LOADING

Type to search

Кальцийн дутагдлын талаар мэдвэл зохих зүйлс

Share

Кальци бол цагаан идээ, далайн гаралтай хүнс, навчит ногоо зэрэгт агуулагдах бие махбодод зайлшгүй шаардлагатай эрдэс бодис юм. Хүн хоол хүнснээс хангалттай хэмжээний кальци аваагүй тохиолдолд дутагдалд орж, улмаар булчин өвдөх, яс хэврэгших гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Кальцийн дутагдалд орсныг мэдэхийн тулд эхлээд кальци хүний биед ямар үүрэгтэй болохыг мэдэх нь зүйтэй болов уу.

Кальци ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Кальци бол бие махбодод зайлшгүй шаардлагатай эрдэс бодис бөгөөд дараах үүргүүдийг гүйцэтгэдэг.

Цусны бүлэгнэлтийг хэвийн хэмжээнд байлгах

Булчингийн хөдөлгөөн /үүнд зүрхний цохилт орно/

Яс, шүдний бат бэх байдал

АНУ-ын нийт хүн амын 40 гаруй хувь нь хоол тэжээлээсээ хангалттай хэмжээний кальци авч чаддаггүй гэсэн тооцоо бий. 2011 онд дэлхий даяар 3.5 тэрбум хүн кальцийн дутагдалд орох эрсдэлтэй гэгдэж байв.

Бие дэх кальцийн 99 орчим хувь нь шүд, ясанд хадгалагддаг. Үлдсэн нэг хувь нь цус, шингэн, эд эсэд агуулагддаг. Шингэн дотор агуулагдах кальци нь электролитийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь  зүрхний хэмнэл, булчингийн агшилтанд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Кальцийн дутагдлын шинж тэмдэг

Мичиган мужийн Детройтын хоол тэжээлийн мэргэжилтэн Бансари Ачарягийн хэлснээр кальцийн дутагдал дараах шинж тэмдгүүдээр илэрдэг байна.

Булчин шөрмөс татах

Булчин татах

Булчин өвдөх

Хавайн их сургуулийн доктор, хоол тэжээлийн профессор Жинан Баннагийн хэлснээр удаан хугацааны туршид кальци дутагдсанаас дараах эрсэдэлд хүрч болзошгүй гэв.

Зүрхний хэм алдагдах

Яс сийрэгжих

Яс хугарлын эрсдэл нэмэгдэх

Гипокальциеми

Эдгээр нь эцэстээ ясны бат бэх байдалд нөлөөлж, яс хугарлын эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Кальци дутагдлын шалтгаан

Кальцийн дутагдалд орох хэд хэдэн шалтгаан байх ч хамгийн түгээмэл нь кальци багатай хоол хүнс хэрэглэх юм.  Өдөрт хэрэглэх кальцийн хэмжээ нь хүйс, наснаас хамаарч өөр өөр байдаг. Тухайлбал,

0-6 сартай нярай хүүхдүүд: 200 мг

7-12 сартай нярай: 260 мг

1-3 насны хүүхдүүд: 700 мг

4-8 насны хүүхдүүд: 1,000 мг

9-18 насны өсвөр насныхан: 1300 мг

19-50 насныхан: 1,000 мг

50-70 насны эрчүүд: 1,000 мг

50-аас дээш насны эмэгтэйчүүд: 1200 мг

71-ээс дээш насныхан: 1200 мг

Дараах тохиолдолд кальци дутагдлын эрсдэл нэмэгддэг байна. Үүнд:

Цагаан хоолтон–  веганчуудын хоолны дэглэм нь хангалттай хэмжээний кальци агуулдаггүй.

Лактоз буюу хүнсний мэдрэг байдал– Зарим хүмүүс кальцийн томоохон эх үүсвэр болох сүүн бүтээгдэхүүнийг идэж чаддаггүй учир татгалздаг.

Цэвэршилт: Учир нь эстрогений үйлдвэрлэл буурснаар кальцийн шингээлт буурдаг.

Зарим тохиолдолд нярай хүүхдэд кальци дутагдал үүсдэг. Үүнийг нярайн гипокальциеми гэж нэрлэдэг аж. Энэ нь цусан дахь кальцийн хэмжээ хангалтгүй байгааг илтгэх бөгөөд  булчин татвалзах, чимчигнэх, хоолондоо муу байх, хүүхдийн бие сулбагар байх зэрэг шинжүүдээр илэрдэг байна. Энэхүү ховор тохиолдол нь паратироид дааврын түвшин бага, эсвэл магнийн хэмжээ багатай холбоотой бөгөөд бага жинтэй эсвэл дутуу төрсөн хүүхдүүдэд тохиолддог байна.

Хэрхэн оношлох вэ?

Хэрэв танд булчин өвдөх, гар, хөл чимчигнэх, сэтгэл зүйн байдал өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай. Хэрэв таны биеийн өсөлт жил бүр буурч байгааг анзаарсан бол энэ нь удаан хугацааны турш ясны сийрэгжилттэй явсны  шинж тэмдэг байж болох юм гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Яс кальцийг цусанд шингээж авдаг тул кальцийн дутагдалтай ч цусан дахь кальцийн хэмжээ хэвийн байж болно. Тиймээс ясны эрдсийн нягтыг шинжлүүлэх нь зүйтэй. Энгийн рентген зургаар энэ нь гарах боломжгүй бөгөөд Денситометрээр хэмжинэ.  

Кальци дутагдсан үед яах вэ?

Кальцийн дутагдалтай гэж оношлогдсон тохиолдолд эмч эмчилгээний төлөвлөгөө боловсруулна.  Мөн кальциар баялаг хоол хүнс хэрэглэх, Д амин дэмийн хэрэгцээг хангах нь чухал юм.

Калциар баялаг хүнсэнд:

Тараг

Сүү

Бяслаг

Овьёос

Бүйлс

Жүржийн шүүс

Кальцийн бэлдмэдийг дур мэдэн хэтрүүлэн хэрэглэх нь өтгөн хаталт, бөөрний чулуу үүсгэх зэрэг эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Бэлдмэлийг хэрэглэх хязгаар нь хүйс, наснаас хамаарч өөр өөр байдаг. Тухайлбал,

0-6 сартай нярай: 1,000 мг

7-12 сартай нярай: 1500 мг

1-8 насны хүүхдүүд: 2500 мг

9-18 насныхан: 3000 мг

19-50 насныхан: 2500 мг

50-аас дээш насныхан: 2000 мг хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэж болохгүй.

Эх сурвалж: Insider

error: Content is protected !!