LOADING

Type to search

Ном ярья

С.Энхжаргал: Монгол үндэстнийхээ эрдэм номыг дээдлэх агуу ухаанаар бахархаж явдаг

Share

Энэ удаагийн “Ном ярья” буланд маань ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор  С.Энхжаргал оролцлоо.

-Танд ширээний ном байдаг уу? Таны ширээний ном юу вэ?

-Би монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр МУБИС-ыг төгссөн. Хэл зохиолын хүрээлэнд 2003 оноос хойш судлаачаар ажиллаж байна. Бидний ажил бол ном унших. Миний хувьд монгол хэлний үгийн сангийн түвшинд судалгаа хийдэг. Сүүлийн жилүүдэд хэл шинжлэлийн судалгаанд хүч түрэн орж ирж байгаа танин мэдэхүйн хэл шинжлэлийн  хүрээнд монгол хэлний өвөрмөц болон хэвшмэл хэллэгийг шинжлэн судлах  чиглэлээр ажиллаж байна.  Тийм учраас ширээн дээр хэл шинжлэлийн мэргэжлийн номууд байна.

-Одоо ямар ном уншиж байгаа вэ? /Сүүлд ямар ном уншсан бэ?/

-Ажил мэргэжлийн онцлогтой холбоотойгоор өдөрт хэдэн ч ном харж, уншиж судлах хэрэг гардаг. Ажил, амралтын цаг харгалзахгүй. Судалгааныхаа ажилтай шууд болоод дам холбоотой янз бүрийн л ном бүтээл уншиж судлах хэрэгтэй болдог. Яг одоо бол хийж байгаа судалгааныхаа дагуу профессор Ж.Баянсан багшийн “Монгол хэлний зүйрлэсэн хэллэгийн утга соёлын тайлбар толь” гэсэн цоо шинэхэн бүтээлийг хараад сууж байна. Мэргэжлийн бус ном гэвэл хамгийн сүүлд “Баялаг” гэж номыг уншсан юм байна. Төрөл бүрийн ажил мэргэжилтэй, өөр өөр салбарт ажиллаж, яг өнөөдрийн цаг үе нийгэмд ажиллаж амьдарч буй хүмүүсийн үзэл бодлыг асуулт хариултын маягаар сонирхолтой хэлбэрээр бүтээсэн ном. Ялангуяа оюутан залууст сургамжтай, санаа авахуйц, аливаад хандах хандлага, хүн бүрийн аливааг харах өнцөг өөр өөр байдгийг, ер нь хүн ба бие хүний нийгэмтэйгээ харьцах, уялдаа холбооны тухай их өгөөжтэй ном санагдсан.

-Та номтой нөхөрлөсөн түхээсээ хуваалцаач, хамгийн анх ямар ном уншиж байсан бэ?

-Бидний үеийнхэн маш их ном уншдаг байсан. Хэн хэдэн ном уншсан бэ, хэрхэн тэмдэглэл хөтөлсөн бэ гэдгээр нь уралдуулдаг, бас “Номын сайн нөхөр” гэдэг урамшуулалтай байсан. Цаг үе нь тийм байсан болоод ч тэр үү, багаасаа л ном их уншдаг, нэг ном уншихаар эхлүүлсэн бол дуусгахаас нааш санаа амардаггүй, номоо уншсаар шөнө хагасалж унтдаг хүүхэд байсан. Хамгийн анх уншсан ном үлгэрийн ном байсан. Одоогоор санаанд байгаа ном бол “Гаргүй хүүхэн” гэж үлгэрийн ном юм байна. Гар дамжуулж уншсаар байгаад нэлээд урагдсан байсан санагдаж байна.

-Таны хувьд хамгийн үнэ цэнтэй ном?

-Мэдээж, мэргэжлийн дагуу эрдэмтэн багш нарын судалгааны бүтээлүүд байна.

-Та номыг ямар арга барилаар уншдаг вэ?

-Судалгааны ажилд шууд хамаатай бүтээлийг бол үг нэг бүрийг ойлгож, холбоо хамаарлыг нь тогтоож, нухацтай уншина. Дам холбоотой бүтээл бол гүйлгэж хараад өөрийн судалгаатай холбоотой хэсгийг олж уншина. Уран зохиолын ном бол гүйлгэж уншина. Зарим номыг эхлэл, төгсгөлийг гүйлгэж харна. Ер нь зорилгоосоо хамаараад янз бүрийн аргаар л уншдаг юм байна.

-Ном унших нь таны ажил, амьдрал, хувь хүний төлөвшилд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Номгүйгээр амьдралыг төсөөлөхөд хэцүү. Ялангуяа судлаач хүний хувьд,  тэр тусмаа монгол хэл шинжлэлийн мэргэжилтэй хүний хувьд монгол үндэстнийхээ эрдэм номыг дээдлэх агуу ухаанаар үнэхээр бахархаж явдаг. Манай монголчууд шиг номоо есөн эрдэнээр бүтээдэг, алт мөнгөөр урладаг, торго дурдангаар баринтаглаж тэргүүн дээрээ залдаг ард түмэн үгүй.

-Та өөрийгөө номоор төсөөлбөл?

-Ямар сонин асуулт вэ, ёстой төсөөлж байгаагүй юм байна. Нэг их зузаан, том биш, уламжлал шинэчлэлийг хослуулсан, хүмүүст ухаарал өгөхүйц, мэдлэг түгээх ном байх болов уу.

-Ном уншаад сэтгэлд тань хамгийн тод үлдсэн эшлэлээс хуваалцахгүй юу?

-Эшлэл гэхээс илүү 4-5 ангидаа уншиж байсан “Далдын хар малгайт” гэдэг ном надад их тод үлдсэн. Аливаа зүйлийн харагдах байдал бол өнгөц төдий хуурмаг юм гэдгийг ойлгосон юм шиг одоо санагддаг. Ер нь уран зохиолын ном уншсанаар хүний амьдралын эрээн бараан, хүний сайн муу чанарын тухай, хүн хүнтэйгээ харьцах тухай өөрийн гэсэн үзэл хандлагыг төлөвшүүлдэг гэж боддог.

-Та залуучуудыг ямар төрлийн ном уншаарай гэж зөвлөх вэ?

-Номыг албан шахалтаар биш, хүсэл сонирхлоороо уншдаг хүүхэд залуус олон байгаасай гэж юуны түрүүнд бодогдож байна. Хүүхэд байхаасаа л нас насандаа тохирсон, хүсэл сонирхолдоо нийцсэн номыг олж уншиж сурах хэрэгтэй. Өөрт хэрэгтэй номыг олж, сонгож уншина гэдэг хамгийн чухал. Ер нь бол залуучууд түүхээ сайн мэддэг, ёс уламжлалаа хүндэлдэг, монгол хүн гэдгээрээ бахархдаг байхын тулд түүхийн бүтээлүүдийг унших, үүний эхлэл бол түүхэн уран зохиолуудыг уншсан байх хэрэгтэй гэж боддог.

О.Цэцэгсүрэн

error: Content is protected !!