No menu items!
HomeUncategorizedДалай ламын монгол багш

Далай ламын монгол багш

-

Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны Арын сум ургамал ногоо нь тэгширсэн дур булаам, сэтгэл сэргэм үзэсгэлэнт сайхан нутаг. Билгийн улирлын тооллын ХIҮ жарны хөхөгчин хонин жил (1835 он) энэ нутгийн Өгөөмөр хэмээх газар /одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай баг/ эгэл харц ардынд нэгэн хөвгүүн мэндэлжээ.

Эцэг эх нь тэр цагийн тогтсон заншлаар хөвгүүнээ хонины шөлөөр угааж ариутган нутгийн нэгэн лам залж ерөөл айлтгал уншуулсанд, тэрбээр бяцхан хүүд Шадавдандар хэмээх билэг дэмбэрэлтэй нэр хайрлажээ. Дандар хөвгүүн
таван нас хүртлээ эцэг эхийн аррамж, нүүдэлч малчин ахуйн орчинд өсөн торнисон аж.

Дандарыг 2-3 орчим настай байхад тохиолдсон нэгэн сэтгэл сэрдхийлгэм хачин явдлыг нутгийн ардууд эдүгээ хүртэл домоглон хзлэлцсээр ирсэн болой.

Өгүүлэх ину:

Намрын адаг сарын сүүлчээр Бөөрөлжүүтэд намаржиж байсан нэгэн хот айлынхан сандралд оржээ. Учир нь үхэр мал, сааль сүү гэж мунгинаж байтал бяцхан хүү Дандар нь алга болсон байлаа. Ойр хавьдаа эрж хайгаад олсонгүй.
Харанхуй боллоо. Эрэл шөнийн турш үргэлжлэв. Тэр шөнө тун жихүүн өнгөрч, голын ус захлан хөлджээ. Эх нь уйлж унжин, сэтгэлийн гүн шаналалд автжээ.

Эрлийнхэн ийм хүйтэн шөнө хүү осгож үхсэн нь гарцаагүй, харин бие нь олдох ѐстой доо гэж бодож байлаа. Эрэлд явсан хүмүүс үүр хаяарах үеэр цугларч халуун цай оочоод, дахин мордов. Хүүгийн эцэг хоѐр хүний хамт арын уулын ам өгсөж явтал, өмнөх жалганаас нь нэг том гичий чоно гарч хэд харайгаад хоргодсон янзтай зогслоо. Хүмүүс хашгиртал, нөгөө чоно дуртай дургүй янзтай шогшсоор хад бартаа руу орж алга болов.

Эцэг нь: – Ай халаг, муу хүүгээ чонын хоол болгочих гэж амандаа гүвтнээд тэсч чадсангүй мэгшин уйллаа. Тэд дөргүүлсээр жалга руу ортол бяцхан хүү Дандар доошоо хараад түнтийн хэвтэж байв. Хамт явсан айлын нь хөгшин ухасхийн хүүг шүүрэн авч, булбарай хацрыг нь нүүрэндээ нааж үзээд:

-Ээ бурхан минь, хүү амьд байна гэж дуу алдан хүүгээ сэрээн хөл гарыг нь сайтар үзтэл, өрөөсөн хөлийн эрхий хуруу яльгүй жаахан хайрагдсан байв.

Учир нь төөрсөн хүүтэй тааралдсан гичий чоно байгалийн аливаа амьтан нялхсыг энэрэх төрөлх араншингаараа хүүг гэдэс цавиндаа хавчуулж дулаан хонуулжээ. Тэр цагаас хойш нутгийнхны дунд эх адаггүй яриа үргэлжилж , тэр хүүг жирийн биш, ер бусын хүүхэд хэмээн шүтэн бишрэх хандлагатай болсон гэнэ.

Эцэг, эх нь Дандарыг дөнгөж 5 нас хүрмэгц Бургастайн хийдэд нэгэн ламд шавь оруулж, төвд цагаан толгой заалгажээ. Тэрбээр ахар богино хугацаанд төвд үсэг нүдлэн, эгшгийг ялгаж, үг холбон аялгууг танихтайгаа болов. Улмаар лам болох хүн бүрийн анхлан үзэж тогтоох ѐстой “Итгэл явуулахын ѐсон” хэмээх номыг заалгаж, чогчин, хангал, магтаал зэрэг олон номыг үзэн, шашны уншлагыг түгдрэлгүй цээжлэх болов. Удалгүй банди сахил хүртэв. Ингэж шашны сургалтын эхний шатыг төгсөж “тоотой ламын тоонд орж, тохой жавдан”-д суух анхны алхмаа хийжээ.

Хөвгүүн цовоо цолгиун, оюун тодоороо улам гайхагдаж, ер бусын хэмээх яриа олны дотор улам лавширчээ.
Тэрбээр эцэг эхээсээ хар нялхаараа өнчирч цөс доргин, элэг эмтэрч, сэтгэл сэмрэн зүдсэн бололтой. Учир нь 7 настайдаа холын хамаатны хүний хамт аянчин мөргөлчид бараадан Их Хүрээг зорив. Тэд замдаа Эрдэнэт уулын бэлд (одоогийн “Эрдэнэт” концерний ашиглаж буй Ж.Б) хоногложээ.

Мөргөлчид өглөө эртлэн овоон дээр гартал Дандар хүү:

-Яасан ч их эрдэнэстэй, тансаг сайхан уул вэ? Даанч богино настай уул юм даа гэсэн гэдэг.

Мөргөлчид тэндээс хөдлөв. Тэд дахиад нэлээд хэдэн өдөр нар, салхинд гандаж байж зорьсон газрынхаа захад орж ирлээ. Их Хүрээ их хөлийн газар Да хүрээний алтан ганжир гялалзсан сүм дуганын барааг хармагц сэтгэл алдан биширч, авгай хүүхнүүд сүслэн баярласандаа нулимс унагах ажээ. Тэд Толгойт өнгөрч, хатан Туулын зах бараадан буудаллав.

Тэр өдрийн үдээс хойш нэг хэсэг нь Хүрээний сүм, хийд, худалдааны захаар орой болтол хэсчээ. Тэдний хамт Дандар хүү Гандантэгчинлин, Дашчойлин хийдээр орохдоо надад энэ их ариун номын газраас хувь хүртэх заяа тавилан
байдаг болов уу хэмээн санаашран бодож, сүслэн залбирч байлаа. Элдвийг үзэн алмайран гайхаж явсан бяцхан хүү хамт явсан хүмүүсээсээ төөрчээ.

Өгүүлэх ину :

Дархан чин вангийн Шижээ гавж тэр шөнө алтаар бичсэн Жадамба оллоо гэж зүүдэлжээ. Тэрбээр өглөө эртлэн босч Тасганы овоон дээр гараад “Заан хошууны үзүүр дэх Гэсэр сүмийн дэргэдэх том хүрдийг эргүүлдэг заншилтай.

Тэр ѐсоороо хүрд рүү очтол түүний дотор даарч бээрчихсэн 7, 8 орчим насны хүүхэд сууж байлаа. Ламтан:

-Чи юун хүүхэд вэ? Танайх хаа байдаг вэ? гэж асуув .

Хүү эрүү ам нь эвлэж ядан: Манайх холоо байдаг. Би Дайчин вангийн хошуунаас аянчин жинчин дагаж өчигдөр ирээд, тэднээсээ төөрчихсөн гэв.

Шижээ:

-Чамд тэгээд Хүрээнд таних айл бий юу? гэхэд хүү:

-Таньдаг айл байхгүй гэжээ. Шижээ гавж хүүг дагуулан гэртээ авчирч, өөрийнхөө оронд хэвтүүлэн хучив. Тэрбээр гэрээ галлаж, цай чанаж хүүд уулгав.

Хүүгийн бие тавирч нойрондоо дийлдэн, ханын толгойд нар тустал унтжээ. Хүүг боссоны дараа гавж ламтан:

-За хүү минь танилцъя. Нэр чинь хэн бэ? Чи яах гэж Хүрээнд ирсэн хүн бэ? гэхэд хүү:

-Миний нэр Дандар гэдэг. Би Хүрээнд ном узэх гэж ирсэн гэв. Шижээ урьд шөнийхөө зүүдийг санаж гэнэ. Санаж эргэцүүлээд энэ харваас сэргэлэн хүү байна, нөгөө алтаар бичсэн Жадамба болов уу гэж дотроо олзуурхан бодлоо.

Тэрбээр:

-Эрдэм номонд чин сүжиглэж байгаа чинь сайн хэрэг. За ингээд манайд суугаад, ном бясалгаад байж дээ гэж хэллээ.

Ингэж Дандар хүү Шижээ гавжийн шавь болжээ. Дандар тэр өлзийт сайн өдрөөс эхлэн багшийнхаа итгэлийг алдсангүй, эрдэм номд хичээнгүйлэн суралцаж, хүрээний олон банди нараас ухааныхаа цараар цоорч эхлэв. Дандарын билэг оюун төгс байдал томхон лам нарын анхааралд өртөж, бүр багаасаа “Шижээгийн гэцэлй” хэмээн алдарших болов.

Тэрбээр урьд үзсэн номуудаа сэлбэн ухаарахын хамт Чойрын ном заалгаж, утгыг эгээрэхийн зүг гэгээнээ нээж, сонороо талбиж эхлэв. Мөн Их Хүрээний олон дацанд мөргөл үйлдэж, багштайгаа зөвлөн еөрийнхөө хурах сүжиг төгс дацангаа сонгожээ. Дандар цанид /шалгадаг ухаан / дацанд нэг зиндааны анги болов. Улмаар бурхны ном, билэг барамид, шалгадаг ухааны номыг шимтэн судалж, ухуулан өгүүлэх, шүргэн хэлэлцэх, марган шүүмжлэлцэх ур чадлаа осол цалгаргүй үзүүлэн, оюуны цэцээ шалгаж сүрхий гэвш хэмээн тоогдох болов. Дандар гаарамбын зиндаанд нийлж, буддын гүн ухааны авидарма, винайн ѐсны зэрэг номыг гүнзгийрүүлэн судалж, нягтлан болгоосоор байлаа. Тэрбээр идэр залуу насандаа айлдал, энэрэл чадлын мянган гэрлийг сацруулагч номын ид шидийг үзүүлэн гавжийн дамжааг түгдрэлгүй барьж, тэр цагийн номын буян хурсан сайн гэвшийн тоонд зүй ѐсоор тоологдох болов.

Бадаргуулт төрийн 15 дугаар оны /1889/ зун цагт Хан уулын чуулганаас дээд газраа өргөн айлтгасан нэгэн бичигт: “…манай хошууны хурлын лам, гавж Дандар Жибзундамба хутагтын Хүрээний газар удтал номын сургууль үйлдэн сууж ном эрдэмд сайнаар боловсорсон нь харъяат хошууны шашны хурлыг дэлгэрүүлэхэд ихээхэн тус болж буй … 300 ланг шилжүүлэн туслуулж ямар хишиг шагнал олгохыг гуйсугай” гэжээ. Үүнээс үзэхэд төрөлх хошуу нь Дандарын ном эрдмийг ихэд үнэлэн хүндэтгэж, бас ивээн тэтгэж байжээ.

Улмаар Дандар өөрийн зохиосон “Цаг үес” хэмээх номоо чадамгай хамгаалан агримбын зэрэг хүртсэн байна. Төвд хэлээр зохиосон энэхүү бүтээлийг нь Төвдийн ЗУУ-гийн лхарамба нар үзээд ихэд шагшран гайхаж байсан гэдэг. Дандар агримба, түүний багш Шижээ гавж нар бол Их Хүрээний лам нарын дунд үүссэн “Шашныг шинэтгэх урсгалын” томоохон төлөөлөгчид бөгөөд тэд нар шашны үзэл суртлын хямрал, хутагт хувилгаад болон ихэс дээд лам нарын ѐс суртхууны ялзрал доройтлыг хурцаар шүүмжлэх болов.

Өвгөн багшийгаа бурхан болсны дараа Дандар ,түүний хүсэлт гэрээсзэр Энэтхэг, Төвдийн гүн ухааны олон зохиолуудад тулгуур тайлбар, үг үсгийн болон утгын, алдаа мадгийг тодорхойлсон ариутгал хийж, бурхны шашныг өөрий нь сургууль, жаяг дэгийн дагуу баяжуулан хөгжүүлэхийг эрмэлзэж байлаа.

Ялангуяа тэрбээр эртний Энэтхэгийн нэрт гүн ухаантан Асанга, Дармагирди, Камалашила, шарын шашныг үндэслэгч Зонхава зэрэг нэрт сэтгэгчдийн бүтээлийг тулхтай судалж тэдний үзэл санааг Монгол хөрсөн дээр буулган сэтгэж, олон чухал шинэ санааг гарган тавьж байв. Дандар агримба эртний Энэтхэг, Төвдийн төдийгүй Монголын нэрт сэтгэгч Агваанхайдав, Агваанбалдан нарын зэрэг өөрийн өмнөх үеийн эрдэмтдийн бүтээлд тайлбар хийж, дэлгэрүүлэн тодотгож байжээ.

Эдгээр зохиолууд нь түүний байр суурь, шинэтгэгч үзэл санааг тодорхой илэрхийлж байдаг бөлгөө. Дандар агримбын чадал чансаа нэмэгдэхийн хирээр шүтэн бишрэгч шавь нарын тоо өссөөр байлаа. Тухайлбал, зава Дамдин хэмээн алдаршсан гүн ухаантан, нэрт түүхч Лувсандаян /1867-1937/ /Эдүгээгийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сум/ түүний итгэлт шавь нарын нэг байсан ажээ. Түүнийг ” Хорчойнжүн” буюу “Монголд ном гарсан ѐсон “, “Алтан дэвтэр ” зэрэг зард гарсан бүтээлээ туурвихад Дандар агримбын номын буяны өгөөж мэдээж их байсан буй заа. Бас ” Ганжур эрдэнийн уншлагын иш соѐрхох үед чухал хэрэгтэй зарим нөхөлт тасарсан, илүүдснийг бичсэн нь “,” Янжиндогийн тайлбар” зэрэг чухал бүтээл туурвисан, нэг боть сүнбүмтэй Их Хүрээний гавж Дамдинсүрэн (1854-1943) Дандар агримбын шавь байсан юм.

Амбан ван хэмээн алдаршсан засаг ноѐн Цэрэндорж хошууныхаа лам, хар сүсэгтэн олны сэтгэл, сүжгийг бодож, Дандар агримбыг Вангийн хүрээнд урин залах нь зүйтэй хэмээн үзэж байв. Гэтэл вантны эл санаа буурилаг чансаат их ламтны нөмөр нөөлөгийг түшиж, өсөж өөдлөхийг эрмэлзсэн Их Хүрээн дэх олон шавь нарынх нь эсэргүүцэлтэй тулгарчээ. Тэгж байтал амбан ван хан хорвоогоос халив. Түүний ор залгамжилсан Ханд чин ван их ламтныг залах арга сүвэгчилж байтал нэг өдөр алиа хэмээх Шарав гавж бараалхаад:

-Ноѐнтон минь нэгэн айлтгал байна. Хэрэв таныг соѐрхвол би Дандар агримбыг залж авчиръя гэжээ. Вантан энэ ламтан багшийг яаж залж ирэх юм болдоо гэж бодсоноо:

-Та тааллаараа бол. Хүрээнийхэн ч багшийг тийм амар тавихгүй бий гэлээ.

Шарав:

-Вантан минь. Гүржав занги бид хоѐр нэг юм бодсон гэж хэлээд ноѐны өргөөнөөс гарав. Учир нь Гүржав занги бол Арын сумын занги бөгөөд зөв хатуу чангаараа зард гарсан, нутагтаа асар их нэр хүндтэй ахмад хүн байжээ. Тэрбээр Дандар агримбад бичсэн захиандаа: нутгийнхан чинь Таны билэг төгс ухааныг гүнээ бишрэн хүндэтгэж, төрөлх хошуундаа морилон ирэхийг урихын ялдамд харьяат албатын тань хувьд бас хэрэг хэлэлцэх явдал буйн учир зар шийтгэн илгээв хэмээжээ.

Эл захидлыг хүлээн авмагц Дандар агримба бурханы олон шавь нартаа хэрэг явдлыг учирлан ойлгуулж, түр хөдөөлөхөөр амлаад нутаг хошуугаа зорьжээ. Тэрбээр их хүрээнээс хөдлөхдөө 12 тэмээнд номоо ачиж, өвөл зуны солих хувцаснаас өөр юмгүй нутагтаа ирсэн гэлцдэг.

Түүнийг морилон ирмэгц Вангийн хүрээнд томоохон хурал хурж, улмаар тус хүрээний их хамба ламаар өргөмжилжээ. Эрдэм төгс энэ хүн таван их ухаанд гойд мэргэжсэн учир Сэнгэ дооромбо, анги Шарав, Гочой багш зэрэг тухайн үедээ ихэд нэрд гарсан олон сайчуул түүнд шавь орж, эрдмийн гэгээнд нь улам ухаажин тэнхээжих болов.

Хошуу ноѐн Дандар агримбыг Доньдлин аймагт суулган тусгай хашаа хүрээ босгож, ном зохиолыг нь агуулах хоѐр давхар туйпуун байшин бариулж, түүний нь хариуцсан тусгай няравтай болгох зэргээр ихэд анхаарч байлаа. Тэрбээр ингэж Их хүрээ рүү эргэж буцах аргагүй болжээ.

Хошуу олноороо Дандар агримбыг “Хойт хамба”, “Хойтын багш” хэмээн өргөмжлөн хүндэлдэг болсон байна.

Ийн байтал XX зуун гарав. Дэлхийн өнцөг булан бүрт энх амгалангийн агаар хямарсан цөвүүн цаг байлаа. Английн империалистүүд Түвдэд түрэмгийлэл хийсэн хүнд үе -1904 оны X сард XIII Далай лам Түвдэнжамц Монголд морилон ирж, хоѐр оны нүүр үзжээ. Тэр үөэр Дандар агримба Ханд вантай зөвлөн хэлэлцээд, Далай ламыг Вангийн хүрээнд морилон ирж өвөлжихийг урьсан байна. Их ламтан урилгыг талархан хүлээн авчээ. Энэ тухай өвгөн
Жамбал: ” Далай лам намрын дунд сарын 16 -нд Ханд вангийн дээр залрах болов. Ханд вангийн багш Дандар агримба гэдэг лам ирж, Далай ламд мөргөөд, Далай ламыг нутагтаа залрахыг урьсан юм. Тэр Дандар агримбыг их
эрдэмтэй хүн гэлцдэг билээ” хэмээн академич Ц. Дамдинсүрэнд хуучилжээ.

Үргэлжлэл хэсгийг Далай ламын Монгол багш -2 уншина уу.

Эх сурвалж: Ж.Болдбаатар “Далай ламын монгол багш”

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд