LOADING

Type to search

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АстраЗенека вакцины анхны тунг хийлгэлээ

Share

Хоёрдугаар сарын 23-ны өдөр буюу өнөөдрөөс шинэ коронавирусийн вакцинжуулалт эхэлж байна. Вакцинжуулалтад хамгийн түрүүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамрагдаж байгаа юм. 

Тэрээр энэ үеэр “Монгол Улс улаан бүсээс шар бүсэд шилжиж байна. Нийт ААН-ийн 95 хувь нь хэвийн горимд шилжиж байна. Тулж ирсэн сорилтыг хамтаар даван туулдаг жишээг бид дахин харууллаа. Нэг өрх нэг шинжилгээ өнөөдөр бид хаана байгаа, хаашаа явахыг заасан суурь боллоо. Хөл хорио шинжилгээгээр мөн бид вакцинжуулалтын суурийг тавьж чадлаа. Ази тивдээ вакцинжуулалтыг эхлүүлсэн улсуудын нэг болж чадлаа. Засгийн газар богино хугацаанд 18-аас дээш насны иргэдээ вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулна. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр явагдах хэдий ч цар тахлаас, аюулт өвчнөөс хамгаалах ганц арга нь вакцин гэдгийг хэлэх нь зүйтэй. 

Вакцинжуулалтыг хийсний дараа 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Ажилчдаа вакцинжуулах тал дээр хувийн хэвшил Засгийн газартай хамтран ажиллаарай. Бид вакцинжуулалтаа хийж чадвал хаагдсан зүйлсээ нээж чадна. Хаагдсан сургууль, хаагдсан бизнес, хаагдсан хилээ, хаагдсан аз жаргалтай амьдралын хэв маягтаа шилжиж орно” гэв.

ДЭМБ-аас албан ёсоор Pfizer, АstraZeneca вакциныг албан ёсоор бүртгэж авсан бөгөөд манай улсын хувьд өчигдөр өглөө Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн AstraZeneca компанийн Covishield вакцины 150,000 тунг тусламжаар хүлээн авсан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтад нэгдүгээрт орох бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд хоёрдугаарт хийлгэж эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уриалах юм. Эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албан хаагчид хийлгэнэ. 

error: Content is protected !!