No menu items!
HomeОнцлохЦ.Ариунзаяа: Тулай өвчнөөс сэргийлэх гол арга бол хоолны дэглэм баримтлах юм

Ц.Ариунзаяа: Тулай өвчнөөс сэргийлэх гол арга бол хоолны дэглэм баримтлах юм

-

“Эмч зөвлөж байна” булангийн энэ удаагийн дугаарт ТТАХНЭ-ийн дотрын тасгийн ревматологийн их эмч Ц.Ариунзаяатай ярилцлаа.

– Сүүлийн үед хүмүүс тулай өвчнөөр өвдөх нь элбэг болжээ. Энэ нь юунаас болж үүсдэг талаар мэдээлэл өгөхгүй юү?

– Тулай нь цусан дахь шээсний хүчил ихэссэн үед моноуратын натрийн талстууд үений шингэн болон бусад эд эрхтэнд хуримтлагдсанаар үүсдэг үений үрэвсэлт өвчин юм.  

Шээсний хүчил нь хоёр талдаа хурц үзүүртэй талст хэлбэрийн бодис байдаг. Энэ нь хэвийн үед пурин хэмээх бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүний задралаас биед үүсч, бөөрөөр дамжин гадагшлах ёстой. Ер нь цусан дахь шээсний хүчлийн хэмжээ өндөр байх тусам тулай өвчин үүсэх эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг.

Цусан дахь шээсний хүчил ихсэх үндсэн шалтгаан нь генетикийн хүчин зүйл байдаг. Өөрөөр хэлбэл шээсний хүчлийн  эргэн шимэгдэлт  нэмэгдэх юм. Мөн хүчил шээсээр ялгарах нь багасаж, хүний биед их хэмжээгээр хуримтлагдах зэрэг ордог. 

Түүнчлэн таргалалт, артерийн даралт ихсэх, өөх тосны солилцооны алдагдал, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь хүртэл нөлөөлдөг. Шээсний хүчлийн эх үүсвэр болох пурин их хэмжээгээр агуулсан хүнс болох мах, тэр дундаа  дотор махыг их хэмжээгээр хэрэглэх нь цусан дахь шээсний хүчлийн хэмжээг ихэсгэдэг. 

– Тулай өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

– Тулайн үед ихэвчлэн хөлийн эрхий хуруу өвддөг ба өөр бусад үенүүдээр өвдөж болно. Ихэвчлэн шагай, өвдөг, тохой, бугуй, гарын хуруу зэрэг үеийн хамардаг. Өвдөлт эхний 4 – 12 цагт маш хүчтэй байдаг. Үүнийг тулайн дайрлага гэнэ.

Мөн хүчтэй өвдөлт намдсаны дараа зарим үе хэдэн өдрөөс хэдэн долоо хоногийн турш эвгүй, таагүй байсаар байдаг. Тулайн  дайрлагаас хойш удаан хугацааны дараа бусад үенүүд үрэвсэж болно.Түүнчлэн шээсний хүчил хуримтлагдсан үеүд хавдаж, халуу оргиж, улайж, хөндүүрлэнэ.Тулайн явцаас хамаарч үеүдээ хэвийн хөдөлгөж чадахгүй байх талтай.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, мах махан бүтээгдэхүүн  нэг дор их хэмжээгээр хэрэглэх , үений гэмтэл бэртэл авах, мэс засал хийлгэх, архаг хууч өвчин сэдрэх зэрэг нь тулайн сэдрэлийг өдөөгч хүчин зүйлс болдог. Сэдрэл хоорондын үед тулай өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байж болно. 

Тулайн дайрлагыг бүрэн эмчлээгүй тохиолдолд сэдрэл хоорондын хугацаа ойртох, дараагийн сэдрэл илүү удаан үргэлжлэх, шинээр бусад олон үеийг хамрах аюултай. 

Тулай өвчний  архаг үед  тофус буюу шээсний хүчлийн талстууд  үе орчмын арьсан дор хуримтлагддаг. Мөн бөөр болон бусад аль ч эд эрхтэнд хуримтлагдах боломжтой бөгөөд эдгээр эрхтний үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй. 

– Ямар насны хүмүүс энэ өвчнөөр түлхүү өвдөөд байна вэ?

– Тулай өвчний тархалт  дэлхий дахинд эрэгтэй 1000 хүн тутмын 5-70 хүнд , эмэгтэй  1000 хүн тутмын 1-10 хүнд тохиолддог. Ер нь эрэгтэй хүнд илүү элбэг тохиолддог болохыг үүгээр харуулж байгаа юм. 

Энэхүү өвчин нь 40-50 насны эрэгтэй хүнд, 60-аас дээш насны эмэгтэй хүнд (цэвэршилтийн үе) тохиолдох нь элбэг. Гэвч сүүлийн үед залуу насны хүмүүст оношлогдох хандлагатай байгаа.

– Энэ өвчнийг яаж оношилж, эмчилдэг юм бэ. Бүрэн эмчлэгдэх боломжтой юу?.

– Уг өвчнөөр өвдсөн хүн бүр амьдралын хэв маягаа сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй. Үүнд илүүдэл жинг бууруулах, сотгууруулах ундаа, чихэрлэг уух зүйлээс татгалзах, мах далайн гаралтай бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглэхгүй байх зэрэг орно. Мөн тослог багатай сүүн бүтээгдэхүүн хэрэглэж, тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг.

Тулайн сэдрэлийн үеийн эмчилгээг аль болох эрт эхлүүлэх шаардлагатай байдаг. Гэхдээ тухайн хүний онцлог, хавсарсан өвчин, эмийн эсрэг заалт  болон өмнөх эмчилгээнйи үр дүн зэргээс хамааран эмчилгээг сонгодог.

– Эмчилгээний үед ямар дэглэм барих вэ?

– Тулайн дайрлагын үед хөдөлгөөнийг хязгаарлан хэвтрийн дэглэм баримталдаг. Намжмал үе болон архаг тофуст тулайн үед хавсарсан өвчин болох зүрх судасны эмгэг, таргалалт, чихрийн шижин зэргээс сэргийлэх үүднээс тогтмол идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөнө. Тулай өвчнөөр оношлогдсон хүн бүр насан туршдаа хоолны дэглэм баримтлах хэрэгтэй. 

– Тулай өвчин хүндэрвэл ямар, ямар эрсдэлүүд үүсэх вэ?

– Хэрэв тулай өвчинг эмчлэхгүй удвал үений деформамаци үүсч, хөдөлгөөн хязгаарлагдан тухайн хүний хөдөлмөрийн чадвар алдагддаг 

Мөн уратын талстууд бөөрөнд хуримтлагдсанаар бөөрний чулуу үүсдэг. Энэ нь цаашлаад бөөрний үйл ажиллагаа алдагдах, бөөрний дутагдалд хүргэх аюултай. Тулай өвчтэй хүмүүс бусадтай харьцуулахад зүрх судасны өвчин, чихрийн шижин, таргалалт зэргээр өвдөх эрсдэл өндөр байдаг. 

– Энэ өвчний үед ямар хоолны дэглэм барих вэ?

– Хоолны дэглэм нь эмчилгээний хамгийн гол үндэс юм. Хоолны дэглэм баримтлахгүй бол ямар ч эмчилгээ хийсэн үр дүнгүй байдаг. 

Тулай өвчний үед хооллолтондоо дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.  

  • Спиртийн төрлийн уух зүйлээс татгалзах
  • Эмчилгээний явцад эрдэст щүлтлэг ус уух, ногоон цай, байгалийн жимсний ундаа зэргийг хэрэглэх нь уратыг биеэс гадагшлуулдаг. 
  • Амьтны гаралтай өөх тосноос татгалзах. 
  • Хүнсийг аль болох чанаж, жигнэж хэрэглэх.
  • Өдөрт 5-6 удаа бага хэмжээгээр хооллох
  • Сэдрэлийн үед аль болон шингэн хоол идэх. 

– Тулай өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Энэ талаар зөвлөгөө өгөхгүй юү?

– Тулай өвчнөөс сэргийлэх гол арга  бол хоолны дэглэм баримтлах юм. Амьтны гаралтай өөх тос, бага малын мах, дотор мах зэргээс татгалзаж, давсны хэрэглээг багасгах хэрэгтэй байдаг. Өдөрт 1,5-2 литр ус ууж, хэт өлсөхгүй байх нь зүйтэй. Мөн  жимс ногоо болон тослог багатай сүү, сүүн бүтээгдэхүүн  хүнсэндээ түлхүү хэрэглээрэй гэж зөвлөе. Түүнчлэн хорт зуршил болох  согтууруулах ундаа, тамхинаас татгалзах шаардлагатай.Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, таргалалтаас сэргийлж, хэрэв тулай өвчний  шинж тэмдэг илэрсэн бол  цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандан  үзүүлэх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд