No menu items!
HomeХүмүүсАрд түмний хайртай “Ангийн байцаагч”

Ард түмний хайртай “Ангийн байцаагч”

-

-За хө ангийн үнэмлэхээ өгнө өө!

Юун ангийн үнэмлэх?

-Яагаав анчдын нийгэмлэгийн гишүүний үнэмлэхээ, За түргэл түргэл

-Надад тийм юм байхгүй

-Тэгвэл буугаа гаргаад ир

-Ямар буу? Би тийм буу шийдэм хэрэглэдэггүй

-Чи тэгээд юугаар ан хийдэг юм?

-Би энэ яваа насандаа оготнын хамраас ч цус гаргаж үзээгүй хүн шүү дээ

-Нанзад. Ангийн байцаагч. За хө уучлаарай, би шинээр ирсэн хэн бүхнийг шалгах ёстой юм…

1980 он “Говийн зэрэглээ” киноны диалог

Үүнийг уншсан танд ангийн байцаагч Нанзадын дүр зурсхийн үзэгдсэн биз ээ. Одоо биднийхээ дунд байхгүй ч олон сайхан бүтээсэн дүрээрээ ард түмний сэтгэлд мөнхөрсөн жүжигчин бол Няндагийн Цэвээнравдан юм. “Говийн зэрэглээ” киноны ангийн байцаагч, “Ирж яваа цаг” киноны Шагдар, “Би чамд хайртай” киноны Балбар, “Ингэх гээд байсан юм” киноны Дэрмээгийн дүрээр ард түмний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн түүнийг “Хүмүүс” буландаа онцолж байна.

Жүжигчин Н.Цэвээнравдан нь 1950 онд Дорноговь аймгийн Их хэт суманд төржээ. 1974-1978 онд ОХУ-ын Санкт-Петербург хотод театр кино, хөгжмийн дээд сургуульд суралцаж жүжигчний мэргэжил эзэмшсэн байна. Харин  1969-1972 онд ардын цэргийн албыг хаажээ.

Тэрээр 1972-1974 онд УХЗТ-т дагалдан жүжигчнээр ажиллаж байсан юм. МУГЖ Л.Чимэддорж “Н.Цэвээнравдан тухайн үед “Алтан гургалдай” хэмээх жүжигт гайхалтай сайн тоглосон. Хүүхдийн театрын уран бүтээл тэр үеэс л нэрд гарсан” хэмээн дурсан ярьжээ.

“Намаас өмнө урлаг байсан юм”

Нэрт жүжигчин Н.Цэвээнравдан 1978-1980 онд Дундговь аймгийн соёлын ордны найруулагч байв.  Дундговь аймгийн ХДТ-т найруулагчаар ажиллаж байхдаа намын хурлын концерт найруулж байтал намын дарга ажилд нь оролцоод байж л дээ. Тэгэхээр нь “Намаас өмнө урлаг байсан юм” гэж шуудхан хэлсэн талаар нөхөд нь дурссан байдаг. Тэрээр 1980-1983 онд УХЗТ-ын жүжигчин, 1983-1987 онд УДЭТ-ын жүжигчин, 1987-1991 онд “Тоншуул” сэтгүүлийн “Учиртай инээд” хамтлаг, 1991-1992 онд УДЭТ-т жүжигчнээр тус тус ажиллаж байв.

Тэрээр УДЭТ-т ажиллаж байхдаа олон сайхан тайзны дүрийг мөнхөлсөн юм. Тухайлбал, “Байцаагч түшмэл” жүжгийн (1985) Артемий Филиппович Земляника, “Нулимсны наадах инээд” жүжгийн (1986) Самбуу, “Хөхөлдөй хүүгийн үлгэр” жүжгийн (1986) Ялдам зант түшмэл, “Интоорын цэцэрлэг” жүжгийн (1986) Симеонов-Пищик,  “Буцах хаяг” жүжгийн (1987) Балдорж зэрэг жүжгүүдийн гол болон туслах дүрүүдийг бүтээжээ.

“Буцах хаяг” жүжгийн үеэр

Ард түмний хайртай  дүрүүд

Урлаг судлаач, сэтгүүлч, профессор Д.Мягмарсүрэн “Түүний бүтээсэн дэлгэцийн дүрүүдийг харахад хамгийн эгэл жирийн, сайхан сэтгэлтэй хүнийг амилуулсан байгаа юм” гэжээ. Түүний мөнхөлсөн дүрүүдийг эргэн санавал “Говийн зэрэглээ” киноны ангийн байцаагч, “Ирж яваа цаг” киноны Шагдар, “Би чамд хайртай” киноны Балбар, “Ингэх гээд байсан юм” киноны Дэрмээгийн дүрүүдийг мартахын аргагүй.

Түүний дурсагдах гайхалтай нэгэн дүр бол яах аргаггүй “Говийн зэрэглээ” киноны Нанзад. Сумын төвийнхний жирийн амьдрал, хөдөө орон нутагт соёл, олон түмний ажил хэрхэн явагдаж байгаа тухай өгүүлэх тус киног мэдэхгүй хүн үгүй. Эх орныхоо үнэт баялгийг хайрлан хамгаалах, хүн арддаа тустай үйл бүтээх зорилготой залуусын зарчимч, шударга, хөдөлмөрч чанар, хөдөөгийн хүмүүсийн сайхан сэтгэл, хүнлэг ёс суртахууныг киноны дүрүүдээс харж болно. Олон түмэн үзэгчдийн сэтгэлд хадагдан үлдсэн дүрийн нэг нь яах ч аргагүй ангийн байцаагч билээ.

“Ямар балай нь ийм балиар юм бичиж, гудамж талбай бузралдаг байна аа. Ёстой үзэл сурталгүй юм” гээд ийш тийш харах 20-р байрны Балбар.

Энэ дүрийг дурсахгүй өнгөрч болохгүй.“Би чамд хайртай” кино нь 1985 оны 8 сард дэлгэцнээ гаржээ. Н.Цэвээнравдан гуайн бүтээсэн тэр хэсэгхэн агшин хүн бүрийн сэтгэлд тод үлдсэн байдаг.

Монгол улсын Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам “Дэлгэцийн болон театрын урлагаас гадна хувь уран бүтээлчийн босгосон ярианы урлаг бол гайхамшигтай” хэмээжээ. Тэрээр жүжиглэх авьяасаас гадна хошин урнаар гайхамшигтай өгүүлдэг байсан. Нэг жүжигчний өгүүлэн ярих театрын шинэ урсгалыг өөрийн бүтээлээр бий болгосон хүн гэж нөхөд нь дурсжээ.

“Олон түмэн бужигнасан үүд сайтай айл”

Н.Цэвээнравдан гуай кино урлагаас амьдралынхаа ханьтай учирчээ. Түүний ханийгС.Алтанцэцэг гэдэг, кино үйлдвэрийн монтажчин бүсгүй юм.

С.Алтанцэцэг “ Бид хоёр гандангийн дэнжид гэрээ бариад орж байлаа. Хань маань манайх их эд хөрөнгө хураах айл биш ээ. Олон түмэн бужигнасан үүд сайтай айл гэдэг байлаа” хэмээн дурссан байдаг. Энэ орчлонд бие нь үгүй ч бүтээсэн дүр, сайхан сэтгэлээрээ үүрд дурсагдах тэрээр 1992 онд бурхан болжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд