No menu items!
HomeОнцлохСонгодог урлагийн сод бүтээлүүд

Сонгодог урлагийн сод бүтээлүүд

-

Энэ удаагийн “хөтөч” булангаараа монголын алдартай дууриудын талаар хүргэж байна.

Б.ДАМДИНСҮРЭН “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” ДУУРЬ

“Халхын сайхан Юндэн гөөгөө” нэрийг сонсоогүй хүн үгүй бизээ.

1934 онд “Бөмбөгөр ногоон”-ы залуу найруулагч Д.Намдаг театртаа тавих шинэ жүжиг бичүүлэхээр зохиолч Д.Нацагдоржийнд зочлон жүжгийн гол үйл явдлуудыг ярилцаж, сийрүүлэн буулгажээ. Анхны тэр дуулалт жүжигт олон ардын дууг эмхэтгэн найруулж, зарим үгийг засварлан, зарим хуучны дуунд шинээр үг орлуулан бичсэн байна.  

1943 онд Улсын Төв Театрын тайзнаа Д. Нацагдоржийн “Учиртай Гурван Толгой” дуулалт жүжгийг шинэчлэн цомнолыг  Ц. Дамдинсүрэн бичиж, А. Рабинович найруулан, хөгжмийг Б.Дамдинсүрэн, Б. Смирнов нар хамтран бичиж, тайз хувцасны зураг загварыг Н. И. Бельский, Н. Чүлтэм, Л. Гаваа нар урлажээ.

Гол дүр:

 Юндэнд- А.Цэрэндэндэв

Нансалмаад- Л.Цогзолмаа

Балганд- Л.Лувсан

Хоролмаад- В.Сүрэнхорлоо нар тоглож байв.

Б.ДАМДИНСҮРЭН “ЖАРГАЛЫН ЗАМ” ДУУРЬ

Б. Дамдинсүрэн “Жаргалын зам” дууриа Ч. Чимэд, Ойдов нарын цомнолоор 1951 туурвисан байна. Энэ дууриараа монгол дуурийн чиглэлд яриан дууны (речитатив) хэсгийг оруулж, найрал дууны томоохон хэсгийг зохиож хөгжүүлсэнээр Монголын дуурийн хөгжилтөнд том хувь нэмэр оруулсан гэж үздэг.

“1945 оны намрын нэг өдөр. Багийн малчин ардууд өвгөн Баатарын ажилд туслалцаа үзүүлэхээр үд дунд түүний гэрийн гадаа цугларчээ. Эх орноо магтан дуулцгаах охид, хөвгүүд эсгий хийж дуусаж байна. Энэ өдрийн ажил тэдэнд онцгой баяр хөөр төрүүлнэ. Учир нь өвгөн Баатар олон төл хүлээн авч энх тунх бойжуулж одонгоор шагнуулж байгаа ажээ.

Цалгар назгай залхуу хойрго, бүтэлгүй залуу Жалсар хүрч ирэн Баатарын охин Халиунд сэтгэлээ нээх боловч найз охидод нь шоолуулан зугтаж одно.

Бор, Чулуун хоёр наадмаас буцаж ирнэ. Бор наадамд хэрхэн барилдаж бөхийн түрүү авсан тухайгаа нөхдүүддээ ярина. Бүгд баясаж түүнд баяр хүргэнэ. Хэний бригад уралдаанд түрүүлэх талаар бүсгүй яриа өдөж бүгд маргалдсанаа бригад тус бүр уралдаанд түрүүлнэ гэж амлалт авна.

Бор, Халиун хоёулхнаа үлдэж бие биедээ хайр сэтгэлээ илчилж ярилцана” хэмээн цааш өрнөнө.

С.ГОНЧИГСУМЛАА “ҮНЭН” ДУУРЬ

Нэрт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаа 1956 онд Д.Сэнгээ, Ч.Лодойдамба нарын зохиолоор “Үнэн” дууриа бичжээ. Уг дуурь үглэл дуу (ари), бодрол дуу, хоршил, гурвал зэрэг өрнийн дуурийн гол төрлүүдийг монголын дуурийн урлагт анх хэрэглэснээрээ онцлог гэж үздэг. “Үнэн” дуурь бол манай анхны хувьсгалт баатарлаг дуурь юм.

С.Гончигсумлаа уран бүтээлээ дуугаар эхэлсэн бөгөөд “Дэнжийн ногоо”, “Ойн дуу”, “Чамайг үдье”, “Өргөн хайнгайн нутаг”, “Эх орондоо хайртай би”, “Хайрын дуу”, “Жаргаах зүрхэн”, “Намын тухай дуу”, “Энх тайван” зэрэг бүтээлийг нь дурдаж болно.

Б.ШАРАВ “ЧИНГИС ХААН” ДУУРЬ

Төрийн соёрхолт, УГЗ Б.Шаравын 2 бүлэг 6 үзэгдэлт “Чингис хаан” хэмээх дуурийн анхны тоглолт 2003 онд болжээ. Дуурийн цомнолын Ардын уран зохиолч П.Бадарч бичсэн билээ. Их Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, мохошгүй тэмцэл, ухаанаар Их гүрнээ байгуулж, хамаг Монгол улсаа сэргээн мандуулж, Их тулгар төрийг байгуулсан тухай өгүүлнэ.

XIII зууны үеийн Монголчуудын ахуй амьдралын дүр зураг, нүүдэлчдийн ёс заншлын тухай өгүүлснээр тус дуурь ихээхэн алдартай.

Л.МӨРДОЖ “ХӨХӨӨ НАМЖИЛ” ДУУРЬ

Ард түмний дунд алдаршсан Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн уг дуурь 1961 онд анх үзэгчдийн хүртээл болж байжээ. Үүнээс хойш 1998 онд шинэчилж тайзнаа тавьсан байна.

Морин хуур хөгжим анх үүссэн домгоос уг дуурийг сэдэвлэсэн бөгөөд ардын аман зохиол, үлгэр, туульс хэчнээн баялаг болохыг магдан дуулдаг уг дуурийн хөгжмийг Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Мөрдорж зохиож, Төрийн шагналт зохиолч Л.Ванган, Ч.Чимэд нар цомнолыг нь бичсэн.  

Товч

Ноёнтойгоо үзэл бодол таараагүй учир залуу Намжилыг алс Алтай нутагт хугацаагүй цэргийн албанд явуулна. Эх нутгаа санасан Намжил уянгалаг хоолойгоороо гайхагдаж “Хөхөө Намжил” алдарыг хүртжээ.Түүний дуулахыг Алтайн дагина сонсон Алтай нутгийг магтан дуулахыг хүснэ. Эх нутгийг нь магтан дуулсан Хөхөө Намжилд Алтайн дагина талархаж алт эрдэнэс барьсан ч төрсөн эх нутаг, амраг хүүхэн Уянгаа мөрөөдөж уулзахыг хүсэн байгаагаа хэлнэ. Алтай дагина түүнд гуурст хурдан хүлэг бэлэглэхэд Хөхөө Намжил тэр хүлгээ хөлөглөн эх нутаг амраг хүүхэнтэйгээ хоромын төдийд очин уулзах болов. Хорон санаатны ятгалгаар Уянга хүүхэн гуурст хүлгийн нь гуурсыг хайчлан хорооно. Алтайн дагина Уянга хүүхэнд гуурст хүлгийн нь дурсгалыг нь хүндэлж сүүлний хялгасаар нь чавхдас хийн морин толгойт хөгжим хийж Намжилдаа өгвөл түүний сэтгэлийн татах болно гэж зөвлөнө.

Ц.НАЦАГДОРЖ “ҮҮЛЭН ЗАЯА” ДУУРЬ

1988 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц. Нацагдорж Шажинбатын цомнолоор “Үүлэн заяа” түүхэн эмгэнэлт дууриа бичсэн байна.

Ц.Нацагдорж нь Монголын орчин цагийн хөгжмийн хөгжилд онцгой гавьяа байгуулсан бөгөөд дөрвөн дуурь, нэг бүжгэн жүжиг, 30-аад симфони, мөн олон тооны кино, жүжгийн хөгжмийг зохиосон билээ. Тэрбээр “Үүлэн заяа” хэмээх дуурь, IV симфони, “Хөдөөгийн сайхан” симфони гэсэн гурван бүтээлээрээ 1993 онд Төрийн шагнал хүртсэн.

 Үүлэн заяа” дуурьт хөгжмийн зохиолч хар хорын тэмцэл, сайн муугийн явдлыг симфонийн арга барилаар илэрхийлж ярилцал хэлбэрийг чадамгай ашигласнаараа дуурийн уламжлалт хэв маягт шинэчлэл хийсэн, уран сайхны онцгой ач холбогдолтой бүтээл болсон гэж үздэг.

Х.БИЛЭГЖАРГАЛ “ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ

Их зохиолч Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү дуурийн цомнолыг ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичиж, хөгжмийг Төрийн шагналт Х.Билэгжаргал зохиосон байна. “Ламбугайн нулимс” дуурийг УГЗ Л.Эрдэнэбулган найруулгаар анх 1986 онд тоглосон бөгөөд УГЗ Ж.Бүрэнбэх удирджээ.

Д.ЛУВСАНШАРАВ “ШИВЭЭ ХИАГТ” ДУУРЬ

Ардын хувьсгалын анхны түүхэн үйл явдлыг илэрхийлэн мөнхөлсөн хөгжмийн энэхүү томоохон бүтээл нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж нарын бүтээл юм. 

 Дуурийг Ардын хувьсгалын анхны өдрүүдэд журамт цэргүүд Шивээ Хиагтыг гамин цэргүүдээс чөлөөлж, хувьсгалын анхны баатарлаг дуу “Шивээ Хиагт”-ыг зохиосон түүхэн үйл явдал дээр тулгуурлан бүтээсэн билээ.  Дуурийн онцлог нь Д.Сүхбаатарын дүрийг анх удаа дуурийн урлагийн тайзнаа гаргасан явдал юм.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд