No menu items!
HomeОнцлохСэтгэлзүйн хамгийн эгзэгтэй үе 35-50 насанд тохиодог

Сэтгэлзүйн хамгийн эгзэгтэй үе 35-50 насанд тохиодог

-

Сэтгэлзүйчдийн үзэж буйгаар, насанд хүрсэн хүмүүсийн амьдралын хамгийн эгзэгтэй үе бүсгүйчүүдийн хувьд 35, эрчүүдийн хувьд 35-50 насанд тохиодог.

Дунд сургууль, бүр цэцэрлэгийн нас, магадгүй оюутан цагийнх нь мөрөөдөл биелж, тогтсон ажилтай, босгосон амьдралтай, эхнэр, хүүхэдтэй,  ямар нэгэн зүйл, хэн нэгнээр дутаагүй атлаа хоосрохыг мэдрэгсэд. Нэг өдөр, хоёр сараар бус гурван жилээр, эз таарвал түүнээс ч удаан үргэлжилж мэдэх, ухамсартай, ухамсаргүйгээр хүний санаанд багтамгүй шийдвэр гаргуулж чадах хямралтай нүүр тулагсад. Өөрөөсөө хорин насаар дүү охид эргүүлж, эсвэл томоохон компанийн удирдах албан тушаалтны суудлаа орхин хар багаас нь зүүдлэгсээр ирсэн ч идэх хоол, орон байр, хүүхдүүд, эхнэр, амьдралын эргүүлэгт  дарагдаад байсан зураач болох хүслээ дагах гэнэтийн шийдвэр гаргагсад.

Шөнийн дэлгүүрт, замын түгжрэлд, даргын өрөөнд, эмнэлэгт гээд хаа сайгүй нүүр тулж болох дунд насны хямрал. Сэтгэлзүйчдийн үзэж буйгаар,  насанд хүрсэн хүмүүсийн амьдралын  хамгийн эгзэгтэй үе бүсгүйчүүдийн хувьд 35, эрчүүдийн хувьд 35-50 насанд тохиодог бөгөөд үүнийг  “дунд насны хямрал” гэж эвтэйхнээр томьеолдог. Эмэгтэй хүн эрчүүдийг бодвол дундаж насны хямралыг арай амархан давж гардаг гэсэн судалгаа бий. Бүсгүйчүүд олон цагаар үр хүүхэдтэйгээ харилцдаг, ихэнхдээ сэтгэл хөдлөлөө  гаргаж чаддаг, олон найзтай, сонирхлын хүрээ өргөн учраас тэр гэж судлаачид үздэг.

Гэтэл эрчүүдийн хувьд энэ нь эргэлтийн цэг байдаг бөгөөд амьдралынхаа үлдсэн хэсэгт  юу хийх, хэнтэй амьдрахыг тодорхойлдог үе. Ах, эр нөхөр, эцэг тань хөндлөнгөөс ажихад ямар ч шалтгаангүйгээр сэтгэлээр унаж, хямарч, зүй бус  үйлдэл гаргаж, өмнө нь огт анзаараагүй зүйлдээ бухимдаж эхэлбэл хардаж сэрдэж, учир шалтгааныг нь олох гэж шалгаах, сэтгэлзүйчид очихоо  түр азнана уу.

Шилжилтийн насанд шийдээгүй үлдсэн, он жилийн эрхээр түр дарагдаад байсан асуудал амьдралын талыг туулсан хойно сэдрэх тохиолдол олон байдгийг сэтгэлзүйчид баталдаг. 40 настнуудын дийлэнх нь өсвөр насанд амссан зовлон, мөрөөдөл, шархыг дахин мэдрэхдээ дарамтад орж, сэтгэлээр унаж , эхнэрээ орхиж, амьдарч буй хот, ажлаа солих огцом шийдвэр гаргадаг гэнэ. Нөгөө талаас, эцэг эх, хань, найз нөхдийнхөө дүрмийг дагаж олон жил амьдрахдаа залуугийн мөрөөдөл нь сэргэдэг. Алин байлаа ч, тогтсон наснынхны энэхүү үйлдлийг эргэн тойрныхон нь гайхаж, цочиж, шүүмжилж хүлээн авах нь  хямралыг улам даамжруулна. Дундаж насны хямралын үеэр хүний үзэл бодол, үнэт зүйлс, амьдралд хандлага орвонгоороо, эргэлт буцалтгүй өөрчлөгддөг, заримынх нь хувьд ажил алба, хувийн амьдралынх нь өөдлөх цаг хугацаа болдог бол өөр нэгний хувьд уналтын гараа болох нь бий.

Хамгийн хачирхалтай нь, залуу насандаа хүсэн тэмүүлж явсан амжилт, нэр хүнд, эд баялагт хүрснээр дундаж насны хүмүүсийн сэтгэлийн шаналалд автдаг. Олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл шингэсэн амьдралдаа сэтгэл ханах үедээ “Цаашид юу болох вэ? Хаашаа явах вэ? Хэрэв би тэмүүлсэн оргилдоо хүрчихсэн юм бол одоо хаачих гэж? Уруудах зам гэж үү?” гэсэн асуулттай нүүр тулдаг. Хүрсэн оргилоо хэрхэн үлдэх вэ, цаг хором бүрд араас нэхэх залуусаас хоцрохгүй байж чадах уу, миний хүч хүрэх үү зэрэг хариултыг нь харамсалтай нь тэр дор нь олчихож чадахгүй асуултад зарим нь хариулт олж, нөгөө хэсэг нь зугтдаг.

 “Нас бол тоо биш, сэтгэл санааны байдал”. Хэтэрхий танил, үнэмшилтэй сонсогдож байгаа ч жам ёсны эсрэг хэн ч сөрж чадахгүй. Духанд нь суусан үрчлээ, шанааны буурал, унжсан арьс, ундарч байсан эрч хүчний бууралт зөвхөн бүсгүйчүүдийг бус эрчүүдийг чамгүй шаналгадаг. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрөх нь, тэр тусмаа гоо сайхны тогтсон хэмжүүртэй, үүнийгээ бидэнд хайр найргүй тулган, өөрийгөө үнэлэх үнэлэмжид нь нөлөөлж чаддаг өнөөгийн нийгэмд амьдарч буй хүмүүсийн хувьд  сэтгэлзүйн хувьд тийм ч амаргүй. Хааш яаш хувцасладаг, сахлаа тогтмол хусдаггүй эрчүүд гэнэт л өөрчлөгдөж, үсээ будуулж, шүдээ цайруулж, дэгжин хувцас сонговол хачирхах шалтгаан үгүй.

Дундаж насныхны хувьд сэтгэл санаа, физиологийн төдийгүй нийгэмд эзлэх байр суурь нь эрс өөрчлөгдсөн байдаг. Тэд одоо хүүхдээс эцэг эх, өвөө эмээ болж, залуу мэргэжилтнээс удирдах албан тушаалтан болтлоо ахисан. Дийлэнхийнх нь эцэг эх мөнх бусыг үзүүлж, дундаж насныхан асран халамжлагч болох үүрэг хүлээнэ. Нийгэмд эзлэх байр суурийн энэ өөрчлөлтийн дүнд тэд зөвхөн өөрийнхөө төлөө бус, өөр бусдын төлөө хариуцлага хүлээж буйгаа ухамсарладаг. Түүнчлэн амьдрал  тэдэнд “зээл” дахин олгохгүйг ухаарна.

Дээр дурдсан болон хэлэлгүй өнгөрсөн аль ч шалтгаан бай, хямрал бол хямрал. Тэр юугаараа аюултай, хэрхэн даван туулах, эрсдэл дагуулсан өөрчлөлт, тэр өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох талаар сэтгэл судлаачид ийн зөвлөж байна:

-Дундаж насны хямралын үед “Бүх юм бүтэхгүй байна”, “Юуг ч өөрчлөөд утга алга” гэсэн гутранги  үзэл ч, “Бүх юм хэвийн”, “Би залуухан, эрч хүчтэй байна”, “Урьдынхаас өөрчлөгдсөн юм алга” гэсэн өөрийгөө хууралт ч адилхан уршиг дагуулна. Эхний тохиолдолд, хямрагсад бодит байдлыг хараар будаж, сэтгэл гутралаа ялах боломжийг автоматаар үгүйсгэж байгаа бол хоёр дахь тохиолдолд мөн л болж буй бүхнийг ягаан шилээр харж, өөртөө үлгэр, зэрэглээ зохиож байгаа юм. Өөрөөсөө бүү зугт.

– Хийж амжаагүй бүхнийхээ араас харамсахын оронд бүтээснээ үнэл. Амьдралдаа аудит хийж, цаашид юу хийхээ төлөвлөвөл таны хүрсэн оргилын цаана өөр нэгэн шинэ уул бийг олж харна. Алдсан боломж эргэж ирэхгүй, цаг хугацааг хэн ч эргүүлэхгүй гэдэгтэй эвлэрч, байгаагаа дүгнэ, цэгнэ.

–  Эргэн тойронд байгаа хүмүүсээ халамжил, бас хариуцлагыг нь үүрүүл. Хэтэрхий ихийг мөн дээрээ тохоод махран зүтгэх гэсний хэрэггүй. Тэнцвэрийг нь ол.

–  Бүх өндгөө нэг хайрцагт бүү хий. Асуудлыг нэг дор, бүгдийг нь шийднэ гэдэг бүтэшгүй зүйл. Өдөр бүр, сар бүр, жил бүр ямар нэгэн өөдрөг, сайхан зүйл олж харж, тогтоохыг хичээ.

Орчуулсан Х.Инга 

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд