LOADING

Type to search

О.Чимэдсүрэн: Ковид-19 халдварын хөнгөн шинж тэмдэгтэй иргэдийг эмнэлэгт эмчилж буй нь гурван шалтгаантай

Share

Эрүүл мэндийн сайдын Зөвлөх, Шадар сайдын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, Анагаах Ухааны Доктор, Профессор О.Чимэдсүрэнгээс цар тахлын үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.  

Манай улс Ковид-19 халдварын чиглэлээр ямар ямар судалгаа хийдэг вэ? Судалгааны үр дүнг хэрхэн ашиглаж байгаа вэ?

-Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн сайдын А/262 тоот тушаалаар шинэ коронавируст халдвар (COVID-19)-тай холбоотой судалгаануудыг удирдлага, зохион байгуулалтаар хангах, шийдвэр гаргагчдыг мэдээллээр хангах зорилго бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг нь Монгол Улсад хийгдэх коронавируст халдвар судалгааны ажлын тэргүүлэх чиглэл, судалгааны сэдэв, удирдагч, санхүүжилт, багийг гарган ажиллаж байна. 
Түүнчлэн Ковид-19 халдварын үед Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ЭМЯ-ны  Шинжлэх ухаан технологийн зөвлөл ажиллаж байна. Тус зөвлөл нь салбарын бодлогыг нотолгоонд тулгуурлан гаргах, шийдвэрийн үр дүн, үр нөлөөг тогтоох, хэрэгжилт хир зөв, нийцтэй байгааг тухай бүр судлах чиг үүрэгтэй.

ДЭМБ-ын санаачлагаар UNITY STUDY төслийн хүрээнд Монгол Улсаас хоёр ч төсөл дэмжигдэн судалгааны ажлууд явагдаж байна. Монгол Улсад Коронавируст халдвар нийт 12 судалгааны ажлыг БШУЯ-ны ШУТС, ДЭМБ, Шинжлэх ухааны академиас дэмжин хамтран хэрэгжүүлж байгаагаас 5 судалгааны үр дүнг хүлээлгэн өгсөн. Эдгээр судалгааны үр дүнг бид бодлого төлөвлөлтөнд одоо ашиглаж байна.

Ковид-19 халдварын эмнэлзүйн хувьд хөнгөн, шинж тэмдэггүй байгаа хүмүүсийг эмнэлэгт байх хугацааг нь цөөлсөн үү?

-ХӨСҮТ, АШУҮИС –ийн багаас “Монгол Улсад бүртгэгдсэн шинэ коронавируст халдварын эмнэлзүйн судалгаа”-г хийсэн. Тус судалгаанаас харахад эмнэлзүйн хувьд  хөнгөн хэлбэр зонхилж, эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй 72 хувь байгаа бөгөөд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд халуурах, ханиалгах, амт үнэр мэдрэхгүй болох шинж давамгайлан ажиглагдаж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс хойш дунджаар 21 хоног, түүнээс дээш доош 11 хоногт нуклейн хүчилд суурилсан бх-УТ-ПГУ-ын шинжилгээ сөрөг болсон байна.

Одоо эмчлүүлж буй хүмүүсийн 80 гаруй хувь нь шинж тэмдэггүй, хөнгөн явцтай байгаа нь илрүүлгийн хамралт өндөр байгаатай холбоотой. Энэ нь  тэдний ойрын хавьталд халдвар тархахаас сэргийлэх, мөн эрт эмчилгээнд хамруулж, хүндрэлийг бууруулж байгаа зэрэгтэй холбоотой юм. 

Ковид-19 халдварын хөнгөн болон шинж тэмдэггүй хүмүүсийн эмнэлэгт хэвтэх хугацааг 14 хоног болгон цөөлж, 12 дугаар сарын 10-ны өдрөөс  ХӨСҮТ-өөс  нийт 130  эмчлүүлэгчийг Яармагийн 300 ортой гэх шинэ эмнэлэгт  шилжүүлсэн. Эдгээр иргэдийг долоо хоног хянаад, эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ үзүүлэн гэрийн хяналтанд гаргана. Энэ нь мөн  ХӨСҮТ–ийн ачаалалыг бууруулах, дотоод халдвараас сэргийлэх ажлыг зохион байгуулахад ач холбогдолтой.

Манай улс хөнгөн шинж тэмдэгтэй иргэдээ эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх нь хэр оновчтой вэ?

-Бид Ковид-19 халдварын батлагдсан эмнэлзүйн хувьд  хөнгөн явцтай, шинж тэмдэггүй байгаа тохиолдлыг эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, дэлхийн бараг бүх улс оронд Ковид-19 халдвар тархаж, ДЭМБ-ын ангиллаар хүн амын дунд тархсан тохиолдолд хөнгөн явцтай өвчтөнг гэрт нь тусгаарлаж, эмчлэхээр зөвлөсний дагуу ихэнх орнууд ажиллаж байна. Манай орны хувьд одоогоор 15 аймагт халдвар бүртгэгдээгүй, 6 аймагт кластер тархалттай, хүн амын дунд тархаагүй, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болж орны хомсдол үүсээгүй тул бид гэрт нь тухайн хүнийг эмчлэх нөхцөл үүсээгүй. Хоёрдугаарт, хэрвээ эмнэлзүйн хувьд хөнгөн, шинж тэмдэггүй байна гээд гэрт нь тусгаарлавал гэр бүлийн бусад гишүүд толгой дараалан халдварт өртөх эрсдэл үүсэх улмаар хүн амын дунд маш хурдан тархах шалтгаан болно. Батлагдсан  тохиолдлуудын дийлэнх нь гэр бүл, ажлын ойрын хавьтал байгаа юм. Гуравдугаарт, амьдарч байгаа газар нь тусгаарлах эсэх нь өрхийн ам бүлийн тоо, сууцны төрөл, тухайн өрхөд уг халдварт өртөх эрсдэлтэй хүн байгаа эсэхээс шууд хамаарна.

Монгол гэрт бусдаас нь тусгаарлана гэдэг бараг боломжгүй, харин цөөн ам бүлтэй, бараг хүн бүр өөр өөрийн өрөөтэй байшин болон орон сууцанд амьдардаг өрхийн хувьд бол энэ боломжтой. Иймээс эдгээр эрсдэл нь эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэхээс их өртөг, зардал, эрсдэлтэй хэмээн харагдаж байгаа юм.

Хөл хорио хир үр дүнтэй байна вэ?

-Олныг хамарсан халдварт өвчний үед тархалтыг хумих гол арга нь хөл хорио, тусгаарлалт, хувь хүний эрүүл ахуй дадал, халдваргүйтгэл гэх зэрэг нийтийн эрүүл мэндийн олон талт интервенц маш чухал үүрэгтэй. Хөл хорио нь Ковид-19 халдварын үед ямар их ач холбогдолтойг бид олон улсын нөхцөл байдлаас ч харж байна.

Бид ХӨСҮТ-ийн судлаачидтай хамтран ковид-19 халдварын батлагдсан нэг тохиолдлын халдварлуулах, дундаж хүний тооны өөрчлөлтөөр хөл хорионы үр дүнг тооцсон. Улаанбаатар хотод хөл хорио эхлэх үед халдвар авсан нэг хүн дөрвөн хүнд, Сэлэнгэ аймгийн төвийн хувьд найман хүнд халдвар тараах эрсдэлтэй байсан бол хөл хорионы дүнд халдварлалтын түвшин нэг буюу түүнээс доош болж буурч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хэрэгжүүлсэн Засгийн газрын бодлогын интервенц үр дүнгээ өгсөн. Мөн кластер өвчлөл гарсан Говьсүмбэр, Архангай аймагт 12 хоног, Дорноговь, Орхон аймагт 6 хоног, Дархан-Уул аймагт 9 хоног корнавируст халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа нь бас эерэг нөлөөтэйг харуулж байна.

Мөн НЭМҮТ-ийн болон АШУҮИС, ДЭМБ хамтарсан багийн хийсэн  “Ковид-19 халдварын үеийн Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг үнэлэх, эдийн засгийн зардал”-ын судалгаагаар  хариу арга хэмжээний үр дүнд хүн амын нэг хувьд халдвар тархсан тохиолдолд -80.7 тэрбум төгрөг, харин 5 хувьд халдвар тархахад 464.7 тэрбум төгрөг, 10 хувьд нь тархахад 1.1 их наяд төгрөгний эдийн засгийн дарамт учрахаас сэргийлсэн гэсэн дүгнэлт гарсан байна.  Хариу арга хэмжээг эрт авснаар хүн амын дунд Ковид19-ээс шалтгаалсан нас баралт тохиолдоогүй бөгөөд хүн амын дунд 1 хувьд нь тархсан бол 12.685 хүн жил, 5 хувьд тархахад 63.429 хүн жил 10 хувьд тархахад 126.859 хүн жил алдах байснаас сэргийлсэн байна.

Эх сурвалж: ЭМЯ

error: Content is protected !!