76: УИХ-ын гишүүн Ц.Анандбазар

0
511

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг онцолж байна.

Өнөө хэр дуулианы эзэн, сошиалын “гол дүр” хэвээр байгаа Анандбазарын талаар таагүй мэдээлэл ар араасаа хөвөрсөөр. Улс төрд хөл тавихаас өмнө эрхэлдэг бизнестэй нь холбоотой сөрөг мэдээллүүд, байсхийгээд л хууль цагдаа болоод явчихдаг талаар хэвлэлийн хуудаснаа нэлээдгүй хөвөрсөн. Харин өнөөдөр төрийн сэнтийгээс түүний ёс зүйн асуудал яригдаж байна. Бэлгийн дарамттай холбоотой “халуун” сэдэв охид, эмэгтэйчүүд гэлтгүй нийт иргэдийн дунд гал мэт газар аваад буй. Харин төрийн суудалдаа шигдсэн гишүүн гол асуудлынхаа талаар ус балгасан мэт л байна. Харин ч тэрбээр галын дөлд цучил нэмэн өөрийнх нь эсрэг гэж хэлж болохуйц “Metoo” хөдөлгөөнд нэгдэж буйгаа зарлааад буй.  Хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхийг нь тогтоогоогүй байхад энэ талаар олон үг нурших нь илүүц биз ээ. Асуудлын гол нь хэн нэгэн иргэний мэдээлэлдээ ч биш “бэлгийн дарамтад орсон 1,000 гаруй эмэгтэй захидал илгээлээ” гэдэг л зүйл.

Ц.Анандбазар гэж чухам хэн бэ, түүний талаар товчхон танилцуулья.   

“Сод Монгол”-оор овоглосон түүний бизнесийн карьер 1996 оноос эхлэлтэй. Утга зохиолын салбараас бизнесийн салбарт “урвасан” тэрбээр өдгөө тэргүүн бизнесменүүдийн нэгд зүй ёсоор тооцогдоно. 1999 онд байгуулагдаад гурван жил болж байсан “Сод Монгол” групп компанид анх ажилтнаар орсон ч богинохон хугацаанд Ерөнхийлөгч нь болон дэвшсэн гэдэг. Сэтгүүлч, орчуулагч, эрхзүйч мэргэжилтэй тэрбээр 1994-1996 онуудад “НИК-ЭЛЧ” сонинд ерөнхий эрхлэгчээр ажилласан. Энэ хугацаанд мөн МУИС-д эрхзүйч мэргэжлээр суралцаж төгссөн. Харин тэр цагаас хойш мэргэжлээрээ ажиллаагүй. Төрийн соёрхолт яруу найрагч З.Дорж, нэрт эрдэмтэн Ш.Гаадамба нартай удам судраараа холбогдох тэрбээр хүүхэд байхын л шүлэг тэрлэдэг, номын хуудсыг шимтэн эргүүлдэг нэгэн байжээ.  

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Соёлын сайдаар ажиллаж байх үед түүний шадар туслах байсан Ц.Анандбазар Москвад Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд төгссөн. 2000 оны УИХ-ын сонгуулийн үеэр эрх баригч хүчинд ихээхэн хандив өргөж байсан гэх. Улс төрийн карьераа ч мөн МАХН-ын дарга Н.Энхбаярын зөвлөхөөс эхлүүлж байсан. Тэрбээр 2008 оны орон нутгийн сонгуулиар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН-аас нэр дэвшин СХД-ээс өрсөлдөж НИТХ-ын төлөөлөгч болсон. Гэвч НИТХ-ын төлөөлөгчөөр 4 жил ажилласан.

“Олон нутагтай хүн”

2012 оноос хойш УИХ-д нэр дэвших бэлтгэлээ хангасан тэрбээр ээжийнхээ төрсөн нутаг Булганаас нэр дэвшин өнгөрсөн оны сонгуульд ялалт байгуулсан билээ. Өмнө нь аавынхаа төрсөн нутаг Дорнын шаргал говиос УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч бүтэлгүйтсэн. Түүнийг МАН-ын Бага хурлаас нэр дэвших эрхийн мандатаа авахад нь АТГ-ынхан баривчилсан байдаг. Улмаар урьдчилан хорих төвд цагдаж байгаад сонгуулийн дараа ямар ч ял зэмгүй суллан явуулсан. Үүнийг зөвхөн сонгуулийн шоутай холбон тайлбарладаг бөгөөд “Намын бага хурлын шийд гарч ялагдсандаа хорсож, хэзээний луйвартаа гаршсан эрх мэдлийн төлөө хэнийг ч золисолж чадах нам нэгт Ж.Батсуурь, худал хуурмаг амлалт, төр түвшин царайгаараа үнэн төрхөө нуун дарагдуулсан нутаг нэгт Я.Батсуурь нар зохион байгуулж байна” хэмээн шороноос илгээсэн захидалдаа дурьдсан байдаг. Дараа нь Улаанбаатар хотоос Төрийн хаалгыг татахаар хүч үзэж байсан.

“Сод Монгол” & монополь

Түүнийг бид “Сод Монгол” группын Ерөнхийлөгч гэдгээр нь сайн мэднэ. Тэгвэл бизнестэй холбоотой хэдэн баримтыг дурьдя. Өдгөө 2000 гаруй ажилтантай “Сод Монгол” групп өөрөөсөө 14 охин компани төрүүлж, улсын төсөвт жилдээ 100 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлж ирсэн. 2015 оноос хойш 60 гаруй төрийн байгууллагад нийт 160 тэрбум төгрөгийн шатахууныг “Содмонгол” групп дангаараа  нийлүүлжээ. 2020 онд гэхэд төрийн 36 байгууллагад 57 тэрбум төгрөгийн шатахуун нийлүүлсэн байдаг. Энэ томоохон группын талаар саар мэдээллүүд сайнаасаа их. “Сод Монгол” групп нь 2001-2002 онд татварт ногдох орлогоо нуусан нь 152 сая төгрөгийн орлогын албан татвараас зайлсхийсэн явдал байв. Энэ хууль бус үйлдэл нь ТЕГ, Мөрдөн байцаах газрын шалгалтаар нотлогдсон аж.

2010 онд ОХУ-аас шатахуун импортолдог компаниудаас зөвхөн “Сод Монгол” групп МИАТ-д онгоцны шатахуун нийлүүлэх дархан эрхийг эдэлж байв аа. Тэгэх тэгэхдээ зах зээл дээр онгоцны шатахууны ханш тонн тутамд 710 ам.доллар байхад МИАТ компанид 1065 ам.доллараар шахдаг байсан нь нэлээдгүй шуугиан тарьсан. Мөн нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх III төрөх газрын ойролцоо, Яаралтай түргэн тусламжийн төвийн хашаанд шатахуун түгээх станцаа байрлуулж, хэл ам болж байсан нь саяхан.

Соёлын төв өргөөг эзэмшилдээ авч, “Сод Монгол” группийн эзэмшил хэсгийн подвалийг ухаж, суурь ханыг нь нураан даацын баганыг нь хөндөж гараж барьснаас болж Театрын музей нурахад хүрсэн гээд дурьдаад байвал их…

Шатахуун нийлүүлэлтийн талаар өрсөлдөгчгүйгээр ганцаараа монополь эзэмшил тогтоосон байж болошгүй бас нэгэн мэдээлэл бий. Учир 2018, 2019, 2020 онуудад “Сод-Монгол” групп нь Дулааны гуравдугаар цахилгаан станцад өндөр үнийн дүнгээр шатахуун нийлүүлж байв.

Төрд заларсан шинэхэн гишүүн

Парламентад мал аж ахуй, бэлчээр, газар тариалан ярьдаг гишүүд тун цөөхөн. Түүний нэг нь Анандбазар. УИХ-аар хэлэлцэх хөдөө аж ахуй, малчидтай  холбоотой асуудалд идэвхитэй оролцдог тэрбээр Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг ТББ-ын тэргүүнээр 2013 оноос хойш ажиллаж буй. УИХ-ын гишүүн болмогцоо  Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих зорилготойгоор УИХ-ын гишүүдийн лобби бүлгийг санаачлан байгуулсан бөгөөд хурлын үеэр”Малчдыг дэмжих төрийн бодлого дутмаг байна” хэмээж байв.

Байргүй, машингүй саятан

Ц.Анандбазарын нийт орлого 336 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 60 сая бол 569.2 сая төгрөг бүхий хурдан удмын адуу болон малтай, 250 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ. Мөн гадаадын банк санхүүгийн байгууллагад 2.7 тэрбум төгрөгийн  хадгаламжтай бөгөөд дотоодын банкинд хадгаламжгүй гэжээ.

Тэрээр Сод Монгол Групп ХХК, МэргэВан ХХК, Алханатрейд ХХК, Шинэ Соёмбо ХХК, Эс Эм Жи Ойл энд Газ ХХК, Сайншанд Рефайнери ХХК, ШТС ХХК, Бэрс-Дизайн ХХК, Сод Монгол Газ ХХК, Эрдэнэт ОЙЛ ХХК-д 47.5-95 хүртэлх хувийн хувьцаа эзэмшдэг. Хамийн хачирхалтай нь тэрбээр байргүй, машингүй хэмээн ХОМ-тээ мэдүүлсэн байдаг.