LOADING

Type to search

Ж.Байгалмаа: Эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан тохиолдол тодорхой хэмжээгээр бүртгэгдэж байна

Share

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа хатуу хөл хорионы үр дүн хэзээ гарах талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрээр “Хатуу хөл хориог ямар хугацаагаар тогтоохоос үр дүн хамаарна. Хөл хорио тогтоосноос хойш өвчлөл саардаг. Өнөөдөр 800 гаруй тохиолдол батлагдаад байгаа нь нууц үеийн хугацаагаар тооцвол 4-6 хоногийн өмнө халдвар авсан хүмүүс юм. Тэгэхээр хөл хорионы үр дүнг харах хараахан болоогүй байна. 

Халдварын тоо, эндэгдлийг бууруулах нь хөл хорионы хугацаанаас хамаарна. Мөн хугацаанаас гадна дархлаажуулалт гэх мэт авах арга хэмжүүнүүд нь чухал байдаг. Бид тодорхой хэмжээний тооцооллыг хийгээд явж байгаа. Эхний ээлжинд 15 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод, дархлаажуулалт 70 хувьтай байх юм бол халдварын явц ямар байхыг хараад үзвэл өдөрт бүртгэгдэх халдварын тоо ялимгүй буурч байна. Ингээд цаашдаа 15 хоногийн хөл хорионы дараа халдварын тоо буцаад өсөхөөр харагдаж байгаа. Хэрэв 28 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод, дархлаажуулалтын ажлаа эрчимжүүлж, дархлаа тогтоц 70 хувьд хүрвэл ойролцоогоор долоодугаар сарын эхэн гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 20-10-аас доош орох тооцоолол хийгээд байна. Гэхдээ өвчлөлийн нөхцөл байдал өдөр бүр өөрчлөгдөж байгаа тул тооцоолол дагаад өөрчлөгдөөд явна.

Хөнгөн өвчилсөн хүмүүст дархлаа дэмжих С, Д витаминыг өгч байгаа. Харин хүнд хүмүүст вирусын эсрэг эмчилгээ хийж байна” гэсэн юм.

Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 0-18 насны хэчнээн хүүхэд Covid-19 цар тахалд өртсөн бэ. Биеийн байдал нь хүндэрсэн тохиолдол бий юу. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Өнөөдрийн байдлаар 0-18 насны 3318 хүүхэд Covid-19 цар тахалд өртсөн. Энэ нь нийт өвчлөлийн 20 хувийг эзэлж байна. Тэдний 2869 буюу 86 хувь нийслэлд бүртгэгдсэн бол 427 нь орон нутагт, 20 тохиолдол зөөвөрлөгдсөн. Одоогоор эмчлүүлж буй хүүхдүүдийн тоог хэлэх боломжгүй, аав ээжтэйгээ эмчлүүлж байна.

-Хүүхдүүдээс Covid-19 илрүүлэх PCR шинжилгээ авч байгаа юу. Аль эсвэл өөр арга хэлбэрээр оношилж байна уу?

Хүүхдүүдээс PCR шинжилгээ авч байна. Тухайн хүүхэд гэр бүлийн ойрын хавьтал болсон тохиолдолд шинжилгээг заавал авна. Гэхдээ 0-1 хүртэлх насны хүүхдүүдээс залгиурын сорьц авдаг. Ихэнх тохиолдолд нярай, бага насны хүүхдүүдээс сорьц авахгүй байхыг хичээж байна. Харин 1-ээс дээш насны хүүхдүүдээс амны хөндийн буюу залгиурын сорьц авч байна.

Covid-19 цар тахалд өртөж, гэртээ нас барсан тохиолдлууд бий юу. Халдварын улмаас нас барсан хүмүүсийг хэрхэн хөдөөлүүлж байна вэ?

-Сүүлийн өдрүүдэд нас баралтын тоо эрс нэмэгдэж, гэртээ халдвар оношлогдохоос өмнө эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан тохиолдол тодорхой хэмжээгээр бүртгэгдэж байна. Нийслэлийн онцгой комисс, “Буян” ХХК-тай гэрээ байгуулсан. Эмнэлгийн гадуурх нас баралтад “Буян” компанитай гэрээ байгуулж, нас барсан хүний цогцсыг тусгай зориулалтын уутанд битүүмжлэн, тус компанийн зориулалтын цогцос хадгалах байрт хадгалж, оршуулгын зан үйл үйлдэж байна. Оршуулгад ар гэрийнхнээс нь аль болох цөөн тоогоор буюу 30 хүртэл хүнийг хамруулсан, гар хүрэхгүй байдлаар салах ёс гүйцэтгэх зэргээр нутаглуулах зан үйлийг хийж байна. Ер нь эмнэлэгт нас барсан тохиолдолд Эрүүл мэндийн сайдын 412 тоот тушаалын дагуу эмнэлгийн мооргт цогцсыг хадгалж, зориулалтын дагуу битүүмжилж чандарлах болон уламжлалт зан үйлээр оршуулж болно.

-Хөл хорио тогтоосноос хойш хэд хоногийн дараа халдварын тохиолдол буурах вэ. Дахин хөл хорьсон нь үр дүнгээ өгөх үү. Хугацааны хувьд хөл хорио тогтоох тохиромжтой цаг нь мөн үү. ХӨСҮТ-өөс 15 хоногийн хөл хорио сунгах санал өгсөн үү. Аль эсвэл өөр арга хэмжээ авах санал гаргасан уу?

Хатуу хөл хорионы хугацаанаас хамаарч тухайн өвчлөл цаашид буурах уу, аль эсвэл бага хэмжээгээр саарах нөлөөлөл нь гарна. Мэдээллийн эхэнд дурдсанаар 15 хоногийн хөл хорионы дараа өвчлөл ялимгүй буурах дүр зураг харагдаж байна. Өвчлөл буурсны дараа дахин халдварын давалгаа харагдаж байна. Улмаар өвчлөлийн дэгдэлт долдугаар сарын сүүлээр буурахаар ажиглагдаж байна. Хэрэв 28 хоногийн хөл хорио тогтоож, дархлаа тогтоц 70 хувьтай байвал долдугаар сард халдварын тохиолдол эрс буурахаар байгаа юм. Дунджаар тавдугаар сарын 8-нд халдварын тохиолдол эрс буурах тооцоолол харагдаж байна. ХӨСҮТ-өөс аль болох урт хугацааны хөл хорио тогтоох санал гаргаж байна. Бид өвчлөлийн тоогоо түр зуур бууруулах уу, аль эсвэл эрүүл мэндийн салбараа амьсгаа авах хэмжээнд барих уу гэдэг хоёр л дүр зураг харагдаж байна. Тэгэхээр хөл хориог урт хугацаанд тогтоох тусам үр дүнтэй.

-Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын хэчнээн эмч, ажилтан Covid-19 цар тахалд өртөөд байна вэ. Ялангуяа төрөх эмнэлгүүдийн эмч, ажилчид халдварт өртсөн тухай мэдээлэл байна уу?

-Халдварын нөхцөл байдлыг долоо хоног бүрээр тоймлон гаргадаг. Хамгийн сүүлийн нөхцөл байдлыг дөрөвдүгээр сарын 11-нд гаргасан. Тухайн өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 3791 эрүүл мэндийн ажилтан халдварт өртсөн байна. Эдгээр хүмүүсийн 60.7 хувь нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа халдварт өртсөн. Бусад 124 нь буюу 31.2 хувь нь гэр бүлийн гишүүд, найз нөхөд, эмнэлгийн бус орчноос халдварт өртсөн. Эрүүл мэндийн ажилтнуудын мэргэжлийн төрлөөр авч үзвэл 60 хувь нь сувилагч, эмч нар. Халдварт өртсөн сувилагчид 33 хувь, эмч нар 28 хувийг тус тус эзэлж байна.

Covid-19-ийн хөнгөн болон хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүст ямар эмчилгээ хийж байна вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

Хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүс вирусийн эсрэг эм уух шаардлагагүй. Гэрээр тусгаарлагдсан иргэд дархлаа дэмжих витамин С, D тодорхой тунгаар уух хэрэгтэй. Хэрэв хүнд болон хүндэвтэр тохиолдолд вирусийн эсрэг эмчилгээ хийнэ. Биеийн байдлаас шалтгаалан вирусийн эсрэг эмчилгээ уулгах, эсвэл тарих уу гэдгийг эмнэлзүйч эмч нь хариуцна. Маш хүнд өвчтөнүүдэд вирусийн эсрэг болон гормоны эмчилгээг тариагаар, мөн антибиотик эмчилгээг хавсарч өгч байгаа юм.

Covid-19 цар тахалд өртөж эмчлүүлсэн иргэд эмнэлгээс болон гэрийн тусгаарлалтаас гарсан ч эргээд сөрөг үр дагавар гарах уу. Энэ талаар судалгаа бий юу?

-Халдвараар хөнгөн болон шинж тэмдэггүй өвчилсөн иргэдэд эргээд гарах сөрөг үр дагавар нь харьцангуй бага гэсэн судалгаа байна. Сүүлийн үед дэлхий нийтэд хийгдэж буй судалгаанд, хүнд болон маш хүнд өвдсөн хүмүүст уушгины сорвижилт үүсэх, сэтгэл гутрал, удаан хугацаанд ядрах шинж тэмдэг илэрч байна. Монгол Улсын хувьд эмчлүүлж гарсан хүмүүсийн хувьд эмнэлзүйн явц ямар байсан, ямар эмчилгээ хийсэн талаар судалгаа хийхээр өвчний түүхээ цуглуулж, судалгаануудыг эхлүүлсэн байна. Цаашид эмчлүүлээд гарсны дараа ямар үр дагавар гарах талаар судалгаа одоогоор хийгдээгүй.

error: Content is protected !!