Ард түмний бахархалт жүжигчин Д.Ичинхорлоо

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа Ардын жүжигчин Д.Ичинхорлоог онцолж байна.

Ардын жүжигчин Д.Ичинхорлоо бага залуугаасаа урлагт хөл тавьж, 50 гаруй жил урлагт зүтгэхдээ тайз дэлгэцнээ 200 гаруй дүр бүтээж, Гольдины “Хоёр эзний нэг зарц”, Лопе де Вегагийн “Хонины булаг”, “Харанхуй засаг”, “Учиртай гурван толгой” зэрэг дэлхийн болон үндэсний сонгодог жүжгүүдэд тоглож, олон түмэнд “Нүгэл Буян”-ы Тоо Хуар, “Цог тайж”-ийн Чин Тайх зэрэг дүрээрээ алдаршиж , “Тайзны хатан хаан”, “Хүрээ дууны мастер” хэмээн хүндлэгдсэн нэгэн билээ.

Улсын алдарт гавъяат дуучин түүний “Соёл эрдэнэ”, “Гоолингоо”, “Үзэсгэлэн гуа”, “Хөх торгон дээл”, “Арван тавны сар” зэрэг дуунууд нь пянзанд бичигдэж үлдсэн. Мөн “Ванлий”, “Дүүриймаа”, “Судгийн ногоо”, “Цагаан шаазан”, “Дөрвөн уул” зэрэг дуу нь Радиогийн дуу хуурийн алтан фондонд хадгалагдан үлджээ.

Тэрбээр мөн “Хүүхэд жимсэн дээр”, “Бидний хувцас” зэрэг бүжиг дэглэж, ард түмний дунд алдаршсан “Монгол транс” дууг зохиож, “Залуу эх Замбага”, “Одоо мэдлээ” зэрэг жүжгийн зохиол бичиж, найруулсан шинэ цагийн боловсролтой эмэгтэйчүүдийн нэг байв.

Түүний 63 хуудас бүхий гар бичмэлийг Хувьсгалын музейн сан хөмрөгийн эрхлэгч Г.Жамъян 1975 онд эмхэтгэн Хувьсгалын музейн сан хөмрөгт авч, 1990 онд  Монголын театрын музейд шилжүүлсэн бөгөөд 2005 онд крилл үсэгт буулган, улмаар товхимол болгон хэвлүүлж олон нийтийн хүртээл болгожээ. 

Гар бичмэлийн эхний хэсэгт “Би Архангай аймгийн Хану гэдэг газар 1910 онд малчин ард Дашзэвэгийн тав дахь охин болон төрж эцэг эхийн гар дээр өсөн бойжиж есөн нас хүрч хүний тоонд оролцон бидний амьдралын гол болох цөөн хэдэн малынхаа ажилд оролцох төдий болон ойр зуурын хурга, тугалдаа гүйж ажил амьдралаан эхлэн өсөж байсан үе билээ” хэмээн бичсэн байдаг.

Эцэг эх нь охиноо 11 нас хүрмэгц Их хүрээнд ирж бага сургуульд суралцуулжээ. 1923 онд Хүрээний бага сургуульд орж, Сүхбаатарын клубт Монгол ший гардгийг мэдсэнээр урлаг сонирхож улмаар Д.Сүхбаатарын нэрэмжит Ардын үлгэр жишээ клубт сайн дураараа шалгуулан тэнцсэн бөгөөд тэнд Ё. Шаравдоо гуайтай танилцан хамт клубт элсэн оров. Гэвч 1928 оны сүүлээр Ё.Шаравдоо тэр хоёрыг “садар самуун, ганган хээнцэр” хэмээн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлээс хөөж, жүжиглэх эрхгүй болов. Энэ талаар тэрбээр “…Дурлан зүтгэж явсан урлагийнхаа ажлаас хагацаж…” хэмээн дурсамж дурдатгалдаа бичжээ.

1928-1929 онд тэрбээр Ховдын “Улсын тээх нэвтрүүлэх газар”-ын салбар ангийн өртөөний хэсэгт ажиллахын хажуугаар Ховдын клубт жүжиг, концертонд оролцож урлаг соёлын их үйлсэд идэвхийлэн байв. 1930 онд “Монгол транс”-ын ерөнхий хороонд шилжин ирж, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж эхлэв.

 “Монгол транс”-ынхан Дорнодын Хилийн цэргийн 15-р хороо руу тоглолтоор явж байх үед тэрбээр нөхдийн хамт “Хулсан ташуур” дууны аянд олны дунд түгэн дэлгэрсэн “Монголтранс” дууг зохиосон түүхтэй.

1930 онд Ефремов сургагчийн Улсын театр байгуулах бэлтгэл ажил эрчимтэй өрнөж, Шаравдоо Ичинхорлоог жүжигчнээр ажиллуулахыг санал болгож байв. Ийнхүү 1930 онд Ерөнхий сайдын тушаалаар түүнийг Улсын театр байгуулах түр сургуульд шилжүүлэн ирүүлж, 1931 онд театрт жүжигчинээр орсон байна. 1931 оны 11 сарын 12-нд Улсын төв Театр С.Буяннэмэхийн ” Үнэн” жүжгээр нээлтээ хийв. Д.Ичинхорлоо бол Монголын мэрэгжлийн театр урлагийн үндэслэгчдийн нэг билээ. Анх “Уушаандар” жүжгийн охины рольд тун чадварлаг тоглосноор уран бүтээл, жүжигчний гараа эхэлжээ.

“Алтан үе”-ийн уран бүтээлчид

Улсын Төв театр 1933 онд Москвад болсон “Олон улсын ажилчин тариачны хувьсгалч театруудын их наадам”-д С.Буяннэмэхийн зохиол, Ц.Гомбожав, Ефремов нарын найруулсан “Харанхуй засаг” жүжгээр оролцож, нийт 27 улсын театр оролцсоноос хоёрдугаар байрт шалгарчээ. Тэрхүү жүжигт тоглосон Дамдинбазар, Ичинхорлоо, Цэвээн, Равдан нарын уран чадвар ихэд сайшаагддаг.

1935 онд тэрбээр Улсын алдарт гавьяат дуучин бөгөөд жүжигчин гэсэн хос цолыг анхлан хүртсэн юм.  

Ийнхүү 1931-1973 он хүртэл УДЭТ-т жүжигчинээр ажиллаж, тайзнаа С. Буяннэмэхийн “Харанхуй засаг” жүжгийн Цэцэг, Д. Нацагдоржийн “Учиртай гурван толгой” Нансалмаа, Намдагийн “Амь ба амьдралын үнэ” жүжгийн Занданбал, Намдагийн “Сүрэг чоно”-ийн Цэцэг, Лопе де Вегийн “Хонийн булаг” жүжгийн Лауренс, А.Поповын “Лениний гэр бүл” Мария Александровна, Б. Бааст, Ц. Цэдэнжав нарын “Мандхай цэцэн хатан”-ы Мандхай зэрэг дүрүүдийг  яруу сайхнаар гаргаж, “Тайзны хатан хаан” хэмээх эрхэм алдраар ард олондоо хүндлэгдсэн.

 Ардын жүжигчин Д.Чимэд-Осор “Ичинхорлоогийн тоглолт үйл хөдлөлөөс илүүгээр санаа сэтгэлийн илэрхийллийг дүрийнхээ гол чанар болгодог онцлогтой юм. Үйл хөдлөлийн үйлчлэлийг санаа сэтгэлийн их хүч болгодог тэр гоц чадвар нь жүжигчний дүр бүтээх ид шидийг гайхамшигтай ялгадаг юм. Миний бодлоор, Ичинхорлоо дотоод сэтгэл, сэтгэхүйн жүжигчин” хэмээсэн байдаг.

Түүний дэлгэцийн урлагт бүтээсэн дүрүүд нь “Монгол хүү” киноны өвөр монгол ноёны хатан, Намдагийн зохиол “Нүгэл буян” киноны Тоо хуар, Ренчин гуайн зохиол “Цогт тайж ” киноны Чин Тайхын дүрүүд юм. 1945 онд “Цогт тайж” кинонд Чин Тайху эхийн дүрийг бүтээснийхээ төлөө Алтан гадас одонгоор шагнуулжээ.

Монголын анхны кино болох “Монгол хүү” 1935-1936 онд хийгдсэн бөгөөд “Аршийн мод” монгол ардын үлгэрээс сэдэвлэн бүтсэн билээ. Д.Ичинхорлоо гуай уг кинонд хятад хүүхний дүр бүтээх явцдаа 1935 оны 11 сараас 1936 оны 5 сар хүртэлх хугацаанд ЗХУ-д томилогдон “Ленфильм” кино фабрикт ажиллаж байсан бөгөөд сар бүр 200 төгрөг, 750 рублийн цалин авч байсан тухай Кино үйлдвэрийн ахмад ажилтан С.Батчулуун гуай дурсан бичсэн байдаг.

“Монгол хүү” киноны уран бүтээлчид, 1936 он.

ЗХУ-д зургаан сар ажиллаж эх орондоо ирээд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан юм. 1936 онд хувьсгалт залуучуудын сайн дурын театрыг байгуулах ажилд идэвхийлэн оролцож байв. Тус театрт Д.Нацагдоржийн зохиол “Нуугдсан эрдэнэ”, н.Баатарын зохиол “Бяцхан даваа” жүжгүүдийг тавьж байв. Тэрбээр 1951 онд “Лениний гэр бүл” жүжгийн Мария Александровнагийн дүрээрээ Ардын жүжигчин цол хүртсэн.  

Цуутай хосууд

Ичинхорлоо гуай “Үзэсгэлэн гоо” гэдэг дуугаа хайрт ханьдаа зориулан бичиж, алдарт Магсаржавын Дугаржав  аяыг нь зохиожээ.

Түүний хань Мөрдэндэвийн Ядамсүрэн гэдгийг мэдэхгүй хүн үгүй бизээ. Ядамсүрэн гуай  Москва хотноо Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль (КУТВ) төгсч, 1930-аад онуудад МЗЭ-ийн дарга, Улсын театрын дарга, Шүүх явдлын Яамны дэд сайд бөгөөд Улсын прокуророор тус тус ажиллаж байсан сэхээтэн нэгэн. Мөн тэрбээр “Залуу хос” тууж, “Ухваргүй ярилцаан”, “Анхаарч биширсэн чавганц, атгаархан хуурсан лам хоёрын үнэн байдал”-ын тухай, “Байцаагчийн ширээний өмнө” зэрэг олон арван бүтээл бичсэн Монголын Орчин үеийн уран зохиолын түүхийн томоохон төлөөлөл. М.Ядамсүрэн 1933 онд Улсын төв театрын жүжигчдэд улс төрийн хичээл зааж эхэлсэн. Тэр цагаас тэд дотно харилцаж, ханилан суужээ.

1937 оны тэр нэгэн хар өдөр М.Ядамсүрэнг Г.Дэмидийн тушаалаар Манжурын хэлэлцээрт орчуулагчаар яваад ирэх замд нь баривчлан хилс хэрэг тулгасан гунигт түүхтэй.

Харууслын дуу

Зүүд ээ нойрны минь дотроосоо

Зүрхний минь Гоолингоо нь үзэгдээд л байх юм аа хө

Зүйчлэн захиж хэлсэн үг нь

Зүрхний маань дотор нь хадаастайхан байх юм аа хө…

М.Ядамсүрэнг хэлмэгдсэнийх нь дараа Ичинхорлоо гуай үсээ задгай тавьж, дээлээ нөмгөн өмсөөд, тайзан дээр гарч, Чойбалсан гуайн өмнө “Гоолингоо” дууг дуулж, эсэргүүцлээ илэрхийлж байсан гэдэг. Гоолингоо дууны талаар сонссон хүмүүс уг дууг хамгийн Ичинхорлоо гуай өөрийн хайрт нөхөр Ядамсүрэндээ зориулан зохиосон хэмээн эндүүрэх нь бий. Улсын сан хөмрөгүүдэд “Гоолингоо” дууг дуулсан 3 янзын хувилбар хадгалагдаж байдаг бөгөөд хамгийн анхны хувилбар нь Ичинхорлоо гуайн дуулсан хувилбар учир тэгж бодох нь арга ч үгүй. Гэвч энэхүү дууг Ардын жүжигчин Ичинхорлоо гуай анхлан зохиогоогүйг батлах олон сурвалж бий.

“Сэтгэлийн шарх”

Ичинхорлоо гуай “Нүгэл буян” киноны Тоо хуар буюу Хүрээ авгай Насанжаргалын дүрд тоглоход охиноо үдэн гаргаж буй хэсэгт нэг л зүйл дутагдаад байж. Тэгтэл  найруулагч нэг арга сэдсэн нь түүний сэтгэлийн шархыг хөндөх байж. “1937 онд. Бөмбөгөр ногоонд шүүх хурал болж байлаа. Бид Залуучуудын соёлын ордны хоёр давхрын жижиг өрөөнд цуглан давтлага сургуулилалт хийгээд… Хананд байгаа чанга яригчаар нэвтрүүлж буй зүйлийг үе үе амьсгаа даран сонсдогсон…” гэж хэлж дуусаагүй байтал Ичинхорлоо гуай тэрхүү эмгэнэлт агшныг хэн бүхний сэтгэлд үлдтэл зураглан үлдээв. Зураг авалт дууссаны дараа “Чи миний сэтгэлийн шархыг хөндөж яах гэсэн юм бэ?” хэмээн гомдолтой өгүүлсэн гэдэг. “Би Ичинхорлоотой тайзан дээр олон жил тоглохдоо жинхэнэ нулимс дусаахыг нь энд эхний бөгөөд эцсийн удаа үзсээн!” хэмээн найруулагч Д.Чимид-Осор гуай дурсжээ.

1962 онд Ядамсүрэн гуайг цагаатгасан бөгөөд Ичинхорлоо гуайг дуудаж баяр ёслолын байдалтайгаар хурлын индэр дээр урин гаргаж, хайрт хань Ядамсүрэнг нь цагаатгасан тушаалыг уншин бичгийг гардуулахад танхим дүүрэн хүмүүс алга ташин баяр хүргэж, Ичинхорлоо гуайг сэтгэгдэлээ хэлнэ үү гэхэд

“-Та нар энийг надад яах гэж өгч байгаа юм бэ. Би нөхрийгөө өдий болтол эх орноосоо урвасан гэж өөрийгөө хуурч ирсэн. Одоо би өөрийгөө юугаар хуурах юм бэ…” гээд уйлахад танхим дүүрэн хүмүүс бүгд нам гүм болсон юм гэдэг…

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!