No menu items!
HomeОнцлохГ.Мөнхтуяа: Чихрийн шижингийн эмчилгээний 80-90 хувь нь хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн

Г.Мөнхтуяа: Чихрийн шижингийн эмчилгээний 80-90 хувь нь хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн

-

Энэ удаагийн “Эмч зөвлөж байна” буланд УНТЭ-ийн ДШСДТ-ийн сургагч багш, НЭМУ-ы магистр Г.Мөнхтуяа оролцож, чихрийн шинжин өвчний талаар дараах зөвлөгөө мэдээллийг өглөө.

-Чихрийн шижин юунаас болж үүсддэг юм бэ, I,II хэлбэрийн гол ялгаа нь юу вэ?

-Хүмүүс уг өвчнийг чихэр, сахартай холбож ойлгоод байдаг нь буруу. Энэ нь нүүрс усыг зохицуулж байдаг дааврын үйл ажиллагаатай холбоотойгоор үүсдэг бодисын солилцооны эмгэг юм. Чихрийн шижин гэдэг нь  инулины харьцангуй болон туйлын дутагдлын улмаас цусан дахь сахар хэвийн хэмжээнээс ихсэж улмаар их уух, их шээх хам шинжээр илэрдэг удаан явцтай ужиг бодисын солилцооны  эмгэг. Чихрийн шижин нь дотроо хэд хэдэн хэлбэртэй.

  • Чихрийн шижин хэв шинж 1
  • Чихрийн шижин хэв шинж 2
  • Бусад шалтгаант чихрийн шижин
  • Жирэмсний үеийн чихрийн шижин 

Эдгээрээс хамгийн элбэг тохиолддог нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин юм. Чихрийн шижин хэв шинж 1 нь бага залуу насанд нийтлэг тохиолддог. Энэ үед нойр булчирхайн инсулин даавар маш бага ялгарах эсвэл огт ялгаралтгүйн улмаас цусанд глюкоз ихсэдэг. Тийм учраас I хэлбэрийн чихрийн шижингийн үед байнга гаднаас инсулин орлуулан тарих эмчилгээ хийгддэг.

2 хэлбэрийн чихрийн шижингийн үед нойр булчирхайгаар инсулин хангалттай ялгарч байгаа боловч  бие махбодид нөлөөлж цусан дахь глюкозыг хэвийн хэмжээнд зохицуулж чадахгүй болсон өөрөөр хэлбэл, инсулины дөжрөл үүссэний улмаас бий болдог. Энэ хэлбэрийн чихрийн шижин хамгийн элбэг тохиолддог. Үүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсэд амьдралын буруу хэв маяг, төвийн таргалалт, хоол хүнсээ зохицуулж хэрэглэхгүй байх, байнгын суугаа ажил эрхэлдэг, хөдөлгөөний хомсдол зэрэг багтана.

Бусад хэлбэр гэдэг нь бусад өвчний шалтгаантай. Тухайлбал, элэг, бөөр зэрэг эрхтэн шилжүүлэн суулгасны дараа дааврын бэлдмэлүүдийг удаан хугцаанд хэрэглэж буй тохиолдолд чихрийн шижин хоёрдогчоор үүсдэг.

-Уг өвчний тархалт манай улсын хувьд ямар түвшинд байна вэ?

-Сүүлийн үед чихрийн шижингийн тархалт нэмэгдэж мөн насны хувьд залуужиж байна. МУ-ны хэмжээнд  2020 оны байдлаар 20808 гаруй насанд хүрэгчид уг өвчнөөр оношлогдсон бөгөөд үүний 230 гаруй нь I хэлбэрийн, бусад нь II хэлбэрийн чихрийн шижинтэй байна гэсэн тооцоо бий. УНТЭ-ийн “Дотоод шүүрэл судлал, диабетийн төв”-өөр өдөртөө 60 гаруй  чихрийн шижинтэй үйлчлүүлэгчид эмчийн үзлэг шинжилгээнд хамрагдаж, зөвлөгөө зөвлөмж авч байна. Мөн шинээр оношлогдож буй чихрийн шижингийн тохиолдлууд жил ирэх тутам нэмэгдэж байна. Жилд дунджаар 260 гаруй  иргэн чихрийн шижинтэй гэж шинээр оношлогдож байна. Өвчлөл нэмэгдэж буй шалтгаан нь  хүмүүсийн  амьдралын хэв маяг, зохисгүй  хооллолт, хөдөлгөөний дутагдал байнгын суугаа ажил зэрэгтэй холбоотой. Сүүлийн үед хүн амын дунд таргалалтын түвшин нэмэгдэж, аливааа зүйлийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүдийн дунд ч чихрийн шижингийн өвчлөл нэмэгдэж байна.

-Жингийн илүүдэлтэй хүн бүр өөрийгөө чихрийн шижингийн эрсдэлтэй гэж үзэж болох уу?

-Жингийн илүүдэл нь эрсдэлт хүчин зүйл хэдий ч жингийн илүүдэлтэй хүн бүр чихрийн шижингээр өвчилдөг гэсэн үг биш. Тухайн хүний инсулины ялгаруулалт, бодисын солилцооны эрчмээс хамаарна.

-Чихрийн шижингийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Чихрийн шижингийн үед илрэх клиник шинж тэмдгүүд нь бүдэг явагддаг.

  • Ам цангах
  • Их шээх, их уух
  • Хоолны дуршил буурах
  • Зарим хүмүүсийн хувьд хэт их идэх
  • Ядрах, нойрмоглох
  • Шархны эдгэрэлт удаашрах
  • Бодисын солилцоо удаашрах
  • Жин огцом  хасах /сарын хугацаанд 5-10 кг жин хаях/ зэрэг шинжүүд илэрнэ.

Ихэнх тохиолдолд илэрч буй шинж тэмдэг нь их уух, их шээх шинж тэмдэг бол зарим хүмүүсийн хувьд шинж тэмдэг илрэхгүй ч байх тохиолдол бий. Тиймээс хожуу үедээ хүндэрсэн үедээ оношлогдож байгаа нь уг өвчний эмнэл зүйтэй холбоотой.

-Хэрхэн оношлох вэ, сүүлийн үед уг өвчний оношлогоо, шинжилгээнд ямар дэвшил гарав?

УНТЭ-ийн Дотоод шүүрлийн судлал, диабеийн төв нь улсын хэмжээний лавлагаат төв учраас дүүргийн эмнэлгүүд, хөдөө орон нутгийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, сүүлийн үеийн оношлогоо, эмчилгээний дэвшлийн талаар сургалт, семинар зохион байгуулан байнгын эргэх холбоотой ажиллаж байна. Үүний үр дүнд чихрийн шижингийн эрт илрүүлэг сайжирсан. Мөн төвийн хэмжээнд ЭМЯ болон Эрүүл мэндийг дэмжих сантай хамтран төсөл хөтөлбөрийн хүрээнд аймаг дүүргүүдийн эндокринологч эмч, сургагч багш нартай хамтран чихрийн шижингийн эрт илрүүлэг болон хүндрэлийг илрүүлэх, үзлэг, шинжилгээ, сургалтыг чихрийн шижинтэй болон ард иргэдийн дунд зохион байгуулан ажиллаж байгаа.

Иргэд жилдээ 1-2 удаа сахарын шинжилгээ өгч байх хэрэгтэй. Мөн аймаг дүүргийн эмнэлэгт хандан  захын цусанд глюкоз тодорхойлох, чихрийн шижингийн эрсдлийн үнэлгээгээр эрсдэлтэй эсэхийг тодорхойлох цаашлаад цусны сийвэнд глюкоз тодохойлох, глюкозын ачаалалтай сорил үзүүлэх, НЬА1с үзүүлэлтийг тодоройлох зэргээр чихрийн шижин өвчнийг нарийн шинжилгээнд хамрагдаж оношлуулна.

Хэвлийн буюу төвийн таргалалттай, жингийн илүүдэлтэй, 4 кг-аас дээш жинтэй хүүхэд төрүүлсэн эхчүүд, сахарын өвчнөөр өвчилж байсан удамшлын мэдээлэлтэй бол урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаж байх нь зүйтэй. Эрэгтэй хүний хэвлийн тойрог 94 см-ээс бага, эмэгтэй хүнийх 80 см-ээс бага байх ёстой.

-Хүмүүс эмийн санд байрлах сахар хэмжих төхөөрөмжөөр хэмжээд зүгээр байна гээд яваад байдаг. Тэр нь хэр үр дүнтэй оношлогоо вэ?

-Глюкометрийн аппаратаар захын цусан дахь сахарыг хэмжиж өлөн үедээ болон хоол идсэний дараах цусан дахь сахарыг харьцуулдаг. Хэвийн үзүүлэлт нь өлөн үед 5,5 ммоль/л-ээс бага, хоолны дараа хэмжүүлэхэд 7,7 ммоль/л-ээс бага байх ёстой. Хэвийн хэмжээндээ байгаа эсэхийг тодорхойлуулсны дараа эрсдэлтэй байвал дараагийн нарийн шинжилгээнүүдийг хийлгэнэ. Уг аппаратаар хэмжүүлээд сахарын хэмжээ өндөр гарсан бол чихрийн шижинтэй байна гэж онош тавьж болохгүй. Тухайн аппарат нь тухайн цагт сахарын хэмжээ ямар байгааг хянахаас биш, баттай оношлогооны арга биш.

-Шинжилгээ өгөхөөс өмнө юуг анхаарах вэ?

– Цусан дахь сахарыг хэмжих шинжилгээг өгөхийн тулд өлөн байх ёстой. Өлөн үедээ болон хоол идсэний дараах шижилгээг харьцуулж болно. Глюкозын ачаалалтай сорилт болон гурван сарын дундаж үзүүлэлтээр оношийг баталгажуулна.

-Жирэмсэн үеийн чихрийн шижин урагт хэрхэн нөлөөлөх вэ?

– Жирэмслэхэс өмнө хэвийн байсан ч жирэмсний 26-28 недельтэй үед цусан дахь сахар өндөр гарах, хэлбэлзэх асуудал үүсдэг. Жирэмсний үеийн диабет нь II хэлбэрийн чихрийн шижин болох 80-90 хувийн магадлалтай. Цусан дахь сахараа сайтар хянахгүй бол чихрийн шижин хэв шинж 2 оношлогдох магадлал өндөр гэсэн үг.

Цусан дахь сахараа сайн хянаад явахад урагт нөлөөлөх нь бага. Хэрэв сахарын хэмжээ өндөр, дэглэм алдсан, цусан дахь сахараа хянахгүй байгаа тохиолдолд эх ураг хоёрт хүндрэл үүсэх эрсдэлтэй. Төрөхийн хүндрэл, бүтэлт, дутуу төрөлт үүсэх эрсдэлтэй тул жирэмсэн үедээ сахартай хэмээн оношлогдсон тохиолдолд дэглэмээ маш сайн барих диабетлогич эмчийн хяналтанд орох хэрэгтэй. 

-Эмчилгээний хувьд ямар эмчилгээг хийх вэ, иргэд амьдралын хэв маягаа өөрчлөхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

-I хэлбэрийн чихрийн шижингийн хувьд эмчийн заалтаар инсулин эмчилгээг тохирсон тунгаар байнга тасалдахгүй тарих эмчилгээ хийгдэнэ.

II хэлбэрийн чихрийн шижингийн эмчилгээ нь:

  • Сургалт
  • Зөв зохистой хооллолт
  • Дасгал хөдөлгөөн
  • Эмийн эмчилгээ
  • Инсулин эмчилгээг хийдэг.

Суурь эмчилгээ нь зөв зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн юм. Энэ нь эмчилгээний 80-90 хувийг эзэлдэг. Байнга баримталж амьдралын хэвшил болгох ёстой. 10-20 хувь нь  глюкоз бууруулах эм болон инсулин эмчилгээ юм. Эм уудаг, инсулин тариулдаг гээд л суурь эмчилгээг орхигдуулж  болохгүй. Хувь хүний хүчин чармайлт, сэтгэлийн тэнхээ, тэвчээр илүү шаарддаг эмгэг юм. Сүүлийн үед чихрийн шижинг өвчин гэхээс илүүтэйгээр “байнгын дэглэмтэй хүмүүс” гэж ярьдаг болсон.

Эмчийн заалтаар эмчилгээг хийж зөв зохистой дэглэм барьж амьдралын зөв нэмнэлд орсноор чихрийн шижинг амжилттай хянах боломжтой. Өмнө нь чихрийн шижинг эмчлэгдэхгүй гэдэг байсан бол орчин үед тухайн өвчтөн амьдралын хэв маягаа өөрчилж, хяналтаа сайжруулснаар цусан дахь сахарын түвшнээ хэвийн байлгаж, бусад эд эрхтэний хүндрэл үүсгэхгүйгээр хянах боломжтой болсон.

-Чихрийн шинжингийн үндсэн гол эмчилгээ бол хоолны дэглэм гэлээ. Ямар хоол хүнснээс татгалзаж, ямар хүнсийг түлхүү хэрэглэх вэ?

-Сүүлийн үеийн хоолны дэглэмийн зөвлөгөө хүссэн хүнсээ хэмжээг нь тохируулж хэрэглэх хэрэгтэй гэдэг болсон. Хүнсний бүтээгдэхүүний 6 бүлэг ( хүнсний ногооны бүлэг, үр тарианы бүлэг, сүү цагаан идээний бүлэг, мах махан бүтээгдэхүүний бүлэг, өөх тосны бүлэг) байдаг. Эдгээр бүлэг бүрээс зохистой харьцаагаар хэрэглэх хэрэгтэй. Чихрийн шижингийн үед их уух, их шээс, байнга хөлрөх шинжүүд илүү илэрдэг учир шээс хөлсөөрөө биед байх эрдэс болон бусад элементүүдээ алдаж байдаг учир үүнийг хоол хүнснээс авч байх нь чухал. Иймээс хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл олон байх ёстой зөвхөн нэг удаагийн идэх хэмжээ бага, хооллох давтамж нь ойрхон байх хэрэгтэй. Чихрийн шинжингээр оношлогдсон тохиолдолд сахарын өндөр агууламжтай хүнсний бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Цусан дахь сахар их байхад нэмээд хэрэглээд байвал гипергликемиийн ком буюу сахар ихсэлтийн комд орох аюултай.

– Өлссөн үедээ гэнэт их идэх нь цусан дахь сахарын хэмжээнд нөлөөлөх үү?

-Чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд гэнэт огцом их идэх нь аюултай.  Ер нь хүн өлсөхгүй, хэт цадахгүй л хооллох ёстой. Өлссөн үед сахарын хэмжээ буурдаг. Сахарын хэмжээ буурах нь бие мах бодод нүүрс ус шаардлагатай байгааг илтгэнэ. Өлөн байж байж гэнэт их идвэл цусан дахь сахарын хэмжээ огцом өсч гипергликемиийн ком болох эрсдэлтэй. Хоол идсэний дараа залхуу хүрч бие нозоорч, ажлын бүтээмжгүй болдог нь гипергликемиийн комд орж буйн илрэл. Тиймээс сахарын өвчтэй хүмүүс хэт их идэхгүй, өлсөхгүй байх ёстой. Ходоодны 1/3 хоолтой, 2/3 нь хоосон гэсэн зарчмаар явна. Сахарын хэмжээ огцом буурч, өсөх нь тархи мэдрэлийн хүндрэлүүдийг үүсгэх эрсдэлтэй тул тогтмол цагт, тогмол хэмжээтэй хооллох хэрэгтэй гэдгийг зөвлөдөг.

-Чихрийн шижин нь олон эрхтэнд хүндрэл үүсгэдэг ужиг өвчин. Хэрэв цусан дахь сахараа хянахгүй яваад байвал ямар хүндрэл эрсдэл үүсч болзошгүй вэ?

-Нэгэнт сахартай хэмээн оношлогдсон тохиолдолд амьдралын хэв маягаа зохицуулахгүй, хооллолт, хөдөлгөөнд анхаарахгүй байх, эмчилгээг таслан өөрийн хяналт  муу байвал цаашид олон эрхтэний хүндрэл үүсдэг. Хамгийн түрүүнд жижиг судасны хүндрэл (нүд, бөөр) том судасны (тархи, зүрх, мэдрэл хөл) хүндрэлүүд үүсдэг. Чихрийн шижинтэй хүний хяналт, эмчилгээний үр дүн, хүндрэл зэргийг үнэлдэг гол шинжилгээ нь НЬА1с (гурван сарын дундаж сахар) юм. Үүнийг улирал тутамд үзүүлж өөрийн хяналт дэглэмд үнэлгээ өгч эмчилгээний үр дүнгийн талаар эмчтэйгээ ярилцаж зөвлөгөө авч байх нь чихрийн шижингийн цаашдын хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд