LOADING

Type to search

Монголын алдартай уран зургууд

Share

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг танилцуулж байна.

Б.Шарав “Монголын нэг өдөр”

Монголын дүрслэх урлагийн сод бүтээл болох “Монголын нэг өдөр” бүтээл 1970-80 онд ОХУ-д сэргээн засварлагдаж, 1995 онд хосгүй үнэт зэрэглэлд багтан, бас 100сая төгрөгөөр үнэлэгдэж байсан билээ.

Зураач Балдуугийн Шарав буюу “Марзан” Шарав нь 1869 онд Засагт хан аймгийн нутагт төржээ. Багаас авъяас билэг нь тодорсон түүний анхны багш нь догшдын дүр бүтээгч Жанцан юм.  Тэрбээр 22 насандаа Да Хүрээнд ирснийг судлаачид тогтоосон билээ.

Богд хаан өөрт таалагдах зургаа зурж ир гэсний дагуу хоёр зураг зурсаны нэг нь “Монголын нэг өдөр” юм. Уг бүтээл нь зураас бүрийг нарийн хараар тодруулан орон зай оруулж, нэг хавтгайд зуу гаруй өдөр тутмын үйлийг зураглан багтаасан төдийгүй монгол зургийн хавтгайн зохиомжыг төгс илэрхийлсэн бүтээл юм.

О.Цэвэгжав “Азарганы ноцолдоон”

Төрийн хошой шагналт, анхны Ардын зураач, УГЗ, XX зууны манлай зураач Очирын Цэвэгжав “Азарганы ноцолдоон” хэмээх энэхүү бүтээл дээрээ 10 гаруй жил ажиллаж, 1958 онд бүтээсэн билээ. Уран зургийн галлерейд хадгалагдах уг бүтээл Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад багтсан.

Ардын зураач Очирын Цэвэгжав нь Дорнод аймгийн Баяндун сумын уугуул бөгөөд 1915 онд төржээ. Бид түүний “Эхийн цагаан сэтгэл”, “Эмнэг сургагч”, “Ууланд” хэмээх бүтээлүүдийг нь сайн мэдэх билээ.

О. Цэвэгжав “Эмнэг сургагч”

Ардын зураач.О.Цэвэгжавын бас нэгэн гайхалтай бүтээл бол 1963 онд бүтээгдсэн “Эмнэг сургагч” билээ.

Н.Цүлтэм “Талын айл”

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын зураач Ням-Осорын Цүлтэм энэхүү “Талын айл” бүтээлээрээ 1958 онд Төрийн шагнал хүртсэн. Энэхүү бүтээлд уран зургийн бүхий л төрөл жанрыг багтааснаас гадна уран зурагт алслалтыг бүрэн илэрхийлсэн, уламжлал, шинчлэлийг хослуулсан зураг хэмээн тооцогддог. Түүний зургууд байгаль эх орныхоо уудам саруул тал хөндий, зэрэглээ тунарсан говь, хөхрөн мяралзах гол мөрөн, цаст уулсын сүрлэг бараа зэргииг дөрвөн улирлын цагийн хувьслыг уран яруу харуулдаг билээ.

Д.Амгалан “Ээж ээ сайн байна уу?”

Өглөөний ургах наран, хувинтай ус бариад ирж яваа ээж, өөдөөс гараа алдлан гүйж буй бяцхан хүүхэд. Энэ бол бол ардын зураач, Төрийн соёрхолт Дагдангийн Амгалангийн “Өлгий нутгийн минь өглөө” цуврал зургийн нэг хэсэг “Ээж ээ, сайн байна уу” зураг юм. Д.Амгалан гуай энэхүү бүтээлээ оюутан ахуй цагтаа буюу 1962 онд бүтээж, “Өлгий нутгийн минь өглөө” цувралаараа 1969 онд Төрийн шагнал хүртсэн.

Д.Дамдинсүрэн “Жинчин”

Шинэ цагийн Монголын дүрслэх урлагийн үндсийг тавигчдын нэг УГЗ, зураач Д.Дамдинсүрэн 1950-иад оны дунд үеэс үндэсний уран зураг буюу “монгол зураг”-ийг сэргээх ажилд оролцон “Эхийн алдар”, “Хүрээ Майдар”, “Арван засгийн бөх”, “Хүрээ цам”, “Уран Занабазар”  зэрэг олон бүтээлээ туурвиж байв. Тэрбээр “Адуучин” (1961), “Жинчин” (1954), “Хот айл” (1961), “Манай нутгийнхан” (1961) зэрэг олон бүтээлээ монгол зургийг өрнийн уран зургийн арга техниктэй хослуулан өвөрмөц арга барилаар бүтээсэн.

Ү.Ядамсүрэн “Өвгөн хуурч”

“Өвгөн хуурч” хэмээх морин хуур барьсан, урт цагаан сахалтай өвгөний зургийг мэдэхгүй хүн үгүй бизээ. Энэхүү бүтээлийн эзэн бол Монголын уран зургийн нэрт төлөөлөгч Төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэн юм. Зураач уг бүтээлийнхээ өвгөн хуурчаар Чингис хааны дүрийг төлөөлүүлэн зурсан байж болох талаарх судалгаа байдаг байна. Монголдоо хамгийн их хуулбарлагдсан зургуудын нэг болох “Өвгөн хуурч” зурагт үндэсний уламжлалт эд зүйлс шингэсэн байдаг.

Г.Одон ”Ажлын дараа”

Төрийн шагналт, Ардын зураач Г.Одонгийн уран бүтээлүүдэд хөрөг зураг онцгой чухал байр суурийг эзэлдэг. 1959 онд Төрийн шагнал хүртсэн “Ажлын дараа” бүтээлээ 1948 онд зуны амралтаараа нутагтаа очоод хадлан хадаж, хөдөөгийн амьдралын гүнд гар биеэр оролцож явснаа эргэн санаж 1952 онд бүтээжээ. Нэлээд тогтоож ажиглалгүйгээр зургийн нууцуудыг тайлахад бэрх.

М.Цэмбэлдорж “Шуудан хүргэгч”

Байгалийн олон арван бүтээлээрээ нэрд гарсан УГЗ, Төрийн шагналт зураач Мятавын Цэмбэлдорж 1956 оноос эхэлж, монгол нутгийн үзэсгэлэнт байгалийг дүрсэлж, дүрслэх урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Байгалийн зураглал түүний уран бүтээлийн гол төрөл болсон бөгөөд “Чулуут голын цуурай”, “Говийн хавар”, “Говийн үдэш”, “Намар” зэрэг олон бүтээлээ туурвисан. “Шуудан хүргэгч”, “Тариалан”, “Гималайн Улс”, “Хадан чуулга” зэрэг алдартай бүтээлүүд нь судлаачдын анхаарлыг ихээхэн татдаг билээ.

error: Content is protected !!