Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэгийн онцлох гэрэл зургууд

0
2036

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэгийг хүмүүс “Жинжиймаа”, “Надаар тоглосон хайр”, “Бооцоо” зэрэг тайз, дэлгэцийн бүтээлүүдээр нь сайн мэдэх билээ. Түүнийг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж байна.

Жүжигчин Д.Ганцэцэг 1979 онд төрсөн. Тэрээр хамгийн анх УДЭТ-ын тайзнаа “Бооцоо” жүжигт тоглож байжээ. Д.Ганцэцэг “Их сургуулиа төгсөөд хамгийн анх “Бооцоо” жүжигт тоглож байлаа. Түүнээс хойш хоёр жил театрт дагалдан хийсэн дээ” хэмээн ярьсан байдаг.

“Надаар тоглосон хайр” жүжигт тоглож байх үеийн гэрэл зураг. Тэрээр “Надаар тоглосон хайр” жүжиг бол УДЭТ-т орсон залуу уран бүтээлчдийн нийлж хийсэн анхны бүтээл. Мөн миний анхны гол дүр байлаа” гэжээ. Жүжигчин Д.Ганцэцэг УДЭТ-т ажиллаж байхдаа “Цахлай”, “Хар санаа, хайр сэтгэл”, “Эр хүн болгож өгөөч”, “Атга нөж”, “Гамлет”, “Тэнгэрийн хүү” “Зуны шөнийн зүүд” зэрэг алдартай уран бүтээлүүдэд дүр бүтээж байжээ.

2003 он. Үзэх бүрд л үзэгчдийг уярааж, уйлуулдаг кино бол яах аргагүй “Жинжиймаа”. Жүжигчин Д.Ганцэцэг тус кинонд Хонгорзул хэмээх охины дүрийг бүтээсэн байдаг. Энэ нь түүний анхны дэлгэцийн бүтээл юм.

2009 он. Тэрээр Тунгалаг бүсгүйн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Зүүдний үргэлжлэл” хэмээх кинонд тоглож байжээ.

2012 он. Түүнийг хоёр сайхан хүүтэй гэдгийг хүн бүр мэдэх билээ. Жүжигчин Д.Ганцэцэгийн том хүү 2012 онд “Гамлет” жүжгийн Гамлетын бага насны дүрийг бүтээж байжээ.

Түүнчлэн “Зангараг”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” зэрэг кинонуудад тоглосон ажээ. Харин түүний бага хүү нь “Халуун зүрх” кинонд нь тоглосон байдаг.

2013 он. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглов. Энэ киноны зохиолыг жүжигчин Д.Ганцэцэг өөрөө бичсэн гэдэг.

Мөн энэ үед тэрээр “Гэгээн муза”-д Моно драм буюу ганц хүний жүжгийн төрлөөр нэр дэвшин алтан цомын эзэн болжээ.

2014 он. УДЭТ-ын жүжигчин байсан МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар өрх тусгаарлаж, “Хувьсал продакшн”-д харьяалагдаж байсан. Тэдний хамтран ажилласан хоёр дахь уран бүтээл нь “Зүрхээр наадагч” уран сайхны кино билээ.

2016 он. “Атганд үлдсэн эрдэнэ” кинонд тоглов.

2017 он. “Миний нууц” кинонд туслах дүр бүтээжээ.

2019 он. Д.Ганцэцэг “Отгонтэнгэр” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсжээ.

Мөн тэрээр жүжигчин А.Ганчимэгтэй хамт “Аримун” продакшныг байгуулж, “Халуун зүрх” уран сайхны киног үзэгчдэд толилуулжээ. Тэрээр уг бүтээлээ ханьдаа зориулан хийсэн гэдгээ хэлж байсан юм.

2021 он. Тэрээр “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэгт оролцож байгаа билээ.