76: УИХ-ын гишүүн Ш.Адьшаа

0
729

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын сонгуулийн 16-р тойрог буюу Ховд аймгаас сонгогдсон Ш.Адьшааг онцолж байна.

Товч намтар

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 1962 онд Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Түүний эхнэр Ш.Цэвэлмаа нь Монголын Эмэгтэйчүүдийн Санг байгуулж, олон жил сайн үйлсийн аян өрнүүлсээр иржээ.

Ш.Адьшаа хуульч мэргэжилтэйбөгөөд ажлын гараагаа Ховд аймгийн Прокурорын газраас эхлүүлсэн байна. Гишүүн болохынхоо өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаад Ардчилсан намаасаа эрх авч, Ховд нутагтаа нэр дэвшин, ялалт байгуулсан юм.

Хөрөнгө, орлого

Түүнийг хүмүүс “гаалийн” гэх тодотголоор сайн мэднэ. Тэрээр Гаалийн ерөнхий газарт хэрэг бүртгэгч, гаалийн байцаагч, ахлах байцаагч, хэлтсийн дарга гэх мэт олон албыг хашиж байжээ. Мөн бизнес ч эрхэлж, улс төрчдийн зөвлөхийн ажлыг олон удаа хийж байсан. Тухайлбал, тэрээр 1996-2000 он хүртэл “Буурал Сор” ХХК-ны захирлаар ажиллаж байсан бөгөөд одоогоор “Ачит-Арвис ХХК”-ний ТУЗ-ын дарга, “Монгол-Японы хамтарсан Сити энержи ХХК-ийн Улаанбаатар Мед” эмнэлэгийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг байна.

Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үедээ хөрөнгө оруулгын мэдүүлгээ тайлагнасан байдаг. УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн жилийн орлого 950 сая төгрөг бол гэр бүлийн орлого нь 18.3 сая төгрөг. Нийт 8 тэрбум 713 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламжтай. Мөн 937 сая төгрөгийн үнэ бүхий автомашинууд, 880 сая төгрөгийн хурдан удмын 55 адуутай. Түүнчлэн 200 сая төгрөгийн газар, 890 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бөгөөд хадгаламжийн үлдэгдэл нь нэг тэрбум 248 сая төгрөг гэжээ.  Бусдаас 200 сая төгрөгийн авлагатай бөгөөд 105 сая төгрөгийн зээлтэй гэсэн байна. Мөн “Ховд бирж ХААБ”, “Сити-энержи”, “Хүннү МН”, “Ачит-Арвис”, “Алтай эко хүнс”, “Ачит-эх мед”, “Грэйтблюмаунтайнс”, “Империалмаксимус корпорейшн”, “Ти Ти Би Эй”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг компанийн 30-100 хувийн хувьцаа эзэмшдэг хэмээн тайлагнажээ.

УИХ-ын гишүүн  Ш.Адьшаагийн талаар хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны анхаарал татсан түүний мэдээллүүдийг товчлон хүргэе.

Авилгын хэрэгт холбогдов

Түүнийг Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа талаарх мэдээлэл 2015 оны 12 дугаар сард хэвлэлүүдээр гарч байжээ. Тэрээр өөрийн үүсгэн байгуулсан “Улаанбаатар мед” эмнэлгийн магадлан итгэмжлэлийг гаргуулахын тулд хахуул өгсөн аж. Ш.Адьшаа авилга өгсөн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд өршөөлийн хуульд хамрагдсан гэх мэдээлэл байдаг.

ЖДҮХС-аас зээл авсан

Түүнийг 2015 онд ЖДҮХС-аас зээл авсан гэх мэдээлэл байдаг. Тодруулбал, 2014-2016 онд Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат компаниудад олон тэрбумаар нь зээл олгосон гэх мэдээлэл гарчээ. Тэдгээрийн дунд  Ш.Адьшаагийн “Ховд Хаан бирж” ХХК 6 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл авч, Аж үйлдвэрийн яамнаас хийсэн мониторингийн үр дүнгээр хангалтгүй хэрэгжсэн 10-н төслийн нэг болон тэмдэглэгдсэн байна.

УИХ-ын гишүүн Г.Адьшаагийн зөвлөхөөр А.Отгонбаатар ажиллаж байсан ч татгалзав

“Үнэн ба зөв намын дарга” А.Отгонбаатар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх болоод байсан ч татгалзсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Сарын өмнө А.Отгонбаатар надад хандаж “үнэн хэлсний төлөө би маш их дарамтад байна. Та надыг хамгаалалтдаа аваач” гэсэн. УИХ-ын гишүүн хүнийг хамгаалалтад авах эрхгүй. Тиймээс би зөвлөхөөрөө авсан” хэмээн мэдэгдэж байсан юм.