LOADING

Type to search

Э.Номин-Эрдэнэ: Амжилтаа тодорхойлохын тулд өөрийгөө танин мэдэх, хүсч буй зүйлээ олох нь чухал

Share

Бид гадаадад суралцахаар зорьж буй залуустаа зориулан гадаадын Их сургуулиудад суралцаж буй оюутан, төгсөгч нарын туршлагаас хуваалцаж байгаа билээ. Энэ удаад Япон улсад суралцаж буй Э.Номин-Эрдэнэтэй онлайнаар холбогдож, туршлагаас нь хуваалцлаа.

– Сайн уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

– Сайн байцгаана уу? Намайг Эрдэнэмөнхийн Номин-Эрдэнэ гэдэг. Одоо Япон улсын  Тоёохашигийн Шинжлэх ухаан Технологийн Их сургуульд Механик инженерийн чиглэлээр магистрийн II дамжаанд суралцаж байна.

– Суралцаж буй хотод нь цар тахлын нөхцөл байдал хэр байна вэ, хичээл нь онлайнаар орж байна уу?

– Байгаа газар маань төв газраас зайдуу тул нөхцөл байдал харьцангуй гайгүй байна. Хичээл танхимаар болон онлайнаар орж байгаа. Харин саяхан халдварын тохиолдол илэрсэн тул танхимын сургалт, лабораторийг түр хугацаанд хаасан. Одоогоор гэрээсээ судалгаагаа хийж байгаа.   

– Яагаад Япон улсыг сонгон суралцахаар болсон бэ?

– Багаасаа Японд суралцах хүсэлтэй байсан. Шинэ Монгол технологийн дээд сургуульд  суралцаж, бакалаврын зэргээ хасгаалсныхаа дараа багаасаа хүсч байснаа биелүүлэхийн тулд наашаа зорих арга замыг хайж эхэлсэн. Магистрийн түвшинд суралцах нь бакалаврийн түвшинд суралцах боломжоос хавьгүй илүү байдаг.

– Ямар тэтгэлэгт, хэрхэн хамрагдсан талаараа зөвлөгөө өгөхгүй юу?

– Тухайн үед Японд суралцахаар ирэх хоёр арга зам байлаа. Нэгдүгээрт, хариуцсан багштайгаа холбогдож, зөвшөөрсөн тохиолдолд японы засгийн газрын тэтгэлэг эсвэл бусад тус сургуулийг ивээн тэтгэдэг байгууллагуудын тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ илгээх. Хоёрдугаарт, Японы засгийн газрын тэтгэлэгт (Момбушо) шалгалт өгөх. Шалгалт өгөх арга замыг сонгосон тохиолдолд хоёр жил ажилласан туршлагатай байх ёстой гэдэг шааардлага тавигдаж байсан. Энэ нь миний хувьд боломжгүй байсан тул сонирхсон сургуулийнхаа багш нартай холбогдож эхэлсэн. Холбогдсон хоёр дахь багш маань зөвшөөрсөн тул сургуулийн зүгээс тавигдсан, шаардлагатай материалуудыг явууллаа. Эхлээд японы засгийн газрын тэтгэлэгт материалуудаа өгөөд тэнцээгүй гэсэн хариу авсан. Гэхдээ шантраагүй. Хоёр дахь удаагаа “Айчи монозүкүри” гэдэг тэтгэлэгт материалуудаа өгч тэнцсэн.

Ерөнхийдөө 3 үе шаттай шалгуур явагдсан юм. Эхлээд сайн CV бичиж багшийнхаа лабораторид суралцах зөвшөөрөл авна. Дараа нь сургуулийн зүгээс миний материалуудыг тэтгэлэгт явуулахад тохиромжтой эсэх шалгаруулалт явуулна. Эцэст нь тэтгэлэгийн байгууллагаас шалгаруулалт явуулна. (Миний материалуудыг Япон дахь сургууль болон дааж авах багшийн зүгээс нэр дэвшүүлсэн захидлын хамт тэтгэлэгийн газрууд руу илгээсэн). Ингээд мастерийн курст элсэн суралцахын тулд Японд ирээд дахин математик, англи хэл, япон хэлний шалгалт өгсөн. Энэ шалгалтанд бэлтэх жишиг материалыг сургуулийн зүгээс өгдөг. Тэндээс нь сэдвээ харж байгаад номын сангаас ном авч, тасралгүй бэлтгэсээр сургуульдаа тэнцсэн дээ.

– Эссэ бичихэд юуг анхаарах хэрэгтэй гэж зөвлөх вэ?

– Эссэнд нь судалгааны төлөвлөгөө болон сурах төлөвлөгөө зэргийг бичиж өгөх ёстой. Энэ нь эхний ээлжинд зөвлөх багшийнхаа судалгааны ажлуудтай холбогдох ёстой.

Мөн хэтэрхий том, зорилго, төлөвлөгөө бичих нь хөндий сонсогдох учраас хийж буй судалгаагаараа бага ч гэсэн зүйлд нөлөөлж, ийм ийм ахиц гаргана гэдгээ энгийнээр тайлбарлаж, дурьдаж өгвөл зүгээр.

Гадны соёлд дасан зохицоход хэр хугацаа зарцуулсан, ямар бэрхшээл тулгарч байсан талаараа хуваалцахгүй юу?  Юу таныг хурцалж байв.

– Гэр бүлээсээ холдож, шинэ орчинд ирээд сэтгэл санааны хувьд хэцүүхэн цаг үе байсан.  Хичээл сургуулийнхаа үйл, ажиллагаа, хөтөлбөртэй сайн танилцаж амжаагүй, шууд гадаад хэлээр хичээлүүдээ үзэх гээд л туршлага дутсан, бүх зүйл шинэ байсан тул анхандаа дүнгийн хувьд ч тааруухан байлаа. Судалгааны сэдвээ сайн мэдэхгүй тул судлах зүйл ч их байлаа. Хэсэг хугацаа өнгөрөөд ирэхээр яваандаа учраа олоод бүх зүйл сайжирсан. Хэрэв гадаадад суралцах гэж байгаа бол нутаг нэгт элгэн садан тааралдвал сайн асууж, зөвлөх хэрэгтэй. Заавал Монгол хүн гэлтгүй хамт суралцаж байгаа оюутнуудаасаа шаардлагатай зүйлсийг цаг алдалгүй асууж, аливаа бэрхшээлээ дор бүр шийдээд явчихвал асуудалгүй. Ядаж л багш руугаа хэрхэн соёлтой майл бичих вэ гэх зэрэг наад захын жижиг гэлтгүй олон зүйлсийг сайн асуугаад хурдан өөрийн болгох хэрэгтэй.  Өөрөө л бүгдийг болгох, асуудлаа шийдчих гээд явалгүй бусдаас тусламж хүсэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.  

Япончууд ер нь бага зэрэг “хаалттай” хүмүүс. Ингэж хэлж байгаагийн учир нь тэд гаднаа эелдэг, гэхдээ дотроо  бүхий л асуудлаа хураадаг дотогшоо хүмүүс. Зарим тохиолдолд таньдаг нөхөртэйгөө мэндлэх үед тоохгүй зөрөх тохиолдол бий.  

Давуу талын хувьд энд үйлчилгээний байгууллагын соёл өндөр, мөн хүмүүс аль болох бусдад саад болохгүйг хичээж, нэгнээ их хүндэтгэдэг.  Хэзээ ч дарааллын урдуур дайрахгүй, буруу зүйл хийсэн бол заавал уучлал гуйх гэх мэт сайн талууд ч олон санагдсан. Энэ нь их таалагдаж байгаа.

-Гадаад оюутнуудад зориулсан ямар давуу хөтөлбөрүүд байдаг вэ?

– Миний суралцаж буй сургуульд магистр, докторын зэргээ хамгаалах бол англи хэлээр суралцаж болно. Япон хэл дээр хичээлүүдээ үзсэн ч англи хэлээр дипломын ажлаа хамгаалах боломжтой.

“Суппортер” систем гэж бий. Энэ нь гадаадаас ирсэн оюутныг бие даан хариуцах оюутанг томилох юм. Тухайн хариуцагч оюутан нь бүтэн жилийн хугацаанд шаардлагатай бичиг цаасны ажил, байранд орох гээд мэдэхгүй, чадахгүй байгаа зүйлд зөвлөх хийнэ. Гадаад оюутнууд их суралцдаг тул тусгайлсан жижиг жижиг хөтөлбөр,  уулзалтууд гэх мэт давуу талууд бий. Тухайлбал, Малайз оюутнууд их байдаг тул тэдэнд зориулсан “халал” хоол заримдаа гаргадаг.

-Тухайн сургуульдаа тэнцэхийн тулд хэр хугацаанд бэлтгэсэн, гадаад хэлээ хэрхэн сайжруулсан туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Өмнө нь Шинэ Монгол ахлах сургуульд суралцаж байсан тул тэнд анх япон хэл сурсан. Их сургуульдаа ороод хоёрдугаар курстээ Япон хэлний N2 түвшний шалтгалт өгөхийн тулд сар гаруйн хугацаанд бэлдсэн. Ингэхдээ ихэвчлэн https://japanesetest4you.com/ сайтыг ашиглан бэлтгэл хийсэн. Ер нь үг цээжлэхдээ өгүүлбэрт оруулж цээжилбэл утга нь сайн ойлгогддог. Иймээс уг тестний сайтаас дан ганц үг цээжлэх биш үгийг өгүүлбэрт оруулсан тестүүд дээр их ажилласан. Ингэснээр үгийн утгыг илүү сайн ойлгож цээжлэх тул мартахгүй. Яваандаа өгүүлбэрээсээ цогцолбор, эх гээд цааш хөгжүүлээд явах боломжтой.

Мөн автобусанд явж байхдаа, гэрээс сургуулийн хооронд алхаж байхдаа чихэвчээ зүүгээд л Youtube сувгаас N2 түвшний сонсголын дасгалуудыг байнга сонсоно. Сонсохдоо үг, өгүүлбэрийг дотроо төсөөлж, асуултуудад дотроо нь хариулдаг байлаа. Ингэснээр сонсголоос гадна хэлний дуудлага маш сайжирсан.

Харин Англи хэлний чадвар маань Yuotube суваг, гадаад хэл дээрх кино зэргийн тусламжтайгаар нэлээд сайжирсан шүү. Хөгжилтэй бичлэг сонирхолтой кино үзэх замаар л суралцсан даа. Хэлийг сонирхож судлах эсвэл шалгалтанд бэлтгэх замаар суралцвал илүү үр дүнтэй.

– Амжилттай оюутан гэж таны бодлоор хэнийг хэлэх вэ?

Өөрийгөө боломжийн амжилттай оюутан гэж мэдрэх нь өөрийгөө мэддэг болох, хүсч буй зүйлээ тодорхойлох л юм даа. Ингэснээр ямар нэгэн зүйлийг хийхэд тулгардаг асуудлуудыг ойлгодог, түүнийгээ хурдан засч, залруулдаг, амархан шантарч, сэтгэлээр унадаггүй болно. Үүнийг би хувьдаа амжилттай оюутан гэж дүгнэдэг.

Анх энд ирэхэд гэр бүлээсээ хол, хэцүү цаг үеийг хэрхэн давахаа мэдэхгүй, өөртөө итгэл муутай байсан. Харин удаан хугацаанд бүхнийг өөрөө шийдэж, биеэ дааж сурснаараа өөрийгөө илүү танин мэдэж, хичээлийнхээ хажуугаар хоббигоо хөгжүүлж, судалгааны ажлуудаа хийхэд тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулах сэтгэл зүйн бэлтгэлтэй болж байгаа нь миний хувьд амжилт. Энэ нь хэдийгээр маш том амжилт биш хэдий ч цаашид илүү ихийг хийж бүтээх, өшөө илүү амжилт гаргах үндэс суурь болж буй мэдрэмжийг авсан.

– Мэдлэг, боловсрол олгох системийг нь ажиглавал онол, практикийг хэрхэн хослуулж байна вэ?

 – Суралцаж буй түвшинийхээ хүрээнд ажигласан зүйлээ хуваалцая. Би бакалаврын түвшинд суурь хичээлүүдээ үзчихээд энд ирээд судалгааны ажилдаа төвлөрч явах ёстой байсан. Гэтэл зарим нэг сэдвүүдийг бакалаврийн сургалтын хөтөлбөрт орхигдуулсан байна. Тухайлбал, орчин цагт хамгийн чухалд тооцогдож байгаа “роботын систем”-ийн үндсэн суурь хичээл, барилгын механикийн чиглэлээр зайлшгүй үзэх шаардлагатай “чичиргээний анализ” зэрэг сэдвүүдийг үзээгүй байх жишээний.  Иймээс эдгээр хичээлүүдийн суурийг богино хугацаанд бие даан нөхөж ойлгох шаардлага гарсан л даа. Онол, практикийг сайн хослуулахаас гадна мэдээж хэрэг туршилт хийх багаж, хэрэгсэл илүү байна.

Эндхийн сургалтын давуу тал нь Их сургуулиуд жижиг дунд үйлдвэрлэгч нартай маш сайн хамтарч ажилладаг. Компаниудын зүгээс Их сургуульд хүсэлт тавьсан судалгааны ажлуудыг оюутнуудаар удирдуулж, хийлгэдэг. Ингэснээр компаниуддаа, ч оюутнууддаа ч хувь нэмэр оруулж байгаа юм.

Оюутнуудын хувьд ч хийх зүйл нь илүү тодорхой болно гэсэн үг. Манайд энэхүү хамтын ажиллагаа дутмаг байдгаас оюутнуудын бичиж буй дипломын ажил цаашид үрг өгөөж муутай болдог юм уу гэж ажигласан. 

– Гадаадад суралцахаар зорьж буй залууст хандаж юу гэж зөвлөх вэ?

– Үнэхээр хүсч буй сургуульдаа суралцаж чадахгүй бол яана гэсэн айдас, сэтгэлээр унах тохиолдлууд байдаг. Гэтэл гадаадад суралцах, шалгалт өгөх нь яг үнэндээ бодож байгаагаас чинь илүү амархан. Өдөр бүр бага багаар хичээгээд л байвал боломжтой зүйл. Харин хамгийн хэцүү зүйл нь тэтгэлэгээ аваад ирсэний дараа суралцах үед ганцаараа амьдарч, бүх зүйлийг шинээр эхлэх, асуудал бүртэйгээ нүүр тулах. Тэр бүгдэд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Орчиндоо дасахын тулд багагүй хугацаа зарцуулах болно. Яваандаа биеэ даах чадвартай болсноор өөрөө өөрийгөө хөгжүүлэх боломж бол нээлттэй.

Цаг гаргасанд баярлалаа.

error: Content is protected !!