No menu items!
HomeМонгол брэндЖ.Чинбат: Хүмүүс монгол сармис сайн гэдгийг мэддэг ч хаанаас авах, хэрхэн ялгахыг...

Ж.Чинбат: Хүмүүс монгол сармис сайн гэдгийг мэддэг ч хаанаас авах, хэрхэн ялгахыг мэддэггүй

-

Монгол бренд” булангийн энэ дугаарт “Арвижих Хурын Шим” компанийн үүсгэн байгуулагч Ж.Чинбаттай ярилцлаа.

Таны хийж буй ажил анх яаж эхэлсэн бэ ?

– ХУРЫН ШИМ-ийн үүсгэн байгуулагдсан огноо нь 2016 он. Гэвч бидний ажил бүр эрт 2012-2013 оны үед эхэлсэн. Тухайн үед бид Монголын хөдөө аж ахуйн салбарын ололт амжилт, орчин үеийн шинэчлэлтийг эрэлхийлсэн “Нүүдэлчин” нэртэй сэтгүүл гаргадаг байлаа. Энэ үед монголчууд БНХАУ-с 1,1 сая ам долларын сонгино сармис, ХБНГУ-с 500 мянган ам долларын зөгийн бал импортоор авч байдаг тухай ГЕГ-ын статистик бидний анхаарлыг татсан юм.

Хэдийгээр бид энэ хэмжээний мөнгийг гадаад руу алдаж буй мэт харагдавч нөгөө талаар ийм том зах зээл, сул орон зай манай улсад байна гэж үзсэн. Тиймээс анхны туршилтаа 2015 онд эхлүүлж, бид өөрсдөө сармис тариаллаж үзэхээр шийдсэн. Тухайн үед сэтгүүлч байсан учраас шинэ бизнес эхлүүлэх сонирхолтой хүмүүст миний зүгээс зөгий үржүүлэг, сармис тариалалт, эрчимжсэн мал аж ахуйн талаар ярьж, танилцуулахад хүмүүс, “Ямар гоё юм бэ” гэж хүлээж авсан ч нэг ч хүн яг гардаж хийхгүй байсан. Тиймээс “Яагаад бид өөрсдөө энэ бүхнийг хийж үзээд, дараа нь үр дүнг нь хүмүүст танилцуулж болохгүй билээ” гэж бодсон. Үнэндээ манайх хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй гарааны компанийн хэлбэртэй боловч цаад утгаараа сэтгүүл зүйн эрэн сурвалжлах ажил ч байж болох юм.

Өнөөдрийг хүртэл хэр их хугацаа зарцуулсан бэ?

-Та, шинээр байгуулагдаж буй гарааны 10 компани тутмын найм нь дампуурдаг тухай сонссон байх. Энэ бол үйл ажиллагаа эхлээд гурван жилийн хугацаанд гардаг санхүүгийн хүндрэл, орлого зарлагын тэнцвэргүй байдлыг даван туулж чадаагүйтэй холбоотой. Бид 2016 онд байгуулагдаад, гарааны бизнест тулгардаг “Үхлийн хөндий”-г туулж өнгөрөөд байна. Энэ хугацаанд бид сармис тариалалт, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийж, БНХАУ, ӨМӨЗО-нд бүтээгдэхүүнээ борлуулж туршсан. Мөн “Монгол сармис хэрхэн тарих вэ” сэдэвт сургалтыг 2018 оноос эхлэн явуулж, нийтдээ 250 орчим хүнд мэдээлэл өгсөн. Манай сургалтад хамрагдсан хүмүүс 2,7 тн сармис ургуулсан статистик бий. Энэ нь зах зээлийн үнээр 70 орчим сая төгрөг болно. 

-Та сармисаа өөрөө тариалдаг, бас өөр мэргэжлийн хүн яагаад энэ салбарыг сонгосон юм бэ?

Сэтгүүл зүйн салбарт миний бие 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа. Анх Uptown, Lifestyle, Гоодаль, Гялбаа зэрэг гоо зүй, чөлөөт мэдээллийн сэтгүүлүүдэд ажилласан. Дараа нь “Нүүдэлчин”, “Constuction Today Mongolia”, “Safety Environment” зэрэг салбар хөөсөн сэтгүүл нэлээн олныг гаргасан. Хамгийн сүүлд дэлхийн 11 оронд салбартай www.buro247.mn цахим сэтгүүлийн ерөнхий редакторын албыг хашсан. Энэ бүх хугацаанд оюуны салбарт тодорхой хэмжээнд үр бүтээлтэй ажилласан учир өөр салбарт сонгож, шинэ сорилт туулах, сэтгүүл зүйн эрэн сурвалжлах ажлыг өөр хэлбэрээр хийх талаар бодсон юм. Эрэн сурвалжлах гэдэг бол зөвхөн улс төр, эрх зүйн салбарт хийгддэг зүйл биш. Та мэднэ сэтгүүлчид өнөөдөр интернэт, фэйсбүүкээс ихэнх мэдээллээ бэлтгэж, амьдрал дээр хөдөлмөрчдийн өмнө тулгардаг бодит асуудалтай тэр бүр нүүр тулдаггүй гэдгийг. Мэдээ бэлтгэсэн ч зөвхөн өнгөц, нэг удаагийн уулзалт хэлбэрээр хязгаарладаг.

-Миний бодлоор Монгол улсын эдийн засгийн хөгжил, хүн амын боловсролд хөдөө аж ахуй маш чухал ач холбогдолтой. Ганцхан жишээ хэлэхэд Голланд улс Монгол улсын нэг аймаг, бүр нэг сумын хэмжээтэй тэнцэх газар нутагтай атал өнөөдөр дэлхийд сүү, сүүн бүтээгдэхүүний экспортын хэмжээгээр хоёрт ордог. Тийм учраас бидэнд байгаа зах зээлийн бодит боломжийг хүмүүст илүү бодит туршлага байдлаар хүргэхийг эрмэлзэж байгаа гэсэн үг юм.

Одоо хэдэн төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа вэ?

-Бид үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байхдаа “Монгол сармисыг Хурын Шим”-с уриан дор ажилласан. Өнгөрсөн 2019 оноос манай бизнес модель илүү тодорхой болж өргөжсөн учир, “Монгол органикийг дэлхийд түгээе” гэж шинэчлэгдсэн. Тэгэхээр бид энэ алсын хараанд чиглүүлсэн бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа. Тэгэхдээ манайх ямар ч бүтээгдэхүүн хийсэн монгол онцлогтой гаргана. Жишээ нь БНХАУ-ын Сичуань мужид зөгийн бал үйлдвэрлэл нь төвлөрдөг. Тэнд монголын зөгийн балтай харьцуулж болох сайн чанарын бал нэг кг нь 50-120 мянган төгрөг хүрдэг. Тиймээс бид тэр зах зээлд зүгээр нэг зөгийн бал бариад очих биш “Монгол сармистай зөгийн бал”, “Монгол барагшунтай зөгийн бал” гэх зэрэг өвөрмөц онцлогтой бүтээгдэхүүн хөгжүүлдэг.

Хүнсний ногоо тариалалт чиглэлээр сармиснаас өөр олон төрлийн нарийн ногоо бид худалддаг боловч манай үндсэн чиглэл бол эмийн чанартай, органик аргаар ургуулсан зүйлс юм.

-Хүнсний салбар их онцлогтой салбар гэж боддог. Олон хүчин зүйл нөлөөлдөг шүү дээ, хэцүү зүйл нь юу вэ?

-Манай салбарт “Органик хүнсний тухай хууль” үйлчилдэг. Бид үүнийг дагаж мөрддөг ба “Хөдөө аж ахуйн зохистой дадал” гэх ойлголт бий. Энэ нь аливаа таримал ургамлын үрийг сонгохоос тарьж, хураах, хэрэглэгчийн гарт хүргэх бүх үе шатанд хэрхэн ажиллахыг тодорхойлсон технологийн горим гэсэн үг. Анх сэтгүүлч байхдаа л эдгээр зүйлсийн ач холбогдлыг ойлгосон тул алхам тутамдаа хэрэгжүүлэхийг чармайн ажилладаг даа.

-Ингэж их цаг, хөдөлмөр зориулсан зүйл мэдээж үнэ цэнэтэй байна. Өнгөрсөн хугацаанд гаргасан хамгийн шилдэг ямар бүтээгдэхүүн байна вэ?

-Мэдээж манай нэрийн хуудас бол монгол сармис. Хүмүүс монгол сармис сайн гэдгийг мэддэг ч хаанаас авах, хэрхэн ялгахыг тэр бүр мэддэггүй. Энэ чиглэлд өөрчлөлт хийхээр бид ил тод байдлаар ажиллаж, тариалалтын бүх явцыг хэрэглэгчдэд мэдээлдэг. Энэ нь өөрөө нийгэмд ээлтэй бизнес эрхлэх үндсэн шаардлагыг биелүүлж байгаа хэрэг. Дашрамд дурдахад монголд ургуулсан сармис болгон чанартай байдаггүй гэдгийг хэрэглэгчдэд бид хэлэхийг хүсдэг. Хэрэв аливаа зөвшөөрөгдөөгүй химийн хор, бордоо хэрэглэсэн бол тэр ургамал муу болно. Та сармисыг долоогоос дээш хоног ус, архинд хандлаад үзээрэй. Хэрэв ямар нэг өнгөний өөрчлөлт гарахгүй байвал тэр сайн гэсэн үг. Харин ногоон, цэнхэр өнгөтэй болж байвал түүнд ямар нэг хорт бодисын үлдэгдэл байна гэж үзнэ. Монголын маш алдартай, аварга компанийн сармис тийм цэнхэр өнгөтэй болж байсан. Бид нэрийг нь хэлээд яах вэ, харин тэндээс авсан сургамж бол хэрэглэгчдэд “Эрүүл ургац” гэж нэрлэж, борлуулахын тулд яг л тийм зүйлийг ургуулах хэрэгтэй гэж сургамж авсан.

-Танай бизнесийн онцлог, давуу талыг юу гэж хардаг вэ?

-Өнөөдөр бид ХБНГУ-ын Берлин, Мюнхен хотуудад ажиллаж байна. Ирэх 2021 онд Берлин хотноо зохион байгуулагдах “Ногоон долоо хоног” үзэсгэлэн худалдаанд оролцоно. Бүтээгдэхүүнээ танилцуулна. Тэгэхээр дэлхийн хамгийн өндөр чанар, стандартын шаардлага тавигддаг Европын Холбооны улсуудад ирж бүтээгдэхүүнээ танилцуулна гэдэг зорилт өөрөө бидэнд том сорилт, том боломж өгч байгаа юм.

Бид монголд сармисыг, сармис чигээр нь борлуулж, зах зээлд монопол байх сонирхол байхгүй. Харин эсрэгээр нь олон нийтэд мэдээлэл сайн хүргэж, айл өрхүүд өөрсдийн хэрэгцээний сармисыг тарьж, ургуулж, хадгалж, хэрэглэж чаддаг байлгахыг зорьдог. Жишээ нь, энэ өдрүүдэд короно вирусын дэгдэлттэй холбоотойгоор манайхаас сармис сураглаж байгаа хүмүүс өдөрт хэдэн арваараа утасдаж байгаа. Нэгэнт органик хүнс учраас тоо хэмжээтэй гарна. Тэгэхдээ сармис тарьж сурах, түүнийг бэлэн хадгалж байх нь бараг стратегийн ач холбогдолтой зүйл юм байна гэдэг нь энэ өдрүүдэд илүү тод харагдлаа.

-Сүүлийн жилүүдэд энэ төрлийн бизнес эрхлэгчид ихэссэн, өрсөлдөгч ихтэй салбар болж байна?

-Монголчуудыг ажил, анхиагүй гэж ярьдаг ч үнэндээ тийм биш. Хэдийгээр олон нийтийн сүлжээнд олонхыг бүрдүүлж байгаа хүмүүсийг улс төрчид, хэвлэлийнхэн “Хар масс” гэж доромж утгаар нэрлэдэг ч бид үүнтэй санал нийлэхгүй. Орон нутагт ажил хөдөлмөрөө эрхлээд, үнэнч шудрагаар амьдарч буй олон зуун мянган хүний хүч хөдөлмөрөөр монголчууд хүнсний хэрэглээнийхээ томоохон хэсгийг өөрсдөө бэлтгэж байна. Хөдөө аж ахуйн салбарт богино зайны тоглолт зохидоггүй онцлогтой. Сүүлийн жилүүдэд мал аж ахуй, газар тариалангийн салбар луу хүч түрэн орж ирж буй маш олон хүмүүс байна. Улаанбаатар хотын захын дүүргүүдээс эхлээд орон нутагт шинээр хашаа татаж, ферм байгуулж буй дүр зургийг та бүхэн хаа сайгүй үзэж байгаа. Энэ бол монголчууд өмнөө тавьсан зорилготой, олж харсан боломжтой байна гэсэн үг. Цаашид бид орчин үеийн ухаалаг хөдөө аж ахуйн ололт, амжилтуудыг монголд нэвтрүүлж, Азид байхгүй органик чанарыг зөвхөн Монголоос авч болно гэдэг брэнд имиджийг 2030 онд бий болгож чадна гэж бид үздэг.

Нөгөө талаар хүмүүс ХАА эрхэлж, үр шимийг нь хүртсэнээр бид мод үржүүлэг, хөв цөөрөм байгуулалтыг сурах, олноор байгуулах өндөр ач холбогдолтой. Энэтхэг улсын гүний усны нөөц 5-10 жилд шавхагдана, Арабууд Өмнөд Туйлаас мөсөн уул авчирч ундны усандаа хэрэглэж байгаатай адил монголд цөлжилт, хөрсний доройтол маш том асуудал болсон. Үүний эсрэг үр дүнтэй ажиллах гол зарчим бол хариуцлагатай хөдөө аж ахуй эрхлэлт гэж бид бодож байна.

Бизнесийн зарчим, баримталдаг дүрэм байдаг уу?

-Бид гарааны бизнес эрхлэгч учраас томоохон компанийн удирдлагууд хариулах хэмжээний ийм асуултад шууд хэлэх зүйл алга. Товчхондоо бол тогтвортой ажиллаж, хорогдлыг хамгийн бага түвшинд барьж, алхам алхмаар урагшлахыг хичээдэг. Ер нь бол алдахаас айдаггүй. Алдах муухай, шантрах сэтгэл төрмөөр хэцүү зүйл олон байдаг ч “Монгол хүн аргатай, аргалын гал илчтэй” гэж боддог.

Бизнесийн ирээдүйн зорилго юу вэ? ОУ-н зах зээлийг хэрхэн хардаг вэ?

-Хэрэв бид түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн ажлаа хурдан хугацаанд шийдэж чадвал БНХАУ-д маш чанартай бүтээгдэхүүн экспортлож гаргах боломжтой. Тэгэхдээ эрүүл ахуй, хорио цээрийн талаас хэд, хэдэн хүндрэлтэй асуудал бий. Энэ тал дээр ХХААХҮЯ-ны Гадаад Харилцааны Газар ажиллаж, нааштай үр дүн гаргана гэсэн хүлээлт байгаа. Монголд хийж бүтээж байгаа хүн бүр гадаад зах зээлийг шохоорхон хардаг ч энэ бүхэн амархан биш. Гэлээ гээд ус үзэлгүй хормой шуухыг бид бодохгүй байна. Оролдлого сайт оройд нь хүрнэ гэдэг үгэнд л итгэж яваа.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд