LOADING

Type to search

“Эрдэнэ нуусан гар” киноны үзэсгэлэнт бүсгүйн дүрээр алдаршсан Светлана Светличная

Share

Оросын нэрт найруулагч Леонид Гайдайгийн бүтээл “Эрдэнэ нуусан гар” инээдмийн киног монголчууд андахгүй. Тус киноны туслах дүрээр алдаршсан ЗХУ-ын гавьяат жүжигчин Светлана Светличнаяг “Хүмүүс” буландаа онцолж байна.

Светлана Афанасьевна Светличная 1940 оны 5-р сарын 15-нд Арменийн Ленинакан хотод төрсөн. Түүний аав цэргийн хүн байсан тул гэр бүл нь их нүүдэг байв. Света цэцэрлэгт байх үедээ анх драмын дугуйланд зочилжээ.  Энэ үеэс тэрээр урлагт татагдсан байна. Ирээдүйн алдартан ахлах сургуулиа төгсөөд театрын сургуульд үргэлжлүүлэн сурахаар шийджээ.

 Кино

Светлана Светличная хамгийн анх “Колыбельная” хэмээх кинонд дэлгэцийн дүрээ бүтээжээ. Түүнчлэн, оюутан байхдаа “Мне двадцать лет” кинонд тоглож байсан юм. Энэ нь 60-аад оны аж байдлыг харуулсан кино байв.

Жүжигчин бүсгүй анхны гол дүрээТатьяны Лиозновойн найруулсан “Им покоряется небо” кинонд бүтээсэн байна. Үүний дараагаар тэрээр маш олон төрлийн кинонд тоглосон юм. Энэ бүх дүрүүд нь түүнийг Зөвлөлт даяар алдаршуулж байв.

Гэхдээ түүнийг хамгийн их нэрд гаргаж, амжилтанд хүргэсэн бүтээл бол “Эрдэнэ нуусан гар” кино юм. Тэрээр уг кинонд тачаангуй, гоо үзэсгэлэнт эмэгтэйн дүрийг амилуулжээ.  Светлана энэ дүрийг бүтээх нь өөрт нь ямар хэцүү байсныг хожим нь дурссан байдаг. Энэ бол яах араггүй түүнийг олонд таниулсан дүр бөгөөд үүнээс хойш түүнд киноны олон санал ирсэн байна.

Гэвч 70-аад оны үеэс түүний карьер уналтад орж эхэлсэн бөгөөд цөөн уран бүтээлд тоглох болжээ. Энэ хугацаанд тэрээр дэлгэцийн хоёр л дүрийг бүтээсэн байна.Светлана Светличная  “Хаврын арван долоон учрал” телевизийн цуврал киноны нэг, “Место встречи изменить нельзя” киноны хоёрдугаар ангид тоглосон юм. Өөр тоглосон кинонууд байдаг ч тухайн үеийн нөхцөл байдлаас болоод дэлгэцэнд гаргаагүй ажээ.

90-ээд онд түүний карьер бүрэн зогссон гэж хэлж болно. Учир нь энэ үед олон жүжигчид улс орны байдлаас болоод уран бүтээлээ хийх боломжгүй болсон бөгөөд энэ нь түүнд том цохилт болсон юм.

Хувийн амьдрал

Светлана оюутан байхдаа нөхөртэйгөө танилцсан. Та бүхэн “Цэргийн дууль” киноны Алёшагийн дүрийг санаж байгаа байх. Уг дүрийн эзэн Ивашов нь түүний нөхөр юм.

Хосууд хоёр хүүтэй байсан. Гэвч тэдний амьдралд үл ойлголцол, санал зөрөлдөөн гардаг байв.Учир нь Светличнаягийн тоглосон “Эрдэнэ нуусан гар” киноны зураг авалтаас хойш түүнийг олон хүн шохоорхох болсон нь хосуудын маргааны эхлэл байсан гэдэг. 

Гэхдээ хосууд эцэст нь энэ бүхнийг даван туулж чадсан юм. 70-аад оноос хоёр жүжигчний амьдрал хэцүүдэж, тэд сүүлдээ орлогогүй болж, амьдралын эрхээр нөхөр нь барилгын ажил хийдэг байв. Гэвч түүний нөхөр ходоодны шархны улмаас 55 насандаа таалал төгсжээ. Мөн тэрээр 2006 онд бага хүү Олегоо алдсан юм.

Энэ бүх хүнд хэцүү цаг үеийг туулсан тэрээр 2020 онд 80 жилийн ойгоо тэмдэглэжээ.

error: Content is protected !!