No menu items!
HomeХүмүүсОлны сэтгэлд хоногшсон Монгол эрийн дүрүүд

Олны сэтгэлд хоногшсон Монгол эрийн дүрүүд

-

Монголын кино урлагт олны сэтгэлд хоногшсон олон сайхан эерэг дүрүүд бий. Тэдэн дундаас монгол эр хүний үлгэр жишээ болсон хэдэн сайхан дүрүүдийг “Хүмүүс” буландаа онцолж байна.

Цахиур төмөр

Цахиур Төмөр нь Монголын ард түмний дунд шилийн сайн эрийн сонгодог төлөөлөгч болон танигдсан бодит түүхэн хүн-уран зохиолын дүр юм.

“Тунгалаг тамир” кинонд түүний дүрийг Т.Сундуйжав гэх нягтлан бодогч мэргэжилтэй хүн бүтээжээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа “1969 он юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Р.Доржпалам, Ч.Лодойдамба гуайн гэргий ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, зураглаач Баттулга нар манай Налайх дүүрэгт ирж сонгууль авч байгаа байдалтай танилцсан. Гол нь Цахиур Төмөрөө л хайгаад байсан хэрэг. Өмнө нь Х.Баянмөнх аварга тэргүүтэй олон хүнийг шалгаад  бүгд тэнцээгүй юм билээ. Огт танихгүй нэг хүн “Чи улсаас 25 төгрөг идсэнээ мартаагүй биз” гэв. Гэнэт уур хүрсэн гэж жигтэйхэн. Гэтэл өнөө хүмүүс чинь боллоо, олчихлоо гээд баярлалдаад явчхав. Байгаа байдал хийгээд уурласан минь өнөө Цахиур Төмөр дүрээрээ байж. Ингэж л Засагт ханы сайн эрийн дүрийг бүтээсэн түүхтэй” хэмээжээ.

“Молиго” Очир

Монголын уламжлалт эрийн гурван наадмын нэг үндэсний бөхийн онцлог шинж чанар, зан төрх, ахуй амьдралын онцлогийг залуу бөхийн үйл явдлаар дамжуулан харуулах“Гарьд магнай” кино. Уг киноны “шигтгээ” болсон нэг дүр нь яах араггүй “Молиго” Очир билээ.

Гадна төрх, төрөлх араншин, дуу хоолой гээд бүх зүйлээрээ бусдын хайрыг татдаг, юу ч болсон мишээгээд л явдаг хачин уужуу эр хүний дүр үзэгчдийн сэтгэлд тодхон. Энэ дүрийг амилуулсан хүн нь Д.Алтангэрэл хэмээх эрхэм юм. Түүний дэлгэцэд мөнхөлсөн дүрүүд нь Монгол эр хүний мөн чанарыг илтгэсэн байдгаараа онцлог. Тухайлбал, “Хүний амь” киноны цагдаагийн ажилтан, “Суварган цэнхэр уулс”-ын бага түрүүч Дорлиг,  “Үүрийн цолмон”-ы Самдан,”Хоньчин Найдан”-гийн Зоригт,  “Гэрлэж амжаагүй явна” киноны Очир, “Хатанбаатар”-ын Боогоо буюу Тогоо. Түүний дэлгэцэнд бүтээсэн хамгийн сүүлийн, бас олны хайртай жүжигчин болгосон дүр нь “Гарь магнай” киноны “молиго” Очир юм.

Даан ч тэнхээтэй Далайцэрэн

Далайцэрэн хүү багадаа өнчрөн элдэв зовлон үзэж, хар бор ажилтай ноцолдсоор бяр тэнхээтэй сайхан эр болон өсөж байгааг нутгийн өвгөн мэдэрч түүнийг даншиг наадам үзэж, болж өгвөл бөхийн аманд гарах тухай зөвлөснөөр холын аянд гарна. Тэрээр ингэж явахдаа нэрд гарсан сайн бөх “Молиго” хэмээх Очир, их хүрээний наймаачин Равсал, түүний зарц Ядам өвгөн, охин Удвал нартай тохиолдоно. Очир заан Далайцэрэнг адил  бөх болно гэж шинжээд түүнийг төрсөн дүүгийн нэгэн адил халамжилж, бөхийн эрдэм зааж, овооны наадмуудад барилдуулсаар бяр чадал ихтэй, барилдааны ур чадвар сайтай бөх болгоно.

“Гарьд  магнай” кинонд эр бяр тэгширсэн Монгол эрийн дүрийг  бүтээж бидний дунд  мөнхөрсөн хүнийг Д.Батдорж гэдэг. Зон олны сэтгэлээс гарахгүй болтол  тоглосон энэ  хүнийг  Бат-Эрдэнэ аварга, Б.Эрдэнэбат заан, М.Дармаабазар  харцага нарын дундаас сонгосон гэдэг.

“Хүргэн хүү” Дэмбэрэл

Нэгдэлжих хөдөлгөөн өрнөж байсан үед хүмүүсийн ухамсар дахь өөрчлөлт, улсын болон хувийн өмчийн сэтгэлгээний зөрөөг баян Жамцын гэр бүл, хүргэн Дэмбэрэлийн харьцаагаар дамжуулан үзүүлсэн кино бол “Хүргэн хүү” билээ.  Уг кинонд ажилч хичээнгүй Дэмбэрэлийн дүрийг бүтээсэн эрхэм бол Д.Довдон юм. Тэрээр 1965 оноос Монгол кино үйлдвэрийн баримтат киноны найруулагчаар ажиллаж, баримтат киноны бүхий л төрөл жанарыг хамарсан 400-аад бүлэг баримтат кино, 150 гаруй бүлэг кино мэдээ сэтгүүлийг хийж уг бүтээлүүдийнхээ зохиол тайлбарыг өөрөө бичиж туурвисан байна. Найруулагч Д.Довдон нь Монголын 20-оод уран сайхны киноны гол ба туслах дүрд тоглосны дээр “Халгай” “Тоншуул” зэрэг шүүмжлэлт хошин шог богино хэмжээний кинонуудад тоглож авьяаслаг жүжигчин болохоо харуулсан юм. Үүний дотор Монголын уран сайхны “Хүргэн хүү” киноны Хөдөлмөрийн баатар Дэмбэрэлийн дүрээрээ ард түмнийхээ сэтгэлд танигдан хүндлэгдсэн нэгэн билээ.

Сантехникч Санги

Монгол хүн бүрийн сэтгэлд хоногшиж үлдсэн “Мартагдсан дууль” киноны сайхан сэтгэлт Сангийн дүрийг мэдэхгүй хүн үгүй. 1989 онд бүтээгдсэн тус бүтээлд ээжийгээ ажилд явсан хойно гэртээ ганцаар үлдэх бяцхан охин Жаргалмаа, сантехникийн слесарь Санги нарын гайхалтай нөхөрлөлийг харуулдаг нь одоо ч бидний сэтгэлд тодхон. Уг киноны сайхан сэтгэлт залуугийн дүрийг жүжигчин Г.Адилбиш бүтээсэн байна.Жаргалмаа охиныг гэртээ байх үед нь орон сууцны засварчин Санги ирж, усны хоолой засах зуур ганцаар уйдсан охин түүнд өөрийн зурсан зургаа үзүүлэн тэд танилцана. Ээлжит үзлэгийн үеэр ээжтэй нь дайралдаж тэр хоёр эртний танилууд болох нь мэдэгдэхэд Дуламсүрэн охиноо түүнд дасгахаас дургүйцнэ. Санги Дуламсүрэнд сайн байсан боловч Дуламсүрэн түүний сэтгэлийг ойлгоогүй өөр хүнтэй ханилан сууж, охин төрүүлсэн хэдий ч аз жаргал эдэлж чадалгүй охинтойгоо хоёулаа амьдардаг байлаа. Энэ бүхнийг харж сэтгэлдээ Дуламсүрэнг хайрласаар яваа Санги охиноор нь дамжуулан ойртон дотносохыг хүснэ. Гэвч амьдрал Сангийн бодсоноор болсонгүй. Хүн хүндээ дасан хайрлаж байсан бүхнээсээ хагацан салахын гашуун үнэнийг тус кинонд өгүүлдэг билээ.

Дэлгэр

Дунд сургуулиа төгсөж байгаа охид хөвгүүдийн гэнэн томоогүй зан, үерхэл, ээдрээт нөхөрлөлийг харуулсан “Би чамд хайртай” киног мэдэхгүй хүн үгүй. “Би чамд хайртай” кинонд Дэлгэрийн дүрийг бүтээсэн жүжигчин Л.Эрдэнэбаяр 1974 онд найман настайдаа Хөгжим бүжгийн коллежийн хийлийн ангид элсэн орж, 1986 онд төгсжээ. Төгссөнөөсөө хойш Улсын филармонд ажиллаж байгаад 1989 онд Свердловск хотын хөгжмийн дээд сургуульд суралцахаар явсан боловч жилийн дараа төгсөлгүй буцаж ирсэн гэдэг. Тэрбээр 1990 онд 25-хан насандаа автомашины ослоор хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. “Би чамд хайртай” кинонд бүтээсэн Дэлгэрийн дүр нь түүний амьдралдаа тоглосон цор ганц бүтээл ажээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд