No menu items!
HomeСэдэвХүмүүсийн мухар шүтлэг байгаль орчныг сүйтгэж байна

Хүмүүсийн мухар шүтлэг байгаль орчныг сүйтгэж байна

-

Сүүлийн жилүүдэд хадгийн буруу хэрэглээнээс болж ургаа моддын тоо хорогдож, байгаль орчин их хэмжээгээр бохирдох болсон. Хүмүүс шашин шүтлэгээс болоод модонд уясан хадгийг авч хаях нь байтугай гар ч хүрдэггүй. Гэтэл залуу модод их хурдан ургаж бүдүүрэхэд хадаг чивчирч чангараад их бие рүү нь шигдэн орж, шим шүүс тархахыг нь зогсоон үхүүлдэг аж. Учир нь синтетик хадаг барагтай бол тасардаггүй бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам төмөр утас мэт модонд шигдэн ордог байна.

Моддыг хүлсэн хадаг нь өт хорхой үүрлэх таатай орчин бүрдүүлдэг бөгөөд модны шим шүүсээр амьдарч буй өт хорхойнууд үржиж, хөөрхий модод тэжээл дутагдсанаас болоод хатаж, өмхөрдөг аж. Иймээс Нийслэлийн Байгаль орчны газраас “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” аяны хүрээнд Баянзүрх дүүргийн 20, сонгинохайрхан дүүргийн 24, 25 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ойн сангийн ургаа модонд уясан хадаг болон шашны зан үйлээр хаясан эд зүйлсийг цэвэрлэх ажлыг зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх уг аянд Байгаль орчны газар, Зуслангийн товчоо, Тарвалин хийд нэгдсэнийг Нийслэлийн Байгаль орчны газрын Зуслангийн бүсийн аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Энхжаргал хэллээ.

Хүмүүсийн хэтэрсэн шүтлэг байгаль орчныг сүйтгэж байна

Байгаль орчныг хамгаалах уг аяныг цагаан сарын дараа буюу гуравдугаар сарын 6-нд хэрэгжүүлж байсан бөгөөд энэ удаа дахин шат дараатайгаар нийслэлийн ногоон бүсэд хийхээр болсон байна. Өдгөө хүмүүсийн хэрэглэж буй хадаг мянган жилийн дараа устдаг бөгөөд байгаль орчин, ялангуяа ой модны хөнөөлт дайсан гэдгийг мэргэжилтнүүд сануулав. Одоогоос 30 орчим жилийн өмнө буюу 1990-ээд оноос хадгийг хүндэтгэлийн зан үйлд ихээр хэрэглэх болсноор хадны завсар хавчуулах, төмөр шон, хайс, модонд уях зэрэг шашны зан үйл үлэмж дэлгэрсэн юм. Хадаг нь Буддын шашны соёлыг даган орж ирсэн эд.

Анх хүр хорхойн шүлснээс гаргаж авсан, зөөлөн торгомсог бөгөөд ямар ч хор хөнөөлгүй, байгальд шингэдэг материалаар хийдэг байв. Олдоц багатай болохоор өндөр үнэтэй. Иймээс онцгой хүндэтгэлт зан үйлд хэрэглэдэг байжээ. Гэтэл Хятадын үйлдвэрлэгчид хэдэн жилийн өмнөөс хадгийг синтетик материалаар өнгө үзэмж сайтай, хямд үнээр хийж эхэлсэн нь хадагны хэрэглээг эрс нэмэгдүүлсэн.

Улмаар шашин шүтлэгт хэт автсан монголчууд ургаа мод, хад чулуу, тэр бүү хэл төв суурин газрын гүүрний хашлага, шонгийн модонд хадаг уядаг уламжлал тогтжээ. Хадаг хэдэн жилийн өмнө 500-1500 төгрөг худалдаалагдаж байсан бол одоо дунджаар 1500-3000 төгрөгийн үнэтэй. Бүр 20, 30 мянгаар зарагддаг хадаг ч бий.

Харин бид өндөр үнээр авсан хадгаа хаа хамаагүй уяж орхин их хэм жээний мөнгө гарын салаагаар урсгахын зэрэгцээ байгаль орчинд хөнөөл учруулсаар.  Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид дөрвөн жилийн өмнө “Амьд байгалиа хайрлая” сайн санааны аяныг хэд хэдэн удаа өрнүүлсэн.

Тэрбээр сайн дураар нэгдсэн 120 орчим хүнтэй хамтарч дарханаас Баруунхараа хүртэл 50 км зам дагуух мод, Сэлэнгэ аймгийн ээж мод болон ойр орчмын модонд хүлсэн таван тонн хадгийг цэвэрлэсэн удаатай. “Хөдөө орон нутагт дээдэлж, шүтдэг бүх газар хадаг яндраар дүүрсэн. Сонголт хийхэд хэцүү байсан ч сэлэнгэ аймгийн нутагт байдаг ээж модны орчныг цэвэрлэж байлаа.

Ээж модыг хүсэл биелүүлэх шидтэй гэж үзэн шүтэж эхэлснээс хойш олны хөлд дарагдаж, ойр орчмын модод хадагт хүлэгдэх болсон. Зарим үед энэ газарт 300 хүртэл тооны машин хол, ойроос ирдэг. Сүсэгтнүүд ээж мод болоод эргэн тойрны моднуудад хадаг яндар нэвсийтэл зүүж, сүү архи цацаж, тос түрхдэгээс болоод халуун дулаан цагт тэр орчимд нэвширч муудсан үнэр ханхалж, ялаа батгана бужигнаж байсан.

Гэвч холоос ирсэн хүмүүс энэ бүхнийг тоолгүй хүслээ шивнэхээс гадна бүр сөгдөн мөргөж байна. Энэ мэт шашны хийрхэл эдийн засгийн том хохирол учруулж байна. Тиймээс байгаль дэлхийгээ хайрлах, мухар сүсэг хоёрыг хил хязгаартай байлгах хэрэгтэй” хэмээн Б.Галаарид хэлэв.

Мөн тэрбээр Баруунхараагийн хажууханд нэгэн залуухан мод хадагт чивчиртэл ороолгочихоод амьдрах гэж хэрхэн тэмүүлсний ул мөр болох тасрах шахсан мөчир, болжмор сарвуугаараа хадганд орооцолдоод салж чадахгүй үхсэн дүр зураг газар сайгүй байгааг дуулгасан юм.

Хэн нэгний санаачилгаар байгаль орчноо хамгаалах аян өрнөсөөр байгаа ч өнөөдрийг хүртэл моддын амийг хадгаар боомилох явдал зогсохгүй үргэлжилсээр. Иймээс монголчууд бидний хэтэрсэн шүтлэг байгаль орчноо сүйтгэж буйг ойлгох цаг болжээ.

Г.Оюунтөгс

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд