No menu items!
HomeОнцлохД.Хурцбаяр: Нүүрс усыг хэт их хэрэглэхгүй байх нь бөөрөө хамгаалж буй хэрэг

Д.Хурцбаяр: Нүүрс усыг хэт их хэрэглэхгүй байх нь бөөрөө хамгаалж буй хэрэг

-

“Эмч зөвлөж байна” булангийн энэ удаагийн дугаарт УНТЭ-ийн Бөөрний Төвийн зөвлөх зэргийн эмч, Клиникийн профессор Д.Хурцбаяртай ярилцлаа.

– Бөөрний өвчлөл дундаас хамгийн түгээмэл тохиолдож байгаа нь ямар өвчин байна вэ?

– Манай орны хувьд бөөрний өвчин нилээд элбэг тохиолддог. Бөөрний өвчин нь дотроо олон хэлбэртэй. Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл болон шээс дамжуулах замын халдвар  зонхилох байрыг эзэлнэ. Манай эмнэлгт гол төлөв бөөрний түүдгэнцрийн үрэвсэл, бөөрний архаг дутагдал оноштой хүмүүс ирж эмчлүүлдэг. Учир нь манайх  гуравдугаар шатлалын эмнэлэг учраас нэг, хоёрдугаар шатлалын эмнэлэгт эмчлэхэд төвөгтэй, хүндэрсэн эсвэл онош тодруулах шаардлагатай хүмүүсийг хүлээн авдаг. Мөн түүдгэнцрийн үрэвслийг бүтцийг оношлох биопсийн шинжилгээ нь  манай эмнэлэгт хийгддэг тул энэ төрлийн эмгэгтэй өвчтнүүд их үйлчлүүлдэг.

Мөн бөөрний архаг дутагдалтай хүмүүс  ирж эмчлүүлнэ. Гэхдээ сүүлийн үед бөөрний архаг дутагдлын улмаас хэвтэн эмчлүүлэгчдийн тоо цөөрсөн. Учир нь бөөр орлуулах эмчилгээ аймаг, дүүргүүдэд сайн хийгдэж байгаа. Харин манайд шинээр оношлогдож байгаа болон хүндрэл илэрсэн, бөөр орлуулах эмчилгээний төрөл сонгох гемодиализ эмчилгээний судасны хүрц бэлтгэх болон хэвлийн диализын гуурс тавиулах өвчтөнүүд ирж эмчлүүлж байна.

Бөөрний өвчнөөр аль насны, ямар хүйсний хүмүүс их өвдөж байна вэ?

Бөөрний өвчлөл нь нас, хүйсийн хувьд харилцан адилгүй байна. Тухайлбал бөөрний түүдгэнцрийн үрэвслээр залуучууд, эд хөдөлмөрийн насны хүмүүс өвддөг. Тэр тусмаа эрэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог.  Мөн бөөрний дутагдалд хүргээд байгаа гол хүчин зүйл нь бөөрний түүндгэнцрийн үрэвсэл гэдгийг хэлэх нь зүйтэй. Харин шээс дамжуулах замын халдвараар эмэгтэйчүүд өвдөх хандлагатай байдаг.

Түүндгэнцрийн үрэвслээс гадна бөөрний дутагдалд хүргэдэг өөр ямар хүчин зүйлүүд байдаг вэ?

– Бөөрний архаг дутагдалд хүргэж буй маш олон өвчин бий. Бөөрний өөрийн эмгэгээс гадна бусад олон өвчний төгсгөлийн шат бөөрний дутагдалд хүргэнэ. Тухайлбал цусны даралт ихсэх өвчин болон чихрийн шижин өвчин байна. Дэлхийн дахинд чихрийн шижин өвчин нь бөөрний архаг дутагдал үүсгэх үндсэн шалтгаан болдог. Цаашдаа ч нэмэгдэх хандлагтай байгаа. Харин манай орны хувьд түүдгэнцрийн үрэвсэл нэгт, хоёрт чихрийн шижин ордог. Сүүлийн жилүүдэд чихрийн шижин өвчин туссан хүмүүсийн тоо ихсэж байгаа. Энэ нь яваандаа түүдгэнцрийн үрэвслийн тоогоо гүйцэх магадлалтай. Яагаад гэвэл хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, таргалалт, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал нэмэгдэж байна. Энэ нь чихрийн шижин үүсгэх, даамжрах гол хүчин зүйл болдог. Чихрийн шижин өвчнөөр өвдсөн тохиолдолд 15-20 жилийн дараа бөөрний архаг дутагдалд орно. Хэрэв хяналт муу бол үүнээс ч богино хугацаанд дутагдалд орох магадлалтай байдаг.

-Та сая цусны даралт ихсэх нь бөөрний дутагдалд хүргэдэг гэлээ. Үүний шалтгааныг тайлбарлаж өгнө үү?

– Манай оронд цусны даралт ихтэй хүмүүс олон бий. Энэ бол бие даасан зүрх судасны өвчин. Манай орны газар зүйн байрлал, бидний хооллолтын онцлог цусны даралт ихсэхэд нөлөөлөх талтай.  Бөөр бол даралт зохицуулдаг гол эрхтэн. Түүдгэнцэр болон тэвшинцрийн үрэвслийн үед хүний цусны даралт ихсэх нь элбэг. Үүнээсээ болоод бөөрний цусан хангамжид өөрчлөлт орж, бөөр хэт ачаалал авдаг. Энэ нь бөөрний өвчин даамжрах үндсэн механизмын нэг бөгөөд  бөөрний дутагдалд ороход нөлөөлнө.

-Бөөрний дутагдлыг эрт оношлоод эмчилбэл, бүрэн эдгэрэх боломжтой юу?

– Бөөрний дутагдал нь бүрэн эдгэрдэг  өвчин биш. Архаг дутагдлын үед бөөрөнд эргэшгүйгээр өөрчлөлт гарч, түүний эд сорвижож, хатангиршсаны дараа үүсдэг эмгэг учир бөөр дахин сэргэхгүй. Харин сайн эмчилж зөв хянаснаар амьдрах хугацааг уртасгаж амьдралын чанарыг дээшлүүлж болно. Сүүлийн үед бөөрний дутагдлаар нас барах хүмүүсийн тоо багасч байна.  Учир нь бөөр орлуулах эмчилгээг сайн хийж байгаатай холбоотой.  Бөөр оруулах гурван төрлийн эмчилгээ байдаг. Бөөр шилжүүлэн суулгах, гемодиализ болон хэвлийн диализ эмчилгээ гэж байх бөгөөд эдгээр нь манай оронд хийгддэг. Хэвлийн диализ болон гемодиализ эмчилгээгээр  бөөр ажиллахгүйн улмаас биеэс зайлуулагдаж чадахгүй байгаа хорт бодисуудыг хэвлийн гялтан хальс болон тусгай аппаратын тусламжтай шүүж эмчилдэг. Мөн тархины үхэлтэй болон амьд донороос бөөр авч өвчтөнд шилжүүлэн суулгах хагалгааг хийдэг. Гэхдээ энэ гурав нь эмчилгээний төгс арга биш, бөөрийг орлож, байгуулж байгаа л хэрэг юм. Үүнд сайн тал их бий ч хүндрэлтэй зүйлүүд ч гардаг. Сүүлийн үед хэвлийн диализын эмчилгээг нь түлхүү ашиглах болсон. Учир нь хэвлийд уусмал хийгээд хордлогыг нь шүүгээд авчихдаг учраас амар байдаг. Дэлхийн хэмжээнд ч бөөрний дутагдлын эмчилгээг хэвлийн диализаар эхэлбэл үр дүнтэй гэж үздэг.

-Бөөрөө хамгаалахын тулд юуг анхаарах вэ?

– Хамгийн гол нь даарч, хөрөхгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, хоолойн эрүүл ахуйг сайн сахина. Ангина, шүдний өвчин, хамрын дайврын үрэвслээс  сэргийлэхийг анхаараарай. Мөн хүн эрүүл амьдралын хэв маягтай байж, архаг тамхидалт, архидалтаас татгалзах хэрэгтэй. Түүнчлэн хооллолт маш чухал бөгөөд харшил төрүүлэгч хүнснээс хол байгаарай гэж хэлье. Учир нь бөөрний түүдгэнцрийн үрэвсэл нь харшил, халдварын гаралтай байдаг.  Мөн нүүрс усыг хэт их хэрэглэхгүй байх нь бөөрөө хамгаалж буй хэрэг. Нүүр усны хэт хэрэглээ нь таргалалт үүсэхэд нөлөөлдөг. Таргалалт нь олон өвчний үндэс гэдгийг хүмүүс ухамсарлаж байгаа байх. Хүмүүс хүүхдүүдээ эрхлүүлж байна гээд хийжүүлсэн ундаа, чихэрлэг хүнс авч өгдөг. Тэр бол төлбөр төлж хор авч өгч байна гэсэн үг. Бизнесийн салбарын хүмүүс дургүйцэж магадгүй. Гэхдээ эмч хүний хувьд би эдгээрээс татгалзахыг зөвлөдөг. Учир нь эд бол хүний дархлааг сулруулж буй сөрөг хүчин зүйлс юм. Мөн бөөрний дутагдлын үед уургийн хэрэглээг багасгах хэрэгтэй байдаг бөгөөд хүнсний эрдсийн хэмжээг өөрчлөх дэглэм барьдаг. Тухайлбал, кали, фосфорыг багасгахыг зөвлөдөг.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

трэнд