No menu items!
HomeЯрилцлагаЖ.Батсуурь: Цус ойртохын хэрээр төрөлхийн согогтой хүүхэд төрөх тоо өсдөг

Ж.Батсуурь: Цус ойртохын хэрээр төрөлхийн согогтой хүүхэд төрөх тоо өсдөг

-

Монгол хүний үнэт нандин зүйл, соёл иргэншил, удмын сангийн талаарх асуудал сүүлийн цед хүмүүсийн анхаарлыг багагүй татах болж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч энэ сэдвийг хөндөн бичих болжээ. Энэ талаар “Хүн судлалын үндэсний төв”-ийн захирал, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ж.Батсуурьтай ярилцлаа.

Ер нь цус ойртолт нь эцсийн дүндээ юунд хүргэдэг юм бэ?

-Цус ойртсон аав, ээж, гэрлэлтээс төрсөн хүүхэд аливаа өвчин эсэргүүцэх, үхэл даах чадвар сул байдаг. Хүн ам дахь цус ойртолт нэмэгдэх тусам хүн амын дунд дахь өвчлөл нэмэгдэж, өвчин эсэргүүцэх чадвар суларна. Нөгөө талаас юуны хөгжлийн чадавх доройтдог. Энэ хоёр хүчин зүйл бол цус ойртолтын хамгийн ноцтой үр дагавар.  Хорт хавдраар өвчлөх нь ч элбэгшинэ. Нэг ёсондоо бие мах бодийн дархлаа сул, дасан зохицох чадвар сул байдаг. Энэ бол судалгаа, баримттай зүйл.   

Гаднаас нь харахад цовоо сэргэлэн, эрүүл саруул мөртлөө оюуны чадавхи сул хүүхдүүд байдаг. Энэ нь цус ойртолтын шинж тэмдэг байж болно. Сумын дунд сургуулийн багш нар судалгааны үеэр бидэнд энэ тухай ярьж байсан. Ер нь нэг ангид дор хаяж 8-10 хүүхэд ойлгох, тогтоох, бичих чадвар сул байдаг байна. Гаднаас нь харахад сэргэлэн цовоо, эрүүл саруул мөртлөө энгийн наад захын зүйлийн логик учир холбогдлыг тайлбарлаад ойлгохгүй, сурахгүй хүүхэд олон байдаг гэнэ.  Ийм зүйл эрс нэмэгдэж байгаа талаар багш нар ярьж байсан. Цус ойртохын хэрээр хүн амын оюуны чадавх буурч, оюуны хомсдолтой хүүхдийн тоо өсдөг.

Өнөөдөр 21 аймгийн төвшинд төрж байгаа нярай нарын дунд төрөлхийн гажиг согогтой төрөлт нэмэгдэж байна. Эхээс төрөхдөө тархи нь устсан, амьсгалдаг цагаан хоолой, хоол иддэг улайн хоолой нь нийлсэн, өтгөний сүв нь битүү төрж байна. Энэ чинь л цус ойртолтын эмгэнэл шүү дээ.

-Өнөөдөр монголчууд угийн бичиг хөтлөхөд нэг их ач холбогдол өгөхгүй байх шиг байна. Үүний нэг тод жишээ нь бараг бүгдээрээ шахам Боржигон овогтой болчихсон. Тэгээд түүнийгээ хэдэн янзаар бичнэ. Үнэхээр өөрийнх нь уг үндэс мөн үү гээд судлахаар биш байх жишээтэй?

-Монголчууд өргөн уудам нутагт их цөөхүүлээ амьдарч ирсэн түүхтэй. Аливаа ард түмний хувьд хамгийн үнэт зүйл нь төрөлх газар шороо, хоёрдугаарт удмын сан, гуравдугаарт уламжлалт соёл байдаг юм. Тиймээс улс гүрэн өөрийнхөө хөгжлийн асуудалд цогц хандахыг хичээдэг. Ингэхдээ хүн амынхаа удмын санг ямагт цэвэр ариун, үргэлж тунгалаг байлгахыг зорьдог юм.

Өөрөөр хэлбэл, ямар ч нөхцөлд сэргэлэн цовоо, саруул ухаантай, сайхан бие бялдартай үр удам төрүүлэхийн төлөө л тэмцдэг. Ер нь аливаа амьд амьтан, хүн удмын сандаа цус ойртсон шинж тэмдэг илрэхээс зайлсхийдэг. Ийм гайхамшигтай өв соёлыг бидний өвөг дээдэс олон зууны тэртээ бүтээжээ. Энэ өргөн уудам нутагт цөөхүүлээ амьдарч буй ард түмэн оршин тогтнохуйн эл нууцыг мэдэрч, ухаарч, гайхамшигтай өв соёлыг бүтээсэн байдаг.

Гэтэл энэ гайхамшигтай өв соёлоо мартагнах гээд байдаг болжээ. Зүйрлэж хэлбэл, өнөөгийн залуус аавын талыг авга, ээжийн талыг нагац гэдгийг мэдэж байна. Гэхдээ өөрөөсөө дээш хоёр үеэ л муухан мэддэг. Сайн мэдэж байгаа нь овог нэр, төрсөн жил, амьдарч байсан газар нутаг, хэдэн хүүхэд төрүүлснийг л хэлнэ. Тэгээд түүнээс цаашаа мэдэхгүй болчихдог.

Удмын сангийн мэдээлэл ингэж бүдгэрч байхгүй болохоор ирээдүйд үр удам нь хань ижлээ сонгохдоо ямар төвшинд ураг төрлийн холбоотой байж болох вэ гэдгийг мэдэх аргагүй болчихдог юм. Үүнээс болгоомжилж есөн үеэ мэддэг, есөн үе дотроо гэр бүл болдоггүй байсан гайхамшигт өв соёлыг монголчууд 800 жилийн тэртээ бий болгосон шүү дээ. Их эзэн Чингис хаан үүнийг их хатуу мөрдлөг болгож, авч явсан юм байна.

Энэ тухай хүн төрөлхтний түүхийг бичилцэж байсан тэр том эрдмийн мэргэд хүртэл гайхширч бичсэн байдаг. Ураг удам, ахан дүүсээ мэдэхгүй монгол хүн гэж байхгүй. Өөрөөсөө дээшээ есөн үеэ мэддэг ард түмэн. Ийм учраас үр удам нь хоорондоо гэрлэж, цус ойртох гэсэн ойлголт байдаггүй юм байна гэж бичжээ. Тиймээс өвөг дээдсийн гайхамшигтай энэ өв соёлыг сэргээх нь чухал асуудал юм.

-Гэтэл өнөөдөр нүүдэлчдийн сэтгэхүй өөр болчихсон, зарим аав ээж үр хүүхдээ “Нутгийнхаа хүнтэй л суугаарай. Хүний нутгийн бурхнаас өөрийн нутгийн чөтгөр дээр шүү” эсвэл “Миний хүү голоосоо л хань ижлээ сонгоорой. Хараа бараандаа амар шүү дээ” гэх маягтай, ер нь үр хүүхдээ хол нутгийн айлд өгөх дургүй, аль болох ойр байлгах сонирхолтой болжээ?

-Энэ чинь манай нүүдэлчдийн сэтгэхүй биш. Монгол хүн угийн бичгээ хөтлөхгүй байх, овгоо халах Засгийн газрын тогтоол 1925 онд гарсан. Үүнийг монголчууд өөрсдөө гаргаагүй. Өөрсдийнхөө гараар өөрсдийгөө устгах ийм зүйл хийхгүй нь мэдээж. Хүн төрөлхтний түүхийн тавцанд монголчууд эрэмгий зоригтой, ухаантай, бүхнээс дээгүүр соёл иргэншилтэй, оюунлаг, цөөхүүлээ хэр нь морин дэл дээрээс дэлхийг талыг эзэлж, гүрэн байгуулж явсан ард түмэн. 

Нэгэн үе монголчуудыг их муу хэлж, яргачин, дээрэмчин, тонуулчин, хүн төрөлхтний соёл иргэншлийг сүйтгэсэн гээд л байсан. Одоо болсон чинь үгүй юм байна шүү, энэ монголчууд чинь хүн төрөлхтний түүхэнд энх амгалангийн гүрэн байгуулах тэр гайхамшгийг нээж өгсөн юм байна гээд түүхийг ойлгож эхэлж байна шүү дээ.

Тиймээс муу хэлж байсан тэр үедээ “Энэ монголчуудыг хүн төрөлхтний түүхийн тавцанд ахиад гаргачихгүй юмсан” гэж болгоомжилсон байдаг. Тиймээс чимээгүйхэн шиг цаагуураа өв соёлыг нь мартагнуулаад өөрөөр нь өөрийг нь устгуулах улс төрийн үйл ажиллагаа явагдсан юм болов уу гэж бид төсөөлдөг. Өнөөдөр бид жалга довны үзэлтэй, нутгийн хүнтэйгээ гэр бүл болохыг илүүд үзэж, хараа бараатай явахыг чухалчилдаг болсон нь өв соёлыг мартагнуулсны гай. 

Аав ээж нь үр хүүхдэдээ “Миний хүү, чи битгий нутаг усныхаа хараа барааны хүнтэй гэрлэчхээрэй дээ” гэж хэлж сургадаг байсан шүү дээ. Гэтэл одоо ойрхноос хараа бараандаа гэр бүл болж болдог юм байна гэдэг ойлголттой болчихжээ. Нөгөөтээгүүр, Монгол нутаг их өргөн уудам. Гэхдээ өвөг дээдсийн түүхээс харахад засаг захиргааны хувьд ердөө дөрвөн аймагт л хуваагддаг байсан. Хангайгаасаа говь руу очдог, говиосоо тал хээрээр дамжаад хангайдаа ордог.

Малаа сайхан оторлож таргалуулаад, нүүдэл бэлчээрээ сэлгэн байгалиа хамгаалж, хайрладаг байжээ. Ингэж явахдаа хол нутгийн залуус хоорондоо танилцаж ижилсэн гэр бүл болдог. Гэтэл одоо энэ дөрвөн аймгийг 21 аймаг 331 сум 1700 шахам баг болгон хуваачихсан. Ингээд газар нутгийг зөгийний үүр шиг болгоод хуваачихаар засаг захиргааны хувьд өөр аймаг, сум болсон залуус хоорондоо танилцаж гэрлэдэг. Энэ нь явсаар байгаад цаагуураа цус ойртолтын аюулыг чимээгүй бий болгож байна.

-Манай улсын хүн амын хэдэн хувь нь цус ойртчихсон байна вэ?

-Монгол Улсын тэдэн хувь нь тэглээ, ингэлээ гэж тодорхойлж болдоггүй үзэгдэл чинь энэ. Цус ойртолт гэдэг бол нуурын ёроолд давсны тунадас хуримтлагдаад жил ирэх тусам бага багаар нэмэгдээд байдаг шиг чимээгүйхэн яваад л байдаг өвөрмөц үзэгдэл. Өнөөдөр хүн амын доторх цус ойртолтыг тодорхойлбол тодорхой төвшинд цус ойртоогүй аймаг, сум гэж байхгүй болсон. Тиймээс бид өнөөдөр үр хүүхдээ сум дотроо битгий гэрлээрэй гэж хэлэхээс өөр аргагүй болчхоод байна. Үүнийг монголчууд дотроо ярих асуудал.

Түүнээс биш гадаадынханд өгөөш болгох зүйл биш. Нууцын зэрэглэлтэй байх ёстой асуудал юм. Өнөөдөр манай улсын хүн амын өвчин эсэргүүцэх, үхэл даах чадвар эрс буурсан. 1990-ээд оны эхээр чихрийн шижин, хорт хавдартай хүн өдрийн од шиг цөөн байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр хорт хавдраар хоёр сартайгаас эхлээд өндөр настай гээд бүх насны хүмүүс өвчилж байна.

Энэ нь нэг талдаа даяаршлын нөлөөгөөр импортоор есөн шидийн хүнс оруулж ирээд идэж байгаатай холбоотой ч нөгөөтээгүүр өв соёлоо мартсанаас улбаатай. Цаагуураа цус ойртох үзэгдэлд нэлээд орчихсон ард түмэн чинь зохисгүй хүнсний хэрэглээний улмаас янз бүрийн өвчтэй болж хэврэгшээд яваад байна шүү дээ.

-Ер нь дэлхийн түүхэнд хүн ам нь цус ойртоод ноцтой байдалд орж байсан жишээ байна уу?

-Байлгүй яах вэ. Ийм нөхцөлд тухайн улс хууль гаргаад, хүн амаа хөдөлгөөнд оруулдаг. Тухайлбал, зам харгуй тавьж өгөн залуусыг хооронд нь уулзах сайхан боломжоор хангаж байсан. Цус ойртохоор хүн амын оюуны чадавх буурч, оюуны хомсдолтой хүүхдийн тоо өсдөг. Ингэхээр шинжлэх ухаан, техникийн гайхамшгийг бүтээх чадвар буурах нь ойлгомжтой.

Тиймээс хүн амаа цус ойртоогүй байсан ч ойртохоос сэргийлж, ийм үзэгдэлд оруулчихгүй байхыг төрийн хар хайрцагны бодлогоороо авч явах ёстой. Аливаа ард түмний дунд цус ойртох үзэгдэл бий болох л юм бол төрөл бүрийн өвчтэй, оюуны хомсдолтой хүүхэд төрдөг нь хууль. Герман, Япон, Орос, Монгол ялгаагүй бүгд адилхан шүү дээ. Гагцхүү тэр ард түмний дунд цус ойртох хүчин зүйлийг бий болгож буй зүйлийг арилгаж, үндэсний аюулгүй байдлын бодлогоороо хамгаалж явах ёстой.

-Цусаа сэлгэж байна гээд гадаадын иргэнтэй гэр бүл болж байгаа монголчууд ч бий. Зарим нь үүнд их дургүйцдэг. Эрлийз, хурлийз хүүхэд төрүүлж цусаа бохирдууллаа гэдэг шүү дээ?

-Гадаадын иргэнтэй гэр бүл болох нь замбараагүй болбол цөөхүүлээ үндэстэн бүр хайлаад алга болно шүү дээ. Тиймээс харийнхантай хэт их ойртож, хэтэрхий олноороо гэр бүл болж болохгүй.

-Гадаадын зарим кинон дээр хааны угсааныхан үеэлтэйгээ сууж байгаа тухай гардаг. Үүнийг залуу үеийнхэн, хүүхдүүд яагаад гэж их асуудаг шүү дээ?

-Хүн төрөлхтний генетикийн сургамжууд бий. Хаан угсааны цус харц хүний цустай холилдох ёсгүй гээд дээдсийн хүрээндээ үржиж өсөж байх ёстой гэдэг үзэл баримтлал түүхийн явцад байсан уу гэвэл байсан. Үүнтэй холбоотойгоор хоорондоо гэрлэсээр байгаад хаан угсаа устаж, бүхэл бүтэн овог аймаг мөхсөн нь ч бий. Ийм жишээ олон. Эмэгтэйчүүдээ хамгаалаагүй үндэстэн мөхдөг, эрчүүдээ дээдлээгүй улс сөхөрдөг гэж мэргэдийн үг бий.

Хүний генетикийн шинжлэх ухаан хөгжиж ирсэн цагаас л үүнийг мэддэг болсон шүү дээ. Ер нь генетикийн шинжлэх ухаан чинь 1900 оноос л хөгжиж эхэлсэн юм. Гэтэл монголчууд генетикийн хуульгүй, энэ шинжлэх ухаан үүсээгүй байхад буюу 800 жилийн тэртээгээс хүний удамшлын шинж тэмдэг яаж өвлөгдөж ирдэг вэ гэдгийг мэдэж байсан. Тэр байтугай малын удмын санг хамгаалж эцэг малыг холоос авчирч тавьдаг уламжлалтай шүү дээ.

Хүн уламжлалт соёлоо гээвэл араатан л болдог. Юуг ч устгаж, юуг ч барьж идэж чадна. Хүнийг хазаарлаж барьдаг зүйл чинь уламжлалт соёл шүү дээ. Үүнийгээ дээдэлж байж бид бүтэн Монгол болно.

-Та Москвагийн их сургуулийг хүн судлаач, хүний генетикч мэргэжлээр төгссөн, мэргэжлээрээ эх орондоо ажиллаж байгаа цөөхөн эрдэмтдийн нэг. Монголчуудын хувьд энэ мэргэжил төдийлөн танил бус, тиймээс та манай уншигчдад мэргэжлийнхээ талаар товч ойлголт өгнө үү?

-Генетик бол амьд организмуудын хэлбэр болон удамшлыг судалдаг шинжлэх ухаан бөгөөд хүний генетик нь үүний нэгэн салбар юм. Энэ шинжлэх ухаан хүний биологи, өсөлт хөгжил, сэтгэл санаа, оюун ухаан, удамшил, соёл биеийг судалдаг, маш өргөн хүрээг хамаардаг ухаан. Хүн гурван биетэй. Нүдэнд ил харагдах махан бие, өвөг дээдсээс заяасан соёл бие, энэ хоёрын хөрсөн дээр ухамсар бие бий болно.Ухамсар, оюун ухаан маань зангилагдаад сэтгэл биеийг бий болгодог.

“Аливаа хүнийг эрхэндээ оруулъя гэвэл битгий зодож нүд. Сэтгэлийг нь л эрхэндээ оруул” гэдэг Монголчуудын айхтар үг байдаг даа.

-Монголд одоо энэ мэргэжлээр хэдэн хүн ажиллаж байна вэ?

-Хүний генетикчээр дагнан мэргэшүүлж, төгсөлт хийдэг анги манайд байхгүй. Харин гадаадын их, дээд сургуулиудыг генетик, хүн судлалын мэргэжлээр төгсөж, эх орондоо ирээд, хүний  генетикээр дагнан ажиллаж, эрдэм шинжилгээний ажил хийж байгаа судлаачид манайд маш цөөхөн бий. Гурав, дөрвөөс хэтрэхгүй болов уу. Миний шавь нараас АНУ, Австрали, Израильд тав, Монголд гурван хүн ажиллаж байна.

-Монгол хүний удмын сан бусад угсаатныхаас юугаараа давуу байдаг юм бэ?

-Генийн санг удмын сан гэж нэрлэдэг. Үндэстэн бүрд генийн сан бий. Тухайн үндэсний олон мянган жилийн турш идээшин зохицож, амьдарч ирсэн уугуул нутгийн уур амьсгал, байгаль газарзүйн онцлогтоо өвөрмөцөөр дасав зохицож генийн сан нь бүрэлдэн тогтдог юм. Энэ утгаараа угсаатнуудын генийн сан хоорондоо ялгагддаг.

Монгол хүний амьдрах арга ухаан, бие бялдрын хөгжил, аливаа өвчнийг тэсвэрлэх чадвар бусад угсаатнуудаас давуу. Учир нь, Монгол орон маань -40-өөс +40 градусын хооронд дөрвөн улирлын уур амьсгалын араншинтай газарзүйн байрлалд оршдог бөгөөд Монголчууд түүндээ дасан зохицсон генийн сантай. Энэ бол маш их чадавхтай генийн сан. Амьдралынхаа хэв маягийг зохиомжлох нарийн арга ухаантай тедийгүй жилийн дөрвөн улирлынхаа онцлогт дасан зохицсон хувцас хунар өмсөж, хоол хүнс хэрэглэдэг. Мөн аливаа зүйлийг олон хувилбараар хийж чаддаг. Гадаадынхны бүтээж хэрэглэж байгаа техник хэрэгслийг өөрийнхөө хүсэл зориг, санаа бодлоор амархан монголчлоод зүсийг нь хувиргаад хэрэглэчихэж чаддаг.

-Монгол хүннй хувьд юу иь илүү их удамшдаг вэ?

-Монгол хүн монголтойгоо гэрлэхэд махан биеийн генүүд нь удамшина. Харин соёл биеийн генүүд нь гээгддэг. Монголчууд гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг шүүдээ. Гаднаа гяланцаг нь давамгайлахаараа араатан шинж, дотроо гяланцаг нь ихдэхээрээ гэгээрлийн зам мөр рүү явдаг.

Гэгээрлийн зам руу хөтлөхийн тулд монголчууд «Эрхэм баян эрдэм ном, дунд баян, үр хүүхэд, адгийн баян адуу мал» гэдэг байсан. Монголчууд хувийн өмчтэй байсан. Хот дүүрэн малтай хэрнээ өмссөн хувцсаа алт мөнгөөр бүрээгүй шүү дээ. Хөрөнгөө хараад л сэтгэл нь ханачихдаг. Хүний сэтгэл бүх юмыг жолооддог. Монголчууд үр хүүхдүүдээ хэрэглээний сэтгэлгээнээс илүу гэгээрэл рүү хөтөлдөг, амьдралын хар бор ухаанаа үр удамдаа өвлүүлж үлдээдэг ард түмэн. Монгол хүн байгаль эх дэлхий, мөнх тэнгэртэйгээ холбогддог антенлаг чанараа хадгалсаар ирсэн. Энэхүү энерги мэдээллийнхээ орон зайн хуулиар амьдардаг, түүнийгээ хардаг, тэтгэдэг ард түмэн.

-Монгол хүний эрхэм нандин чанар гэж хүмүүс их ярих болжээ. Гэвч энэхүү нандин чанараа өнөө хэр нь бүрэн таньж амжаагүй л явна?

-Нэгдмэл орчлон дотор байгаа хүний орчлон өөрийгөө тусгаарлаж, түүнийгээ үнэн гээд ойлгочихсон юм. Монголчууд бол мөнх тэнгэрээ шүтдэг, хууль цаазыг нь биелүүлдэг, зарлигаар нь амьдардаг хүмүүс.

Богд Чингис хаан маань 13 дугаар зууны үед цэврүү шиг цэвэр монгол хүнийг бий болгосон. Монголчууд тэр үед худлаа хэлж, хулгай хийх, биесээ харааж зүхэхийг мэддэггүй байжээ. Өөрсдийгөө эрхэм дээд хүн гэж тооцдог учраас гаднынхныг дандаа өөрөөсөө доош суудалд суулгадаг байв.

Гэтэл одоо монголчууд ямар болчихсон байна вэ. Суурин иргэншлийн муу муухай, хог новш нүүдлийн иргэншилд нэвтрэн орж ирээд, биднийг сүйтгэж байна. Энэ бүхнээс бид өөрсдийгөө дэвэрлэж, нүүдлийн соёл иргэншлийнхээ гайхамшигт өв уламжлалаа сэргээх цаг болсон. Тэгж байж бид оршин тогтоно. Байгаль орчин, нүүдлийн иргэншил, монгол хүн гурвын гагнаас бол Монгол хүний гайхамшиг, эрхэм нандин чанар юм.

-Дэлхийн II дайнд Гитлер ялчихвал угсаатан бүрээр юу хийлгэх төлөвлөгөө гаргасан гэдэг. Тэнд Монголчуудаар хийлгэх ажлын талаар тусгайлан төлөвлөсөн байсан гэдэг. Энэ мэтчилэн Монголчуудыг их сайн гентэй улс гэж ярилцдаг?

-Гитлер «Монголчуудаар хамаагүй хар бор ажил хийлгэж болохгүй. Гал тогооны ажил, эсвэл хог шороо цэвэрлэх ч юм уу, боолын зиндааны ажил хийлгэж болохгүй ард түмэн байгаа юм. Тэгвэл Чингис хааны өмнө би нүгэл үйлдсэн болно. Гэхдээ тэднээр хэтэрхий өндөр албан тушаалын том ажил бас хийлгэж болохгүй. Тэгвэл толгой дээр гараад суучихна» гэж бичсэн гэдэг юм.

Муу, сайн ген гэсэн ойлголт байдаггүй. Энэ талаар тайлбарлахын тулд рубикэн шоон дээр жишээ авъя. Шооны зургаан талыг өнгөөр нь ижилсүүлчихвэл хүний генийн сан болно. Дэлхийн хүн амыг нэгдмэл генийн сантай гэж үздэг. Энэхүү нэгдмэл генийн сан нь өөр өөриин сонгож авсан газар нутаг дээр идээших үед тогтолцоо үүснэ. Ер нь тухайн байгаль, уур амьсгалын орчинд эхлээд генийн сан нь идээшин зохицох ёстой байдаг. Шооны өнгийг хувиргах бүр шинэ хоршлууд үүснэ.

Хүн амын генийн сан генүүдийн хоршлоор дасан зохицож, улмаар тодорхой чадварууд бий болдог. Ийм чадвар өндөртэй учир л Монголчуудыг ген сайтай буюу генийн идээшин зохицох чадамж сайтай гэж яриад байгаа юм шүү дээ.

-Монголчуудын генийн сав муудаж байна гэлцэх болж?

-Хүн бүхэн эцэг, эхээс өвлөж авсан генийн системтэй байдаг. Тэр утгаараа ижилхэн хоёр хүн ертөнц дээр байдаггүй. Монгол Улс 2.5 сая хүн амтай гэж үзэхэд 2.5 сая генийн сан байна гэсэн үг. Энэ бүгдийг нийлүүлснийг хүний’ генийн нэгдсэн сан гэж үздэг. Аливаа үндэстэн угсаатны генийн сан оршин амьдарч буй орчин нөхцөл, байгаль, цаг уурт нь дасан зохицохын тулд олон мянган жилийг туулдаг.

Хүн бүхэн 32 040 гентэй. Хар нүдний генийн сан, цэнхэр нүдний гэдгээрээ л ялгардаг. Удмын сан багасна гэдгийг ямар утгаар ярьж байгаагаас их шалтгаална. Төрөлт багасаж байна. 2025 оноос эхлээд Монголын хүн ам хоёр дахин хөгширнө гэсэн тооцоо гарчээ. Магадгүй, энийг ч хэлсэн байж болно.

-Монгол хүн гадны хүнтэй гэрлэсэн тохиолдолд удмын санд ямар өөрчлөлт гарах вэ?

-Монгол хүн гадаад хүнтэй суугаад, тэр улсад нь очиж амьдарвал далай дотор черниль дусаасан юм шиг л уусаад алга болно. Гаднаас хань ижил олоод ирвэл Монголд байхгүй ген орж ирнэ.

Монгол хүний генийн сан рубикийн шоо шиг зангидчихсан сан шүү дээ. Түүн дээр өргөс орж байгаа юм шиг эвдрэл үүснэ, махан бие талаас нь төрөл бүрийн удамшлын өвчин үүсгэдэг генүүд орж ирнэ. Соёл бие талаас нь үндэсний уламжлал, соёл иргэншил улам сааралтана. Эцэг, эх хоёрын соёл иргэншлийн зөрчил үүснэ.

-Хоёр үндэстний ген холилдвол сайн тал гэж байх уу?

-Эхний ээлжинд гадна талаасаа бага зэрэг сайн талууд анзаарагдана.Бүдгэрсээр бүдгэрсээр л сүүлдээ алга болно доо. Гаднаас орж ирж байгаа нь ихсэх тусмаа л дотоод чанар нь муудна.

-Удмын сангийн аюулгүй байдал гэж их ярьдаг. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд энэ тухай өнгөц тусгасан байдаг ч бусад хуулинд энэ талаар нарийн заалт алга?

-Угийн бичгээ мэдэхгүй, хоорондоо гэрлэх үзэгдэл түгээмэл болжээ. Үүнээс болоод Монгол хүний удмын санд цус ойртолтын аюул нүүрлэчихээд байна. Энэ бол олон жилийн турш явагдаж байгаа процесс. Гэвч энэ бол нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй, чихэнд сонсогдохгүй.

Хүн амын дунд цус ойртолт ихсэхээр үүнийг оюуны хомсдол сүүдэр мэт дагадаг юм.Нөгөө нэг аюул нь гэр бүл хямарч, салж сарниад, хүүхдүүд нь гудамжинд гарч, эмэгтэйчүүд нь амьдрахын эрхээр харийн хүнтэй гэрлэж байна.

Мөн гаднаас ямар нэгэн байдлаар Монголд орж ирээд, Монгол иргэншилтэй болж, Монгол үр удамтай болох далд үзэгдэл явагдаж байна. Энэ мэт аюулууд нүүрлээд байна.

-Аюулгүй байдлыг нь тэгвэл хэрхэн хамгаалах вэ?

-Монгол удмын сангаа цэвэр ариун авч явахын тулд хань ижлээ сонгохдоо хүн бүр ухамсартай хандах учиртай. Цус ойртвол гэрлэхээс татгалзах арга ухаанд залуу үеэ суралцуулахын тулд өрх бүрийг угийн бичигтэй болгох нь чухал. Угийн бичигтэй болгохын тулд үнэгүй номоор хангаж, сургалт явуулъя.

Эмэгтэй хүнийг жирэмсэн болмогц нь эрүүл хүүхэд төрөх нь үү, үгүй юу гэдэг талаар урагт шинжилгээ хийдэг болох хэрэгтэй. Оюуны хомсдолын түвшинг судалж тогтоох шаардлагатай.

Оюуны хомсдолыг багасгахын тулд дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай. Олон аймгийн залуус хоорондоо учирч уулзах, гэр бүл болох боломжийг нээж өгөх хэрэгтэй. Ингэхийн тулд янз бүрийн наадам, сургалт зохион байгуулах шаардлагатай.

-Залуус хөгжил дэвшлээ дагаад нийслэл руү хошуурцгааж байна. Хязгаар нутаг руу явах хүсэлтэй хүн төдийлөн олон гарахгүй л болов уу?

-Монгол нутгийн говийн бүсийн аймгууд хэтэрхий хотжиж байна. Энэ бол үндэсний аюулгүй байдал талаасаа ноцтой зүйл. Хүн амын 50 гаруй хувь нь Улаанбаатарт төвлөрч байна. Энэ өргөн уудам нутаг дэвсгэрийг хүншүүлэх бодлого чухал байна.

Мал аж ахуй, нүүдлийн иргэншлийг дэмжих бодлого барих хэрэгтэй. Мал нь ч, хүн нь ч хамгаалагдана. Хилтэй ойр залгаа аймгуудад хүний цөлжилт болчихоод байна шүү дээ. Тэнд эх оронч сэтгэлгээтэй, малаа дагасан хэдэн хүн л амьдарч байна. Тэдний ачаар хязгаар нутаг эзгүйрэхгүй байна.

Улаанбаатарт 100 мянган орон сууц барих мөнгөөрөө хүн амаа хөдөө орон нутагт шилжин суурыыихад дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, ажил хөдөлмөр, орон байраар нь хангадаг улсын тусгай бодлого хэрэгтэй байна.

«Гэр бүл төвтэй хүний хөгжил» гэж 20 жил ярилаа. Одоо хийх цаг болсон. Монголын төр Их хаадын үеэс төрийн бодлогоороо энэ бүхнийг зохицуулж ирсэн юм. Монголынхоо шилэгдмэл, эх оронч сэтгэлтэй, бие бялдар, сэтгэл зүйн өндөр хөгжилтэй, ажилсаг зүтгэлтэй гэр бүлүүдийг төрийн тусгай хангамжтайгаар хязгаар нутгууд руугаа нүүлгэн суурышуулж, хязгаар нутгийнхаа аюулгүй байдал, хөгжил дэвшлийг хамгаалж ирсэн арвин туршлага бидэнд бий.

-Удмын сан эвдрэхэд дэлхий нийтийн даяаршил бас нөлөөлж байгаа даа?

-Үнэн. Даяаршлын бодлого өнгөн дээрээ их сайхан харагддаг. Үнэн хэрэг дээрээ том үндэстнүүд жижиг үндэстнийг даяаршилд оруулах  замаар устгаж, уусгах алсын аюулыг чирч яваа юм. Мэдээллийн даяаршил бол өөр асуудал.

Харин соёлын, сэтгэлгээний, генийн сангийн даяаршил бол жижиг үндэстэнг соёлтой аргаар устгах их гүрнүүдийн бодлогын арга зам. Даяаршлаас тойрох, зугтах аргагүй. Гэхдээ ухаалгаар өөртөө авахаа авч, хаяхаа хаях хэрэгтэй.

Монгол угсаатны хөгжлийг төр хөтөлдөг юм. Төр нь өөрөө ирээдүйн бодлоготой байх хэрэгтэй.

-Авахаа аваад, хаяхаа хаях хэрэгтэй гэж та хэллээ. Гэвч манайханд муу, сайныг нь ялгалгүй даган дуурайдаг айхтар зан байдаг шүү дээ?

-1921 он гартал Монголчууд хэнийг ч дуурайдаггүй байсан юм. 1921-1990 он хүртэл дэлхийн улс төрийн далд бодлогоор Монгол угсаатныг соёлоос нь салгахбодлогоявагдсан. 1925 онд нууц тогтоол гаргаж, угийн бичгээ хөтлөхийг нь болиулсон.

Энэ хэнд хэрэгтэй байсан юм бэ? Энэ бүхэн чинь сүүлдээ монгол хүнииг соёлоос нь хөндийрүүлэх, монгол хүн өөрөө өөрийнхөө соёлыг ад үздэг, үүнээсээ ичдэг сэтгэлгээтэй болгохын тулд бүтэн 70 жилийн турш хэрэгжүүлсэн бодлого шүү дээ. Өөрийнхөө соёлыг мартчихсан, гээчихсэн хүн чинь өөртөө таалагдсан аль дуртай гаднын хүмүүсийг даган дуурайж, өөртөө шингээж авна аа даа.

Одоо бид төрийн бодлогоороо энэ бүхнээ сэргээх хэрэгтэй. Сүүлийн үед язгуур урлагийн уралдаан тэмцээн их зохиогдож байна. Энэ бол мартагдсан үндэсний урлагаа сэргээх төрийн бодлого явагдаж байгаагийн нэг илрэл. Энэ мэтээр төр нь ард түмэндээ, өвгөд нь хүүхдүүддээ өвлүүлж өгөх учиртай. Ингэж л монгол соёл бүтэн болно.

Энэ бол төр иргэнийхээ нийгэмд итгэл үзүүлж, аливаа чухал зүйлсийг иргэдээрээ хийлгэх дэлхий нийтийн хандлагын нэг илрэл. Энэ нь асар их үнэ цэнэтэй.Төр бүх юмыг мэддэг, хүмүүсийг шагнаж урамшуулж, яллаж шийтгэдэг, баярлуулж, гомдоодог нэг процесс явагдаад байна аа даа.

Иргэний нийгэм гэдэг чинь явсаар байгаад иргэд өөрсдөө гардаж хийдэг, төрийг хараад суух биш, хамтын хүчээр үйл ажиллагаа явуулдаг ухаантай болохыг хэлдэг юм.

-Саяхны нэгэн судалгаагаар нэг сумын иргэдийн нийт гэрлэлтийн 73,9 хувь нь ураг садны гэрлэлт байна гэсэн дүн гарчээ. Гэрлэх хүнээ өөрөө сонгодог ардчилсан нийгэмд гэрлэлтийг төрөөс зохицуулах боломжгүй шүү дээ?

-Боломжтой. Засаг захиргаагүй явж болохгүй. Төрөөс угийн бичгээ хөтөлдөг, есөн үеэс урагш бүх хүнээ бүгд мэддэг байх үүргийг иргэддээ даалган. өгөх хэрэгтэй. Бидний өвөг дээдэс ийм л байсан. Энэ л төрийн бодлогын ачаар бид уусч устаагүй байна.

Угийн бичгээ хөтлөхөд нь төр номыг нь үнэгүй хэвлүүлж өгье. Аргыг нь зааж өгье. Энийгээ үр удамдаа өвлүүлж өгөөд байгаарай. Есөн үеэ мэдэхгүй бол баг, аймаг дотроо битгий гэрлээрэй. Монгол угсаатнаа хойч ирээдүйдээ эрүүл саруул хүлээлгэж өгье гэсэн бодлого барих хэрэгтэй.

Төр ард түмнээ дураар нь тавьж болохгүй. Монгол угсаатан бүрэн бүтэн, устаж үгүй болохгүй хөгжье гэвэл төр ард түмэндээ үүрэгдэх зүйлээ үүрэгдэх хэрэгтэй. Тэгэхийн тулд төр байдаг юм. Юм бүхнийг төрөөс зааж сургахгүй байхыг хичээж байгаа нь үнэн. Гэвч зааж сургах юм бас их байна.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэдэг чинь хууль д үрмээ хэрэгжүүлэхийг л хэлдэг юм. «Миний хүү, сүү хутгасан халбагаар булгийн уснаас хутгаж болохгүй шүү» гэж эцэг, эх маань хэлэхэд бид үүнийг ягштал баримталдаг байсан. Амьдралын дүрмээ биелүүлж байхыг л ардчилал гэж нэрлээд байгаа юм шүү дээ. Аливаа тоглоомын дүрэм гэж байдагтай адил амьдрал ч бас өөрийн гэсэн дүрэмтэй. Тэр дүрэм нь хууль. Хуулиараа амьдарч чадвал ардчилал, хүний эрх, эрх чөлөөгөө эдэлж байна гэсэн үг.

-Монголчууд угийн бичгээ хөтлөхийн тулд нэлээд хэдэн жилийн өмнө ургийн овгоо тодорхойлцгоосон. Гэтэл хүн амын 86,6 хувь нь боржигон овогтой болчихжээ. Ургийн овог генийн сантай ямар нэгэн байдлаар холбогддог уу?

-Хүн төрөлхтний олон мянган жилийн өмнөх түүхэнд овог хэрэгтэй үе байсан. Нэг эх, эцгээс гаралтай хүмүүсийн нэгдэл нэгэн овог болон амьдарч, хоорондоо гэрлэлгүй, дус ойртолтоос сэргийлж байсан. Хүн амын өсөлт ихсээд ирэхээр ургийн овог нь цус ойртолтоос хамгаалдаг хэрэгсэл байхаа больж, тэр цаг үеэ өнгөрөөсөн.

Харин манай овгийнхон, миний өвөг дээдэс Монголын түүхэнд ийм баатарлаг гавьяа байгуулж явжээ, би ноёд угсаатны үр удам юм байна гэдгээ мэдэж авна гэдэг утгаараа ургийн овог нь хувь хүндээ асар их үнэ цэнэтэй.

Ц.Баттуяа

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд