No menu items!
HomeЯрилцлагаӨ.Гиваа: Богд багшийн минь айлдварууд надад асуудлыг шийдэх гарц болж байсан

Ө.Гиваа: Богд багшийн минь айлдварууд надад асуудлыг шийдэх гарц болж байсан

-

Гандантэгчинлэн хийдийн Гандан лаврингийн хуврага Ө.Гиваатай ярилцлаа. Тэрбээр Есдүгээр Богд Жавзандамба хутагтыг амьд сэрүүн ахуйд нь шавчи /туслах/ байсан түүний ойрын шавь юм.

-Та Есдүгээр Богдын ойрын туслах, шавь байсан. Богд ламын эрдэм чадлаас их зүйл суралцсан байх. Богд ламын тухай дурсахгүй юу?

-Би Богд ламын ачийг үргэлж санаж явдаг. Миний аав, ээж энэ биеийг төрүүлж, өсгөж, хүмүүжүүлсэн ачтан. Харин лам багш бол ганц энэ насны бие, хүмүүжлээр зогсохгүй, энэ нас хийгээд хойд насандаа зөв амьдрах, хэрхэн өөрөө аз жаргалтай амьдрах, хүмүүсийг аз жаргалтай болгох вэ гэдгийг зааж сургадаг. Тиймээс багш, шавийн барилдлагын үүднээс би Богд ламын ачийг эцэг, эхийн ачаас илүү санаж явдаг юм. Богд ламын хажууд байж олон ном, эрдэмд суралцсанаас гадна миний хувь хүний амьдралын хувьд ч хамгийн сайхан он жилүүд байсан. Би 2005 оны сүүлээр Энэтхэг яваад тэнд Дүйнхорын ванд суухдаа Богд ламтай уулзсан юм.

Түүнээс өмнө анх дөнгөж уулзаад л өнгөрч байлаа. Харин Дүйнхорын ванд очихдоо тухтай сайхан уулзаж, мөргөөд, лам багшийнхаа “Тагтэн лаврин”-д сууж суралцах урилга зөвшөөрөл авч, тэнд 6 жил дэргэд нь байж бясалгал, олон төрлийн ном заалгасан. Хамгийн гол заалгасан ном бол “Жод лүйжин” заалгаж, увидас дамжлагыг хүртсэн. Богд лам бээр: “Одоо цаг үед амьтанд тустай хамгийн хэрэгтэй ном бол Жодын ном” хэмээгээд надад Жодын ном заасан юм билээ. Богд лам олон шавьтай байсан ч шавь тус бүрдээ тохирсон номыг зааж, чиглүүлэн, увидас дамжлагыг хүртээдэг байлаа. Багш маань маш зөөлөн, нягт няхуур аргаар ном заадаг байсан. Гэхдээ надаас бусдад нь их зөөлөн ханддаг байсан. /Инээв/

Хамгийн чанга хатуу ханддаг байсан шавь нь би болов уу. Олон шавь нар “Манай лам их зөөлөн шүү” гэж хэлдэг. Харин надад бол хамгийн хатуу чанга хандаж, маш их зүйлийг зааж сургасан багш минь. Багшийн минь айлдсан айлдварууд надад олон удаагийн бэрхшээлээс гарах зам болж байсан их сонин тохиолдлууд олон бий.

-Та зарим нэг зүйлээс нь дурсаач?

-Богд лам Монголд 2010 онд анх албан ёсоор заларч байсан. Түүнээс хоёр жилийн өмнө ном айлдаж байхдаа бидэнд хандаж “Жод лүйжингийн номыг сайн сурах хэрэгтэй, Монголдоо очоод сайн дэлгэрүүлэх хэрэгтэй. Монголд очихдоо жодын номыг дэлгэрүүлэхийн төлөө олон юм хийнэ” хэмээн айлдаж байсан. Тэр үед Богд лам хууль зүйн талаасаа ч, иргэншил талаасаа ч Монголд залрах ямар ч боломжгүй байсан юм. Урьд нь олон хүн хөөцөлдөөд бүтээгүй. Бид Жодын талаар юм асуухаар “За, наадахыг чинь Монголд очихоороо хийнэ, одоо энэ талаар яриад хэрэггүй” гэдэг байсан. Тэгэхэд нь бид их гайхдаг байлаа.

Тэгсэн үнэхээр Богд ламын айлдсанаар хоёр жилийн дараа Монголоос албан ёсоор урилга заллага ирж Богд лам маань Монголд морилсон юм. Өөр бас нэг сонин юм гэвэл, Богд лам ном зааж байхдаа тухайн ярианы сэдвээс тэс өөр, ойлгомжгүй зүйлийн талаар яриад, “Тэгвэл их зүгээр, ингэж шийдвэл болно” гэх зэргээр айлддаг байсан. Түүнийг тухайн үедээ би ерөөсөө ойлгодоггүй, “Багш юу айлдана вэ, багш тэс хөндлөн юм яриад байна даа” гэж бодоод гайхаад л өнгөрдөг байлаа. Гэтэл тэр ярьж байсан зүйл нь дараа нь биелэнэ. Ойрдоо 2-5 сарын дараа, заримдаа жилийн дараа биелэнэ.

Богд ламыг эзгүй үед хэцүү асуудал тулгараад шийдэж чадахгүй байх үед өмнө нь яриан дунд гарч байсан өнөөх хөндлөн яриа чинь яг тэр хэцүү асуудлын гарц, хариулт нь болдог. Нэг жишээ ярьвал, Богд лам эмчилгээ хийлгэх гээд Сингапур явсан хойгуур надад нэг хэцүү асуудал тулгарсан юм. Лам байсан бол ярилцаад шийдчих байлаа, тэгсэн тэр үед холбоо барьж болдоггүй. Өөрөө шийдэх гэхээр толгой дааж шийдэхэд арай том асуудал байсан учраас гацаанд ороод долоо хоног хэртэй бодоод байж байлаа.

Гэтэл Оточ Манрамба Их Сургуулийг төгссөн Ганболд гэж лам ирээд юм ярьж сууснаа: “Өө нээрээ, багш чамд нэг юм хэлүүлсэн, би чамд хэлэх гэж байгаад мартчихаж, чамайг ийм ийм юм хийгээрэй гэж хэлж байсан шүү” гэж байна. Би бүр гайхаад хэзээ хэлсэн юм гэсэн чинь бараг жилийн өмнө гэж байна. Тэр үед Ганболд номонд сууж байгаад чөлөөгөөр ирсэн нь тэр юм. Үгүй чи наадхаа надад эртхэн хэлчихгүй яасан юм, би наадхыг чинь бодож долоо хоног шаналлаа гэсэн чинь “Би таг мартчихжээ, чамайг хараад саналаа” гэж байна. /Инээв/

Тэр нь миний шийдэж чадахгүй байсан асуудлын гарцаагүй хариулт байсан юм. Энэ мэт хүнд асуудал тулгарах үед Богд лам тусалдаг. Эсвэл багшид даатгасан, залбирсан төдийд хүн хэлээд өгч байгаа юм шиг асуудлын шийдэл тодорхой болдог байсан. Номынх нь талаас хэлвэл Богд лам маань үнэхээр мундаг бодьсадва байсан.

-Жод лүйжин нь ямар утгатай ном бэ?

-“Жод” гэдэг нь “таслах” гэсэн үг. Өөрийнхөө мунхаг, минимхийлэх үзлийг таслах гэсэн утгатай. “Лүйжин” гэдэг нь “Биеэ өгөх” буюу өөрийн биеийг өглөг болгож өгөх гэсэн утгатай. Анх Мажиг ренбүүчи бээр Жодын номыг түгээсэн. Жод лүйжингийн ном олон янз байдаг боловч Гэлүгба ёсны Жод лүйжин хэзээ ч нийтэд гарч байгаагүй. Үүнийг манай халх Богд нийтэд дамжуулж, ялангуяа монгол шавь нартаа болон Буриад, Тува, Швейцарь, Канад, АНУ зэрэг дэлхийн олон улс үндэстний шавь нартаа дамжуулсан юм.

-Уламжлалт анагаах ухааны ангилалд адын өвчин гэсэн онош байдаг. Та Жодын уламжлалыг авч яваа хүний хувьд адын өвчинд гүрэм засал хийдэг үү, энэ талаарх таны бодол?

-Адын өвчнийг хүмүүс ойлгоход хэцүү байж магадгүй. Хүмүүс адын өвчнийг лусын хорлол зэргээр ойлгодог бол гадаадын хүмүүс энэ талаар ямар ч ойлголтгүй. Гэхдээ буддын шашин ихэд дэлгэрч байгаа учраас гадаадын хүмүүс энэ талаар судалж, ойлголттой болж эхэлж байна. Адын өвчинг гүрэм заслаар эмчилнэ. Нийт өвчинг багцалж хуваавал 404 өвчин байгаагаас 101 нь гүрэм заслаар эдгэрдэг адын өвчин байдаг. Бие махбод нь эрүүл байдаг ч адад хорлогдоод өвдчихдөг учраас заавал гүрэм заслаар эдгэрнэ. Яг тохирсон гүрэм засал хийлгэвэл адын өвчин маш хурдан эдгэх боломжтой. Гэхдээ бас тэр адын өвчин нь удчихсан байвал удаан эдгэдэг талтай. Энэ үед гүрэм заслаас гадна эм тангаа бас уух хэрэгтэй. Адын өвчинг Манба Дацан эмнэлэг маш сайн эмчилдэг. Гүрэм заслаа өөрсдөө хийж, эм тангаа өгдөг.

-Уламжлалт анагаах ухаан буюу тэжээхүй ухаан нь буддын их таван ухааны нэг. Тиймээс ч уламжлалт анагаах ухаан буддын шашин хоёр холбогддог гэдэг. Энэ талаар таны бодол?

-Одоогоос 2500 орчим жилийн өмнө Бурхан багш өөрийн ном сургаалиа айлдсан. Олон амьтанд хамгийн тустай арга зам, зовлонгүй, жаргалтай байх, жаргал нь үргэлжид байх арга замыг заахын тулд өөрөө бурханы хутгийг олж, олон амьтанд тэр сургааль номлолоо, ямар зам мөрөөр энд хүрч болох талаар зааж сургаж ирсэн. Энэ бол буддын шашны анх үүссэн цагаас одоог хүртэл болон хойшид байх хамгийн гол зарчим, зам юм. Энэ замаар тэжээхүй ухаан буюу уламжлалт анагаах ухаан үүссэн. Бурхан багш уламжлалт анагаах ухааныг Манла бурханы үүднээс анх дэлгэрүүлсэн. Уламжлалт анагаах ухааныг даасан эзэн бурхан нь Манла бурхан юм. Манла бурханы талаар нэгэн түүх ярьсан нь зөв байх. Манла бурхан бурхан болох тоолшгүй их галавт буян хурааж бурхан болсон. Анх бурхан болохдоо 12 төрлийн амьтанд туслах 12 их ерөөл тавьсан байдаг. Тэр ерөөлөө тавьж буянаа хураагаад, бурхан болох арга зам мөрийг дагаж явсанаар бурхан болсон.

Бурхан болсон анхныхаа эгшинд олон амьтныг хамгийн их зовоож байгаа нь юу байна вэ гэдгийг онош буюу илт мэдэл гэх зүйлээр болгоож үзсэн байдаг. Ингээд болгоож үзэхэд амьтан бүгдийг хамгийн их зовоож байгаа зүйл бол өвчний зовлон байна гэдгийг мэдсэнээр тэр өвчнийг яаж арилгах вэ, ямар арга зам байна вэ, нийт амьтанд туслах тустай сайн нь юу байна вэ гэсэн сэтгэлийн үүднээс, урьд нь тавьж байсан ерөөлийн хүчээр олон амьтанд өвчин зовлонгоос нь салгаж, эрүүл энх, урт удаан наслахын тулд юу хийх вэ гэсэн асуудал хамгийн түрүүнд гарч ирсэн.

Энэ асуудлыг шийдэхийн тулд уламжлалт анагаах ухааныг номлосон байдаг. Тэгэхээр уламжлалт анагаах ухаан нь бурхан шашныхаа үүднээс яривал маш эртний уламжлалтай байх нь. Бурхан багш, Манла бурханы номлосон амьтныг зовлонгоос гаргах арга зам одоог хүртэл устаж алга болоогүй, тасралтгүй 2500 жилийн турш олон амьтанд тусалж, өвчнөөс нь салгаж, урт удаан наслуулж, эрүүл саруул байлгасаар ирсэн. Энэ үүднээс уламжлалт анагаах ухаан, бурханы шашин хоёр нэг л зорилготой.

-Монгол оронд хэлмэгдүүлэлтээс өмнө 250 гаруй Манба Дацангууд ажиллаж, хүн ардын эрүүл мэндийг сахиж байсан юм билээ. Хэлмэгдүүлэлтийн үеэр тэр бүгд устаж, уламжлалт анагаах ухааны эмчилгээ, үйлчилгээ нэг хэсэг тасарсан гэж хэлж болох ч 1990 оноос дахин сэргэсэн. Ер нь одоогийн байдлаар уламжлалт анагаах ухааны хөгжил ямар түвшинд байна гэж та бодож байна?

-Замбуутив дээр Төвөд, Монгол хоёр оронд л уламжлалт анагаах ухаан хамгийн их дэлгэрсэн. Яагаад гэвэл буддын шашныг хамгийн их дэлгэрүүлсэн орон. Энэтхэгт буддын шашин дэлгэрсэн ч, одоогийн байдлаар бурхан шашны уламжлалаа хадгалж авч үлдсэн нь Төвөд, Монгол хоёр л байна. Уламжлалт анагаах ухаан буюу тэжээхүй ухаан нь хүмүүст өвчингүй байх арга замыг заадаг, өвчин зовлонгоос нь гэтэлгэж эдгээдэг. Энэ арга ухаан Төвөд, Монгол хоёрт хамгийн их үлдсэн. Манай Монголд хэлмэгдүүлэлтээс өмнө уламжлалт анагаах ухаанаас өөр анагаах ухаан байгаагүй. Хүн өвдлөө л бол уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлдэг.

Эмч нар нь голдуу лам, уламжлалт анагаах ухаанд олон арван жил суралцсан, мэргэшсэн хүмүүс байсан учраас анагаах тал дээрээ тун сайн байсан. Энэ талаар олон түүхэн баримтуудыг дурдаж болно л доо. Олон сайн эмч нар байсан учраас хоорондоо туршлага солилцож, онолоо ярилцдаг байсан. Одоо тэр үеийн онол ном тасраад шинээр уламжлалт анагаах ухаан гарч ирсэн мэт хүмүүс ойлгодог. Гэтэл уламжлалт анагаах ухааны уламжлал тасраагүй явж ирсэн юм шүү дээ. Үүний нэг жишээ бол Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их сургууль байна. Хамба лам Д.Нацагдорж гуай уламжлалт анагаах ухааны онол шүнг уламжилж авсан хүн. 2500 жилийн өмнө Бурхан багш, Манла бурханы номлосон анагаах ухааны онол, эмчилгээ орчин цагт ч тэр хэвээр уламжлагдан ирсэн.

Хэлмэгдүүлэлтээс хойш Өрнийн анагаах ухаан буюу европ анагаах ухааны сургалт судалгаа, эмчилгээ 70 жил явагдаад ирсэн учраас хүмүүс уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлэх нь бага, уламжлалт эм, эмчилгээний үр дүнг тэр бүр мэдэхгүй байна. Гэсэн ч уламжлалт анагаах ухааны онол, ном өдийг хүртэл хадгалагдан, өвлөгдөж, хүн ардад тусласаар ирсэн, хойшид ч туслах нь гарцаагүй.

-Өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар арга зам байна. Түүнд яаж суралцах вэ?

-Уламжлалт анагаах ухааны эрүүл зөв амьдрах үндсэн ухагдахуун байна. Энэ нь эхлээд хоол ундаа зөв зохицуулж идэх, дараа нь даарч хөрөхгүй байх зэрэг өвчин тусах гадаад нөхцлүүдийг сайн анхаарах хэрэгтэй. Мэдээж хүн сайн муу явах нь өөрийн буяны хэмжээнээс шалтгаалдаг болохоор буян хураах асуудлыг анхаарах хэ-рэгтэй. Би лам болсноосоо хойш уламжлалт анагаах ухааныг их сонирхох болсон. Гэхдээ түүнээс ч өмнө манай аав, ээж уламжлалт анагаах ухааны эрүүл зөв амьдрах, өвчнөөс сэргийлэх арга замыг бидэнд зааж сургаж, үр хүүхдээ өвчингүй өсгөж хүмүүжүүлж ирсэн.

Аав ээж маань бурханы шашин шүтдэг, лам хуврагуудтай хамаатан садан, ойр байсан учраас тэр хүмүүсээс уламжлалт анагаах ухааны талаар мэдэж авч, суралцаж байсан юм билээ. Тэр хүчинд би өдийг хүртэл өвчин тусч, эмнэлэгт хэвтэж үзээгүй. Хааяа шүд өвдөх зэрэгт эмнэлэгт хандахаар том хүний дозоор эм бичиж өгч, түүнийг нь уухаар бие тавгүйтээд байдаг.

Хүүхдийн дозоор уухаар арай гайгүй. Яагаад гэвэл би хар багаасаа эм тариа хэрэглэж үзээгүй учраас надад хүчтэй нөлөөлдөг байх. Түүнээсээ болоод европ эмнэлэгт хандах дургүй. Би хоёр жилийн өмнө халуун оронд амьдарч байгаад Монголдоо ирээд уушгины өвчин туссан юм. +30 хэмийн дулаан газар байж байгаад Монголд өвөл -30 хэмийн хүйтэнд бууж таарсан учраас цаг агаарын өөрчлөлтөд дасч чадалгүй уушги өвдсөн. Тэр үед би Манба Дацан эмнэлэгт хандсан. Уламжлалт эмчилгээ арай зөөлөн, дээрээс нь өвчнийг үндсээр нь эмчилдэг учраас илүү үр дүнтэй. Мөн над шиг антибиотик ууж чадахгүй хүнд уламжлалт эм их сайхан таардаг.

Манба Дацан эмнэлэгт 10 хоног хэвтээд гарахад миний өвчин бүрэн илааршсан. Түүнээс хойш уламжлалт анагаах ухааныг улам бүр судлахыг хүссэн. Хүмүүс хар багаасаа хүчтэй антибиотик хэрэглэж, томрох тусам улам л хүчтэй антибиотикт өвчин нь дарагддаг болсонд их санаа зовж явдаг.

-Өвчин зовлонгүй байхын тухайд буянд шамд гэсэн шүү дээ. Буянг хэрхэн хураах вэ?

-Буян хураах олон арга бий. Буяныг маш эрчтэйгээр хураахад бясалгал үр дүнтэй. Бясалгалын талаас буян хураахад маани унших буюу тарни тоолох гэх мэт аргууд орно. Бясалгал хийхэд сэтгэл санаа маш тогтвортой болдог тул стресст тэр бүр ороод байдаггүй. Энэ нь өвчин үүсгэх гадны нөхцлийг хааж байна гэсэн үг. Хүн өвчингүй сайн сайхан байя гэвэл түүний үндэс болсон буяныг үйлдэж байх ёстой. Дээрээс нь уламжлалт анагаах ухаанд номлодог өвдөхгүй байх аргыг мэдэж хэрэгжүүлдэг байх ёстой. Эрүүл байх том арга ухааны нэг нь бясалгал байдаг. Тухайлсан нэг өвчинд гэж дурдаагүй боловч нийт биеийг эрүүл байлгах, хөгшрөлтийг удаашруулах зэрэг бясалгалууд бий.

-Таныг бясалгал их хийдэг тухай сонссон. Таны эрүүл биетэй байгаа тань бясалгалтай бас холбоотой юу?

-Монголд олон янзын бясалгал байна. Миний хийдэг бясалгалууд бурхан шашны бясалгал байдаг. Бурхан шашны бясалгал гэдэг нь нууц юмуу аг тарнийн бясалгал юм. Ийм тусгайлан бэлтгэл хангаж хийдэг том бясалгалыг 24 удаа хийснээс Есдүгээр Богдын даалгавар, зааварчилгаагаар 10 удаа хийсэн. Эдгээр бясалгалыг хамгийн багадаа долоо хоног, ихдээ 11 сарын турш гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдаж үйлдсэн. Мөн өдөр бүр таслалгүй хийдэг бясалгалууд бий.

-Уламжлалт анагаах ухааны давуу тал нь юу вэ?

-Эргэн тойрны хүмүүс маань европ анагаахын эмнэлэгт ч үзүүлж байна, уламжлалтаар ч эмчлүүлж байна. Ингээд ажиглаад үзэхээр европ анагаах ухаан нь хүнд нөлөөлөхдөө түргэн, голдуу мэс засал хий-дэг, түргэн хугацаанд тустай юм уу даа. Сул тал нь гэвэл өвчнийг бүр үндсээр нь арилгаж чаддаггүй. Өвчилсөн ургамал байлаа гэхэд түүний үндсийг нь эмчлэх биш толгойг нь тасдаад хаяхтай адил.

Мөн антибиотик харшил үүсгэдэг, нэг эрхтэнд сайнаар нөлөөлсөн ч өөр эрхтэнг гэмтээж байдаг, өвчнийг үндсээр нь устгаж чадаагүй учраас өвчин нь дахин сэдэрдэг зэрэг сул талтай. Харин уламжлалт анагаах ухаан явц нь жаахан удаан боловч өвчнийг үндэс сууриар нь эмчилдэг. Энэ бол маш том давуу тал. Гэхдээ явц нь удаан гэдгийг сул тал гэж хэлж болохгүй. Өвчнийг эдгээж байгаа үр дүн маш сайн учраас дахиж өвдөхгүй. Тиймээс тууштайгаар эмчилгээ хийлгэвэл өвчнийг үндэс сууриар нь эмчилдэг. Уламжлалт эм өөр эрхтэнд муугаар нөлөөлөх зүйлгүй, харшил өгөхгүй гээд давуу талууд их бий. Хамгийн гол давуу тал бол уламжлалт анагаах ухаан яаж өвчин тусахгүй амьдрах вэ гэдгийг ихээхэн анхаарсан.

Европ анагаах ухаан өвчин туссан хойно нь хэрхэн эмчлэх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулсан бол уламжлалт анагаах ухаан яаж өвчлөхгүй байх вэ, яаж өвчингүй амьдрах вэ гэдгийг хамгийн сайн анхаарч, маш олон арга замуудыг заасан байдаг нь гайхалтай. Ингээд бодохоор уламжлалт анагаах ухаан бол хамгийн сайн анагаах ухаан. Хүмүүст хандаж хэлэхэд, уламжлалт анагаах ухааны давуу тал, онцлогийн талаар надаас сонсох нэг өөр, өөрсдөө энэ бүгдийг судалж, мэдлэг мэдээлэлтэй болсны дараа уламжлалт эм, эмчилгээг хэрэглэх нэг өөр.

Угаас уламжлалт анагаах ухааны талаар мэдлэг, мэдээлэлтэй болсны дараа уламжлалт эм, эмчилгээг хэрэглэдэг болно. Гэхдээ мэдээлэлтэй болсныхоо дараа эмчлүүлвэл илүү бат итгэл үнэмшилтэй байдаг. Өвдсөн тохиолдолд аль эмнэлэгт хандах вэ гэдгээ сохроор шийдэж огт болохгүй. За европ эмнэлэг их байгаа юм чинь европ эмнэлэгтээ л үзүүлье, эсвэл энэ хүн уламжлалт анагаах ухааныг сайн гэж хэлсэн юм чинь уламжлалт эмнэлэгт хандая гэхгүйгээр өөрөө сайн судалж, өвдсөн хойно нь эмчлүүлэх биш, яаж өвдөхгүй байх вэ гэдгийг л анхаарах хэрэгтэй.

Өвдөхгүй байвал заавал эмнэлэгт очиж, мөнгө төгрөгөө үрээд, бие эрхтэндээ мэс хүргээд явахгүй шүү дээ. Тиймээс хүн бүр уламжлалт анагаах ухааны өвчнөөс урьд-чилан сэргийлэх арга замд суралцаж, хэрхэн өвдөхгүй байх вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Би яавал өвдөхгүй байх вэ гэдэгт анхаарлаа хандуулж амьдардаг хүн. Тиймээс хүн бүр эрүүл амьдрах ухаанд суралцаж, хэрэгжүүлээрэй гэж хэлье дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №08 (37)

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд