No menu items!
HomeХүмүүсСэтгэлд хоногшсон сайхан Монгол аавын дүрийг бүтээсэн жүжигчид

Сэтгэлд хоногшсон сайхан Монгол аавын дүрийг бүтээсэн жүжигчид

-

Энэ удаагийн “Хүмүүс” булангаараа сэтгэлд хоногшсон сайхан Монгол аавын дүрийг бүтээсэн, тайз дэлгэцийн урлагийн ноён нуруу болсон эрхэм сайхан жүжигчдийг онцолж байна.

Цагааны ЦЭГМИД

Цагааны Цэгмид хэмээх агуу жүжигчинг мэдэхгүй хүн Монголд үгүй биз. Монголчууд бид Цогт тайж хэмээх түүхэн баатрыг Цагааны Цэгмид гуайгаар л төсөөлдөг. “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Жүжигчин” цол 1942 онд бий болоход анхлан хүртсэн түүнийг Монголын ард түмэн “Зууны шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр санал нэгтэй сонгосон билээ. Тэрээр 1905 онд хуучнаар Түшээт хан аймгийн Хүдэр харуулын Сүвсүүл баруун бэлчир гэдэг газар буюу одоогийн Булган аймгийн Сайхан суманд таван хүүхэдтэй айлын дунд хүү болон мэндэлсэн. 

Түүнийг төрөхөд Манджавын Батсүх хэмээх дуудах нэрийг хайрласан ч долоон насандаа хүндээр өвчилж, нэр нь хүндэдсэн тул Цэвэгмид хэмээх нэртэй болсон нь яваандаа түмэнд алдраа дуурсгасан Цэгмид болсон түүхтэй. 1932 оны хавар түр цэрэгт тэнцсэн учир Улаанхуарангийн пулемётын суманд цэргийн алба хааж, ЗХУ-д цэргийн нисэхийн сургуульд тэнцсэн боловч Театрын хөгжимчин, жүжигчин, жүжгийн зохиолч Л. Дамдинбазарын дэмжлэгээр урлагийн ертөнцөд хөл тавьжээ. Улмаар тус ондоо Бөмбөгөр ногоон театр дагалдан жүжигчнээр орсон.

Театрын тайзнаа олон сайхан дүрүүдийг бүтээсэн тэрээр Монголын театрын түүхийн салшгүй нэгэн хэсэг билээ. Мөн тэрбээр анхны Юндэн, анхны Ленин, анхны Сүхбаатарын дүрүүдийг бүтээсэн. Түүний кинонд бүтээсэн анхны дүр нь хятад хүүгийн дүр байв. 1932 онд “Сүхбаатар” киноны Сюй Шү Жан, Эрдэнэ гүний дүрд, 1945 онд “Цогт тайж” киноны Цогт тайж, 1955 онд “Улаанбаатарт байгаа миний аавд” киноны манаач өвгөн, “Нүгэл буян” киноны Нямжав, “Сэрэлт” киноны Даш, “Алтан өргөө” өвгөн Пагва зэрэг олон сайхан дүрүүдийг бүтээж, 1946 онд Төрийн соёрхолт хэмээх алдар цолийг хүртсэн юм.

Лувсанбалдангийн ЛУВСАН

Монголын театрын домог болсон жүжигчдийн нэг Лувсанбалдангийн Лувсан “Ирж яваа цаг” киноны Багаяа өвгөний дүрийг сэтгэлд хоногштол урласан билээ. Тэрбээр 1908 онд Төв аймгийн Баянцогт сумын нутаг Жирэм хэмээх газар төрсөн. Л.Лувсан гэдэг 18 настай жаал хүү 1926 оны “Майн нэгэн” хамтралд морин тэрэгчин байсан. Том байгагүй түүнийг “Алаг морины Лувсан” гэдэг байв. 1931 онд цэрэгт татагдан Тамсагийн отрядад байлдагч, бага дарга, 1933 онд нисэх онгоцны жолооч болсон. 1935-1939 онд Баянтүмэнгийн нисэх хороонд дайрагч нисэгч, Баян-Түмэнд байлдаж явсан ахмад дайчин билээ.

Бага наснаасаа сайн дурын уран сайханд явж “Өргөмөл сувд” жүжгийн лам, “Ардын зориг” жүжгийн Хурц, “Цэнд комиссар” жүжгийн хиа зэрэг ролиуд болон олон тооны концертод оролцон тоглодог байж. Улмаар 1940 оноос УТТ-т дагалдан жүжигчнээр орсон. Тэрээр театрын тайзан дээр төдийгүй кино дэлгэцнээ олон сайхан дүрүүдийг бүтээсэн. “Гэм нь урдаа” (1956) киноны Самдан, “Цэргийн хүү” киноны Дорж, “Талын цуурай” киноны Сэнгэ, “Хоньчин Найдан” киноны Молом өвгөн зэрэг киноны багахан ролийг нэлээд тод томруун болгож жүжиглэсэн. Хүү Нямсүрэнг бид “Тань руу нүүж явна” киноны хүү Дарьсүрэнгийн дүрээр сайн таних билээ.

Дэндэвийн ЧИМИД-ОСОР

“Талын баатар” жүжгийн Чогдон хувилгаан, “Сүрэг чоно” жүжгийн Данзан, М.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь” жүжгийн Шукарь өвгөн, “Цогт тайж” киноны Цэцэрлэгч өвгөн, “Хүний сайхан сэтгэл” киноны Дэнзэн, “Мандухай сэцэн хатан” кионы Хурц зайран Мөнх зэрэг олон дурээрээ монголчууд бидний зүрх сэтгэлд хоногшсон үлдсэн Ардын жүжигчин Д.Чимид-Осор сайн жүжигчин төдийгүй сайн найруулагч байв. Бидний шимтэн үздэг “Гологдсон хүүхэн”, “Нүгэл буян”, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Тамирын охин”, “Хонины найр” зэрэг кинонууд түүний авьяас билиг, хүч хөдөлмөрөөс бүтсэн билээ. Тэрбээр 1912 онд Архангай аймгийн Өлзийт сумын нутагт мэндэлсэн.

1936 оноос урлагийн замд хөл тавьж, 24 насандаа Улсын төв театрын босгоор алхжээ. Түүний тайзны анхны дүр нь “Яг 18” жужгийн Ойдовын дүр аж. Тэрбээр 47 насандаа М.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн” жүжгийн Шукарь хэмээх өвгөний дүрийг бүтээсэн бөгөөд энэ дүрээрээ олонд танигдаж өвгөн Шукарь хэмээн нэрлэгдэх болсон билээ. Түүний дэлгэцнээ бүтээсэн олон сайхан дүрүүдийн нэг нь “Хүний сайхан сэтгэл” киноны Дэнзэн өвгөний дүр юм. Киног үзсэн хүн бүр ухаарал, хайр, хүний сайхан сэтгэлийг олж харсан гэдэгт итгэлтэй байна.

Доржийн НАЙДАН

Түүнийг бид 1970 онд бүтээгдсэн “Хүргэн хүү” киноны Жамц өвгөн, 1974 онд бүтээгдсэн Д.Жигжид найруулагчийн бүтээл “Хөдөөгийн баясгалан” киноны малчин Ширнэнгийн дүрээр сайн мэднэ. Тэрбээр Ховд аймгийн Дарви суманд 1917 онд төрсөн. 1939 оноос ардын цэрэгт алба хааж, 1941 оноос армийн клубт жүжигчин, дуучнаар ажилласан. 1944 оноос Ховд аймгийн Хайрхан сумын бага сургуульд хүмүүжүүлэгч багш, 1945-1969 онд Ховд аймгийн клуб, ХДТ-т, 1969 оноос Улсын Драмын Театрт, “Монгол кино” үйлдвэр, ахмад дайчдын “Дайчин алдар” чуулгад ажиллаж байжээ. Ч.Ойдовын “Далан худалч”-ийн Жалбуу, Б.Явуухулан, Н.Дугарсанжаа нарын “Ялалтын жигүүр”-ийн Лэгцэг, Д.Намдагийн “Шинэ байшин”-гийн Агваан, “Наянчулууны ой”-н Гончиг, С.Удвал, Дожоодорж нарын зохиолоор хийсэн “Хүргэн хүү” киноны Жамц, “Хөдөөгийн баясгалан” киноны малчин Ширнэн, “Их замын тоос” киноны сахиул Балдан зэрэг тайз, дэлгэцийн олон сайхан дүр бүтээсэн билээ. Урлагийн салбарт 30 гаруй жил зүтгэсэн тэрбээр 1954 онд Гавьяат жүжигчин цолоор шагнуулсан.  “Хүргэн хүү” кино 1971 онд Москвад болсон олон улсын кино наадамд оролцсон. Тэнд гадаадын олон урлаг судлаач, үзэгчид ирж Жамцын дүрийг өндрөөр үнэлсэн гэдэг.

Түвдэнгийн  ЦЭРЭНЛХҮНДЭВ

Үзэгчдийн сэтгэлд 1963 онд бүтээгдсэн “Аман хуур” киноны “Чи л мэддэг шүү дээ” гэж хэлдэг дүрлэгэр алаг нүдтэй Соном өвгөний дүрээр хоногшсон жүжигчин бол Т.Цэрэнлхүндэв. Тэрбээр хаа яваа газартаа инээд хөөр дагуулдаг төрөлхийн авьяастай нэгэн байв. 16 настайгаасаа эхлэн урлагийн амьдралд хөл тавьсан тэрбээр хуучнаар Амгаланбаатар хотын Махандов гэдэг газар төрсөн. Айлын ганц хүү бөгөөд өөрийгөө 1917 онд төрсөн гэж ярьдаг ч 15 настай байхдаа Жанжин клубт насаа нэмж элссэн байдаг. Жанжин клубт ороод бүтээсэн анхны дүр нь Дамбийжаагийн Тоодгор хэмээх дүр аж. Энэхүү дүр нь эсрэг талын дүр байсан тул нэг хэсэг хотын сахилгагүйчүүд “Дамбийжаагийн Тоодгор явж байна” гээд чулуугаар нүүлгэдэг байсан гэдэг. Тэрбээр туслах жүжигчнээс туслах найруулагч хүртэл дэвшсэн.  1961 онд “Гологдсон хүүхэн”, 1963 онд “Аман хуур”, 1963 онд “Нүгэл буян”, 1965 онд “Хүний мөр”, 1971 онд “Тэмцэл”, 1971 онд “Тунгалаг тамир-2” зэрэг киноны дүрүүдийг тун чадварлаг бүтээсэн. Түүний бүтээсэн гол дүр нь “Аман хуур” киноны Соном өвгөний дүр бөгөөд энэ л дүрээрээ ард түмнийхээ сэтгэлд хоногшин үлджээ. Цэрэнлхүндэв гуай жирийн үедээ ч хүмүүстэй хөхрөлдөж тоглож, шоглож, ёгтолж явдаг хөгжөөнтэй хүн байж.

Рагчаагийн ДАМДИНБАЗАР

Урлагт сайхан залуу, сайн аав, сайхан өвөө, хээгүй сайхан монгол эр хүний дүрээр мөнхөрсөн нэгэн эрхэм бол Р. Дамдинбазар билээ. “Улаанбаатарт байгаа миний аавд” киноны жолооч Самдан, “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Гэндэн, “Гарьд магнай” киноны Ядам өвгөн зэрэг олон сайхан дүрийг нь үзэгчид андахгүй.

Тэрээр Төв аймгийн Бүрэн сумын нутагт 1928 онд төрж, 20 настай 1948 онд цэргийн албанд явж,  Цэргийн ерөнхий сургуулийн хөгжимчнөөр 3 жил ажиллаад 1951 онд халагдахдаа Хүүхэлдэйн театрын жүжигчнээр очжээ. Хөгжим сайхан тоглодог болохоор анх хөгжимчнөөр орсон ч удалгүй жүжигчин болсон. Хүүхэлдэйн театрт байхдаа “Гайхамшигт хайрцаг”, “Галсан ноён”, “Тоглоом тоотой нь дээр”, “Алиа Тогмид”, “Адуучин хүү” зэрэг олон сайхан хүүхэлдэйн жүжгийн дүр бүтээсэн. 1955 онд “Бүжигчин бүсгүй Урнаа” хэмээх хүүхэлдэйн жүжгийн бүтээлээр дэлхийн залуучууд, оюутнуудын V их наадамд амжилттай оролцож явсан. Зөвлөлтийн инээдмийн киноны нэрт найруулагч Эльдар Рязановын “Ийм нэгэн явдал” киноны Новосельцевын рольд дуу оруулсан нь монголын орчуулгын киноны түүхэнд бичигдэнэ хэмээн үздэг. 

Анх “Улаанбаатарт байгаа миний аавд” киноны Самдангийн дүрд тоглосноор кино урлагт хөл тавьжээ. Уг дүрийг чадварлагаар бүтээж, улмаар “Монгол кино” гэх их айлд хөл тавьсан байна. Түүнээс хойш 40 гаруй кинонд гол болон туслах дүр бүтээжээ.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд