No menu items!
HomeХүмүүс“Чи ч бас нутагтаа од шүү дээ”

“Чи ч бас нутагтаа од шүү дээ”

-

“Гэрлэж амжаагүй явна”, “Сувраган цэнхэр уулс”, “Жинжиймаа”  зэрэг олон сайхан киноны дүрүүдээрээ үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн жүжигчин, монголын сайхан бүсгүйчүүдийн нэг Н.Батцэцэгийг энэ удаагийн “хүмүүс” буландаа онцолж байна.

   Үзэгч олонд алаг нүдэн гэгдэх түүний жүжигчний гараа 1974 онд “Эх бүрдний домог” киноны Нарангарвуугийн дүрээр эхэлжээ. Энэ үедээ тэрээр МУИС-ийн орос хэлний орчуулагчийн ангид сурдаг байж. 18 настай түүнийг Гавьяат жүжигчин М.Бадамгарав олж харснаар Монголын кино урлаг хэмээх том айлд хөл тавьжээ.   Нэгдүгээр курст байхдаа “Эх бүрдийн домог”, дараа нь “Дэгдээхий нас”, “Хүний амь”, “Суварган цэнхэр уулс”, “Тойрох хуудас” зэрэг кинонуудад тоглож, “Дэгдээхий нас”, “Суварган цэнхэр уулс” зэрэг кинонуудад гол дүр бүтээсэн байна.

    Бага насанд нь аав нь цасан охины хувцас өмсүүлж гэзгийг нь сүлжиж өгчихөөд ихэд магтан “Сүүний үнэр шингэсэн”-ээ дуулаарай хэмээн өхөөрдөн дуулуулдаг байсан нь урлагт сонирхолтой болгох анхны гарааг нь тавьж өгсөн төдийгүй урлагт ойр нэгэн болж төлөвшихөд үргэлж дэмждэг эцэх эх нь ихээхэн тусалжээ.

    Тэрээр 1957 оны тавдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод Ц.Нацагдоржийн гэр бүлд айлын тэрсхэн таван хүүхдийн ууган охин болон мэндэлжээ. Эцэг, эх хоёул Эдийн засагч мэргэжилтэй. Ээж Б.Цэрэнлхам залуудаа Драмын театрын жүжигчин байсан бөгөөд “Кремлийн цаг”, “Эмч нар”, “Тожоо жолооч”, “Санасан ёсоор болтугай” зэрэг жүжгийн гол дүрийг бүтээсэн нэгэн. Авга ах Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Эрдэнэбат юм. “Арав дахь хавраа үдье”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” зэрэг дууг зохиосон гэдгээр нь андахгүй. Ийнхүү тэрээр урлагийн удамтай нэгэн юм.

Түүний аав, ээж нь тусдаа амьдрах болсон ч Батцэцэг охин төрснөөс өөрцгүй сайн хуурай аавтай болсон гэдэг. Түүний “пап” Ц.Хасбаатар нь хэл бичгийн ухааны доктор, СГЗ орчуулагч юм. Тэрээр охиндоо тайз, дэлгэцийн мастеруудын бүтээлээс уншиж өгөхөөс эхлээд урлагийн тоглолт, жүжиг үзүүлдэг байж.

  Түүний бага нас 40, 50 мянгатад өнгөрсөн. Нийслэлийн Зургадугаар дунд сургуулийг төгссөн бөгөөд эдийн засагч Н.Дашзэвэг, жүжигчин, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар нартай нэг ангид байснаараа одоо ч бахархдаг хэмээв. Ангийн найз Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатартайгаа “Хүний амь”, “Суварган цэнхэр уулс” гээд хэд хэдэн уран бүтээлд хамтарч ажилласан байдаг.

   МУИС-ийг 1979 онд төгсөөд “Монгол кино үйлдвэрт” дагалдан жүжигчнээр орж, 1982 онд мэргэжлийн жүжигчний үнэмлэхээ гардан авав. Кино үйлд­вэрт ажиллахын зэ­рэгцээ 1984 оноос Монголын ра­диогийн “Бага үд” хө­төл­бөр, телевизийн “Урын сан” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж эхэл­сэн байна. “Нууц эзний эрэлд”, “Намрын дуун” зэрэг радио жүжиг, “Аянгын гялбаа” хэмээх телевизийн жүжигт ч тог­ложээ.

1981 онд Югославын “од” Гойко Митичтэй хамт “Газарчин” кинонд хамтран тоглосон тухайгаа тэрээр “Югослав гаралтай Германы Дефа студитэй ажилладаг Гойко Митич тэр үед индианы цуврал кинонууд болох “Хэлмэгдсэн омгийнхон”, “Опачи” зэрэгт тоглоод Монголд их танигдсан алдартай жүжигчин байлаа. Би анх их сүрдсэн. Хоёр талын найруулагчид гол дүрийн жүжигчдээ дагуулж ирээд анх танилцацгаасан. Тэгээд зураг авалтын явцад дасаад их дотно найзууд болсон доо. Манай Гойко оросоор их сайхан ярьдаг. Зургийн завсар чөлөөгөөр надаас их юм асууна. “Танай монголчууд охидоо гадаад хүнтэй суулгах дургүй гэл үү? Бас хүүхдийнхээ гэрлэлтийг ээж аав нь зөвшөөрөхгүй бол суудаггүй гэсэн үнэн үү” гээд л асууна. Заримдаа Гойко усны машины жолоочийн кабинд суугаад тарвага эргүүлээд явчихсан байдагсан. Биднийг Германд очиход сүйд болсон. Германд нээлтээ хийх үед очиход миний дүрд их бүдүүн дуутай хүүхэн дуу оруулсан байсан. Би “Чамайг Монголд байхад ийм од гэж мэдээгүй” гэхэд надаар тоглоод “Чи ч бас нутагтаа од шүү дээ” гээд инээж байсан. ”

  Ийнхүү тэрээр жүжигчний амьдралд эргэлт буцалтгүй орж “Эх бүрдийн домог”, “Дэгдээхэй нас”, “Жинжиймаа”, “Суварган цэнхэр уулс”, “Гэрлэж амжаагүй явна”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” зэрэг 30 гаруй киноны гол дүрд тоглосон билээ. Мөн “Үгүйлэн санана” нэвтрүүлэг, “Америк дахь монголчууд” 100 сурвалжлага, “Монголын шилдэг гэр бүлүүд” цуврал зэрэг цуврал нэтрүүлгүүдийг бэлтгэжээ. Мөн жүжигчний мэргэжлийг сонгосон, сонгох гэж байгаа залуучуудынхаа хүсэлтээр “Жүжигчин ба Би” нэртэй ном бүтээжээ.

Хүүхэд байхаасаа л киног нүд цавчилгүй шимтэн зэж байсан тэрээр өөрийгөө тэрхүү дэлгэцээр гарна хэмээн мөрөөдөж, урлагт их дуртай хэдий ч кинонд  гардаг хүмүүсийг тэнгэрээс заяасан авьяастай хүмүүс гэж боддог байж. Гэсэн хэдий ч монголын алтан үеийн сор болсон уран бүтээлчдийн нүдэнд өртөж, хамт кинонд тоглоно гэдэг тийм ч амар олдох тохиол биш биз ээ.   Түүний авьяас хөдөлмөрийг үнэлж 1982 онд VII таван жилийн гавшгайч цол тэмдэг, 1983 онд МХЗЭ-ийн ТХ-ны “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медаль, 1984 онд “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, 1996 онд “Соёлын тэргүүний ажилтан”, 2000 онд Алтан гадас одонгоор шагнажээ.

1986 онд насны хань О.Машбаттайгаа учиржээ. О.Машбат нь Москвагийн Театр урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангийг төгссөн уран бүтээлч бөгөөд ажлын гараагаа Улсын циркийн уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар эхэлсэн. Тэд хоёр сайхан хүүтэй.

1991 он хүртэл Цирк болон Кино үйлдвэрт ажиллаж байгаад “Өргөө” циркийн бүрэлдэхүүнд багтан Герман, Польш улсад таван жил ажилласан юм. 1996 оноос хамтран “Монголжин” студийг байгуулав.

О.Машбат 2000 онд “Зүүдэнд ирсэн хонгорхон эжий”, “Жинжиймаа” 2002, “Мэлмий”, “Сийлэн бөөр”, “Вансэмбэрүү”, “Хэен Хуар зэрэг есөн киног найруулсан.

“Зүүдэнд ирсэн хонгорхон эжий” кинонд хүү М.Ивээл дүр бүтээсэн байдаг. “Хүү маань “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” кинонд тоглосныхоо дараа “Вансэмбэрүү”, “Цагаан сүүний домог” кинонуудад бас дүр бүтээсэн. Намайг киноны натур дээр байхад аавтайгаа ирэх үед, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулагч харчихаад “танай М.Ивээл их сэргэлэн хүү шүү. Хүүтэй чинь ярьж үзлээ. Цагаан сүүний домог кинондоо тоглуулмаар байна” гэж хэлсэн.Тэгээд л хүүтэйгээ хамт хоёр дахь кинондоо тоглож билээ” хэмээв.

2005 онд гэр бүлээрээ АНУ-ийг зорьсон бөгөөд том хүү М.Бишрэл нь  Чикагогийн их сур­гуулийг төгссөн бол бага хүү М.Ивээл нь Колумбын их сургуульд кино найруулагчаар сурчээ. Хөвгүүд нь хамтран “Mashbat Brothers Film”-ыг байгуулсан.

Миний хүү Ивээл кинонд тоглохоосоо илүү кинонд найруулах сонирхолтой байсан. Америкт кино найруулагчийн ангийг төгсөж ирээд “Цэн тогоруу” нэртэй анхныхаа киног найруулж “Улаанбаатар олон улсын кино наадам”-ын тэргүүн байрын шагналыг хүртсэн. Хүүгийнхээ найруулсан кинонд би проддессараар нь ажиллаад тус кинонд туслах дүр бүтээсэн. Би хүүгээ “Цэн тогоруу” кинонд найруулагчаар ажиллаж байхад миний анх кинонд тоглож байсан үеийн дурсамж сэдрээд их сайхан санагдсан.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд