж үзнэ. Хэрэв хавдар жижигхэн байвал хэсэг ажиглаж болно. Түүнээс гадна эмийн болон мэс заслийн эмчилгээг хийдэг. Хавдар нь маш олон судсаар тэжээгдээд ирэхээр улам томроод байдаг. Энэ үед судсыг нь бөглөх эмчилгээ хийж болно.

Хэрэв тухайн хүн хагалгаанд орох шаардлагатай бол эхлээд эмийн эмчилгээ хийнэ. Мөн цэвэршилтийн өмнөх насны хүмүүс байвал зовиураас шалтгаалан эмчилгээг сонгодог. Түүнчлэн  төрөх хүсэлтэй эмэгтэй байвал мэс засал хийлгүй эмийн эмчилгээ хийлгэж болдог.

Мэс заслын эмчилгээг хийх таван заалт бий.

1Цус удаан хугацаагаар алдаад, өвдөлт өгөх

2. Умайн хавдрын хэмжээ том байх /жирэмсний гурван сартай үеийнхээс дээш хэмжээтэй байвал/

3. Цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдэд умайн зангилаа том, салт нь зузаарч байвал

4. Олон тооны миомын зангилаа байвал

5. Үргүйдэлтэй байгаа үед мэс заслын эмчилгээг хийдэг.

-Умайн хоргүй хавдрын зангилааг ямар аргаар авдаг вэ?

– Я.Дашпагма:  Умайн хоргүй хавдрыг умайтай нь авна, умайгүй авна гэж ярьдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, умайг нь үлдээгээд хавдрыг түүж авах арга бий. Төрөх хүсэлтэй 40-өөс доош насны хүмүүст энэ аргыг ашигладаг. Гэхдээ хавдар авсан ч дахих тохиолдол гардаг. Хавдрыг нээлттэй болон дурангийн гэсэн хоёр аргаар авдаг. Нээлттэй гэдэг нь хэвлийн доод хэсгийг босоо болон хөндлөн зүсч байгаад авна. Дурангийн арга нь дотроо Hysteroscope, laparoscope гэсэн хоёр төрөлтэй. Hysteroscope гэдэг нь умайн дотор хавдар байвал түүнийг дурандаж байгаад авдаг. Laparoscope нь хэвлийгээр нь дурангийн багажаа оруулж байгаад хавдраа авч, оёдог арга юм.

Мөн судас бөглөх эмчилгээ гэж бий. Энэ аргыг төрөх сонирхолтой байгаа хүмүүст хийдэг. Энэ эмчилгээний дараа умайн хоргүй хавдрын хэмжээ 40-75 хувь багасдаг. Мөн ерөнхий хэмжээ нь 26-59 хувиар буурдаг. Энэ нь 98-100 хувийн үр дүнтэй сайн арга юм.

Би сая умайг нь үлдээгээд хавдрыг авч болох аргуудын талаар ярилаа. Харин одоо умайтай нь хамт хавдрыг авах мэс заслын талаар мэдээлэл өгье. Энэ тохиолдолд ч мөн адил нээлттэй болон дурангийн аргыг хэрэглэнэ. Гэхдээ  өвчтөний нас 40-өөс дээш байх шаардлагатай. Хэрэв умайн хавдар хортой тохиолдолруу шилжих гэж байгаа бол энэ аргыг сонгодог.

– Дурангийн мэс заслын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

– Я.Дашпагма: Манай эмнэлэг 2010 оноос хойш дурангийн хагалгаа хийж байгаа. Харин 2013 оноос хойш нилээд эрчимтэй хийж, “нутагшуулсан” гэхэд болно. Дурангаар гуурсан хоолой, өндгөвч, умайн хавдрын зангилаа авах зэрэг мэс заслыг хийдэг. 2020 оны байдлаар хагалгааны 67.3  нь дурангаар нь хийгдсэн байна. Дурангийн мэс заслын үед, хэвлийн урд хананд 0.5-15 см зүслэг хийж, нүүрсхүчлийн хийгээр хэвлийг хийлээд, эмч дэлгэнцэнд харж хагалгаа хийдэг. Дурангаар хэвлийн хэсэг бүхэлдээ харагддаг учир нь энэ нь маш сайн арга.

– Т.Баярчимэг: УХТЭ-т өндгөвч, гуурсан хоолойн хагалгаа, умайн хоргүй хавдар, цус алдалтын үед хийгддэг умай авах мэс заслууд дурангаар хийгдэж байна. Мөн бага аарцгийн архаг өвдөлт, умайн гаднах жирэмслэлт, бага аарцгийн наалдац, өндгөвчийн уйланхай хагарах, гуурсан хоолойн үрэвсэл, умайн хоргүй хавдар, үргүйдлийн үед ч дурангийн мэс засал хийж байгаа.

– Я.Дашпагма: Дурангийн хагалгааны үед зүслэг маш жижиг хийгддэг. Мөн хагалгааны дараах өвдөлт нь маш бага байдгаараа давуу талтай. Түүнчлэн хөдөлмөрийн чадвар эргэж сэргэхдээ хурдан байдаг.

-Умайн хоргүй хавдрын дараа хими эмчилгээ хийлгэдэг үү?

– Т.Баярчимэг:  Умайн хоргүй хавдрын дараа хими эмчилгээ хийлгэх шаардлага байдаггүй.

– Я.Дашпагма: Хортой хавдрын дараад л хийнэ. Хоргүй үед хийхгүй.

Эх сурвалж: Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг

error: Content is protected !!