Хүүхдийн хүмүүжилд аавуудын анхаарах ёстой зүйлс

0
557

Аавуудын гаргадаг хүмүүжлийн зарим алдаа нь төлөвлөөгүй үр дүнд хүргэж, хүүхдүүдийн зан төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Та бүхэн дараах зүйлсийг сайтар ажиглаж, өөрийгөө цэгнэж байгаарай.

Шууд уурлаж, загнаж болохгүй

Хүүхэд ууртай байгаа үед та өөрөө уурлаж болохгүй. Учир нь та байдлыг улам хурцдуулах болно. Тэсэхийн аргаггүй зүйл байсан ч та бол насанд хүрсэн оюун ухаант хүн гэдгээ санаарай. Дуу хоолойгоо өндөрсгөж, харааж зүхэх нь хүүхдэд хашгирах, уурлах, хүчирхийлэх нь  хэвийн зүйл, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ч ингэж болно гэсэн хандлагыг бага багаар суулгаж байдаг. Хэрэв таны уур маш их хүрээд байвал хэдэн секунд завсарлага аваад, дараа нь тэдэнтэй ярилцаж байгаарай.  

Бие махбодийн шийтгэлийг өгөхгүй байх нь дээр

Цохих, хүүхдийг гараас нь дугтрах, нудрах зэрэг бие махбодийн их, бага шийтгэл нь ямагт таагүй үр дагаврыг авчирч байдаг.  Хүч хэрэглэх нь хүүхдийг хүмүүжүүлж буй арга биш. Учир нь та хүүхдэдээ үйлдлээрээ ч үлгэрлэж байгаагаа санах хэрэгтэй.

Тогтсон хүүхэд хүмүүжлийн аргыг ашиглаарай

Олон аавууд хүүхдээ зөрүүтэй хүмүүжүүлдэг. Учир нь хүүхэд болгоны зан байдал өөр шүү дээ. Тиймээс аавууд хүүхдийнхээ онцлогт тохирсон эерэг аргуудаас ашиглаж байх хэрэгтэй. Тухайлбал, тодорхой үр дүнд хүрэх, ойлгомжтой жижиг дүрмийг хүүхэдтэйгээ ярилцан гаргаарай.

Шагнал амлах

Шагнал амлаж, “авилга” өгөх замаар хүүхдийн зан авирыг засах нь хамгийн буруу шийдвэр. Хүүхэд уурлаж, гонгиноод л үүнийг авчхаж болно гэсэн муу зан сурах болно. Харин болно, болохгүйг маш сайн тайлбарла. Хүүхдэдээ цаг гарга, ярилц. Хүүхдийн хүмүүжлийн зөв арга бол урьдчилан тохиролцох дүрмийг баримтлах юм.

Хүүхдэд юу тохиолдож байгааг нь анзаар

Хүүхдүүдийн зан авирт анхаарлаа төвлөрүүлэхээс гадна тэдний нийгмийн амьдралд юу болж байгааг нь анзаарах хэрэгтэй. Сургууль дээрээ, найз нөхөдтэйгөө хэр байгааг нь асууж байгаарай.  

Ээж, аавууд хүүхэд хүмүүжүүлэх нэг аргыг баримтлах хэрэгтэй

Ээж, аавууд хүүхдээ хүмүүжүүлэхдээ нэг аргыг баримтлах хэрэгтэй. Мөн нэг нь хүүхэдтэй ярилцаж, анхааруулж байхад нөгөөх нь өмөөрч, хаацайлж болохгүй. Учир нь хүүхэд аль зөөлөн хандсан хүнрүү очиж, нөгөө хүнийг үл ойшоож эхэлдэг. Тиймээс эцэг эхчүүд өөрсдөө нэг дүрмийг баримталж байх нь чухал юм. Хэрэв та санал зөрөлдвөл бие биетэйгээ ярилц.

Үглэх

Хүүхдэд байнга үглэх нь тэдний дургүйцлийг улам бүр өдөөж байдаг. Харин хүүхэд хүмүүжлийн хамгийн сайн арга бол зан авир нь яагаад өөрчлөгдөөд байгааг өөртэй нь ярилцах гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Харьцуулалт хийж болохгүй

“Эгч чинь өдөр ирэх тусам төгөлдөр хуураа маш сайн тоглож байна. Харин чи яагаад чадахгүй байгаа юм бэ?” ингэж огт болохгүй. Энэ нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг алдагдуулж, дургүйцлийг нь маш ихээр хүргэдэг юм шүү. Оронд нь хамгийн сайн чаддаг зүйлийг нь магтаж, урам өгөөрэй.

Эх сурвалж: verywellfamily